Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН СУРГААЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАРИМ ҮНДЭСЛЭЛ
Монголын түүхэнд бүтээлч үйлсээрээ  нэр алдраа мөнхжүүлсэн хүмүүсийн нэг нь олноо То ван хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр юм.  Тэрээр 1797 онд төрж 71 насыг наслахдаа монголчуудын нийгэм улс төр, соёлын түүхэнд хийсэн өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт, соён гийгүүлэх үйл ажиллагаагаараа нэрд гарсан хүн юм. Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтнүүдээс түүний ялгарах онцлог нь  сод мэргэн ухаанаараа улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг сэргээн хамгаалах ард олноо соён гийгүүлэх олон талт үйл ажиллагаа юм. Эдүгээ “То ван судлалын нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага үүсч байгуулагдан нийгмийн тусын тулд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулах болсноо 5 жилийн нүүр үзэж байна.
    1,То ван, түүний гарал удам угсаа. Чингис хааны алтан ургийн 37 дахь үе, Батмөнх даян хааны 14 дэх үеийн хүн болох Бат-Очирын Тогтохтөр(Түүнд анх өгсөн нэр нь Тогтохдорж) 1797 оны 9-р сарын 15 ны өдөр, (зурхайч доктор Л.Тэрбишийн тогтоосноор Б.П.) Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт төрсөн. То ван бол их сонин түүх намтар, хувь заяатай өвөрмөц хүн юм. Эх орон ард түмнээ хайрлах, шинийг сэтгэн бүтээх эрмэлзлэлээрээ хувалз мэт амьдрагч олонхи ноёдоос ангид хүн байлаа. 1822 онд 25 настай Б.Тогтохдоржийг Илдэн вангийн хошууны ноён болоход ард олон хүндэтгэн Тогтохтөр, То ван гэж авгайлах болсон. Ном сударт “Мэргэн То ван”, халх монгол даяар “Хэцүү То ван”, төрсөн нутгийнхан нь болохоор “буурал То ван” гэж хүндэтгэн нэрлэдэг байв. То ванг шинэчлэгч дэвшилтэт үзэлтэй, эдийн засагч, менежер, уран барилгач, инженерийн сэтгэлгээтэй үйлдвэржүүлэгч, газар тариаланч, нийгэм улс төрийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч, эх оронч, өвөрмөц содон монгол хүн байсан тухай энд өгүүлэхдээ би юуны өмнө энэ цаг үед тэр хүн үгүй ч гэлээ түүний сургаал бүтээл нь төрийн уламжлалт бодлого залгамж чанартай болохыг харуулж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. То ван хошуундаа соёлыг бадруулагч, нанхай будлай, аймгаар байгуулсан сүм, утай 5 уул, вангийн ордон зэрэг 7 гайхамшигт уран барилга барьж, 300 хүүхдийн сургууль байгуулан сурах бичгийг нь өөрөө зохиож, шашны зан үйлийг дан түвдээр биш үндэсний хэлээр явуулж, эдийн засгийн талаар ном зохиол бичсэн. 1835 онд То ван харъяат Сэцэнхан аймгийн Хэбэй хэмээх тушаалд томилогдсон. Энэ ондоо Y богд Жавзандамба хутагтыг баруун Зууд санваар авахаар очиход бараа бологсдыг тэргүүлж явжээ. 1868 оны 3-р сарын эхээр То ван Бээжингээс нутгийн зүг явж байгаад 4-р сарын шинийн 6-нд таалал төгсчээ. Мөн сарын 19-нд түүний хүү Т.Манзбазарын гаргасан батлах бичигт “Миний төрсөн эцэг вангийн хөлийн хуучин бам өвчин үгдэрч бие барсан нь үнэн бөгөөд ер өөр учиргүй  ” хэмээн айлдсан нь бий. То ванг Илдэн вангийн хошууны өмнөх ноёдын шарилыг онголсон “Дархан Хулд ” ууланд оршуулжээ. Ийнхүү Б.Тогтохтөр хошуу ноёны хэргэм зэргийг 46 жил, Сэцэнхэн аймгийн чуулганы жинхэнэ даргын албыг 9 жил залгуулж Сэцэнхан аймгийн Хэбэй вангаар 4 жил болжээ. 
