Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ БА “ХИЛЭНЦЭТ” НЭГДЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ИНУ
Үнэнийг өүүлэх нь хүний ёс.
Төгсийн Содной
Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа Мал аж ахуйн хөгжлийн асуудлаар нэгдэж тогтсон үзэл баримтлал одоогоор алга байна. Улс орны бодлогыг тодорхойлох түвшингийн зарим нэг хүмүүс тухайн салбарын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид манай бэлчээрийн мал аж ахуй улс орны хөгжил дэвшилд саад болж байгаа тул түүнийг даруй өөрчилж, эрчимжсэн мал аж ахуй, суурин амьдралын хэвшилд хэрэгтэй гэж үзэж байхад бас зарим хэсэг нь мянга мянган жилээр өвлөж ирсэн гайхамшигт соёл иргэншил төдийгүй эдүгээ Монголын өвөрмөц шинж төрхийг дэлхийд тодорхойлж байгаа бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн амьдралыг өөрчилж болохгүй. Чингэвээс Монгол улс монгол байхаа болино гэж үзэх ину буй.
Хөдөөгийн хөгжлийн тухай ийм эсрэг тэсрэг гэмээр үзэл бодол өнөөгийн Монголын нийгэмд зонхилж байна.
Хөдөөгийн хөгжилд нөлөөлөх эерэг хүчин зүйлүүд гэвэл,
-Төв Азийн экологийн нөхцөлд хөгжих явцад дээд зэргээр шалгаран зрхицсон, зөвхөн бэлчээрийн маллагаагаар өсөн үржиж, хямд өөрийн өртөгтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн өгдөг таван хошуу мал..    
-Тийм мал сүргийг жилийн дөрвөн улирлын эргэлтэнд зохицуулан маллахад тун тохиромжтой, байгалийн олон янзын нөхцөл бүхий өргөн уудам газар нутаг.
-Бэлчээрийн сонгодог хэлбэрийн мал аж ахуйг түүхэн туршдаа амжилттай эрхэлж ирсэн үндэсний өвөрмөц арга технологи эдгээр юм. 
Хөдөөгийн хөгжилд нөлөөлөх сөрөг хүчин зүйлүүд гэвэл,
-Гагцхүү натурал уламжлал, арга технологи дээр суурилсан хийгээд түүхийн эрхээр хөгжлийн чадавхиа шавхсан дундад зууны хэвшилт хувийн жижиг өмчит тархай бутархай өрхийн аж ахуйн ноёрхол манай хөдөөд дахин тогтсон. 
-Аж ахуйн ийм хэвшил орчин үеийн оюуны асар их багтаамжтай, өндөр бүтээмжит техник технологийг шингээн ашиглах чадавхи багтаамж байдаггүй.
-Хувь хувиа бөөцийлөхөөс үл хэтрэх аминч эрх ашигт хүлэгдсэн өрхийн жижиг өмчит тархай бутархай аж ахуй байгалийн хүчин зүйлийн эрхшээлд байнга оршиж, түүнийг эсэргүүцэн давах чадавхигүйгээс тогтвортой хөгжих баталгаагүй.
-Бүтээмж маш багатай, хүнд хүчир хөдөлмөр цаг наргүй нэг тойргоор давтагдах эргэлтэнд манай хөдөөгийнхний сэтгэл зүй хэт их дасал болж, орчин үеийн шинжлэх ухааны ололт, техник технологийн амтанд ороогүй.
Суурь шинжтэй энэ мэт сөрөг хүчин зүйлээс гадна засаг, төрийн бодлого, үйл ажиллагааны алдаа дутагдлаас үүдэн хөдөөгийн хөгжилд хүндрэл бэрхшээл учруулж байгаа бусад хүчин зүйлүүд байгаа нь хэн хүнд илэрхий билээ.
