Цоглог ардынхаа энхийн жаргалыг
Цохилох зүрхээрээ шүншиглэн тахисан
Цогших галын дөлийг бадрааж
Цорос эхийнхээ хэвлийгээс мэндэлсэн
Галдан бошигт хааны алдар
Газар дэлхийд мөнхрөн оршино
“Галдан бошигт хаан” дуунаас
Аав ээжийнхээ ач буяныг дааж, сайн сайхан амьдарч яваа удам нэгтнээрээ бахархдаг нь аль ч ус нутгийнхны бичигдээгүй хууль. Цагаан бичээчийнхний удам ОХУ-д мэргэжил боловсрол эзэмшин, олон жил төр засаг, нам улсын байгууллагад өндөр хариуцлагатай алба хашиж байгаа, эцгээ өвлөсөн хүнлэг, тусархаг, ажилч, нягт нямбай Д.Батсүхээ бахархан ярих хүмүүн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд бишгүй дайралдана.
Амьдрал гэдэг алив амьтны уураг тархины ур зохиомжоор бүрдсэн арга ухаан гэх нь үнэнд нийцнэ. Тэр нь аль дайралдснаа авч, түрүүчийнхийг гээгээд явах салан баавгайн ёгт үлгэртэй огт төсгүй юм. Энэ нь сайныг хурааж, саарыг гээхийн ухаан бөлгөө. Тэгвэл амьдрах замынуртад хүний авдаг хураадаг нь юу сан билээ. Арга ухааныг үр ач нар нь өвлөн авна. Эд баялаг нь эзэндэээ очно. Д.Батсүх хүүгийн амьдралаас авахаар сэтгэл шулуудан зорьсон зүйл нь эрдэм ном байлаа. Түүний амьдрал аж төрөхийн ур ухаан хүн төрөлхтний оюуны сангийн хуримтлал, эрдэм номоос ангид байсангүй ээ. Эзэн богд Чингис хаан эрдмийн дээд –эв гэж айлдсан бол эрхэм баян эрдэм, дунд баян үр хүүхэд, адгийн баян эд хөрөнгө гэсэн ардын сургаал үнэхээр оносон цэцэн үг юм.
Цорос эхийн хэвлийгээс мэндэлсэн цогтой эх оронч Галдан бошигт хааны төрж өссөн алс Ховдын хязгаар нутаг. Билгийн тооллын арван тавдугаар жарны нохой жилийн өвлийн эхэн сарын балжинням, дашням давхцан тохиосон билэгт сайн өдөр. Аргын 1946 оны 11-р сарын 25. Н.Дамдинжавынх Булагийн өвөлжөөндөө аав Намхай, ах Навгааныхтай айлсан нутаглаж байлаа. Өглөөний мандах нарнаар мэндэлсэн хүүдээ эцэг нь Батсуурь хэмээсэн нэр хайрлажээ.