2.То вангийн хошуу. То ван төрж  өсөөд 71 жил аж төрөн суусан сэцэнхан аймгийн Захын хошуу 1689 онд үүсч буй болсон ба 1922 оныг хүртэл 9 ноёны удам залган захирч ирсэн түүхтэй юм. То вангийн дээд өвөг Пунцогэнх-Амгалангийн 8-р онд (1689) Сэцэнхан аймгийн Өмэхийн авга тайж Намжил нарын хамт албат ардаа авч манжийн хаанд дагаар орж, 1690 онд засаг ноёны хэргэмээр хошуу захирах болсон. Галдан бошготыг манж нартай байлдахад идэвхитэй оролдсоны учир 1696 онд Пунцог жун ван цолоор шагнагджээ. Тэр цолон дээр Монголын хуучин Илдэн цолыг давхар хэрэглэх болсноор Пунцог ба түүний угсааны 9 ноёд Илдэн жун ван гэж алдаршсан. Пунцогийн ахмад хүү Чойжав 1733 онд Сэцэнхан болсны зэрэгцээ 1736-1744 онд хошуу ноёны албыг 8 жил хашсан хүн. чойжавыг нас барсны дараа Сэцэнханы хэргэмийг Өмэхийн угсааны ноёд дахин дахин залгамжлах болов.
    Цэвээндорж нэг жил болоод нас барж ахмад хүү Санзайдорж нь 1781 оноос хошуу ноён болов. Энэ үед Сэцэнхан Пунцагдорж үр тасарсан учир Ц.Санзайдорж ойр төрлийн хүний хувьд Сэцэнханы хэргэм зэргийг 1780 онд эвдүүлэх хүртлээ залгамжилсан юм. Түүний хүү Бат-Очир 1801-1822 он хүртэл хошууны ноёны хэргэм зэргийг залгамжлахдаа аймгийн чуулганы дэд даргын тушаалыг хавсран гүйцэтгэж ирсэн юм. Үүнийг өөд болсны дараа ахмад хүү Б.Тогтохдорж хошууны засаг ноён болжээ. 1826 онд Манжийн хаан түүнийг дотоод ордонд шатарт бараа болгон явуулахаар сонгон авсан. Түүхэн баримт бичигт “Хэбэй ван Тогтохтөр хүн тодорхой сэргэлэн мэт бас зэрэг ихээхэн учир баруун Зууд Жавзандамба хутагтыг харгалзан хүргэх ажилд томилов гэсэн байдаг [4]. То вангийн хошуу 4 сумтай, 150 овгоос бүрдсэн том хошуу байв [5]. Тэрээр хошуугаа бэхжүүлэх зорилгоор халхын бусад хошуудаас хүн ам элсүүлж  авснаар ийм олон овогтой болсон ба овог дотор гэр бүл болохыг хатуу чандалдаг байсан тухай өндөр настан Анжилын Должингийн дурьдатгалд гардаг. [6]. Б.Тогтохдоржийн хүү Манзбазар Захын хошууны Илдэн жун вангийн хэргэм зэргийг 1868-1884 он хүртэл 16 жил тасралтгүй залгуулсан юм. Түүний хүү үнэн сүжигт Илдэн жун ван Доржпалам 1884 оноос гадаадад дүрвэн гарах хүртлээ буюу 1922 он хүртэл хошуу ноёныг 38 жил тасралтгүй залгамжлав. Түүний хүү агь Пунцагцэрэнжалбуу эцгийн хамт гадаадад дүрвэн гарсан учир захын хошууны залгамж үе эх нутагтаа үлдсэнгүй, Харин То вангийн хошууны удам дамжсан 9 ноёдын үр сад удам угсааны хүмүүс эдүгээ Дорнод аймгийн Халхгол суманд төдийгүй монголын өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байна. Дашрамд хэлэхэд 2001 онд “То ван ” гэсэн шинэ овгийг Завхан аймгийн нөмрөг сумын харъяат Дагвадоржийн Тогтохжаргал гаргав.
