ХЭЦҮҮ ВАН ТОГТОХТӨР КИНОНД ХУРЦ ВАНГИЙН ДҮР БҮТЭЭСЭН МИНЬ
Юуны өмнө 1996-1997 онд “Хэцүү ван Тогтохтөр” түүхэн сэдэвт бүрэн хэмжээний уран сайхны кинонд Хурц вангийн дүрийг гайхамшигтай сайхнаар бүтээсэн Танд нийгэмлэгийнхээ эрдэмтдийн нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.
За баярлалаа. Би МУБИС-ийн кино драмын анги төгсч кино жүжигчний мэргэжил эзэмдээд, кино урлагт нэлээд хэдэн дүр бүтээсэн билээ. “Говь хянганд тулалдсан нь” кинонд монголын эрдэмтэн хүнийг Төрхүүгийн дүрээр кино дэлгэцнээ анхлан бүтээсэн.
Урлагийн хүн өөрт ногдсон дүрийг тайз дэлгэцнээ амилуулахад жүжигчин хүнээс судалгаа шинжилгээ, дасгал сургууль хийхээс эхлээд авъяас чадвараа шавхан дайчлахад ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа, дадлага туршлага шаардагддаг.
1996 онд миний бие доктор Гончигийн Гантогтохын зохиол, СТА Ч. Гомбын найруулга “Хэцүү ван Тогтохтөр” түүхэн сэдэвт уран сайхны кинонд уригдан Хурц вангийн дүрийг бүтээсэн билээ. Кино зургийг Монголкино үйлдвэрийн павилон, Дорнод аймгийн Халхгол, Цагаан-Овоо сумдын нутагт авсан бөгөөд оператораар СТА, кино зураглаач Буяндэлгэрийн Донров ажилласан юм. Кинонд тоглосон жүжигчдийн маань сэтгэгдлийг сонсоход уран бүтээл талаасаа энэ кино сайн бүтээл болсон.
Кино бүтээхэд бэрхшээл тохиолдож байсан болов уу.
1990 ээд онд бэрхшээлгүй юм гэж, ялангуяа санхүүгийн бэрхшээлгүй юм гэж байгаагүй шүү дээ. Гэлээ ч гэсэн том хүний ажил үйлс өөрөө бүтдэг юм билээ. Уг киног бүтээхэд өглөө, орой, өвөл, зун, гэрт гадаа олон газарт олон янзын үйл явдлыг харуулсан тоглолт, зураг авалт хийсэн ба тэр бүгдэд болохгүй бүтэхгүй юм огт гараагүй, бүгд л сэтгэлчлэн бүтэж байсныг сайн санаж байна. Ёстой их хүний ажил үйлс өөрөө бүтдэг гэдэг үнэн юм даа гэж биширч байж билээ.
Кино бүтээх ажлыг Дорнод аймгийн төсвөөс санхүүжүүлсэн ба миний найз эрдэмтэн доктор Билэгтийн Паламын байгуулсан То ван судлалын нийгэмлэг болон Дамдинжавын Батсүх даргатай Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар ихээхэн анхаарал тавьж, туслаж ажилласныг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Зураг авалтанд бүх мөнгөн аяга, сав, эдлэлийг То ван судлалын нийгэмлэгээс, хувцас хунарыг ДБЭТеатраас авч байсан. Халхгол сумын хөдөлмөрчид их тус дэм үзүүлсэн. Давтан хэлэхэд То вангийн кино олны дэмжлэг туслалцаатайгаар цагийн бэрхшээлийг даван, амархан бүтээгдсэн дээ.
Урьд бүтээсэн онцлох дүрүүдээс нэрлэнэ үү
Жүжигчин миний бие эрдэмтэн хүний дүрийг анх удаа “Говь хянганд тулалдсан нь” киноны дэлгэцнээ гаргасан. Тэр киног үзсэн нэрт орчуулагч, зохиолч, СГЗ Готовын Аким гуай өндөр үнэлэн, баяр хүргэж байсан нь То вангийн дүрийг бүтээхэд ихээхэн зоригжуулсан хэрэг болсон юм. Учир нь То ван тухайн үедээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа их соён гэгээрүүлэгч байснаас гадна их эрдэмтний хур мэдлэг, ноён хүний эрхэмсэг чанарыг агуулан монгол зан үйлийн уламжлалд тулгуурлан монголын нийгэм улс төрийн тогтолцоонд өөрчлөлт гарахуйцаар шинэчлэлт хийсэн гарамгай сэтгэгч хүн байсныг би түүний тухай киноны Хурц ноёны дүрд тоглохдоо судлаж мэдсэн юм. То ван гуайн дүр бол эрдэмтэн хүний дүр юм л даа. Түүнтэй тэр хүний түвшинд Хурц ван би өөрийгөө тавьж харьцах нь гол чухал зүйл байв.