Д.Батсүхтэй, төрсөн дүү нар, хүргэн, авга ах нарын нь хамт “Хөгшин ламтын өвөлжөө” өөд уулын зөрөг даган мориор өгсөн явах агшинд Алтайн сүрлэг уулсын түмэн үзэсгэлэнд бишрэн “Эрдэнээр бүрэн эх нутаг”-аараа бахархан нэгэн дууны шүлэг тэрлэсэн агаад МУСТА Аюурзанын Батдэлгэр ая зохион амилуулсныг Эрдэнэбүрэн сумынхан сүлд дуугаа болгоно хэмээн хүлээн авсан билээ. Толилуулбаас:
Эзэнт төрөөс өвлүүлж өгсөн
Энх мөнхийн алтан аргамж
Ээж аавын голомтоо бадраасан
Эрдэнээр бүрэн эх нутаг
Ээж аавын голомтоо бадраасан
Эрдэнээр бүрэн эх нутаг
Цорос эхийн хайр шингэсэн
Цохилох зүрхний шүншиг болсон
Цогтой баатар Галдан хааны
Цог хийморь бадамласан өлгий
Цогтой баатар Галдан хааны
Цог хийморь бадамласан өлгий
Өнө эртнээс мөнхжин ирсэн
Өөлд түмний өрлөг тахилгатай
Өндөр сүрлэг Цаст хайрханы
Өвөрт орших өнтэй газар
Өндөр сүрлэг Цаст хайрханы
Өвөрт орших өнтэй газар
Д.Батсүх ярихдаа:-Би айлын найман хүүхдийн хоёрдахь нь миний ах Эрдэнэцогтыг төрөхөөс өмнө нэг охин гараад эндсэн юм билээ. Эрдэнэцогт ах төрөөд өвдөж, ээж аавыг их зовоодог байжээ. Намайг эхийн хэвлийд байхад лам багш аав ээжид маань хандаж,- Энэ хүүхдийг төрөхөд эцгийн нь хуучин дээлийн тасархайд өлгийдөж аваад, дээгүүр нь нохой харайлгах ёс үйлдээрэй,- гэжээ. Намайг төрөхөд ламын айлдасныг ёсоор болгожээ. Надад анх Батсуурь гэдэг нэр өгч. Гурван настай байхдаа нэлээн өвдөж аав, ээжээ зовоожээ. Тэгээд нутгийн лам Бакаа нэрийг минь сольж Батсүх гэсэн юм билээ. Үүнээс хойш би өвдөж, эцэг, эхээ зовоолгүй хүүхэд залуу насаа үдэж, өтгөсийн эгнээ рүү замнаж явна.
Намайг гарахад манай авга ах Н.Нагвааны хөгшин Г.Минжүүр эх барьж авчээ. Энэ буянтай буурал миний отгон дүү нарыг эх барьж авсан даа. Авсан ээжээ бид маш их хүндэлдэг. Байнга айлчлан золгодог байсан. Энэ буянтай буурал, эх барьсан ээж маань 2004 оны 4-р сард наян найман насандаа бурхан болсон,-гэлээ.
Ээж, аавын энэрэл хайр, эх нутгийн цэвэр цэнгэг ус, агаар, эрхэт төрийнхөө элбэрэл ивээлээр өсч бойжсон Батсүх хүү 1965 онд Ховд хотын ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуулийг сайн дүнтэй төгслөө. Түүнийг ажил амьдралын саруул ирээдүй, эрдэм ном даллан дуудлаа. Батсүх хүү ОХУ-ын нийслэл Москва хотноо суралцах эрхийн бичиг өвөртлөн хөл нь газар хүрэхгүй баярлан, баяр бахдалаа багтааж ядан явсан тэр нэгэн өдрүүд сэтгэлд нь бат уягдан үлдсэн нь мэдээж. Багын дурсамж хэн бүхний сэтгэл зүрхэнд хоногшилгүй улирах нь үгүй. Тэр тусмаа эцэг эх, эх нутаг холд мордох,нас ахих хоёрт үл мартагдах, үргэлж бодогдох зүйл болно. Хос цагаан хун холхи тэнгэрт дүүлэн нисэхээр жигүүрээ дэлгэн байх лугаа адил Сухайт хайрханы мөнгөн бууурал тэргүүн нарны гэрэлд гялбаран цавцайн цайрна. Гантай жил Хонгион голын урсгал ус татрахад газрын хөрс галд улайтгасан ган төмөр адил хална. Намарзангийн цэцэгт хөндийг өгсөж уруудан давхихад Цамбагарав хайрханы өврөөс сэнгэнэсэн айраг шиг цэвэр цэнгэг сэрүүн агаар урсах адил сэнгэнэнэ. Цаст хайрханы оройд тээглэж хургасан хөвөн цагаан үүлс зулай төөнөх зуны халуун нарыг түр ч атугай халхалхуйяа бяцхан голын эргээр сүрэглэн бэлчиж, сүүлээ өргөн наадах сарлагийн сүрэг тогтон идээшлэнэ. Төрсөн нутгийн байгаль цаг уурын түмэн гайхамшгийг зураглан өгүүлж хэрхэн барах билээ.
Мяралзан урсах Ховдын гол номин цэнхэр хадаг лугаа адил туналзан, Алтайн сүрлэг Цамбагарав, Сухайт хайрхан, Алтан хөхийн мөнх цаст тэргүүн хан тэнгэрт зүмбэрлэн, Хар-ус нуурын амгалан тунгалаг мандал Жаргалант хайрханаа тольдон, хайртай хүүгийнхээ баяр баяслыг тэтгэж, эх нутгийн сэвэлзүүр зөөлөн салхи хоёр борхон хацрыг нь тааланхан үнсэх мэт. Ай даа юутай сайхныг нь үгээр дүрслэн буулгахад хүчин мөхөсдөнө.
Батсүх цааш нь үргэлжлүүлэн,- Биднийг аравдугаар ангиа төгссөн жилээс эхлэн төгсөгчдийн бараг тавь шахам хувь нь шинээр ашиглалтанд орсон буюу баригдаж байсан үйлдвэрийн газруудад ажилчнаар гарч, үлдсэн хэсэг нь их, дээд сургуульд хуваарилагдсан юм. Гэхдээ их, дээд сургуульд элсэн суралцахаар авсан хуваарьт ангид орохын тулд Улаанбаатарт ирж, элсэлтийн шалгалт өгдөг байлаа.
Манай сумаас надаас гадна Ж.Түмэннасан, С.Аюуш хоёр гадаадад цэргийн дээд сургуульд хуваарь авсан юм. Би ОХУ-ын хүнсний үйлдвэрийн дээд сургуульд хуваарь аваад хөдөө гэртээ баяртай ирж, хэдхэн хоноод Уланбаатар хот явах болсон тул аав ээж, ах дүү нар маань бэлтгэл хийж, би хэдэн өдөр сайн морио унаж, хамаатан садан, төрөл төрөгсдөөрөө уяанаас тавигдсан мэт айлчлан хэсэж билээ. Аав л болсон хойно алсыг зорих үрийнхээ нэр нүүрийг бодож, гоё чемодан хайж, дэлгүүр агентаар хэрхэн хэсэвч , тэр цагийн “ховор бараа” тул яаж амар олдох билээ. Аргаа барахдаа аав минь урт Жамбаа хэмээх найзынхаасаа дунд зэргийн нэг ягаан өнгийн чемодан авч надад өгч явуулсан юм даг. Алсын моринд дөрөөлөх тэрхэн мөчид муу аав минь Хонгион голынхоо жижигхэн хар чулууг “уул усны чинь хэсэг шүү”-гэж хадгалуулсан нь тун саяхан мэт дурсагдана. Ээж минь хувинтай сүүгээ барин цацал өргөн, дөрөөг минь мялааж, нулимс мэлмэрүүлэн үнсэж, хүү намайгаа алсын замд үдсэн юмдаг.
Тээврийн машинд дайгдан аймгийн төвд аавтайгаа хамт ирэхэд наадмын өмнөх үе байсан тул Ховд хот хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Айлууд хашаанаасаа гарч, Буянт голын эргийн дагуух зүлгэн дээр байгууллага, албан газраараа эгнэн буусан нь Хатуу хөтөл дээрээс харахад нэн үзэсгэлэнтэй. Аймгийн төвд нэг хоноод аав минь надыг Улаанбаатар хот руу шуудангийн Ил-14 онгоцонд суулган үдэж өгөөд, онгоцны тоосон дунд торойн хоцорсон сон.