3.То вангийн бүтээл ба түүний тухай ном зохиол
        а. Монгол улсын төв номын сангийн фондод Б.Тогтохтөрийн 1853 онд зохиосон “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал оршвой” номын 3 хувилбар хадаглагдаж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумыын иргэдэд То вангийн 1865 онд бичсэн “Оюун билгийн сургаал оршвой” нэртэй 123 үсэгтэй уйгуржин монгол бичгийн сурах хадгалагдаж байгаа ба Халхгол сумын зарим айлд мэргэн То вангийн зохиол “Судрын аялгуу, тоть шувууны үг” ном нь бий. Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал нь монгол хүний бичсэн эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны анхны томоохон бүтээл юм. То ван зарлиг тушаалаа манай уламжлалт сургаал номлолын хэлбэрээр туурвин модон бараар хэвлэл олшруулж, айл өрх бүрт, жас, сүм, хийд бүрт түгээдэг байжээ. Үүний зэрэгцээ То вангийн сургаал судлалын аман уламжлалын баялаг сан монголчуудын дунд ялангуяа, түүний төрсөн нутаг, Сэцэнхан аймагт яригдсаар байдгийн онцлон дурьдах хэрэгтэй
    б. 1968 он хүртэл буюу төрийн 2 удаагийн шагналт зохиолч, академич Шагдаржавын Нацагдоржийн зохиол “То ван түүний сургаал” нэртэй ном  Улаанбаатар хотноо хэвлэгдэх хүртэл То вангийн талаар гарсан зүйл их  биш байсан гэж хэлж болно. 1935 онд манай ШУ-ны хүрээлэн малчдад зориулж То вангийн сургаалын мал маллагааны  холбогдолтой хэсгийг тусгай дэвтэр болгон хэвлүүлжээ. Мөн онд Зөвлөлтийн эрдэмтэн М.Тубянский уул сургаалаас мал маллагааны тэргүүн хэсгийг орос хэлнээ орчуулан дэлгэрэнгүй тайлбарын хамт “Три главы из наставления То вана” нэртэйгээр “Соверемененная Монголия” сэтгүүлийн 1935 оны 6-р сард нийтлүүлсэн байна. Гуравдахь нь 1926 онд судар бичгийн хүрээлэнд уригдаж ажиллаж байсан зөвлөлтийн эрдэмтэн В.А.Казакевич “О поездке на Херулюн гол и Халхын гол, летом 1926 года” тайландаа …харъяат нутаг хошуундаа То вангийн зохион явуулсан аж ахуйн шинэтгэлийг өндрөөр үнэлж түүний санаачлагааар байгуулсан сонирхолтой орд харш, сүм дуганыг нүдээр үзснээс тоочон бичээд нутгийн ардын домог ярианаас үзвэл То ван эхлээд эдийн засгийн талаар манж хятадын гарыг харахгүй болж, дараа нь улс төрийн  тусгаар тогтнолоо олж авах гэсэн үзэл бодолтой хүн байсан гэж цохон тэмдэглэсэн нь  эдүгээ ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн санд байна. Мөн энд эрдэмтэн зохиолч Хөдөөгийн Пэрлээгийн бичсэн “То вангийн намтар”-ын гар бичмэл бий. Үүний зэрэгцээ Үндэсний түүхийн төв архивт То вангийн хошуу, То вангийн холбогдолтой 17 тэрэг баримт сэлт байдаг ажээ.