Монгол хөгжихөд гагцхүү бэлчээрийн мал аж ахуй саад болж байгаагаас суурин байдалд оруулах, түүгээр ч барахгүй тэжээлийн мал аж ахуй болгох учиртай гэж ярих, монголын хөгжилд мал мал аж ахуй эдийн засгийн ач холбогдолгүй болно гэж ярьж бичих хүн цөөн биш байна. 
Миний бодлоор манай хөгжилд саад болж байгаа тал нь бэлчээрийн мал аж ахуйтай байгаадаа биш, түүнийг эрхэлж байгаа хувийн өмит тархай бутархай өрхийн натурал хэвшилд байгаа гэж үзнэ. 
Монгол нутагт мал аж ахуй үүсээд арваад мянган жил, анхны төрт улс Хүннү гүрнээс хойш 2 мянга гаруй жил болсон гэж түүхчид үздэг. ХХ зууны дунд үе хүртэл Монголчууд бид дээр дурьдсан асар урт хугацааг туулахдаа манай мал аж ахуй дан ганц хувийн өмчит тархай бутарай натурал хэвшлээр явж ирсэн бөгөөд хөгжилд нь тийм гэж онцлон хэлэх хөгжил, дэвшил гарч байсан тухай шинжлэх ухааны баримт нотолгоо одоогоор байхгүй байна. 
Энэхүү өгүүллээ Монголын хөдөөгийн хөгжил ба “хилэнцэт” нэгдлийн тухай хэмээн нэрлэсний учир нь элдэв онол ярих биш, манай залуу  хувьсгалчдын олж нээсэн “нүгэлт” орчлон юу байсныг уншигч олноо өгүүлэх гэсэн хэрэг болой. 
Нэгдэл гэгч тэр “тамын” орчлонг нээсэн чухам ямар хүмүүс байсныг Э. Бат-Үүлийн “Өдрийн сонин”-д өгсөн. Хөдөөгийн амьдралаас ийнхүү огт өөр ахуй орчинд төрж, өсч төлөвшсөн ийм хүмүүс Монголын малчин түмнийг дарлан зовоогч нэгдэл гэгч “тамын орон”-ыг нээж олсон байгаа юм. Нэгдэл бүрт тийм “ганц ширхэг” хүн байсан бөгөөд түүнийг нэгдлийн дарга гэж нэрлэдэг  байж. 
Нэгдлийн даргыг дээрээс төлөвлөгөө, даалгавар, шалгалт шахалт дарамтлана. Дороос малчид нүүх боллоо машин ирүүл, энд хашаа барьж , тэнд худаг гаргаж өг, төдийд өвс хужир авчир, эхнэр жирэмсэн эхчүүдийг  амралтанд ав, мал төллөж эхэллээ, төлчин өг, хүү гэрлэж, охин хүнд очих гэж байна, тийм ч авдар сав, ор дэр, машин унаа хэрэгтэй гэхчилэн нэгдлийн даргаас шаардахгүй юм ер байгаагүй. Тэр бүхнийг нэгдлийн дарга гэдэг хүн амжуулж өгдөг батлагдаагүй хууль амьдралд баталгаатай үйлчилдэг байсныг ийнхүү дарлагдаж байсан зуу, зуун нэгдлийн дарга, тийнхүү дарлаж байсан мянга, мянган малчид одоохондоо энх тунх байгаа үед бичиж байгаадаа би нүүр бардам байна.
Нэгдэл хэрхэн буй болж байв. Нэг нэгнээ сайн мэдэх, ойр дөт нутаг усныхан, тэр дундаа ядуу буурайдуу хүмүүс аж амьдралаа өөд татахаар   нэгдэж, хувийн цөөн малаасаа ачих тэмээ, унах адуу, хэд гурван хонь ямаа, сур дээс, хом амбай, газар хагалах анжис, ганц хоёр тогоо тариа гэхчилэн юу илүүчилж болох байна тэр бүхнээ аоршин дундын өмч үүсгэн, нэг нь унь, нөгөө нь тооно, гуравдахь нь хана хаалга, оосор бүчээ нийлүүлж, нэгдлийн контор хэмээх нэгэн бор гэр босгож, ёстой ардчилсан арга олонхийн саналаар нэгдэлдээ нэр оноож, өөрийн гол уснаас энэ л чадна гэсэн нэгнээ даргаар сонгож, хэд гурван жилийн нүүр үзэхэд нэгдэл төрхөө олж, товхийсэн аж ахуй болдог. 
Энэ бол эхний алхам. 1950–иад оны үед иймэрхүү нэг суманд нутаг усаараа хэд хэдэн жижиг нэгдэл буй болж, нэгдэлд хүмүүс элсэх нь их болохын хэрээр товхийсэн дунд хэрийн мал хөрөнгөтэй айл өрхүүд элсэн орсоор сум бүхэлдээ нэгдэлжиж байв. Энэ бол 1950-иад оны сүүлч үе. Энэ үе хүртэл нутагтаа баян гэж тооцогддог хэд гурван айл нэгдлийн гадна байсаар үлдсэн. Нэгдэлд элсэх хүсэл сонирхол байгаагүй. Гэхдээ эдгээр баян айлууд нэгдэлжихээс өөр замгүй болсон байв. Учир нь нэгд, малыг нь маллаж ажил юуг нь хамжиж, хаяаг нь түшиж аж төрдөг байсан хүмүүс төдийгүй садан төрөл, ойр дотны хүмүүс нь ч нэгдэлд орчихоод байсан, хоёрт, нэгдэл гэдэг айл хөл дээрээ босч, юм юмтай болж, нэгдсэн олны ажил амьдрал хэн хүний сонирхол татах хэмжээнд хүрсэн байв.
Ийм нөхцөлд баян гэж нутаг усандаа нэрлэгддэг цөөн хэсэг айлууд хэрэгтэйгээ авдарлаж, хэрэг багатайгаа нэгдэлд нийгэмчилж, “нэгдэлчин” болсон. Тэр үеийн баячууд одоогийн баячуудтай адилтгахын аргаүй ялгаатай. Одоогийн баячууд бүхэл бүтэн нэг үеийнхний бүтээж буй болгосон баялагийг элдэв аргаар эзэмдэн, нүд ирмэхийн зуурт баяжсан бол, тэр үеийн баячууд үе удмаараа ариун цагаанаараа зүтгэж, баян болсон хүмүүс байв. Эдгээр баячууд нь айл өрхийн хөрөнгийг хурааж дээрэмдэж авсан тохиолдол гарч байсныг мэдэхгүй юм. Нэгдлийн хөгжлийн 3 дахь үе бол нэг сумын доторхи олон жижиг нэгдэл нийлэн, нэг том аж ахуй болж бэхжин, нэгдэл хэмээх хоршоолсон аж ахуй хөдөөгийн хөгжлийн нэг чухал тулгуур хүч болж чадсан.
Нэгдэлжих хөдөлгөөн үүсэх хэрэгцээ шаардлага юу байв. 1940-1950-иад он гэхэд улс орны бүтээн байгуулалт эрс эрчимжиж, соёл боловсрол, шинжлэх ухааны хөгжил хүч авч, аж үйлдвэр, их барилга, дэд бүтцийн олон салбар шинээр буй болсон нь улс орны эдийн засгийн үндсэн салбар мал аж ахуйн эдийн өгөөжийг дээшлүүлэх шаардлага тулгарсан. Урьд нь хэрэг дээрээ зөвхөн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж ирсэн газар хэмээх баялагийг хөдөө аж ахуйн олон төрөл үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж, түүний эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэх хэрэгцээ гарсан. 
-Шинээр буй болж, эрч хүчээ авч эхэлсэн аж үйлдвэрийг түүхий эдээр хангах, түргэн хурдацтай өсөж байгаа хүн ам, хот сууринг хоол хүнсээр хангах, улс орны экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарсан.