Улаанбаатар хотод би авга ах Ю.Дарьжавындаа буув. Дарьжав авгынх олон бужигнасан, хоол цайтай сайхан айл байж билээ. Буянтай хоёр буурлын ач буянаар хувь хүртэж, манайхны төрөл садангийн мөн ч олон хүүхэд хоолны захад хүрсэн дээ. Хотод ирээд элсэлтийн шалгалтыг Монгол улсын их сургууль дээр математик, орос хэл, химийн хичээлээр өгч байлаа.Тэр үеийн элсэлтийн шалгалт будлиан булхайгүй яваглдаг байсан тул шалгалтаа амжилттай өгцгөөж билээ.
1965 оны намар Батсүх гэрээсээ ганцаараа гарч, Москваг зорьсон бол 1971 оны зун инженер болох эрхэм зорилтоо биелүүлэн хүнсний үйлдвэрийн хүнсний үйлдвэрийн нарийн, нандин дээд мэргэжлийн диплом өвөртлөн, гэргий Д.Хандсүрэн, охин Б.Мөнхцэцэг хоёртойгоо гурвуул болж, улсдаа өрх нэмээд эх нутагтаа ирлээ.
Энэрэл хайрын халуун сэтгэл, хүсэл тэмүүлэл эх хүмүүн бүрт шингэсэн байдаг лугаа эх орноо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл инженер хүн бүрийг эзэмдэж, тэр тусмаа дөнгөж ажил амьдралын босгыг алхаж буй залууст ихийг бүтээх хүсэл тэмүүлэл жигүүр мэт дэрвэж,дэргэж байсан нь мэдээж. Хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдсөн залуу инженер Д.Батсүх нийгмийн ухааны эрдмээр хос морьтон болж, эх орныхоо дорнод хязгаарт 1971 оноос 1996 оныг дуустал 25 жил ажиллаж амьдарчээ. Энэ бол нэгэн хүний тухайд чамгүй хугацаа төдийгүй, ёстой хийж бүтээхийн цог хийморь бадарч явсан цаг үетэй нь давхцсан үе байв.
Д.Батсүхийг Дорнод аймгийн засаг даргын ажлыг авах үеийн манай орны нийгэм, эдийн засгийн байдал, олон түмний санаа сэтгэл тийм ч аятай таатай байгаагүй. Энэ түүхэн зурвасхан үед сав л хийвэл эсэргүүцлийн жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт болдог байлаа шүү дээ. Дoрнод аймгийн засаг даргын албыг хаших болсон цагаас ажил үйлсэд нь өчүүхэн боловч тус дэм болохыг хичээж байсан хүмүүс цөөнгүй байсан нь мэдрэгдэж байлаа. Энэ хэцүүхэн гэхээр үед Халхын хэцүү То ванг мэндэлсний нь 200 жилийн ойг тохиолдуулан, ардчилсан хөдөлгөөнтэй уралдуулан гаргаж ирсэн гэж болно. Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулж, хот орон нутгаас То ван судлаачдыг уриалан, илтгэл сонсгол бэлтгүүлэн тавиулж, “Хэцүү ван Тогтохтөр” нэртэй түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээлгэж, 1859-1864 онд Тогтохтөр ноёны бүтээлгэсэн Жанрайсиг их бурханы дүрийг сэргээлгэхэд хандив өргөх ажлыг зохион байгуулж, То вангийн төрсөн газарт гэрэлт хөшөө босгон, То вангийн тухай дуу шүлэг, магтаал бичүүлж, Халхгол сумын ЕБД сургуулийг вангийн нэрэмжит болгуулж, Улаанбаатар хотод То вангийн гудамж буй болгож, То ван судлалын нийгэмлэг байгуулан, жил бүр эрдэм шинжилгээний хурал зохиож, судалгааны ажилд дотоод гадаадын эрдэмтэн, судлаачдыг хүчин төвлөрүүлэх ажил хамтран зохиож явахдаа би Батсүхийг ажлын хүндрэл бэрхшээлээс шантардаггүй, эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэж байж дуусгадаг болохыг нь анзаарсан. Орчин үед ямар ч хүн ганцаараа алив ажлыг гүйцэлдүүлнэ гэдэг хэцүү болжээ. Хийх ажлаа олон түмний ажил болгож, хамт олны хүчийг зангидаж чаддагт удирдлагын арга барил нь байна гэж боддог.
Хүн 25 нас хүртлээ алив эрдэмд хичээнгүйлэн суралцаж, 25-50 насанд суралцах, хөдөлмөрлөх хоёрыг хослуулан эн чацуу эрхэлж, 50-75 насандаа бие, ухаан жигдэрч, улам ихийг бүтээж, 75-100 наслахдаа ажил хөдөлмөрийнхөө үр шим, үр ач нарынхаа ач буяныг эдлэн, залгамж хойч ирээдүй үеийнхэндээ сургаал сургамжаа хайрлан амьдардаг бөлгөө. Хорин таван насыг хүртэл хоёр өдөрт сурах зүйлийг нэгэн өдөрт амжуулах чадвартай байдаг бол 25-50 насанд хоёр өдөрт бүтээх ажлыг нэгэн өдөрт багтаах дадлагатай болдог байна. Тэгвэл Д.Батсүх Дорнод аймаг болон Төрийн өмчийн хороонд ажилласан хугацаа нь нас бие, ур ухаан, чадвар мэдлэг жагссан үе байсан юм.
1998 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчийн агентлагийн эрхлэх ажил, үүргийг Төрийн өмчийн хорооны эрхлэх ажлын хүрээнд хамруулсан тул Төрийн өмчийн агентлаг татан буугдсан. Чингэхэд Д.Батсүх Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газарт эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хариуцан ажиллав. 2000 оны 10-р сард Монгол улсын Засгийн газрын тогтоол гарч, Төрийн өмчийн хорооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн батлав. ТӨХ-ны шинэ бүтэцээр буй болсон Төрийн өмчийн төлөөлөл удирдлагын газрын даргын албан тушаалд Д.Батсүхийг дэвшүүлэн томилов. Шинэ албан тушаал түүнд улсын хэмжээний томоохон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хариуцуулан, тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх, хувьчлалын бэлтгэл хангах хариуцлагатай үүрэг хүлээлгэв.
Д.Батсүхийн удирдлагын арга барилын цөм нь олон нийтийн санаа бодлыг сонсож, шинэ зорилт шаардлагатай уялдуулах явдал байв. Монголын эдийн засгийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэн хувийн өмчийн хүрээг өргөтгөж, үүргийг өндөржүүлэх нэн чухал асуудал байв. Энэ чиглэлээр төрийн өмчит олон үйлдвэр хувьчлагдан, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн ч тэдгээрийн үр ашиг төдий л дээшлэхгүй, өмч зарим талаар эзэнгүйдэж байв.
Эдийн засгийн шинэтгэлийг нэгэн далаайлтаар хийх боломжгүй хугацаа шаардсан төвөгтэй, хянуур, нямбай хандах ажилболох нь мэдрэгдэж байв. Үүнийг нийгэмд гарсан улс төрийн шинэчлэлт өөрчлөлт, албан тушаал, эрх мэдлийн халаа солио, яам газрын өөрчлөлттэй зүйрлэшгүй амин чухал зүйл болохыг ард түмэн соргогоор мэдэрч эхлэв. Иймээс нэгдлийн мал хөрөнгийн хувьчлал, улсын ашиг орлоготой, экспортын эх үүсвэр болсон фабрик завод, цех тасгийг танил талдаа зүгээр өгсөн, идэж шамшигдулсан, үрэн таран хийсэн тухай хурц шүүмжлэл улс орон даяар өрнөсөн юм. Үнэнд нийцэх чин илрэл байсан нь нийгэмд хийсэн улс төр, эдийн засгийн шинэчлэлийн явцад манайхны туршлага, аж ахуйч ухаан дутасныг далимдуулан арга зальтай, авч завшихад гаршсан зарим нэг хүмүүсийн амжуулж “бүтээсэн үйл ажиллагаа” гэж би боддог. Өөрийн хүний гаргасан алдаа өөрийнх л байдаг тул энэ чиглэлээр чиний, миний гэлтгүй хийсэн болгосон, бас хийж бүтээх зүйл их байсныг дурснам.
2004 оны УИХ-ын сонгуулийн ажил орон даяар өрнөж эхэллээ. Тэрээр ТӨХ-ны дарга, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул менежерээр ажиллах болжээ. Батсүх бид хоёр Л.Пүрэвдоржийн намтар түүх, мөрийн хөтөлбөрийг уншиж суухдаа тэрбээр надад хандаж,-Ер нь хүн аль нэг намын гишүүн боллоо гээд туйлшрахын нэр биш, харин нэг үзэл баримтлалтай болж төлөвшдөг юм байна. Олон ургальч үзэл бодлын ачаар хувь хүн өөрийн гэсэн үзэл баримтлал, улс төрийн чиг баримжаа тогтдог юм. Хүн бүхэн өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Ийнхүү төлөвшихөд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын мэргэн сургаал олон талаар тус болно.
Харамсалтай нь эдүгээ шинэ хуучин намын зарим нөхөд ардынхаа алтан сургаалд гэгээрэн, үзэл бодлоо нэгтгэн ажиллаж амьдрах, нэг зүйлийг ч гэсэн нийлээд хийчихийн оронд намчирхаж, номчирхож, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг харшилдах халгаатай дуу чимээ жирийн хүмүүсийн сонор сонсголонг дөжрөөн чилээх болжээ. Үзэл бодол гэдэг бол аль нэгэн улс төрийн намын нэр хаяг биш, ажлын агуулга нь байх ёстой. Улс оронд нэг биш олон намтай болох нь улс даяараа хэд хуваагдан талцаж, маргалдаад аль байгаагаа хувааж өөриймчлөхийн нэр биш юм.
Нийгмийн тогтолцооны хууль ёсоор бол хүчтэй нам нь эрх мэдэл, эд баялгийн эзэн сууж, ганцаараа ноёрхон эзэмшихийн нэр бас биш гэж бодогдоно. Ер нь улс орны нийгмийн амьдралыг, хамгийн шилдэг тэргүүний давхарга нь болох улс төрч, сэхээтнүүд авч явдаг ч хуваагдмал задралд хөтлөж хэрхэвч болохгүй гэх сэтгэгдэл төрнө. Энэ нь наандаж олон түмний аж амьдрал, сэтгэл санаанд, цаандаж улс орны тусгаар тогтнол хийгээд хөгжил цэцэглэлт, дэлхийн улс түмний уламжлалт найрамдалд сэв суулгаж болох мэт бодогдоно.-гэж билээ.
1977-1984 онд Д.Батсүх Дорнод аймгийн МАХН-ын үйлдвэр, худалдаа, их барилгын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1990-1992 онд тус аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,1992-1996 оны аймгийн анхны засаг даргаар ажилласан юм. Энэ хугацаанд Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын хоёрдахь өргөтгөл, “Тасис” хөтөлбөрийн хүрээнд тус станцын зуухны шинэтгэлийн асуудлыг хамруулах, Адуунчулууны нүүрсний уурхайд техникийн шинэчлэл хийх зэрэгт орон нутгийн удирдлагын зүгээс байнгын анхаарал тавьж, тулгамдсан асуудлыг цаг хугацаанд нь төр засгийн байгууллагын анхааралд хүргэн, зохих шийдвэр гаргуулан арга хэмжээ авхуулж ажиллажээ. Дорнод аймгийн түлш эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэх үйл хэрэгт Д.Батсүх ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр 1998-2005 он хүртэл ТӨХ-нд эрчим хүчний салбарын үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, төрийн өмчийн төлөөлөл, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа “ДЦС-4”, “Багануур”, ТБЦДС”, ХК болон “ДҮТ”, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, одоо “ДҮТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Багануур” ХК-ийн туз-ийн гишүүнээр ажиллаж байна.
ТӨХ-д ажиллахх хугацаандаа эрчим хүчний салбарыгн ТӨҮГ-ыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохион байгуулж, хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд “Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрүүдэд бүтцийн өөрчлөлт хийх талаар засгийн газрын шийдвэр гаргуулахад хариуцсан ажил үүргийн хүрээнд идэвхи санаачлага гарган бодит хувь нэмэр оруулсныг энд тэмлэглэх нь зүйн хэрэг.
Дэд бүтэцийн сайд, ТӨХ-ны даргын тушаалаар Д.Батсүх эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтцийн өөрчлөлт хийх тухай монгол улсын засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байв. “ДЦС-4”, “Багануур” ХК-ийн болон “ДҮТ”ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан хугацаанд эдгээр үйлдвэрүүдийн найдвартай ажиллагаа хангагдан, өвлийн оргил ачааллыг амжилттай давснаар тэдгээрийн эдийн засгийн үр ашиг дээшилсэн. Юм. Батсүхийг эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан нь жирийн хэрэг биш .
1921 оны ардын хувьсгалаар хөрөнгөтний замд шууд орсон бол Монгол улс ядуу зүдүү ард олноо өдий зэрэгтэй өөд татах түвшинд хүрч чадахгүй байсныг ямарч улс төрч, ямарч их сэтгэгч хүлээн зөвшөөрнө. Иймээс ч Монголын нийгэмд гарсан ардчилсан хөдөлгөөн үүсэх гадаад, дотоод нөхцөл нь бүрдэн, гарах цаг үедээ гарч, хүрэх үр дүндээ хүрч байна гэж үздэг.
Энэ талаар Д.Батсүх бид хоёр нэг биш удаа тунгаан ярилцаж байсны хувьд би түүнийг нийгэмд гарч байгаа шинэчлэлт өөрчлөлтийг дэмжиж, шинэ зүйлийг нухчин дарах юмуу хэт дөвийлгөн магтах, хуучин юмаа үндсээр нь нураан устгах юмуу 90-ээд оны эхэн үе шиг хуучнаа үгүйлэн хүсэмжлэх биш, харин нийгэмд болж байгаа үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх мэдлэг чадвар, оюуны өргөн цараа төлөвшин, улс төрийн хатуужил бүхий сэхээтэн гэж үнэлж дүгнэх хэмжээнд хүрсэн.
Үүний нэг жишээ нь, 2000 онд Монголын социалдемократ нам УИХ-ын сонгуулийн Дорнод аймгийн 18-р тойрогт миний нэрийг дэвшүүлэхэд МАХН-ын гишүүн Д.Батсүх мөрийн хөтөлбөрийг минь дэмжиж байсныг хэлэх байна. Эндээс би түүнийг нэг улс төрийн намын үзэл баримтлалаар туйлширдаггүй, улс орны эрх ашигт нийцсэн дэвшилтэт зүйлийг дээдлэн үздэг эх оронч, дэвшилтэт бодол санаатай жинхэнэ төрийн түшээ юм гэдгийг мэдэрсэн. Энд Д.Батсүх улс төрийн хоёр байр суурь гаргаагүй, МАХН-даа жудаггүй зан төрх гаргаж байгаагүйг хэлэх байна.
Одоо Д.Батсүхийн хувь хүний жудаг, чанарын тухай хоёр үг хэлье. Засаг дарга гэдэг зав чөлөөгүй ажилтай хүнийг хэлдэг юм байна гэдгийг би түүнээс олж мэдсэн. Миний нагац ах , тухайн үедээ То вангийн хошууны дуучин явсан Нямын Жүрмэд гэдэг хүн байснаас нутгийнхан маань манайхныг “дуучийнхан” гэж авгайлна. Манайхан ч бас өнөр өтгөн айл байж. 1995 онд миний эгч Билэгтийн Цэрэндулам , 1994 онд том хүү Б.Бат-Эрдэнэ нь нас барахад аймгийн засаг дарга Д.Батсүх хөдөөлүүлэх ажилд оролцон, бидэнд тохиолдсон уй гашудлын хуваалцаж л явсан. Энэ бол энгийн атлаа өсгөж харууштай нэгэн жишээ.
Аймгийнхаа төв хөдөөгийн иргэд хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг байнга сонсож, жаргал зовлонг хуваалцана гэдэг засаг даргын ажил үүргийн хуваарьт бичигддэггүй ч анхаарлын нь гадна үдэх зүйл биш юм билээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраагийн 60 насны ой болж, түүнд зориулсан баярын цуглаан Улаанбаатарын их ёсургууль дээр зохион байгуулагдсан юм даг. Тэр цуглаанд Чадпраагийн төрсөн ахаас аваад анд нөхөд, ажил төрлийн хамтран зүтгэгчид, багш оюутнууд, ШУА-ийн зарим хүрээлэнгийн ажилтнууд байсан санагдана. Олон хүмүүс Б.Чадраад баяр хүргэж, сайн айхныг ерөөж, бэлэг дурсгал болцгоов. Энэ бүгдээс одоо хүртэл миний сэтгэлд хоногшин үлдсэн нь Монгол улс, ОХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн,-“Дэлхий дээр Орос орон шиг Монголд тусалсан улс байхгүй. Монголчууд шиг Орос орныг муулсан улс дэлхийд бас байхгүй”- гэж хэлсэн хүний жудагийн тухай үг юм.
Нэг монгол хүн жудаггүй зан гаргахад Монгол жудаг хөндөгдөнө. Тэгэхээр өнөөгийн бидний монголчууд, ялангуяа улс орны маань гэрэл ирээдүйн эзэн болох залуу залгамж үеийнхэн маань “Монгол жудаг” гээч юугаар ч солишгүй нандин зүйлээ бүү умартаасай гэж хүснэ.
“Бизнесийн мэдээ” сонины сурвалжлагч хатагтай Ч.Мөнхтуяа надаас ярилцлага авч байхдаа намайг хуучны Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошуу, одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын уугуул гэдгийг лавлаж мэдээд тэрээр Дорнод аймагт ажиллаж байснаа хуучиллаа.
-Тэгвэл Батсүх даргыг таних уу,- гэж асуухад: -Засаг дарга байсан уу? Танилгүй яахав. Их сайн хүн шүү.Уурлана,загнана гэж нэг үгүй. Харин бид их эмээдэг байсан,- гэж хариулав. Би сурвалжлагчдаа:-Мөнхтуяа, та ямар хүнийг сайн хүн гэдэг вэ? -гэсэн асуултыг санаандгүй тавив.
-Ямар байхав, сайн хүнийг л хэлнэ биз, гэж бас санаандгүй хариулчихаад хэсэг чимээгнүй болов. Тэгснээ хоёул Д.Батсүхийн талаар өөрсдийн мэдэхийн хэрээр өөрсдийнхөө асуултанд өөрсдөө ийнхүү хариулав:.
Батсүх дарга бол олон түмний хайрыг татсан, төлөв даруу, хүний төлөө, хамт олны төлөө гэсэн чин сэтгэлтэй, аймаг, улс орныхоо төлөө хийж байгаа ажил нь олон түмний дэмжлэгийг хүлээн бүтэж байдаг хүн. Батсүхийн тухай хатагтай Ч.Мөнхтуяа бид хоёрын хувийн үнэлэлт, дүгнэлт ижилхэн байлаа.
Эх орноо дээдлэх чин хайрын булаг Д.Батсүхийн сэтгэлийн гүнээс ундран оргилж байдгийг түүний ажил үйлс нотлож харуулж байна.