        в. Монгол улсын нэрт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж агсан 1968 онд “То ван түүний сургаал” номоо хэвлүүлснээр То ван судлалын үүд хаалга нээгдсэн гэж үзэх үндэстэй юм. Хэдийгээр нэг намын үзэл суртлын байр сууринаас хазайлгахгүй гэсэн үүднээс хандсан ч гэдээ үүнээс өмнө То вангийн тухай бие даасан ийм доривтой бүтээл гарч байгаагүй юм. Академич Ш.Нацагдоржийг удаалан олон судлаачид То вангийн тухай зохиол бүтээл туурвижээ [7].
     Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо, ахмад зохиолч Мөнгөний Чимид нар То вангийн бүтээл “Ажил ба сургуулийн зүйл” “Судрын аялгуу, Тоть шувууны үг” зохиолуудыг шинэ үсэгт буулган, уйгуржин монгол эх бичигтэй хамтатган хэвлүүлсэн нь То ван судлалд оруулсан томоохон хувь нэмэр юм.
    г. То ван судлалыг бие даасан судалгааны чиглэл болгон хэгжүүлэх бболсон нь манай эрдэмтдийн хамтын томоохон бүтээл мөн бөгөөд эрдэмтэн, мэргэжилтэн, сэхээтэн судлаачдын туувисан олон тооны ном зохиол, эмхэтгэл, цувралууд хэвлэгдлээ.
4.То ван судлалын нийгэмлэг. Монгол оронд төдийгүй дэлхийн монгол
     судлаачид То вангийн талаар судалгаа шинжилгээ өргөн явуулах болов. Уг ажлыг нэг газраас цэгцтэй явуулж байх зорилгоор 1997 онд То вангийн мэндэлсний 200 жилиййн ойгоор энэ нийгэмлэг байгуулагдсан юм.  Тус нийгэмлэг нь төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд Дархан-уул, Дорнод аймагт салбартай удахгүй Архангай аймагт салбараа нээх гэж байна.
 Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь их хурал бөгөөд 5 жил тутам хүралдаж, өдөр тутмын ажлыг Их хурлаас сонгогдсон тэргүүнээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл явуулдаг. То ван олон салбарт шинэтгэлийн бодлого явуулж байсныг бодолцон түүний сургаал бүтээлийг амьдралын олон салбарт өргөн судлаж нэвтрүүлэх зорилгоор тус бүр 10 эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн эрдмийн 16 салбар зөвлөлтэй ажилладаг ба тэдгээр зөвлөлүүдийн ажлыг 21 хүний бүрэлдэхүүнтэй То ван нийгэмлэгийн эрдмийн зөвлөл удирддаг. Тус нийгэмлэгийн үүсч буй болсон цагаас То вангийн аж төрөхийн сургаалыг англи хэлнээ орчуулж, төрсөн газарт нь гэрэлт хөшөө босгон, 211340 м2 талбайтай Жанрайсиг Их бурханыг сэргээлцэж, То вангийн хөргийг тосон будаг, хивс, металл, модон сийлбэрээр урлуулж, То вангийн тухай уран сайхны кино, жүжиг, дуу хөгжим, шүлэг, магтуу найраглалл зохиож, То ван судлал нэртэй 17 ном товхимол хэвлүүлээд байна. Одоо То ван судлалын хураангуй лавлах нэртэй нэвтэрхий толь бичиг хийгдэж байна. Чойбалсан хотод То ван нэртэй орчин үеийн тохилог зочид буудал ажиллаж, Мэргэн То ван нэртэй мөнгөжүүлсэн цагаан архи, талх нарийн боов үйлдвэрлэгдэж байна. 2001 онд тус нийгэмлэг Дорнод аймгийн ЗДТГ, ШУА-тай хамтран Дорнод аймгийн хураангуй түүх номыг хэвлүүлэн гаргасан ба энд То ван судлал нэг бүтэн бүлэг эзэлдэг.
    5.То ван сулал То ван нийгэмлэг үйл ажиллагааныхаа гол чиглэлийг 5 жил тутамд нэг удаа эрдэм шинжилгээний бага хурлаас гарах баримт бичгээр тодорхойлдог. 1996 онд гаргасан “сонордуулах бичигт” То ван судлалыг Монгол судлалын бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан нь олон улсын хүрээнд амжилттай хэрэгжлээ. [8.9]. 2002 онд зохиогдсон То ван судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан “санамж бичигт” говь, тал хээр, хангайн бүсэд Дорнодын Сангийн далай шиг хүнсний цэвэр талст давс ургадаг нуур байгуулах, нас гүйцээгүй ургаа мод огтлох явдлыг эцэслэн зогсоож, ой нөхөн сэргээх ажлыг бүх нийтийн үйлс болгох, Б.Тогтохтөрийн төрсөн нутаг Чойбалсан хотод То вангийн нэрэмжит их сургууль байгуулах зэрэг зорилтууд дэвшүүлэв. [7]. Энэ зорилгоор 2001 оноос Улаанбаатарын их дээд сургуульд Дорнод аймгаас жил бүр 10-аас доошгүй оюутан элсүүлэх замаар багшлах боловсон хүчнээ бэлтгэж эхлээд байна. То ван судлалыг хөгжүүлснээр дэлхийн монгол судлалд монголчуудын оруулах хувь хандив нэмэгдэн, уламжлалт зан заншил, аж төрөх ёс, урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн олон талын судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ улам өргөжижи болно.
    Энэ өгүүлэлд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын мал төллүүлгийн цаг хугацааны тухай То вангийн сургаалын нэгэн хэсгээс зохих дүгнэлттэйгээр товч толилуулж байна.
То вангийн сургаалд бог мал төллүүлэх үеийг хаврын өдөр шөнийн
Тэнцлийн цэгээс эхлэх учрийг судалгааны материалд тулгаарлан монгол орны уур амьсгалын онцлогт зохицсон төллөж, эхлэх, дуусах хугацааны цаг уурын зохистой нөхцлийг бүс нутгиййн цаг уурын байдлыг харгалзан бүсчлэн авч үзлээ.
Сэцэнхан аймгийн Хэбэй То ван гэж алдаршсан Тогтохтөр 1853 онд бичсэн Аж төрөхийг заасан сургаал номондоо –Бог малыг намрын нийлүүлэлт оруулаад  хавар өдөр шөнө тэнцэх үед төлүүлдэг гэжээ [1]. Одон орон зурхайн ухаанд хавар намрын өдөр шөнийн тэнцлийг шар зам улаан замын огтлолцлын цэгүүд гэдэг. Дэлхийн бөмбөрцгийн эргэлтийн онцлог үзэгдлээс болж түүний тэнхлэгийн байрлал өөрчлөгдснөөс хавар намрын тэнцлийн цэг шар замын дагуу жилд 50,26 секундээр аажим шилжсээр, 26000 жилд нэг бүтэн эргэлт хийдэг байна. Үүнээс шалтгаалж хаврын тэнцлийн цэг 2000 жилиййн өмнө хонины ордноос өнөө үед загасны ордонд байрлах урт удаан хугацааны шилжилт хийсэн учраас тэнгэрийн эрхэсийн байрлалыг олох тооцоололын эхлэл болгож, энэ цэгийн тохиолыг жил бүрийн 3-р сарын 22 гэж үздэг. То ван энэ хугацааг бог мал төллүүлэх хугацаа болгон авсан нь зүгээр нэгэн сонголт бус шинжлэх ухааны үндэслэлтэй авчээ.
    Тодруулбал, хаврын өдөр шөнийн тэнцлийн цэгийг сонгоход цаг уурын уур амьсгалын байдлыг харгалзан агаарын температур О0С-ийн заагаар гарч дулаарах үеэр бог мал төллүүлэх нэгэн санаа дэвшүүлжээ. Судалгаанаас үзэхэд хаврын өдөр шөнийн тэнцэл болох үеийн агаарын дундаж температурыг өмнөх саруудтай харьцуулахад 100С-аар дулаарч О0С-аас дээж байх өдрийн тоо ихэсэж уулархаг нутгийн 4 сарын эхний 10 хоногт тал хээр говийн бүсэд 3 сарын нэг, хоёр дахь 10 хоногт тохиолдож сарын дундаж температур өмнөх сарынхаас 10-12 хэмээр дулаарч шөнийн хүйтэнийг багасгаж эхэлдэг байна.