-Энэ үед хөдөөгийн хүн амын амьдралын түвшин жигд бус байсны дээр хөдөөгийн ахуй нөхцлийг бүхэлд нь өөд татаж чадсан нөхцөлд  үүнийг өөрчилж чадах байсан.
-Зөвхөн хот сууринд биш улс орны хэнгээр шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх хөрс суурийг буй хэмжээгээр, хүний хөгжлийг түргэтгэх шаардлага гарсан 
Монголчууд энэ үеийг хүртэл олон мянган жил хувийн өмчит, тархай бутархай аж ахуй эрхлэн аж төрөхдөө байгалийн гамшигт тоо томшгүй нэрвэгдэж байсны дээр энэ үе буюу 1944 оны зудад хувийн тархай бутархай аж ахуй өөрийн эрхгүй хүчин мөхөсдөж, 3 мал тутмын 1-ийг үхүүлж, том цохилт авсан.
Монголын хөдөө аж ахуйд нэгдэл юу өгсөн бэ. Би Говь-Алтай аймгийн баруун хязгаарын Алтай суманд 1950 –иад оны дунд үед ажиллаж байсан. Энэ үед Алтай сумынхан муруй сарий бургасан модтой утаа тортог нэвчсэн жижиг бор гэртэй, газар, ор нэг хоёр бор авдар, нөхөөс болсон хэд гурван данх, сав мэт эд агуурстай, ил задгай гал, утаа май, тоос бужигнаж, хир ханхалсан ийм л төрхтэй байсан. Тус суманд нэгдэл хэмээх хоршоолсон аж ахуй буй болоод 10-аад жилийн нүүр үзэхэд айл өрхүүд нь хорол тооно, эрээн модтой, дотор гадар цагаан бүрээстэй том гэр, төмөр ор, радио хүлээн авагч, оёдлын машин, төмөр зуух, цоохор авдар, номын шүүгээ, мотоцикльтой болсон.
Алтайчуудын ахуй байдал ингэтлээ дэвжин дээшилсэн байх гэж бодоогүй явсан. Магадгүй намайг өнөөдөр ингэж бичихэд энэ үеийн залуучууд төдийгүй эх орныхоо хөдөөг мэдэхгүй хэнбугай ч ямар жүжгийн тайз засал солигдож байгаадаа биш дээ гэж бодож болзошгүй. Би үнэн юмыг үнэнээр нь хэлнэ. Алтайчуудын аж төрөлд гарсан энэхүү өөрчлөлт нь Монгол орон даяар болсон нийтлэг үйл явц бөгөөд манай малчин түмний нэгдсэн хүч Монголын хөдөөг дундад зууны төрхөөс эрин зууны ахуй төрхөнд шилжүүлсэн юм.
Нийгмийн энэ их өөрчлөлт, хөгжил дэвшлийг товч тодорхойлох ахул. Нэгд, Монголын малчин түмний аж байдал дундад зууны туйлдсан төрх төлөвөө халж, эрин үеийн ахуй төрхтэй болгосныг Алтайнхны бодит байдлаар дээр хэлсэн.
Хоёрт, Монголын хөдөө буюу улс орны хэмжээгээр цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, сургууль, эмнэлэг, нэгдсэн халаалт, спорт соёлын газахр худалдаа ниыйтийн хоол, ахуйн үйлчилгээ бүхий олон хот тосгод байгуулагдсан.    
Гуравт, газар тариалан, гахай шувуу, жимс жимсгэнэ, амралт сувилал, тээвэр, байгалийн баялаг ашиглах, барилга барих чиглэлээр хөдөө аж ахуйн туслах үйлдвэр үйлчилгээ буй болсон.
Дөрөвт, Монголын хөдөөд ажилгүйдэл гуйланчлал бүрэн устаж, бусдаас товойх баячуудгүйн адил бусдаас ялгарах ядуучуудгүй болсон.
Тавд, Байгалийн элдэв гамшигт байнга өртөж ирсэн мал сүрэг, хашаа хороо, худаг ус, өвс тэжээл зэрэг материаллаг хамгаалалттай болж, тогтвортой өсөх нөхцөл бүрдсний дээр онцолж хэлэх нэг зүйл бол түүхэн туршдаа малчин гэсэн дан ганц эзэнтэй байсан монгол мал, малчин нэгдэл, төр гэсэн 3 давхар хамгаалалтттай болсны ачаар ХХ зууны эхэн үе хүртэл  10 орчим саяаас дээш гарч байгаагүй мал сүрэг ХХ зууны дунд үе гэхэд хорин хэдэн саяд хүрч, дарж хэлэхэд 2 дахин өссөн.
Зургаад, Нэгдлийг үзэн ядагчид төдийгүй малчин түмэн ч өөрсдөө ойлгохгүй байгаа нэг зүйл нь өвчин эмгэг тусах, гачигдал зовлон тохиолдох, ган зудад өртөх зэрэг аливаа учралд өөрсдийн байгуулсан нэгдэл гэгч их айлын өмөг түшгийг баттай хүртэж, үр хүүхдээ сургаж гэгээрүүлэх, айл гэр болгох, хол ойрын отор нүүдэл хийх гэхчлэн амьдралын сайн сайхан, саар муу аливаа тохиолдолд малчин олон нийгэм төрд найдвартай түших нөхцөл буй болсон.
Монгол орны хөдөөг нэн ул суурьтай судалсан Япон улсын эрдэмтэн Онуки Масао (1988) “Монголын онцгой нөхцөлд хоршооллыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хэрэгслэлийг нийтийн өмч болгон тогтоосон бөгөөд түүнд зохицсон хамтын хөдөлмөрийн давуу чанар бүрэн илэрч байна. Өнөөдөр адилхан нүүдлийн мал аж ахуйн бүсэд орших боловч Монгол нь хойт Африк, Ойрхи Дорнод, төв Азиас хөгжлийн нэлээд ялгаатай чиг баримжаагаар замнаж байна.
Нүүдлийн мал аж ахуйн дээрхи бүс нутгийн баруун хэсэгт мал аж ахуй сулран доройтож, хүн ард өлсгөлөнд нэрвэгдэж байхад зүүн хэсэгт орших Монголд өөр байдлаар уламжлалт мал аж ахуйн дэвшилттэй талаа баталгаажуулан амьдарч, байгаль нийгэм түүнийхээ  нөхцөлд зохицуулан, үр дүнгээ өгөх өвөрмөц ажлыг туршиж байгаа мэт санагдана. Энэ нь хүн төрөлхтний түүхийг үзэх үзлийн үүднээс авч үзсэн ч ямар нэг томоохон туршилтыг хэрэгжүүлж байгаа юм бишүү гэсэн сэтгэгдэл төрүүлж байна” гэсэн бол Берлины их сургуулийн хөгжиж байгаа орнуудыг судлах төвийн ажилтан Ф.В. Мюллер (1995) БНМАУ-ын үед бүр анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах асуудал гол зорилт болон тавигдаж байв.
Энэ бодлого үр дүнгээ өгч хөдөөг хамрсан нэгдсэн систем тогтож, суурьшил гүнзгийрч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимжиж, нүүдэлч малчид урьд хэзээ ч байгаагүй нийгмийн интеграцад хамрагдан, нийгмийн баталгаа, энх тунх байдал, дэд бүтцийн хангамж, шинэчлэл нь барууны нүүдэлч малчдад бүтээж өгч чадаагүй тийм түвшинд хүрснийг хэлмээр байна.