Энэ сэдвээр жаахан тодорхой хариу авмаар байна
Товчоор хэлэхэд миний бие “Хэцүү ван Тогтохтөр” кинонд Хурц вангийн дүрийг бүтээхийн тулд Хурц ванг судлаад зогсоогүй, Халхын хэцүү То ван хэмээн алдаршсан Тогтохтөр ноёны тухай ихээхэн зүйлийг мэдэх хэрэгтэй болсон юм. Учир нь би То ванг хэрхэн өргөөндөө хүлээн авч, хэрхэн мэндлэхээс эхлээд, Манж гүрэнд хандах түүний хандлага, Их бурхан бүтээх ажилд ямар байр суурьнаас хандах, охиныг нь хэрхэн бэр болгон гуйх гээд бодоход би То ван гуайн зан араншин, мэдлэг боловсрол, ном сургаалд нь тохируулан хандах хэрэгтэй байлаа.
То ван гуайн кинонд Хурц вангийн дүрийг бүтээхэд танд тохиолдсон онцлог үйл явдлаас дурсан ярина уу
Нэг хүний дүр бүтээхийн тулд би хоёр хүний дүрийн судалгаа хийсэн гэдгээ хэлэх байна. То ван бол нэг хүний наслах хугацаанд хэд хэдэн хүний хийж бүтээхийг нэгэн зэрэг амжуулсан, монгол хүн өөртөө байгаа оюун ухааны болон биеийн хүчнийхээ нөөцийг нээж чадах аваас хүний гар харалгүй ажиллаж амьдрах арга ухаан, авъяас билэг төгс хүмүүн болохыг нээж өгсөн Чингис хааны алтан ургийн цагаан ястай боржигон овгийн сурвалжит язгууртан сэхээтэн хүн байжээ. Монгол оронд маань, ялангуяа өнөө цагт То вантны амин сүнсийг эх нутагтаа залан морилуулахсан гэж бодогддог.
Үүнээс гадна арван жилийн дунд сургуулийн нэг ангийн сурагч, МУГЖүжигчин Банзрагчийн Тунгалаг Хурц вангийн их хатанд, түүний охин Банзрагчийн Анхтуяа миний бага манж хатны дүрийг бүтээсэн. Ингэж анд найзтайгаа, бас ангийнхаа охинтой, түүний үр хүүхэдтэй То ван гуайн дүрийг кино дэлгэцэн дээр анхлан бүтээхэд хамтарч тоглосон маань нь бидний хувьд том аз завшаантай тохиолдол байсан юм.
Хоёр хүний дүрийн судалгаа хийж байж тоглосон таны бүтээсэн Хурц вангийн дүр
То ван, Хурц ван хоёр хоёул Манжийн эрхшээлд байсан Монгол улсын хошуудын ноёд. То ван бол хурц ухаантан, холч бодлоготон, эх оронч, эдийн засагч, тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө тууштай тэмцэгч хүн. Гэтэл Хурц ван болохоор Манжийн төрд мал нохой мэт зүтгэгч, олз ашиг, хэргэм зэрэг горилогч, эх орон ард түмнийхээ эрх ашгийг умартсан ноёдын төлөөлөгчдийн нийтлэг дүр юм.
То ван кинонд Хурц вангийн дүрийг бүтээхдээ тэр үеийн монгол улсын ноёд язгууртнуудын үзэл бодлын ялгааг товойлгон гаргаж, түүгээрээ улс орны нийгэм эдийн засгийн амьдралын дотоод зөрчлийг гаргахыг зорьсон юм. Энэ миний энэ зорилго маань амжилттай биелэсэнд жүжигчин би баяртай явдаг даа.
Түүхэн сэдэвт уран сайхны энэ киног хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ
“Хэцүү ван Тогтохтөр” түүхэн сэдэвт уран сайхны киног 2007 онд CD-д 1000 хувь хувилж, То вангийн мэндэлсний 210 жилийн ойгоор олон түмэнд түгээснийг сонсоод их баярласан Энэ киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр тогтмол гаргаж байгаа.
Хэцүү ван Тогтохтөр түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээхэд бид үнэхээр сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр нийлэн ажилласнаа эргэн дурсахад үнэхээр бахархалтай байна Кинонд тоглох сэтгэгдлээ ярих боломж олгосон То ван судлалын нийгэмлэгт чин сэтгэлийнхээ талархлыг дэвшүүлэхийн ялдам уг киноны дараачийн ангиудыг хийхэд жирийн жүжигчин миний бие оролцон тоглоход бэлэн байна.
То вангийн мэргэн ухаан, холч бодлого монгол түмний минь мэлмийг гийгүүлж явах болтугай.