    То ван дурсгал бичигтээ –Мал адгуулахад хавар зун эртхэн малын махыг хөөлгөж авбаас махтай болж хойшид таргална. Их таргалвал намар шааргүйй өвөл эцэх нь  удаан. Хавар тарчиг шуурга, шамрага болсон ч оныг  даан төл хурга нь  тэнхлүүн тарган жилбэ нь сайн бөгөөд сүү арвин их зун эрт таргалж мөн дөрвөн цагт сайн болно. Зуны их халуунд хорж тарга хойргошно гэж өгүүлснийг өнөөгийн шинжилгээ судалгааны түвшинд хийгдсэн ажилтай харьцуулж үзэхэд орчны агаарын температур дулаан байх нь өсөлт бойжилт түргэсч, хээлтэй байх хугацаа богиоосох ашиг шим нэмэгдэх ач тустай ч бог малын арьс нингэрэх, үс ноос сийрэгжих 25 хэмээс дээш халуунд амьдын жингийн хорогдолд хүргэдэг бол хүйтэн нөхцөлд арьс зузаарч үс ноолуур их болох эерэг үйлчлэлтэй ч өсөлт удааширах, сүүний гарц тослог чанар муудах сөрөг нөлөөтэй ажээ. [10]. Оросын эрдэмтэн П.Д Астапенко орчны агаарын температурын зөрүү 18 хэм болохд 0,2 см өөх малын дулааны алдагдлыг 50 хувиар багасгадаг болохыг тогтоосон байна. [11]. То ван мал маллагаанд нөлөөлөх цаг агаарын байдлыг шинж төлөвөөр нь  салхи зүүнтэйгээс зуд болох, намар өвлийн хэрд улаан дугарагтай урин салхи баруун хойт зүгээс байх цас орох нь хойрго байвал өн болохын шинж гэж цаг уурын өөрчлөлтийг урьдчилан мэдээлж болох хүчин зүйлийг айлдсан ч шинжлэх ухааны үндэслэлтэй асар их ач холбогдолтой санааг бидэнд өгүүлжээ.
    Манай бэлчээрийн мал аж ахуйд голлон нөлөөлөх нэгэн хүчин зүйлийн нэг нь хур тундас бөгөөд аль ч малд зохисгүй юм. Өөрөөр хэлбэл: Байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл ган, зуд, аадар бороо, мөндөр, шороон ба цасан шуурга зэрэг нь мал маллагааны хэвийн ажиллагааг алдагдуулдаг билээ. Өвлийн  улиралд тогтсон цасан бүрхүүл зузаан байх нь газрын хөрсийг хэт их хөрөлтөөс хамгаалах хавард чийгийн нөөцтэй байлгах сайн талтай ч цагаан зуд болж мал бэлчээрлэх боломжгүй болгодог ажээ. Энэ талаар эрдэмтэн Жамбаажамц монгол орны уулархаг нутгаар 10 сараас эхлэн 120-150 хоногоор тогтвортой цасан бүрхүүл үргэлжлэх бөгөөд цасны зузаан 5-6 см, дундаж нягт 0,18-0,30 г/см. Харин говийн бүсэнд тогтвортой цасан бүрхүүл тогтох нь бага шороон ба цасан шуурга 1-2 хоногоор үргэлжилдэг ажээ [12].
    А.П.Федосеев, А.И.Чекерес Салхины хүч 15 м/с, агаарын температур 30 градус-аас дээш хүйтрэхэд мал бэлчээх бололцоогүй гэж тэмдэглэснийг өөрийн орны цаг уурын байдалтай харьцуулахад их хүйтний эрч 12, 1,2 сард нэмэгдэж 30, заримдаа 50 хүртлэх хоногоор мал бэлчээрүүлэх бололцоогүй үе тохиолддог байна. Өвлийн улирал нь нилээд өвөрмөц онцлогтой юм. Судалгаанаас үзэхэд уулархаг нутгаар 10 сарын сүүлч 11-р сарын эхний 10 хоногоос хүйтэрч эхлэх бөгөөд өвөл 5,5 сар байхад говийн бүсэд 11 сарын сүүлчээс эхлэж 4,5 сар үргэлжилдэг байна.