Монголын хөдөөгийн удирдлага улс орноо зах зээлийн урсгал хөгжлийн давалгаа хийгээд дэлхийн зах зээлийн хянаж хязгаарлахын аргагүй хүчирхийлэл дунд хаяж орхивол хэдэн жилийн дараа Африкийн улс орон бүхэлдээ болон нэн ялангуяа тэдний нүүдэлч малчид нэрвэгдсэн тийм аюулын ирмэгт очих болно” гэжээ.
-Нэгдэл бол малчин түмний нэгдсэн хүч байсан юм. Нэгдэл гэгч ямар хэмжээний ямар дүр төрхтэй хамтын аж ахуй байв.    
-Ер нь нэгдэл гэгч юу байсныг үнэн зөв ойлгох явдал манай хөдөөгийн хөгжилд төдийгүй Монголын хөгжилд тустай тул Архангай аймгийн Их тамир сумын “Гэрэлт зам” нэгдлийн жишээнээс уншигч танаа толилуулахад, 
-өрх 1000 гаруй, ам бүл 3500
-жилийн орлого 4 сая
-мал сүрэг 120 мянга
-тариа ногг, хадлангийн механикжсан 4 салаатай, жилд үр тариа, төмс, хүнсний ногоо 140-150 га, ногоон тэжээл 1800 га-д тариалж, 200 –гаад тн тэжээл, 2800-3000 тн хадлан авна.
-жил тутам 12 нэр төрлийн 120-130 тн цагаан будаа, 50-55 тн арвайн гурил, 50-60 тн талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
100 гаруй ажилчин бүхий барилгын бригад, модон эдлэлийн цех, саммарам 4 цахилгаан станц, 50 гаруй автомашин трактортай автопарктай.
-тохилог соёлын ордон, зочид буудал, гуанз, эхчүүдийн амрах байр, халуун усны газар, 200 хүүхдийн дотуур байртай.
-гахай, тахаиа үржүүлэх, заазлах мал бордох туслах аж үйлдвэрлэлтэй.
Энэ бүхнийг нэгдэл өөрийн хөрөнгө хүчээр буй болгосны гадна дор дурьдсан зүйлүүдийг санхүүжүүлдэг. 
-мал аж ахуйн материаллаг баазыг санхүүжүүлэх, шинэ объектыг барих, ашиглах, засаж сэлбэх
-нэгдэл, амины малын тэжээл хужир шүү, бэлтгэх, усан хангамжийн  зардал.
-мал эмнэлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, үржлийн ажлын зардал.
-ган зудтай тэмцэх, отор нүүдлийн зардал.
-эмнэлэг, сургууль, ясли цэцэрлэгийн байр, хоолны зардал.
-номын сан, спорт, соёл урлагийн материал хангамж, үйлчилгээний зардал.
Сум нэгдлийн хэмжээнд бүх айл өрх, хүн бүр тодорхой ажил төрөлтэйн дээр нийгмийн хангамж, хөдөлмөр хамгаалалтай холбогдсон дараах зардлыг нэгдэл бүрэн санхүүжүүлж байв. 
- нэгдлийн гишүүний хөдөлмөр өдрийн хөлс, төрөл бүрийн нэмэгдэл, шагналт цалинтай.
-нэгдлийн гишүүд улсын албан хаагчдын адил ээлжийн амралт, нийгмийн даатгал, өндөр насны тэтгэвэр, больницын хуудсаар тэтгэлэг авдаг.
-амаржих эхчүүдийн 45 хоногийн амралт, эмчилгээ, хоол, унааны зардал 
-нэгдлийн гишүүд сум, аймгаас гадагш явж, эмчлүүлэх, сувилуулах, аялал жуулчлал хийх зардал.
-нэгдлийн гишүүд нэгдлийн захиалгаар төрөл бүрийн сургуульд суралцах, курс семенар, хурал зөвлөлгөөнд оролцох зардал
-нэгдлийн гишүүд гэр бүл болоход гэр орон төхөөрөх, унаа хөсөг хэрэглэх зардал болон цэргийн албанд явах залуучуудын нэр дээр хадгаламжийн данс нээж мөнгөн хуримтлал буй болгож байв.
Ер нь энэ бүхэн бол нүүдэлчин аль ч ард түмний түүхэнд гарч байгаагүй нийгмийн шинэ дэвшил байсан юм.
Нэгдэл бол Монголын хөдөөг, малчин олныг зах зээлд хүндрэл хямралгүй шилжүүлэх өргөн боломжийн нээсэн, алтан гүүр байлаа. Гагцхүү улс төрийн харалган хийрхэл энэ алтан гүүрийг эвдэж орхисон юм. 
Монголын нүүдлийн сонгодог хэлбэрийн мал аж ахуйн арга ухаанд нэвтэрсний дээр өөрийн авъяас билэг хүч хөдөлмөрөө хоршсон бөгөөд ХХI зууны хэмжээнд дүйцэхүйц шинэчлэгдсэн хөдөө аж ахуй дээр суурилан хөдаө аж ахуйн бүтээгдэхүүн байгалийн баялагийг экологийн цэвэр бүтээгдэхүүний түвшинд төгс боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги бодлого хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, ядууралгүй, хүчтэй тогтвортой эдийн засаг бүхий орон болох учиртай гэсэн итгэл үнэмшлээ үндэс болгон нэгдэл гэдэг чухам юу байсныг энд өгүүлэв. 
ХХ зууны сүүлийн 70 жил Монголчууд бид гэгээрэл боловсролтой ард түмэн болсон, одоо ч өөрийн үйл ажиллагаанд бүтээлчээр хандах чадвараа зузаатгасаар байгаа нь бидний нэгэн бахархал болжээ.  
Хэдэн жилийн өмнө хөдөө нутгийг хорших тухай дээр доргүй ярьж малчин олон хоршиж, хоршооллын тухай хууль дүрэм хүртэл гарч байсан. 
Бэлчээрийн хоршоолсон малд аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй (фермер) хоёрыг хослон эрхлэх явдал амьдралын шаардлага болон гарч ирж байна. Тухайлбал, томоохон хот суурины орчим болон бололцоо нөхцөл бүхий бүс нутагт фермерийн эрчимжсэн мал аж ахуйн зэрэгцээ гахай, шувуу, хүлэмжийн аж ахуй зэрэг туслах үйлдвэрлэлийн зохистой салбаруудыг хослон хөгжүүлэх нь эдүгээ цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, ирээүйн чиглэл байх буй заа.
Монгол орны тухайд ган зуд гэдэг бол тохиолдлын чанартай зүйл биш. Цаг хугацааны хувьд дахин давтагдаж байх байгалийн зүй тогтол юм, Энэ зүй тогтол нь нэгд,
-Монгол орны өвөл, зун гэсэн эсрэг тэсрэг хоёр туйл бүхий жилийн дөрвөн улиралтай, эх газарлаг цаг ууртай, тухайлбал зун 40 хэм хүртэл халуун, өвөл 50 хэм хүртэл хүйтрэх агаад говийн бүс нутагт жилд 60-120 мм, хангайн бүс нутагт 400-500 мм тундас унадаг.
Энэ үзүүлэлт ихсэх, багасах нь аль нэг туйл руугаа давамгайлсан тохиолдолд ган юмуу, зуд болох магадлалыг өөртөө агуулж байдаг
Нарны давтамж, гараг ертөнцийн тохиол, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас ойролцоогоор 10 жил тутам 1 удаа томоохон, 3-4 жил тутам 1 удаа ямар нэг хэмжээний ган зуд болж байдаг нь урт хугацааны ажиглалтаар нотлогдсон зүйл. Учир ийм болох тул ган зуд гэж нэрлэж заншсан байгалийн энэ зүй тогтолт хүчин зүйлээс улс орны эдийн засгийн үндэс мал сүргийг баттай хамгаалах явдал манай төрийн бодлогын үйл ажиллагааны төвд байгууштай асуудал мөн билээ.
Дэлхий даяар экологийн доройтол бий болж, Монгол орон  аз туршсан  байдлаар хандаж байгааг эцэс болгох талаар манай төр засаг цоо шинэ байдлаар хандаж төрийн тодорхой бодлого зорилт дэвшүүлж хэрэгжүүлэх нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын нэг тулгуур асуудал болж байна.
Манай мал сүрэг өсч, малчдын ахуйд цахилгаан, телевиз, гар утас, автомашин ердийн хэрэглээ болж эхэлж байгаа нь амжилт, хөгжил дэвшил мөн билээ. Цаашдаа малын ашиг шимийн үнэ гадаад дотоод зах зээлд өсч дээшлэх төлөв харагдахгүй байгаагаас хөдөө нутагт ажилгүйдэл, ядуурал ихсэж, улмаар нийт орон даяар нөлөөлөх магадлал байна. Бас сүүлийн жилүүдэд мал сүрэг их өсч, бэлчээрийн багтаамж, даац хүрэхгүй болж байна. Энэ бол тэжээлийн бааз нь бэлчээрийн ургамалдаа байдаг манай бэлчээрийн мал аж ахуйн тухайд анхаарал татах асуудал яах аргагүй мөн. Хөндөн тавьж байгаа энэ мэт асуудалтайгаа холбогдуулж, зарим нэг санал хэлэхэд,         
1.Хөдөө нутгийн өнөөгийн нөхрцөл байдал, тэр дундаа мал аж ахуй, малчин олонтой холбогдсон асуудлыг тал бүрээр нухацтай судлан хөдөө нутаг, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах асуудлаар дүгнэлт гаргаж, бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг төр засаг байгуулан ажиллуулштай.
2. Мал аж ахуйн элдэв төрөл, түүхий эдийг болвосруулах үйлдвэрүүд бий болгох асуудлыг “Атарын III аян” –ны хэмжээнд Засгийн газраас дэвшүүлэн цаг алгууралгүй бодит ажил болгох. Ингэх нь нэгд, гадны зах зээлд дулдуйдалгүй, малчдын мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, хоёрт, улс орныхоо экспортын нөөцийг нэмэгдүүлэх, гуравт, ажлын байр бий болгох олон талын ач холбогдолтой байх болно.
3.Бэлчээрийн багтаамж, даац хүрэлцэхгүй болж байгаа бэрхшээлийг арилгах хамгийн гол арга бол бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх явдал мөн гэж үзнэ.
Өгөөдэй хаан өөрийн бүтээсэн 4 их үйлсийн нэгэнд “усгүй газарт худаг малтуулж гаргуулаад (түүхийн зарим эх сурвалжид 7000 худаг гаргуулсан гэх баримт байдаг) улс иргэнийг ус, өвсөнд хүрэлцээтэй болгосноо” дурьдсан байдаг. Энэ явдлыг тэр их хаан ийнхүү онцолсон нь огт санамсаргүй явдал биш бөгөөд бид их хаадынхаа нэрээр хоосон хийрхэх нь гол биш, ганц ч атугай энэ мэт асуудлаас үлгэр авууштай билээ.
Хэрэв бид асар уудам нутгийнхаа усан хангамжийг төрийн бодлогын түвшинд тавьж шийдвэрлэж чадвал нэгд, одоогийн тулгараад байгаа бэрхшээлийг давна, хоёрт, ган зуд болсон тохиолдолд бэлчээрийн гачаалд орохгүй, гуравт, усгүйгээс ашиглахгүй байгаа уудам их газрын зэрлэг ургамлыг “Монгол мал” гэгч амьд машинаар экологийн цэвэр үнэт бүтээгдэхүүн болгон хувиргаж, улс орныхоо баялагийг аривжуулна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats