ЭРДЭМТЭН БАГШ НАМСРАЙН ДОЛГОРХҮҮ (хөрөг найруулал)
Цагаан бургастайн намар
Арван зургаадугаар жарны модон бичин жилийн намрын тэргүүн цагаан бичин сарын модон хөлөлсөн гурван хөх мэнгэтэй сансар шүтэн барилдлагаатай, улаан нохой өдөр, бархасбад гарагт одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг “Цагаан бургастай” хэмээх газарт намаржиж байсан малчин ард Намсрайн гэрт нэгэн хүвүүн мэндэлсэн нь ШУТИС-ийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор, мод боловсруулах үйлдвэрийн технологич инженер, патент судлаач Долгорхүү бөлгөө.
Одооны хүмүүс эрдэм сурахыг нэн ариун үйлс хэмээн үзэж, шимтэн суралцах болж. Номын буян гэдэг хэмжээ хязгааргүй их юмаа. Урьд Монгол хүн тэнгэрээр шувуу шиг халин нисэхийг хүсч байсан гэдэг. Чухам хэзээнээс эхлэн хүссэнийг нь хэн мэдлээ. Миний бодоход гүн огторгуйд нисч яваа жигүүртэнг харсан цагаасаа л хүн шувуу адил нисэхийг хүсэн мөрөөдөх болсон биз. Энэ хүсэл хэдийнээ биелж, тэр ч бүү хэл Гурванбулагийн Жүгдэрдэмид гуайн банди сансарт нисч үзлээ шүү дээ. Монгол хүний амны хишиг ихээ. Эрдэм ном сурах бүхий л боломж нөхцөл Монгол улсад буй болжээ. Хамгийн гол нь хүнийг их эрдэм сурснаар нь биш, сурсан эрдмээ ашиглан эх орон, ард түмэндээ юу бүтээв гэдгээр л үнэлэх цэгнэх цаг иржээ. Иймээс хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна гэх болцгоожээ.
Түүхэн сурвалж бичигт монголдоо хамгийн түрүүн Эрдэнэ зуугийн хийдийн Буниа гэдэг ядуу лам номын баринтагаар шүхэр хийж, сүмийн оройгоос үсэрч буусан гэж судлаач, СГЗ Г. Гонгоржав авхай “Монголчуудын эрдэм ухааны уламжлал” (1992) товхимолдоо өгүүлж байсныг нь санана. Ургуулж бодохноо 1913 онд Далай чойнхор вангийн хошууны (одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сум) хамжлагын иргэн Гэлэнхүү хэмээгч нэгэн хүү хоёр гартаа далавч хийж бэхлээд, 200–гаад метрийн өндөр хадан хясаанаас хурсан хонин дунд эсэн мэнд бууж байсан түүх өгүүлэх энэ нутагт Долгорхүү мэндэлсэн байна.
Доктор Н. Долгорхүү монгол эсгий гэрт мэндэлж, монгол гэрт өсч торнисон, монгол ахуйг оюун ахуйдаа шингээн хүмүүжсэн мянга түмэн монгол хүвүүдийн нэгэн билээ. Тэрбээр тэнгэрт нисэх гэж хадан хясаанд авирч яваагүй ч гэлээ модон жилд төрж, ой модны үйлдвэрийн инженер технологич мэргэжил эзэмшин нэгэн жарныг элээхдээ эрдэм судлалын нарийн чимхлүүр, чөмөг дундраасан, нөр их хөдөлмөрөөрөө ээж болсон эх сайхан Монгол орон, эрдэнэт сургаалаараа өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх, элгэн садан, ач буянаа хайрласан ард түмэндээ барьсан номын хураас энэхүү нэгэн боть номуун шасдирт өгүүлэхийг зорив.
Гэлэнхүүг удаалан мэндэлсэн их академич Базарын Ширэндэв, өндөр Гонгор… -ын нутгаас төрсөн Долгорхүүгийн эрдмийн далай өргөсөн номуун цацлаас нь эрхэм уншигч Танд абшиг хүртэж буйд өчүүхэн би бээр гүнээ талархана. Номын буян хурж сайн үйлс дэлгэрэх болтугай.
Дэлхийн түүхэнд сүүдрээ тусгаж, хүн төрөлхтний амьдралыг хиртээсэн эх орны их дайн дуусаагүй байсан цаг. Татах тамхи, будаа гурил, чанах цай бүгд л хомсхон байсан хэцүү, хөцүү үе. Монгол нутгийн үзэсгэлэн болсон, Хөвсгөл нутаг ч царайгаа барайлган дүнсийн оршино. Ямар сайндаа л Цагаан бургастай голын ус зангаа хувирган гэнэт үерлэн, эргийг нь даган найган ургах гоо цагаан бургасуудаа урсгаж орхив гэж дээ Гэлээ ч түмний сэтгэлийн илч нөөлөг гэж их юм. Налгар намрын цагаар аав Намсрай нь уналганы хэдэн морьд, идэшний хэдэн хонь ямаанаасаа шилэн байж дэлхийн хоёрдугаар их дайны фронтод бэлэглэсэн. Ялалт авчрахыг билэгдэн барьсан малчин хүний сэтгэлийн бэлэг багадах гэж үгүй. Фронтод бэлэглэсэн хэдэн адуу нь тэдний сор болсон хэдэн морьд байсан. Хүнд муу юм барихгүй, тэр тусмаа зовж зүдэрч байх цагт нь нөхөртөө хөл залгуулах унаа бэлтгэн,ялалтт авчрах шандаст хүлэг гэснээ л Намсрай гуай барьсан нь энэ.
1944 онд Монгол улсаас фронтод бэлэг хүргэж, хүлээлгэж өгсөн төлөөлөгчид нутагтаа буцаж ирсэн хүмүүсийн яриа Намсрайд төдийгүй Хөвсгөл нутгийнханд энэ гамшигт дайн дуусч энх тунх амьдрал ирнэ гэсэн итгэлийг төрүүлж байлаа. Үүнд сэтгэл ханасан Намсрайд гал голомт залгах хүүтэй болсон нь түүнд хэмжээлшгүй их баяр баясгаланг давхар төрүүлж байлаа.
Намсрай хүүдээ Долгор гэдэг нэр хайралжээ. Энэ нь гэтэлгэгч цагаан гэсэн утгатай төвд үг.агаад Цагаан дарь эхийн нэр бөлгөө. Долгор хүүгээ эрийн цээнд хүрч, эрдэм номын мөр хөөн, алтан Москвад хөл тавих хувьтайг Намсрай хэрхэн таах билээ. Түүний төсөөллөөр Долгор хүвүүн өсч, өрхийн тэргүүн болоод, “Цагаан бургастай”-н хөндийгөөр дүүрэн адуутай айл болно гэж бодож байсан ч юм билүү.
Удам угсаа
Хөвсгөл, Хорьдол сарьдагийн нуруу, Булнайн нуруу, Цагаан бургасны даваа, Ороохын даваа. Монгол нутгийн оргил болсон өндөр сарьдаг уулсууд төрсөн нутгийнхаа төдийгүй Монгол түмнээ авралдаа багтаан, түшсээр ирсэн уламжлалтай бөлгөө. Хүүгээ хол одохуйн өндөр уулс нь өндийн хардаг, өдөржин хүлээдэг, өнгө үзэсгэлэн төгөлдөр Хөвсгөл далай ээжээ санахгүй хэн байх билээ, Хөвсгөл далай ч хүвүүд охидоо төрсөн ач зээ үрийн адил санагалзан суух шиг ариун мандал нь мэлмийн цэлэлзэнэ.
Цагаан бургастайн хөндийгөөр цагаан адуу , цагаан сарлаг идээшлэн тарган тавтай бэлчинэ. Улаан одончуу дээлийг хөөргөсхийн бүсэлсэн биерхүү, ханхар цээжтэй эр “Эр бор харцага” дууны аяыг исгэрэн, номин талын дундуур давхисаар Хөвсгөл далайн захад ирж мориныхоо амыг татасхийнэ. Энэ хүн бол Баатарууд овгийн Буянгийн Намсрай бөлгөө. Тэрбээр хүн болж хүзүү толгой зүүн явахдаа залхуурна гэдгийг огтоос мэддэггүй нэгэн ажгуу. Ямартаа л Цагаан бургастайнхан Буянгийн Намсрайг Музан хэмээн авгайлах билээ. Музан гэдэг нь мужаан гэсэн хэрэг аж.
Зүгээр ч нэг музан гэсэнгүй Хөвсгөлийн модыг урлан мужаанддаг аугаа их төрөлхийн авъяасыг нутаг орныхон нь ийнхүү гайхан шагшиж өгсөн хүндэтгэлийн нэр ажээ. Намсрай туйлын ажилсаг нэгэн гэдгийг энд дахин давтан бичихэд үг цөөднө. Түүний уран ухаан, ажилсаг зан чанар нутаг орныхоо зон олны уураг тархины үрчлээнд бичигдэн үлдснээс биш, одоогийнхтой адил ном судрын хуудаснаа мөнхжсөнгүй. Харин отгон хүвүүн Долгорын эцгээсээ өвлөн үлдсэн үнэт зүйлсийн нэг нь мод боловсруулах үйлдвэрийн технологич инженер болсон явдал гэж үзэлтэй. Юмыг чадна гэдэг нь чадахын дүр үзүүлэх биш, чаддагийнхаа үр шимийг чадахгүй хүмүүстээ хүртээх явдал хэмээх Музан Намсрай үзнэ.
Намсрайнх тэнгэрт анивчих сүрэг одон мичид шиг зургаан сайхан хүүхэдтэй өнөрөөс өнөр, өтгөнөөс өтгөн, ам бүл олонтой айл юм. Том хүү Жамъян, удаах хүү Лэгцэг, охин Цийрэгзэн, дөрөв дэх хүү Доржпалам, дараах охин Балжин, тэднийг отголон мэндэлсэн доктор профессор Долгор хүвүүн.
Ертөнц бөөрөнхий гэж түрүүн бичсэн. Тэгэхдээ энэ удаад бөөр нь олдохгүй бөөрөнхий гэж би бичмээр санагдлаа. Отгон хүүгээ ой хүрэхтэй үгүйтэй, Хөвсгөлийн шороон дээр хөлд орох гэж унан тусан байхад нь хорвоо бөөрөнхийгөө үзүүлэх гэсэн шиг толионд нь нар тусан галбирах аягатай аагтай цайгаа оочин суусан Музан Намсрай үг ч хэлж амжилгүй ертөнцийг орхин одов. Цэцэг ургаж соёолж байхдаа үхчихэд нь харамсдаг монголчууд ажил үйлс нь тэгширсэн, айл гэрийн тэргүүн, ачит ханийн түшиг, алаг үрсийн эцэг тэнгэрт гэнэт халих шиг харамсалтай, үнэмшихийн арга үгүй явдал болсон юм.
Цагаан бургасны хөндийнхөн эмэгнэн гашуудаж, эрдэнэт хүмүүний алтан шарилыг эх нутгийн ариун хөрс өлгийдөн авлаа. Хүний хайлан хайртай ханиа алдсан халх бүсгүй бэлбэсрэн үлдсэн ч амьд явах хоногийн тоо нь бас л богино байжээ. Ийнхүү эцэг эхээсээ гэнэт өнчрөн хоцорсон хүний зургаан үрийг харж хандах хүн нь өөрсдөө л байж. Хувь хөрөнгөө хуваахад хүн бүрт таван зуугаад толгой мал ногдов. Отгон хүү Долгор насан бага учир түүний хувийг ах Лэгцэгйнхтэй хамт тусгайлан гаргав.
Михайлд өөрийн бодол бий гэгчээр Намсрайн Лэгцэг өөрийн гэсэн бодолтой нэгэн ажээ. 1957 он. Арван зургаадугаар жарны гал тахиа жилийн зун отгон дүү Долгорыг Улсын нийслэл Улаанбаатар хотноо Багшийн техникумд суралцуулан, мэргэжил мэдлэгтэй, түмэндээ тустай хүн болгох, өөрөө ардын армид алба хааж, аавын хүүхдүүдтэй нөхөрлөн, алсын замаа бодох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Одоо тэгэхээр өөрийн болон отгон дүүгийн мянгаад толгой мал байдаг. Түүнээ яах билээ гэж өдрийн бодол шөнийн зүүд болов. Тэр үед ардын аж ахуйтны нэгдэл байгуулагдан, хамтын аж ахуйн хэлбэр хөгжиж байсан цаг. Малаа эзгүй орхихоор ”Улаан туг” нэгдэлдээ бэлэглэдэг хэрэг гэж шийдлээ. Өнчин ишиг ч авч үлдэлгүй, бүх малаа нэгдэлдээ өгсөн дөө гэж надад Улаанбаатарын сүүний үйлдвэрт ажиллаж байхдаа Долорхүүгийн маань ах амьд сэрүүндээ хуучилж байсан нь санаанд үлджээ. Отгон хүүгийн нь дотны найз явсны хувьд, арван жилийн сургуульд хамт суралцаж байсны хувьд төдийгүй сайн нөхдийн хувьд би Баатарууд овогт Музан Намсрайнхны удам угсааг сайн хүмүүс гэж насан туршдаа хүндэлж явдаг бөлгөө.
Өнөөдөр байгаль дэлхий хуурайшин, цагаан бургас ургахаа больж, Цагаан бургастайн гол ширгэж байгааг хараад нэгэнтээ эмзэглэх сэтгэл төрөвч нэгэн цаг улирч, шинэ цаг ирэхүй ертөнцийн өнгө хувиран байвч, амьдрал улам баян чинээлэг, хүмүүсийн сэтгэл санаа улам өөдрөг өнгөлөг болж явах жамтай гэдэгт итгэл дүүрэн явна.
Хүлгийн жолоог нийслэлийн зүг
Идэр голоо орхин орхин, эргэн эргэн харсаар эх нутгаасаа гарч явсан цаг мөч өчигдөрхөн юм шиг санагдана. Хөвсгөл нутгаасаа, Жаргалтай Жаргалант сумаасаа хүлгийн жолоог Улсын нийслэл Улаанбаатарын зүг залах үед Долгор хүвүүн арван гуравхан настай л байж дээ. Өндөр сүрлэг уулстай, өргөн том далайтай, таван хошуу мал тархан идээшилсэн тансаг сайхан Хөвсгөл нутагтай төсөөтэй зүйл гэвэл Хан уул, хатан Туул л байсан даа.
Өргөн цэлгэр гудамж талбай, өндөр өндөр барилга байшин сүндэрлэн, машин техник сүлжилдэн, хүн зон хөлхсөн ийм газар гэж байдаг аа гэж бодогдоно. Талд тана шиг цайрхах цагаан гэрүүд нийслэлд байв ч тийм ч их өнгөлөг биш бололтой. Морь мал цөөн үзэгдэнэ. Нийслэл хотод байх бараан зах, малын зах гээд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн төв газар байх ба үүний нэг нь яах аргагүй өндөр хоршоо, Сүх жанжны талбай, Элдэв очир, Ард кино театрууд болой. Долгор хүвүүн ийм нэг сонин хачин газар хүрээд ирэх нь тэр.
Гандан дээр, таван зуугийн халуун уснаас холгүй нэгэн банзан хашаанд нутгийн өвгөн Дамдинсүрэн гуайнх байх. Хөгшин нь орсон гарсан хүмүүсийг ялгалгүй ид уу, унтаад яв, хоноод яв гэсэн уриалгахан зочломтгой нэгэн Юу л байна түүгээрээ дайлж цайлах, цагаахан сэтгэлтэй энэ эмгэний аягалсан сүүтэй халуун цайг оочин суухдаа Долгор хүвүүн бодлогоширно. За сургуульд орчихлоо гэж бодоход, би гэдэг амьтан хаана яаж шүү толгой хоргодож амьдрах болж байнаа. Нийслэл гэж ийм том газар байх. Нэг төөрчихвөл бүр балрана гэх ухааны юм бодож сууна.
Арван гуравхан настай, бас тэгээд бүтэн өнчин хүү юу бодож, ахынхаа аргүй үгэнд ороод аймаг сумаа орхин энд ирдэг билээ. Хэсэг сууснаа Дамдинсүрэн гуай ам нээж муу аав, ээж хоёр нь буянтай сайхан хүмүүс байж дээ. Бид чинь хар багаасаа нэг доор тоглож өссөн улс .Өөд болцгоосныг дуулаад хөгшин бид хоёр нулимс дуслуулж л суулаа. Миний хүү сургууль соёлын мөр хөөж, хотод ирсэн нь оносон байна. Хөгшин бид хоёр хот бараадах болсоор нэг ч их удаагүй байна. Би өдөртөө морин тэрэг хөтлөж, хэд гурван төгрөг олж, хөгшинтэйгээ хоёул хоолоо залгуулдаг. Үр хүүхдүүд мань нутаг орондоо байгаа болохоор энд бид хоёр хоёуулханаа суух юм. Чиний сурах гэж ирсэн Багшийн сургууль чинь Багшийн дээд сургуулийн хажууд байдаг юм. Эндээс таван зуугийн автобусаар шууд яваад оччихно. Нэг буудал нь 15 мөнгө байдаг юм. Чи сар бүр цалинтай гэсэн. Болноо. Би тэргээ хөтөлчихнө. Ингээд гурвуулаа өвөлжинө дөө гэж том хүнтэй ярьж байгаа юм шиг тоож хэлэхэд нь сэтгэл нь уярсан Долгор хүвүүн хүний сайхан сэтгэлийн илч хүчийг мэдэрч суулаа. Нутгаасаа хоол унд авъя гэхэд хэдэн малаа хэрэггүй юм шиг санаад нэгдэлдээ өгчихсөн байдаг. Энэ хоёр хөгшиний сэтгэлийн их хайр халамжийг юугаар хариулъя даа гэж бодож сууна.
Би энэ хоёр буурлын ач буянаар гэдэс цатгалан мөр бүтэн явж, багшийн техникумаа төгссөн. Төгсөөд энэ хоётройгоо суудаг байсан. Дараа нь Москва хотод дээд сургууль төгсч ирээд айл гэр болж гаран гартлаа хамт амьдарсан даа. – гэж доктор Н. Долгорхүү маань хуучилна. Хүн хүний хувь заяа өөр өөр хэдий ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач дэмээр дэгжин дээшилсээр явдгаараа нийтлэг байдаг ажээ.
Тэр хоёрыгоо насан өөд болоход төрсөн хүүгийн сэтгэлээр өргөж тэтгэж явсан ба буянтны ач буян өдгөө манай гэр бүлийн аж амьдралд өгөөжөө хайраа өгч яваа гэж боддог гэж ярина.
Санаа зөв бол заяа зөв гэсэн монгол дээдсийн маань сургаал үг юутай үнэн, юутай үнэтэй билээ. Үр ач нартаа үүнийг л бид захиж байдаг гэсэн яриа нь ухаан уламжилдгийн сайхан чанарыг өгүүлнэ. Эзэн богд Чингис хааны үеэс уламжлан ирсэн настныг хүндэлж, нялхасыг асарч явах утга өргөн, ухаан хол ардын нандин сургаалыг мөнхөд санаж явцгаая.
Мэргэжлээ сонгосон нь
1963 он. Арванзургаадугаар жарны усан тахиа жилийн зуны адаг сарын шаргачин хонин сарын хуучаар, улсын баяр болж, хүн зон баярлан баясч байх цагаар, арван жилийн сургуулиа алтан медальтай дүүргэсэн Долгорхүүд сургуулиа төгсөхтэй тэнцэхүйц нэгэн чухал учрал үйл явдал тохиолоо.
Энэ нь толгойтой хүүхдүүд суралцдаг, Толгойтын арван хоёрдугаар дунд сургуулийг онцсайн дүнтэй төгсөөд гадаад оронд явж мэргэжил боловсрол олох болсон явдал юм. Дээд тусгай дунд боловсролын улсын хороон дээр гадаадад суралцах хуваарь авах хүүхдийг нэг нэгээр нь оруулан, мэргэжил сонгуулдаг байлаа. Онц төгсөгчөөс шалгалт авдаггүй байв. Ээлж болж Долгор хүвүүн орлоо
Том толгойтой бүдүүн хар ах За чамайг Куба улсад суралцуулж, шүдний их эмчийн мэргэжил эзэмшүүлэх гэж байна. Найман жил болж ирнэ. Дэлхий бөөрөнхий, бөмбөрцөгийн нөгөө бөөрөнд л очно шүү дээ. Энэ хугацаанд чи нутагтаа нэг хоёроос илүүгүй удаа л ирж амрах болох байх шүү. За ямар саналтай байна гэв
Ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуулийн сурагч байх үеэс л оюутан, инженер гэдэг үгс Долгорхүүд сонин содон сонсдох болсон байв. Бас олон мэргэжлийн инженер байдгийг сонсож, үйлдвэрийн инженер болбол сайхан аа гэж бодох болсон түүнд шүдний эмчийн мэргэжил эзэмшинэ гэхэд сэтгэл нэг л их татагдсангүй.
Тийм хол газарт явах, тэгээд маш халуун уур амьсгалтай гэх энэ газарт би суралцаж чадашгүй нь гэж шуудхан л хэлэв.
Бүдүүн хар эр хэлж байна. За тэгвэл чи газар хол гээд байгаа бол Эрхүү хот явнаа. Энд политехникийн дээд сургуульд суралцан цахилгааны инженер болж ирнэ дээ хөө гэх нь тэр
Тэгэхэд нь Долгор хүвүүн Намайг Москва хотод хуваарилж болохсон болов уу гээд тавьчихав.
Бүдүүн хар эр түүнийг нэг том харснаа, болноо хөө. За чи чинь ингэхэд
мэргэжил биш хот сонгодог эр байх нээ гээд урдаа байсан хэдэн хуудас бичгийг эргүүлж байснаа Москвад чинь Мебелийн үйлдвэрийн инженерийн дээд сургууль л байна даа. Цахилгааны анги байхгүй юм байна гэх нь тэр.
Долгор хүвүүн шийдсэн хэрэг гээд -За би тэр сургуульд явж суралцъя гэлээ. Ийнхүү мод боловсруулах үйлдвэрийн технологи инженер болох зам нь нээгдсэн юм.
Улаанбаатар хотын төмөр замын төв буудал хөл хөдөлгөөн ихтэй байна. Радиогоор эдүгээгийн Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдав уянгалаг цээлхэн хоолойгоор
Эрдэм номыг сурахаар
Энхрий хүү чинь мордож байна,- гэж цоглог гэгч нь дуулна.
Галт тэрэг үргэлжилсэн урт дохиог уягалуулан өгч, тэр үеийн Зөвлөлт холбоот улсын нийслэл Алтан Москваг зорин хөдөллөө. Ах дүүс нь Долгор хүвүүнээ алсын замын дөрөөг нь цагаан сүүний цацлаар мялаан үдлээ.
Толгойтын 12-р сургуулийн дэргэдүүр галт тэрэг явж өнгөрөхөд төрөлх сургуулиа нэг сайн харж аваад л умарт зүгийг зорин довтолгов.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хөвсгөл нутгийн хүвүүн Н. Долгор эрдмийн өвөрлөн ирнэ. . .
Нөхрийн тухай хэлэх үг
Цаг хугацаа жигүүртэн шувуу адил нисч, гол мөрөн дөлгөөхөн урсана. Эргэн бодохноо, эдүгээгээс дөчин таван жилийн өмнө бид арван жилийн дунд сургуулиа төгсөөд инженер хэмээх сонин содон мэргэжил эзэмшихээр зорьж явжээ. Арван жилийн сургуульд хамт суралцан төгсч, адилхан инженер технологич гэсэн мэргэжил эзэмшсэн сайн нөхрийнхөө эрдмийн бүтээлийг сорчлон сонгож, эрдэмтдийн цуврал бүтээлийн нэгэн боть болгон эмхэтгэх ажилд нь оролцох хувь тохион түүнтэй ярилцан суухдаа номын нэрийг Ой мод үндэсний баялаг” гэсэн нэртэй бол ямар вэ гэхэд, эрдэмтэн анд маань “технологийн судалгаа, оновчлол”. гэж нэрлье гэлээ. Сонсон суухдаа бодож үзвээс оносон нэр байлаа. Оновчтой технологийн сонголт, үйлдвэрлэлийн төсөл,тооцоо гэсэн энэ санаа тун оновчтой болжээ. Ийнхүү номын нэр төрсөн бөлгөө.
Өнгөрөн одсон дөчин таван жилээс сургуульд суралцсан таван жилийг нь хасч тооцвоос эрдэмтэн доктор Н.Долгорхүү дөчин жилийг эх орныхоо үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хөдөлмөрлөжээ. Энэ нь оновчтой технологийг сонгон боловсруулах замаар үйдвэрлэлээ хөгжүүлэхэд зориулсан бүтээл туурвил шингэсэн дөчин таван жил юм. Дөчин таван жил гэдэг маань сар хоног, цаг минут гэсэн үг л дээ. Энэ хугацаанд туурвисан профессор доктор Намсрайн Долгорхүүгийн бүтээлийг бичсэн ном, товхимол, гарын авлага, боловсруулсан шинэ технологи, эрдмийн зэрэг цол хамгаалсан нэг сэдэвт зохиол, хэрэгжүүлсэн төслийн ажил, үйлдвэр практикт нэвтрүүлэн үр ашигаа өгсөн төслийн ажлууд гээд ангилан үзвээс уртаас урт жагсаалт гарч байна. Энэ бүгдийг хийж бүтээхэд зарцуулсан цаг, шингээсэн оюуны хөдөлмөр, гарсан үр өгөөжийг тооцвол эрдэмтэн хүний нөр их хөдөлмөрийн тооцоо гарах. Гэвч оюуны хөдөлмөрийг зааж, загварчлах хэмжээс гэж байдаггүй нь харамсалтай. Үл нормчлогдох, үгүйрч хийсэхгүй оюуны хөдөлмөрийн эзэн эрдэмтэн Н.Долгорхүүгийн хөдөлмөрийн аян урт агаад бартаа саадгүй байгаагүй ээ. Амьдрал гэдэг маань амжилт бүтээл, аваа өгөө, арга заль, атаа жөтөө цөм л байгаа шүү дээ.
Энэ бүгдийг туулан амьдрах нь бид бүхний жам, Харин замын эхэн, дунд, эцэст ямар шүү бүтээлтэй явааг гагцхүү “технологийн судалгаа, оновчлол” ном бүрэн гаргаж чадахгүй нь тодорхой. Зөвхөн нэг хэсэг нь болой.
Хүний нэг сайхан чанар бол магтахад малилздаггүй, өөнтүүлэхэд өрвөлздөггүй байх явдал билээ. Энэ чанар доктор Долгорхүүд шингэсэн гэж би бараг бүтэн жарны туршид найзалж нөхөрлөж яваа хүний хувьд үздэг. Долгорхүүгийн энэ тууштай зоримог, хүмүүнлэг, хөдөлмөрч зан чанар нь эрдмийн оргил руу хөтлөн яваа гэж боддог.
Шинжлэх ухааны академид хагас жарны туршид алба хашиж, олон сайхан нөхдийнхөө баяр баясгаланг хуваалцаж явахдаа сэтгэлд хоногштол, сонсож байсан үгсийн нэг нь эрдмийн цол зэрэг авсан хүмүүсийн нөр их хөдөлмөрийн талаас илүү хувийг аагтай сайхан цайг нь чанаж, алдаж онох үед нь түшиж зөвлөдөг амьдралын сайн хань нь гүйцэтгэлцсэн байдаг байна. Долгорхүүгийн хань Анагаахын шинжлэх ухааны их сургууль дүүргэсэн, Бат-Очирын Жавзмаа хүний их эмчийн мэргэжилтэй, хүү охин хоёрын ачит ээж билээ. Хүү Д. Болдбаатар нь орос, турк хэлтэй, хуульч мэргэжилтэй, охин Д. Ундармаа нь гадаад хэлний сургууль төгссөн, То ван судлалын нийгэмлэгийн гоёлын гоо засалын “Crystal Beauty School” төгсч гоёлын гоо засалч, гадаад хэлний хос мэргэжил эзэмшсэн. Н. Долгорхүүгийнх гурван сайхан ач зээтэй өнөр өтгөн айл.
Чиний нөхөр хэн бэ, Би чамайг хэн болохыг хэлье гэсэн мэргэн үг бий. Долгорхүү олон сайхан нөхөдтэй. Тэднээрээ Долгорхүү бахархана. Нөхөд нь Долгорхүүгээрээ бахархана. Ийнхүү энгийн эрхэмсэг нэгэн эрдэмтнийг харахуйд, их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэсэн ардын маань мэргэн үг санаанд бууна.
Шинжлэх ухаан, техникийн дэвшил
1968 он. Арванзургаадугаар жарны шороон тахиа жилийн зуны дунд шар морин сард мод боловсруулах үйлдвэрийн технологийн залуу инженер Намсрайн Долгорхүү Москва хотын ойн техникийн их сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирлээ. Уснаас хуурай гарсан юм шиг өнгөрсөн цагаа муучлан үзэж эс болмой. 1990 ээд оны үест “өнгөрсөн цагаа гар буугааар буудвал, өнгөрсөн цаг чинь чамайг их буугаар буудна” гэсэн шинэ зүйр үг гарах болсон нь нэгэн шинэ сургаал байсан биз Салан баавгайн үлгэр бол баавгайн тухай биш, харин хүний тухай л зүйл гэж би боддог. Хөеөгөө хураадаг ам цагаан хулгана шиг олсон мэдсэнээ хүн хурааж хөеөлж байдаг сан бол улам баян чинээлэг, улам сайн сайхан явахсан билээ.
Биднийг дээд сургууль төгсөөд мэргэжилтэн болж ирэхэд, хийх ажлыг багаас нь, албан тушаалыг доороос нь хийлгэж дадлагажуулдаг байлаа. Москва хотоос ирсэн залуу инженер Н. Долгорхүүг Монголын үйлдвэр хоршооллын Төв Зөвлөлийн харъяа Модны хоёрдугаар артельд хуваарилав. Модны хоёрдугаар артель Гандангийн дэнжид байрлаж байлаа. Тэнд дадлагажигч инженерийн албан тушаалд томилогдон, ажилчин хүмүүсийн эвээлд багтан, тэднээс хүнтэй зөв харилцаж сурахаас эхлээд монгол ухаанаас аваад, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагддаггүй ихээхэн нарийн нандин зүйлийг мэдэж авчээ. Модны артелийн хамт олон ч Долгорхүүг хэр сайн хүү болохыг, нэг жилийн хугацаанд мэдэж авчээ.. Үйлдвэрлэлийн хоршоололын салбар үйлдвэрүүдэд техник технологийн хөгжил дэвшил нэвтэрч эхэллээ. Энэ үед техникийн дэвшил гэдэг үг сүрхий тод сонсогдох болж, дарга нарын илтгэл сонсголд хүртэл бичигдэх болов.
Н. Долгорхүүг Үйлдвэр хоршооллын Төв зөвлөлийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах дээд газрын шийдвэр гарган дэвшүүлэн ажиллуулав.
Нэг жилийн дараа үйлдвэр хоршооллын байгууллагыг төрийн өмчийн салбар болгон өөрчилөгдөн нийтийн аж ахуй үйлчилгээний яам болон зохион байгуулагдахад Н. Долгорхүү инженер шинээр байгуулагдсан яамандаа үргэлжлүүлэн ажилласан юм. Энэ үеэс техникийн дэвшлийг нэвтрүүлэх замаар улс ардын аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын шинэ техникээр хангах бодлогыг боловсон хүчний бодлоготой хослуулан тавих ажлаа эхлэсэн юм. Ингээд 1972 оноос ойн салбарын яаманд, 1975 оноос Монгол улсын их сургууль, политехникийн дээд сургууль хамт байх үед политехникийн дээд сургуульд багшлах ажилд томилолгдон ажиллав. Ийнхүү инженер Н. Долгорхүү их дээд сургуульд багшлан, салбарын мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон. Тэгэхэд Долгорхүү инженер гучин нэгэн настай шижигнэсэн залуу байлаа.
Боловсролын салбарт гаргасан мөр
Цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй яваа хүний тухай бичнэ гэдэг нь түүний бүтээл туурвил билээ. Мод боловсруулах үйлдвэрийн инженер технологийн мэрэгжлийг Монгол улсын боловсролын салбарт гаргасан мөр тод томруун агаад гэрэлт номын буяны мөр юм. 1968 онд Москвагаас ирсэн залуу инженер үйлдвэрлэлийн дадлагажигч инженерээс Яамны хэлтсийн ахлах инженер хүртэл 8 жил эзэмшсэн мэрэгжлээрээ салбарын үйлдвэр аж ахуйн газруудад ажиллаж байгаад
1975 онд Монгол улсын их сургууль, Политехникийн дээд сургуулиас туурга тусгаарлаагүй байх үед Н. Долгорхүү энд багшаар шилжин ирж ажиллав. Монгол оронд ой модны салбарын мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх ажилд хүчин зүтгэх болсон нь энэ билээ. Энэ үеэс хойш 34 хичээлийн жилийг үджээ. Энэ хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжлээр 800 гаруй , хөнгөн аж үйлдвэрийн салбарт 2000 гаруй боловсон хүчин бэлтэх ажилд оролцжээ.
Шинжлэх ухаан технологийн их сургуульд ирснээс хойш хоёр жилийн дараа салбарын тэнхим үүсгэн байгуулсан ба 25 жилийн турш тэнхим,салбарын эрхлэгчээр тасралтгүй ажилласан байна. 1993 оноос Техникийн Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох хөнгөн үйлдвэрлэлийн болон авто инженер,барилга замын механикийн зэрэг хамгийн олон мэрэгжилтэн бэлтгэдэг,хамгийн олон оюутантай Механик технологийн сургуулийн захирлаар томилогдон ажиллав.Инженер техникийн мэрэгжилтэн бэлтгэх ажлын арга технологийг боловсронгуй болгох,удирдлага,бүтэц,зохион байгуулалтыг оновчтой чиглэлд оруулах зорилгоор захирал Н.Долгорхүүгийн идэвхитэй санаачлага,зөв мэргэн төсөл тооцоогоор түүний удирдаж байсан сургуулийг Механик инженерйн /МИС/,Хүнс,биотехнологийн/ХБТС/,Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн/одоогийн ҮТДС/гэсэн гурван бүрэлдэхүүн сургууль болгон шинэчлэн зохион байгуулсан байна.Энэ нь профессор Н.Долгорхүүгийн авьяаслаг зохион байгуулагч болохыг илтгэсэн бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм.Эдгээрээс гадна түүний удирдлагаар сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр байгуулсан лаборитори, дадлагын бааз,хэвлүүлсэн ном,сурах бичиг,гарын авлагын талаар энд дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз ээ.Тоймлон мэдээлж байгаа эдгээр их ажил үйлс нь түүний боловсролын салбарт оруулсан бүтээлч хөдөлмөрийн мөр болой.
Эрдэмд орой үгүй
Эрдэмд оройгүй гэдгийг сайтар бясалган бодвоос танин мэдэхүйн мэдлэг ухаан харьцангуй гэсэн ойлголтонд хүргэнэ. Долгорхүү инженер Москвад дээд сургууль төгсч, Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн системд ажилласан цагаас эдүгээг хүртэл шинэ бүтээл оновчтой саналын хөдөлгөөнийг үйлдвэр албан газруудад өрнүүлэхээс эхлээд, боловсролын салбарт багшлахдаа оюутнуудын гартаа барих монгол хэл дээр бичигдсэн сурах бичигтэй болгохоор мэрийн зүтгэж, хэд хэдэн сурах бичиг зохион хэвлүүлсний зэрэгцээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн дизайн, технологийн сургуульд багшлахын зэрэгцээ төрийн өмчийн “Ой модны сургалт, судалгааны хүрээлэн” нэртэй эрдэм шинжилгээний байгууллагыг хөөцөлдөж байж байгуулан, эдүгээ эрдэмтэн, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна.
Салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй агаад нэн хариуцлагатай албанд 1972 оноос эхлэн тасралтгүй 37 жил ажиллаж байна. Түүний гараас мэргэжилтэн болж гарсан хүмүүсийн тоог дээр өгүүлсэн ба тэд улс орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж байгааг дурьдахад хангалттай.
Эрдэмтэн Н. Долгорхүү 1987 онд Воронеж хотын техникийн их сургуульд “Технологические характеристики и оптимизация раскроя лиственницы, произрастающей в районе Центрального Хангая Монголии” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг горилсон диссертац бичиж, эрдмийн цол зэрэг олгох комиссын шийдвэрээр техникийн ухааны докторын зэргийг.орос хэл дээр амжилттай хамгаалжээ.
Судалгаа шинжилгээ, сургалт арга зүй, мэргэжлийн онол дадлагын талаар эрдэмтэн багш Н. Долгорхүүгийн бие даан туурвисан бүтээлийн тоо одоогоор 80 гаруй болж байгаа ба ном сурах бичиг, товхимол, гарын авлага 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 орчим, мөн тийм тооны эрдэм шинжилгээний илтгэл, эрдэм шинжилгээний төслийн ажлын бие даасан тайлан, улсын стандартын төсөл нийт 20 гаруйг боловсруулан батлуулжээ.
1990 ээд онд боловсролын тогтолцоо өөрчлөгдөн шинэчлэгдсннэс хойших хугацаанд 150 гаруй бакалавраар оюутны дипломын төсөл, 10 магистр оюутны төгсөлтийн ажил, докторын диссертацын хоёр ажлыг удирдаж хамгаалуулжээ.Одоо 4 магистр, 4 докторын ажил удирдаж байна. 2002 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас зарласан шинэ техник, технологийн уралдаанд баг, хамт олноо төлөөлөн оролцож, бүтээлээрээ шинэ бүтээлийн патент хоёр, ашигтай загварын эрх тавыг хамгаалж, үнэмлэх гэрчилгээ авсан байна. Доктор багш Н. Долгорхүү үйлдвэрийн технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй ба Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөл, технологийн салбараар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
Үйлдвэр, сургалт, судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сүүлийн таван жил дараалан “Бодит сургалтаар баталгаат мэдлэг чадвар олгоно” гэсэн уриан доор өөрийн зааж буй мэргэжлийн хичээлүүдээр төсөл тооцооны биет бүтээгдэхүүн хийлгэж, үр дүнгээр нь “Design and Technology“ нэртэй үзэсгэлэн нээж, оюутны авъяас чадварт шалгаруулалтын үнэлгээ өгч, сурталчилдаг хэвшил тогтоосон нь бусад салбарын мэргэжлийн багш нарт үлгэр дууриалал болж байна.
Салбарын үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, сурталчилгааны ажил хийх үүднээс ой модны үйлдвэрлэлээс гарах хаягдал- хоёрдогч материалыг эргүүлж ашиглан, шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргах зэрэг олон талт төсөл зохион үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр шилжүүлсний дотор “Мебелийн цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх технологи” төсөл нь Япон улсын Токио хотноо зохиогдсон гадаадын хөрөнгө оруулагчдын семинарт оролцсон байна. Уг технологио “Хангай ХК”, “Бридж тавилга” ХКомпаниудын үйлдвэрүүдэд нэвтрүүлээд байна. 2003 оны сүүлчээр доктор багш Н. Долгорхүүгийн удирдсан “Модлог хаягдлыг ашиглан барилгын болон өргөн хэрэгцээний шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи” сэдэвт Шинжлэх ухаан, технологийн төслийн ажлаа амжилттай гүйцэтгэж, захиалагч үйлдвэрийн газруудад хүлээлгэн өгчээ. Мөн “Ойн үйлдвэрлэлээс гарах хоёрдогч нөөцийг гүн боловсруулан, цул модон хавтан, зэхэц үйлдвэрлэх технологи” сэдэвт ажлыг 2005 онд дуусган, захиалагчид хүлээлгэн өгсөн байна. Одоогоор түүний удирдлагаар “Бүхэл үлдэцийг ашиглаж “finger Joint системээр мебелийн цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх технологи” сэдэвт ШУТ-ийн зэхэц ажил хэрэгжүүлж байна.
Гараар бүтээсэн бүтээлийн чанар чансаа, тоо хэмжээг хэлбэрэлтгүй өсгөн нэмэгдүүлэх нь манай өнөөдрийн гол зорилтуудын нэг болсоор байна. Хүн, машины хүчээр хийх зүйлийн үйлдвэрлэлийг оюуны бүтээлийн үр шимтэй хослуулах замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэн, эдийн засгийн өндөр ашигтай үр дүнд хүрэхэд манай салбарын эрдэмтдийн гаргасан бүтээл туурвил их ач холбогдолтой юм. Ийнхүү эрдэмтэн багш Н. Долгорхүү ойн салбарын үйлдвэрлэлийг орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.
Нэгэн бие сэтгэлээр чандмань гурван эрдмийг бүтээгч
хэмээх баринтаг үг.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас эрхлэн хэвлүүлж буй “Манай эрдэмтэд” нэртэй эрдэмтэн багш нарын эрдмийн бүтээлийн цувралын нэгэн боть “Технологийн судалгаа, оновчлол” хэмээх нэртэйгээр мэргэн уншигч, судлаач, багш, оюутан та бүгдийн гар дээр очиж байна. Номыг туурвигч, техникийн ухааны доктор, шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор Намсрайн Долгорхүүгийн бүтээлийг эмхэтгэх саналыг миний бие баяртай хүлээн авсан билээ.
Энэхүү хүндтэй бөгөөд туйлын хариуцлагатай ажлыг гүйцэтгэх явцдаа анд сайн нөхрийнхөө бүтээл туурвилтай ойр дотно, гүн гүнзгий танилцах завшаан олдсон юм. Ой модон чимэгтэй, онгон дагшин байгальтай, хөхөө шувуу донгодсон, хөвчийн сайхан Хөвсгөл нутгийн уугуул малчин, нутаг усныхандаа музан (мужаан) хэмээн хүндлэгдэн авгайлагдсан уран Намсрайн отгон хүвүүн сургууль соёлын мөр хөөж, эрдмийн их далайд хөл тавин, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн гэсэн хувь хандиваа өргөсөөр хагас зууныг элээхдээ эрдэмтэн багш Н.Долгорхүү ганзага дүүрэн олзтой явна.
Ой мод бол Монгол улсын үндэсний баялаг мөн. Москва хотын Ойн техникийн их сургууль дүүргэж ирсэн цагаас хойших 40 жилийн хугацаанд эрдэмтэн, багш Н.Долгорхүү эх орондоо үүсэн хөгжиж байсан ой модны аж үйлдвэрийн шинэ залуу салбарыг хөгжүүлэлцэн, энэ салбарт үндэсний боловсон хүчин бэлтгэн, ШУТИС-ийн Механик технологийн сургуулийг үүсгэлцэн, захирлын албыг нь хашиж ирсний зэрэгцээ эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэрийн технологи, дизайны сургуулийг түшиглэн “Ой модны сургалт судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэн” байгуулан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэ хугацаанд төгссөн Н.Долгорхүү багшийн мянга мянган шавь нар эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцон, хүчин зүтгэж явцгаана. Доктор, профессор Н.Долгорхүүгийн шинжлэх ухаан, боловсролын салбарт хийсэн бүтээл туурвилын дээжээс эрхэм уншигч судлаач, эрдэмтэн мэргэжилтэн Та “Технологийн оновчлол, төсөл, тооцоо” нэртэйгээр хэвлэгдэж буй энэ номоос олж үзнэ.
Монгол улсын ой модны аж үйлдврийн салбарт оруулсан хувь нэмрийг ой модны үйлдвэрийн инженер технологич Н.Долгорхүүгийн хэрэгжүүлсэн шинжлэх ухаан технологийн төслийн ажлын үр дүнгээс унших болно.
1968 онд 24 настай залуу инженер Н.Долгорхүү Москвагийн ойн техникийн их сургуулийг дүүргэж ирснээс хойш улсад тасралтгүй 40 жил ажилласан ба 7 жилийг ойн аж үйлдвэрийн салбарын яам, үйлдвэрийн газар, цех тасагт, 34 жилийг сургалт эрдэм шинжилгээний салбарт ажилласны гурван жилд нь ШУТИС-ийн салбар механик технологийн сургуулийн захирлын албыг хашсан байдаг.
Сургуулийнхаа 45 жилийн ойгоор хэвлэгдэн гарсан “Эргэн дурсахуйн он жилүүд” номонд өөрийн гурван үндсэн зорилтыг тодорхойлон бичихдээ,
- Хичээлээ заах арга технологийг гарамгай эзэмшиж, сурсан мэргэжил мэдлэгээ сурган хүмүүжүүлэх арга зүйд нийцүүлэн, суралцагсдад ойлгомжтой нэвтрүүлэх
- Зааж буй хичээлүүдтэй холбогдолтой лекц, лабораторийн ажил, дадлага, семинарыг өргөн явуулж, оюутан суралцагсдын бие даан ажиллах, сэтгэн бодох чадварыг тал бүрээр хөгжүүлэх
- Мэргэжлийн чиглэл бүрээр эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд оролцох замаар тодорхой арга барилд суралцаж, оюуны бүх боломжоо салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга туршлага, судалгааны ур чадварыг оюутан залууст өвлүүлэх зэргийг хамруулан ойлгож байна. – гэжээ.
Тэрбээр жижиг зүйлээс эхлээд бид боломжоо ашиглан бүхэл бүтэн үйлдвэрийн цех, туршилт судалгааны баталгаат лабораторийг төсвийн хөрөнгөнөөс нэг ч төгрөг гаргалгүй өөрсдийн болон салбарын яам, үйлдвэр аж ахуйн газруудын тусламжийн хүчээр байгуулж, сургалтын баазаа бэхжүүлж иржээ.
Суралцагсдынхаа мэдлэг оюуны хүрээг өргөтгөх зорилгоор мэргэжлийн 5000 гаруй гадаад дотоодын ном зохиолыг цуглуулан сургалтын ажилдаа ашиглаж байна. Үүний дотор эрдэмтэн багш Н.Долгорхүүгийн хүч оюун шингэсэн бүтээлүүд ч бий.
1980-аад оноос хойш тэнхим нь 16 сэдэвт эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, улсынхаа шинжлэх ухаан технологийн мэдээллийн санд оруулсныг зориуд тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Байгаагүйг бий болгож, шинийг бүтээж, мэргэжил нэгт эрдэмтэн багш, найз нөхөдтэйгээ хамтран чамлахааргүй дадлага туршлага хуримтлуулан ажиллаж ирснийг тэнхим нь 1979 онд МУИС-ийн 50 иад тэнхимээс шалгаран тэргүүн байр эзэлсэн, 1989 онд Политехникийн дээд сургуулийн 40 гаруй тэнхимээс социалист уралдаанд тэргүүлэгч цол хэргим хүртэж байсан түүхт мөчүүд нотолно. Толгойтын арванхоёрынхон Долгор хүүг “Валюхаа”, ШУТИС-ийн багш нөхөд нь Н. Долгорхүү багшийг “Доолой” гэж хүндлэн авгайлана. Уншигч Та доктор Н.Доолойн сэтгэлийг эмзэглүүлж байгаа зүйлийг мэдье гэвэл,
-Тодорхой мэргэжлээр төгсөж буй оюутны зарим нь дипломын төсөл бие даан боловсруулах чадвар мөхөс, тэр ч бүү хэл мэргэжлийн анхан шатны мэдлэггүй төгсөхөд хүрч байгааг шүүмжилнэ.
-Залуу багш нартаа хандан зааж буй хичээлээ амьд бодитой болгож, хийсвэр томъёолол, хуурамч дүрслэл, амьдралаас тасархай жишээ хэрэглэх зэргээс аль болох зайлсхийх, үүгээр багш хүний мэдлэг мэргэжил ур чадвар, дадлага туршлагын түвшинг байнга тодорхойлж байхыг зөвлөнө.
-Оюутны мэдлэгийг үнэн зөв үнэлэх нь нэн чухал гэж үзнэ. Одоогийн мөрдөж байгаа тестийн арга бол мэдлэгийг дүгнэх бодитой шалгарсан арга биш, энэ нь ном унших, мэдлэг эзэмших, идэвхийг бууруулж, аман яриагаар санаа мэдлэгээ илэрхийлэхээс эхлээд зөв бичих, үгийн зүй, өгүүлбэр зүй, найрлуулга зүйн хувьд мөхөс болгодог. Иймээс сурган хүмүүжүүлэгч бүр мэдлэгийн үнэлгээг боловсронгуй болгох арга зүйг төгөлдөржүүлэхэд байнга анхаарч ажиллахыг зөвлөнө.
Эдүгээ Долгорхүү багш ҮТДСургуулийнхаа дэргэд ой модны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулаад доктор, профессор Х.Нялхай, Ч.Ганбаатар, Я.Цогтоо, Т.Цэндсүрэн, Ц.Мөнхмандах, Ж.Аюурсэд, аспирант Б.Самбуу нарын зэрэг олон эрдэмтэдтэй мөр зэрэгцэн үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна.
Тэрбээр өөрийн байгуулсан эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашихдаа эрдэмтдийнхээ бүтээлийн чанар чансааг сайжруулахын тулд эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулж тогтворжуулан ажиллах явдал гэж үзнэ.
1993 – 1996 онд механик технологийн сургуулийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгон, өргөтөхөд урган гарсан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохицуулах асуудлуудыг боловруулан шийдвэрлүүлэхэд Н.Долгорхүү гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг нь байсан. Цаашид ч доктор профессор Н.Долгорхүүд бодож, төлөвлөсөн олон олон асуудал шил шилээ харан байгаа нь тодорхой.
Монгол улсыг өргөн уудам нутагтай, хүн амын нягтрал багатай, байгалийн шавхагдашгүй их баялагтай, мал аж ахуй, газар тариалан зонхилон эрхэлдэг орон гэж гадаадынхан үнэлдэг. Энэ өвөрмөц баян орны эзэн болж, багш, инженер, эрдэмтэн гэсэн гурван хүний ажлыг нэгэн толгой, нэгэн ухаан, нэгэн биеэр нугалж яваа, манай ахмад сэхээтний нэг нь мужаан Намсрайн хүвүүн Долгорхүү билээ. Хураангуйлан хэлбээс, эрдэмтэн багш Н.Долгорхүү нэгэн бие сэтгэлээр чандмань гурван эрдмийг бүтээн, түгээгч хэмээсэн утга учиртай үг болой.
Монгол орны өргөн дэлгэр нутгийн мөнх хөх тэнгэрт сүмбэрлэх мөнх цаст ноёлог хайрхан уулсын ноён оргилууд өндөр нам тогтсон байхын адил монгол түмний эрдэм оюуны сор сүлд, ноёлог оргил болсон мэргэжилтэн, сэхээтний нас сүүдэр, бүтээл туурвил харилцан адилгүй байх аж. Хүмүүний амьдралын жаран таван насны нэгэн өндөрлөгөөс эргэн дурсахуйяа эрдэм номд шамдан, эх орон, ард түмэндээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж яваа дөчин жилийн урт зам харгуй энэ номоос харагдах буй зээ.
Жил жилийн бүтээл туурвилийг нэгтгэн дүгнэвээс дөчин таван (45) боть болох нь дамжиггүй билээ. Н.Долгорхүүгийн хотлыг гэгээрүүлсэн боловсрол, шинжлэх ухаан, инженерийн сэтгэлгээний олз омог, ам цагаан хулгана жилд ч арвин их байсан гэхэд эргэлзэх хүн эс олдох бөлгөө. Хулгана жилийн төгсгөлөөр түүний бүтээл зүтгэлийг өндөр үнэлэн Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа. Энэ бол төр засаг, салбарын яам, төрөлх сургууль, өдөр тутам нэгэн ам бүл болон ажиллаж, ижилдэн дассан халуун сэтгэлт хамт олны нь хайр хүндэтгэлийн нэгэн илэрхийлэл болно.
Эрдэмтэн багш хүний нөр их хөдөлмөр бүтээл нь эх орон, элгэн монгол түмэндээ зориулсан чин ариун сэтгэл, идэвхи зүтгэлийн илрэл билээ. Номын хур буулгаж, бүтээлийн далай цэлэлзүүлж, сайн үйлс дэлгэрүүлсэн энэ номын эзний тухай олныг эс нуршин, номыг нь баринтаглах ялдамд анд сайн найз, эрдэмтэн багш Намсрайн Долгорхүү Таны насан урт, бүтээл өндөр, энх тунх, элэг бүтэн явахын өлзий төгс ерөөлийг өргөн баръя.