    Өвлийн тэсгэм хүйтэн жавар уулархаг нутгийн хонхор хөндий, уулсын хооронд хурж 50-55 градус хүртэл хүйтэрч, жилийн 209-215 хоног тогтвортой хүйтэн хадаглагддаг бол говийн бүсэд харьцангуй дулаан жилийн агаарын дундаж температур-15 хэм. Их хүйтрэх үед хасах 30-350С хүрч нийт хүйтрэлт нь 189-192 хоног үргэлжилдэг цаг уурын эрс тэс өөрчлөлттэй нөхцөлд мал сүрэг дассан зохицсоноороо бусад төрлийн үйлдрээс онцлог ялгаатай юм.
    То ван дурсгалт бичигтээ – Хавар яргуй, Хонгорзул цэцгээр дотрын гэм арилан ер навч нахиа өвсний үзүүр идүүлж худгийн хүйтэн ус уулгавал хурдан сайн таргална гэсэн нь  бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлтэнд чухалчлан авч үзэх зүйл нь  өвс ургамалын  ургалт түүнд үзүүлэх цаг уурын нөлөөлөлийг тооцох, хавар эрт нялх төл мал өвс ногоотой залгуулж бог мал төллүүлэх дуусах нэгэн санааг дэвшүүлсэн байна.
    Оросын эрдэмтэн А.ПФедосеев [13] - Өвс ургамалын дулааны хуримтлал 115 градус (Агь шарилж 125 С) болоход 5 см ургаж бэлчээрийн идэгдэц эхэлдэг гэж үзсэн бол, А.В.Калинина, Монгол орны хээрийн бүсэд бэлчээрийн өвс ургамал 4 сарын 15-20, тал хээрд 4 сарын 10-15, говьд 4 сарын 13-наас эхлэн ургадаг ажээ. [14]. Д.Банзрагч, тал хээрийн бүсэнд хадлан бэлчээрийн өвс ургамал 4 сарын 13-15-нд цухуйж  байна {15} гэж тэмдэглэснээс үзэхэд монгол орны нутаг дэвсгэрт бэлчээрийн өвс ургамал 4 сарын дунд 10 хоногоос соёолох нь нар ээх хугацаатай уялдаж байгаа учраас өдрийн болон хоногийн агаарын дундаж температур 0 хэмээр гарах үеийн хамаарал, регрессийн тегшитгэлийг тооцов. Үүнд: утгуудын хоорондох корреляцын коэффициент 0,98. Регрессийн тэгшитгэл
            Y=0.70X-N;          (1)
Y-Өдрийн температур 00С-аар гарах эхний өдрийн сар өдөр
X-Хоногийн температур 00С-аар өнгөрөх сар өдөр
N=13 хоног ( Өдрийн нэмэх хэмээс эхлэн хоногийн температур 00С-аар гарах хоног)
Дээрх регрессийн тэгшитгэлээр тухайн бүс нутгийн онцлог нөхцөлд зохицуулан хоногийн температур 00С-ийн хэмээр гарах сар өдрөөр, өдрийн температур 00С-аас дээш болж дулаарах үеийг тооцсоноор бог мал төллүүлэх зохисой хугацааг сонгх боломж гарч байна.
Бид монгол орны нутаг дэвсгэрийн 29 цэгт өдрийн температур нэмэх болох хугацааг бүс нутгийн уур амьсгалын онцлог, бэлчээрийн өвс ногоо ургах, бог мал төллөж эхлэх ба дуусах  үеийн цаг уурын зохистой нөхцлийг тооцоолон бүсчлэлийг уур амьсгалын байдлаар сэрүүвтэр, дулаавтар, дулаан гэж ялган онцлог шинж төлөвийг цаг уурын судалгааны материалд тулгуурлан тооцоолов. Сэрүүвтэр бүсэнд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг болон тал хээрийн хойт зах орно. Тус  бүсэнд хаврын тэнцэл 3 сарын гурав дахь 10 хоногоос ажиглагдаж өдрийн 7 цагийн турш 0-2,7 хэм дулаан хадгалагддаг бол 4 сарын гурав дах 10 хоногт 15 цагийн хугацаанд 100С–аас дээш дулаардаг нь бэлчээрийн өвс ургамал ургах нөхцлийг бүрдүүлж байна. Харин цасан бүрхүүл 3 сарын гурав дах 10 хоногоос бүрмөсөн арилж шороон ба цасан шуурга их ажиглагдах төлөвтэй. Судалгааны материалаас үзэхэд сард 1-5 удаа шуурах магадлал 30%.
Б/ Дулаавтар бүсэнд Их нуурын хотгор, хээрийн урьд бүс хамрагдана. Агаарын температур 3 сарын гурав дахь 10 хоногоос 0-3 хэм дулаан байх өдрийн 6 цаг үргэлжлэх бөгөөд 4 сарын  хоёр дахь 10 хоногоос 16 цагийн турш 12 хэмээр дулаарч, цасан бүрхүүлгүй болж шороон ба цасан шуурга шуурах нь ихсэх хандлагатай.
В/ Дулаан бүсэнд Өмнөд талын говь, цөлийн хэсгийн нутаг орно. Тус бүс нутагт 3 сарын эхний 10 хоногоос 14 цагийн туршид 12 С-аас дээш дулаантай байх бөгөөд цаг агаар тогтворгүй салхи шуурга дэгдэх магадлалтай. Судалгаанаас сард 1-5 удаа шуурах магадлал 40%-тай бол 6-10 удаа хүчтэй салхи гарах тохиолдол 60%-тай байна.
Ийнхүү бүс нутгийн цаг уурын онцлог байдалд тулгуурлан далайн түвшинээс дээш 1800 м буюу өндөр уулын бүсэд 4 сарын эхний 10 хоногоос, 1300м –ээс дээших ой тал, хээрийн хойд хэсгээр 3 сарын сүүлчийн 10 хоногоос тал хээрийн урьд зах, хуурай хээр, говь цөлийн бүсэд 3 сарын эхний 10 хоногоос бог мал төллөх хугацааг сонгох нь цаг уурын нөхцөлийн хувьд зохистой байх боломжтой.

Дүгнэлт
1.То вангийн сургаал нь бэлчээрийн мал маллагааны монгол технологийн шинжлэх ухааны үндэслэлд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
2.То ван хаврын тэнцлийн үеэс бог мал төллүүлэх, хавар эрт өвс ногоотой залгаж түргэн тэнхрүүлэн төллөж дуусгах санааг сургаалдаа өгүүлсэн нь шинжлэх ухааны үүднээс олон талаас судлаж шийдэх нэгэн асуудлыг үндэслэжээ.
3. Байранд тэжээж өсгөдөг мал сүргээс бэлчээрийн мал эрсдэлтэй ч хямд мал маллагааны арга зүй нь монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд тохирсон учраас төллөж эхлэх ба дуусах хугацааг бүс нутгийн уур амьсгалын онцлогт зохицуулан уулархаг бүсэнд 4 сарын эхний 10 хоногт, ой тал хээрд 3 сарын сүүлчийн 10 хоног, говь цөлийн бүсэнд 3 сарын эхний 10 хоногоос бог мал төллүүлэх цаг уурын зохистой нөхцөл бүрдэж байгааг хаврын өдөр шөнийн тэнцлийн цэгтэй уялдуулан холбосон То вангийн сургаал нь шинжлэх ухааны үндэслэлтэй оюуны үнэт өв байжээ.







Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats