Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАН СУДЛАЛ МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ МӨН
 Товч агуулга Монголын түүхэнд  бүтээлч үйлсээрээ нэр алдраа мөнхжүүлсэн хүмүүсийн нэг нь  олноо То ван хэмээн алдаршсан Бат-очирын Тогтохтөр юм. Тэрээр 1797 онд төрж 71 насыг наслахдаа монголчуудын нийгэм улс төр, соёлын түүхэнд хийсэн өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт, соён гийгүүлэх үйл ажиллагаагаараа нэрд гарсан хүн юм. Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтнүүдээс түүний ялгарах онцлог нь  сод мэргэн ухаанаар улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг сэргээн хамгаалах, ард олноо соён гийгүүлэх олон талт үйл ажиллагаа юм. Эдүгээ “То ван нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага үүсч байгуулагдан нийгмийн тусын тулд чиглэсэн үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд явуулах болсоор 5 жилийн нүүр үзэж байна. То ван судлалыг бие даан дэлхийн монгол судлалын  бүрэлдэхүүн хэсэг болон хөгжүүлэх болсноор, түүний хүрээг өргөжүүлж, агуулгыг нь улам баяжуулж байна.

1.То ван, түүний гарал, удам угсаа.  Чингис хааны алтан ургийн 37 дахь үе, Батмөнх даян хааны  14 дахь үеийн хүн болох Бат-очирын Тогтохтөр
(түүнд анх өгсөн нэр нь Тогтохдорж) 1797 оны 9-р сарын 15-ны өдөр (зурхайч доктор Л.Тэрбишийн тогтоосноор Б.П) Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг “ Сангийн далай “ гэдэг газарт төрсөн. То ван бол их сонин түүх намтар, хувь заяатай өвөрмөц хүн юм. Эх орон ард түмнээ хайрлах, шинийг сэтгэн бүтээх эрмэлзлэлээрээ хувалз мэт амьдрагч олонхи ноёдоос ангид хүн байлаа. 1822 онд 25 настай Б.Тогтохдоржийг Илдэн вангийн хошууны ноён болоход ард олон хүндэтгэн Тогтохтөр, То ван гэж авгайлах болсон. Ном сударт “Мэргэн То ван”, халх монгол даяар “ хэцүү То ван”, төрсөн  нутгийнхан нь болохоор “буурал То ван” гэж хүндэтгэн нэрлэдэг байв.
     То ванг шинэчлэгч дэвшилтэт үзэлтэй, эдийн засагч, менежер, уран барилгач, инженерийн сэтгэлгээтэй үйлдвэржүүлэгч, газар тариаланч, нийгэм улс төрийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч, эх оронч, дахин давтагдан төрөхгүй өвөрмөц содон монгол хүн байсан тухай энд  өгүүлэхдээ би юуны өмнө энэ цаг үед тэр хүн үгүй ч гэлээ түүний сургаал бүтээл нь төрийн уламжлалт бодлого залгамж чанартай болохыг харуулж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. То ван хошуундаа соёлыг бадруулагч, нанхай будлай, аймгаар байгуулсан сүм, утай 5 уул, вангийн ордон зэрэг 7 гайхамшигт уран барилга барьж, 300 хүүхдийн сургууль байгуулан сурах бичгийг нь өөрөө зохиож, шашны зан үйлийг дан түвдээр биш, үндэсний хэлээр явуулж, эдийн засгийн талаар ном зохиол бичсэн. 1835 онд То ван харъяат Сэцэнхан аймгийн Хэбэй хэмээх тушаалд томитлогдсон, энэ ондоо V Богд Жавзандамба хутагтыг баруун Зууд санваар авахаар очиход бараа бологсдыг тэргүүлж явжээ.  1868 оны 3-р сарын эхээр То ван Бээжингээс нутгийн зүг явж байгаад  4-р сарын шинийн 6 нд таалал төгсчээ. Мөн  сарын 19 нд түүний хүү Т. Манзбазарын гаргасан батлах бичигт “Миний төрсөн эцэг вангийн хөлийн хуучин бам өвчин үгдэрч бие барсан нь үнэн  бөгөөд ер өөр учиргүй” хэмээн айлдсан нь бий. То ванг Илдэн вангийн хошууны өмнөх ноёдын шарилыг онголсон “Дархан –Хулд ууланд оршуулжээ [1]. Ийнхүү Б.Тогтохтөр хошуу ноёны хэргэм зэргийг 46 жил, Сэцэнхан аймгийн чуулганы жинхэнэ даргын албыг 9 жил залгуулж Сэцэнхан аймгийн Хэбэй вангаар 4 жил болжээ.
2. То вангийн хошуу То вангийн төрж өсөөд 71 жил аж төрөн суусан Сэцэнхан аймгийн Захын хошуу 1689 онд үүсч буй болсон ба 1922 оныг хүртэл 9 ноёны удам залган захирч ирсэн түүхтэй юм. То вангийн дэд өвөг Пунцог Энх-амгалангийн 8-р онд (1689) Сэцэнхан аймгийн Өмэхийн авга тайж Намжил нарын хамт албат ардаа авч манжийн хаанд дагаар орж, 1690 онд  засаг ноёны хэргэмээр хошуу захирах болсон [2]. Галдан бошготыг манж нартай байлдахад идэвхитэй оролцсны учир 1696 онд  Пунцог жун ван цолоор шагнагджээ. Тэр цолон дээр Монголын хуучин Илдэн цолыг давхар хэрэглэх болсноор Пунцог ба түүний угсааны 8 ноёд илдэн жун ван гэж алдаршсан. Пунцогийн ахмад хүү Чойжав 1733 онд Сэцэнхан болсны зэрэгцээ 1736-1744 онд хошуу ноёны албыг 8 жил хашсан хүн [3].   Чойжавыг нас барсны дараа Сэцэнханы хэргэмтийг Өмэхийн угсааны ноёд дахин залгамжлах болов. Илдэн жун вангийн хэргэм зэргийг Чойжавын ахмад хүү Дэмчиг залгамжлахдаа аймгийн туслах жанжны тушаалыг хавсран хашиж байсан ба түүний дараа ахмад хүү Цэвээндорж  хошуу нрёны албыг залгуулах болсон. Цэвээндорж 1 жил  болоод нас барж ахмад хүү Санзайдорж нь 1781 оноос хошуу ноён болов. Энэ үед Сэцэнхан  Пунцагдорж үр тасарсан учир Ц.Санзайдорж ойр төрлийн хүний хувьд Сэцэнханы хэргэм зэргийг 1780 онд эвдүүлэх хүртлээ залгамжилсан юм. Түүний хүү Бат-очир 1801-1822 он хүртэл хошуу ноёны хэргэм зэргийг  залгамжлахдаа аймгийн чуулганы дэд даргын тушаалыг хавсран гүйцэтгэж ирсэн юм. Үүнийг өөд болсны дараа ахмад хүү Б.Тогтохдорж  хошууны засаг ноён болжээ. 1826 онд Манжийн хаан түүнийг дотоод ордонд шатарт бараа болгон явуулахаар сонгон авсан байна. Түүхэн баримт бичигт “Хэбэй ван Тогтохтөр хүн тодорхой сэргэлэн мэт бас зэрэг ихээхэн учир баруун Зууд Жавзундамба хутагтыг харгалзан хүргэх ажилд томилов гэсэн байдаг [4]. То вангийн хошуу 4 сумтай,150 овогоос бүрдсэн том хошуу байв [5]. Тэрээр  хошуугаа бэхжүүлэх зорилгоор халхын бусад хошуудаас хүн ам элсүүлж авснаар ийм олон овогтой болсон ба овог дотор гэр бүл болохыг хатуу чандалдаг байсан тухай өндөр настан Анжилын Должингийн дурьдатгалд гардаг [6]. Б.Тогтохдоржийн хүү Манзбазар Захын хошууны Илдэн жун вангийн хэргэм зэргийг 1868-1884 он  хүртэл 16 жил тасралтгүй  залгуулсан юм. Түүний хүү үнэн сүжигт Илдэн жун ван Доржпалам 1884 оноос гадаадад дүрвэн гарах хүртлээ буюу 1922 он  хүртэл хошуу ноёныг 38 жил тасралтгүй залгамжлав. Түүний хүү агь Пунцагцэрэнжалбуу эцгийн хамт гадаадад дүрвэн гарсан учир  захын хошууны залгамж үе эх нутагтаа үлдсэнгүй, Харин То вангийн хошууны  удам дамжсан  9 ноёдын үр сад  удам угсааны хүмүүс  эдүгээ Дорнолд аймгийн Халхгол суманд төдийгүй монголын өнцөг булан бүрт аж төрөн амьдарч  байна. Дашрамд хэлэхэд 2001 онд “ То ван” гэсэн шинэ  овгийг Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Дагвадоржийн Тогтохжаргал гаргав.
3. То вангийн бүтээл ба түүний тухай ном зохиол
а. Монгол улсын төв номын сангийн  фондод  Б.Тогтохтөрийн  1853 онд  зохиосон “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал оршвой” номын 3 хувилбар хадгалагдаж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдэд То вангийн 1865 онд бичсэн “ Оюун билгийн сургаал оршвой” нэртэй 123 үсэгтэй уйгуржин монгол бичгийн сурах хадгалагдаж байгаа ба Халхгол сумын зарим айлд мэргэн То вангийн сургаал тоть шувууны үг” ном нь бий. Хэбэй вангийн аж төрөхийг заасан  сургаал нь монгол хүний бичсэн эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны анхны томоохон бүтээл юм.То ван зарлиг тушаалаа манай уламжлалт сургаал номлолын хэлбэрээр туурвин модон бараар хэвлэн олшруулж, айл өрх бүрт, жас, сүм, хийд бүрт түгээдэг байжээ. Үүний зэрэгцээ То вангийн сургаал судлалын аман уламжлалын баялаг сан монголчуудын дунд ялангуяа, түүний төрсөн нутаг, Сэцэнхан аймагт яригдсаар байдгийг онцлон дурьдах хэрэгтэй.
б.1968 он хүртэл буюу төрийн 2 удаагийн шагналт зохиолч, академич Шагдаржавын Нацагдоржийн зохиолт”То ван, түүний сургаал” нэртэй  ном Улаанбаатар хотноо   хэвлэгдэх хүртэл То вангийн талаар  хэвлэгдэн гарсан зүйл  их биш байсан гэж хэлж болно. 1935 онд  манай ШУ-ны  хүрээлэн малчдад зориулж То вангийн сургаалын мал маллагааны холбогдолтой хэсгийг тусгай  дэвтэр болгон хэвлүүлжээ. Мөн онд  Зөвлөлтийн эрдэмтэн  М.Тубянский уул сургаалаас мал маллагааны тэргүүн хэсгийг  орос хэлнээ орчуулан дэлгэрэнгүй тайлбарын хамт “Три главы из  наставления То вана” нэртэйгээр “Совремeнная Монголия” сэтгүүлийн 1935 оны 6-р сард нийтлүүлсэн байна. Гуравдахь нь 1926 онд  судар бичгийн хүрээлэнд  уригдан ажиллаж байсан зөвлөлтийн эрдэмтэн  В.А.Казакевич ”О поездкe на  Херулюн гол и Халхын гол, летом 1926 года” тайландаа …То вангийн харъяат нутаг хошуундаа зохион явуулсан аж ахуйн  шинэтгэлийг  өндрөөр үнэлж түүний  санаачлагаар байгуулсан сонирхолтой орд харш, сүм дуганыг  нүдээр үзснээ тоочин бичээд  нутгийн ардын домог ярианаас үзвэл  То ван эхлээд эдийн засгийн талаар  манж Хятадын гарыг харахгүй  болж, дараа нь улс төрийн тусгаар тогтнолоо  олж авах гэсэн үзэл бодолтой хүн байсан гэж  цохон тэмдэглэсэн нь эдүгээ ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн  гар бичмэлийн санд байна. Мөн энд эрдэмтэн зохиолч  Хөдөөгийн Пэрлээгийн бичсэн “То вангийн  намтар”-ын гар бичмэл бий. Үүний зэрэгцээ  Үндэсний  төв архивт  То вангийн хошуу , То вангийн холбогдолтой  17 тэрэг баримт сэлт  байдаг ажээ. Хожим АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуу  гуайн мал маллагааны талаар ном бичсэндээ То вангийн сургаалаас тусгасан  зүйл нэлээд байдаг байна.
в.Монгол улсын нэрт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж агсан 1968 онд “То ван түүний сургаал” номоо хэвлүүлснээр То ван судлалын үүд хаалга нээгдсэн гэж үзэх  үндэстэй юм.
     Хэдийгээр нэг намын үзэл суртлын байр сууринаас хазайлгахгүй гэсэн байр сууринаас хандсан ч гэлээ үүнээс өмнө То вангийн тухай биe даасан ийм дорвитой бүтээл гарч байгаагүй юм. Акадeмич Ш.Нацагдоржийг удаалан олон судлаачид То вангийн тухай зохиол бүтээл турвижээ [7]
     Төрийн шагналт зохиолч, акадeмич Пүрэвийн Хорлоо, ахмад зохиолч Мөнгөний Чимид нар То вангийн бүтээл “Ажил ба сургуулийн зүйл”, “Мэргэн То ван Тоть шувууны үг” зохиолууудыг шинэ үсэгт буулган, уйгуржин монгол эх бичигтэй хамтатган хэвлүүлсэн нь То ван судлалд оруулсан томоохон хувь нэмэр юм.
г.То ван судлалыг биe даасан судалгааны чиглэл болгон хөгжүүлэх болсон нь манай эрдэмтдийн хамтын томоохон бүтээл мөн бөгөөд эрдэмтэн, мэргэжилтэн, сэхээтэн судлаачдын турвисан олон тооны ном зохиол, эмхэтгэл, цувралууд То ван судлалын сурах бичиг, судлах матeриал болж байна. 
4. То ван судлалын нийгэмлэг. Монгол оронд төдийгүй дэлхийн монгол судлаачид То вангийн талаар судалгаа шинжилгээ өргөн явулах болов. Уг ажлыг нэг цэгээс цэгцтэй явуулж байх зорилгоор 1997 онд То вангийн мэндэлсний 200 жилийн ойгоор энэ нийгэмлэг байгуулагдсан юм. “То ван нийгэмлэг” нэртэй төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага нь Монгол улсын хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээ авсан, өөрийн дүрэм, тамга тэмдэг, албан баланктай, банканд данстай, Дархн хот, Дорнод аймагт салбартай, удахгүй Архангай аймагт салбараа нээх гэж байна.
     Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь их хурал бөгөөд 5 жил тутам хуралдаж, өдөр тутмын ажлыг Их хурлаас сонгогдсон тэргүүнээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл явуулдаг. То ван олон салбарт шинэтгэлийн бодлого явуулж байсныг бодолцон түүний сургаал бүтээлийг амьдралын олон салбарт өргөн судлаж нэвтрүүлэх зорилгоор тус бүр 10 эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн эрдмийн 16 салбар зөвлөлтэй ажилладаг ба тэдгээр зөвлөлүүдийн ажлыг 21 хүний бүрэлдэхүүнтэй То ван нийгэмлэгийн Эрдмийн зөвлөл удирддаг. Тус нийгэмлэг үүсч буй болсон цагаас То вангийн аж төрөхийн сургаалыг англи хэлнээ орчуулж, төрсөн газарт нь гэрэлт хөшөө босгон, 21340 м2 талбайтай Жанрайсиг Их бурханыг сэргээлцэж, То вангийн хөргийг тосон будаг, хивс, мeталл, модон сийлбэрээр урлуулж, То вангийн тухай уран сайхны кино, хөгжим, дуу шүлэг, магтуу найраглал зохиож, То ван судлал нэртэй 17 ном товхимол хэвлүүлээд байна. Одоо То ван судлалын хураангуй лавлах нэртэй нэвтэрхий толь бичиг хийгдэж байна. Чойбалсан хотод То ван нэртэй орчин үeийн тохилог зочид буудал ажиллаж, Мэргэн То ван нэртэй мөнгөжүүлсэн цагаан архи, талх нарийн боов үйлдвэрлэгдэж байна. 2001 онд тус нийгэмлэг Дорнод аймгийн ЗДТГ, ШУА–тай хамтран Дорнод аймгийн хураангуй түүх номыг хэвлүүлэн гаргасан ба энд То ван судлал нэг бүтэн бүлэг эзэлдэг.
5.То ван судлал То ван нийгэмлэг үйл ажиллагааныхаа гол чиглэлийг 5 жилд нэг удаа эрдэм шинжилгээний бага хурлаас гарах баримт бичигт тодорхойлдог. 1996 онд гаргасан сонордуулах бичигт То ван судлалыг Монгол судлалын биe даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан нь олон улсын хүрээнд амжилттай хэрэгжлээ. [8,9]. 2002 онд зохиогдсон То ван судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан санамж бичигт говь, тал хээр, хангайн бүсэд Дорнодын Сангийн далай шиг хүнсний цэвэр талст давс ургадаг нуур байгуулах, нас гүйцээгүй ургаа мод огтлох явдлыг эцэслэн зогсоож, ой нөхөн сэргээх ажлыг бүх нийтийн үйлс болгох, Б.Тогтохтөрийн төрсөн нутаг Чойбалсан хотод То вангийн нэрэмжит их сургууль байгуулах зэрэг зорилтууд дэвшүүлэв [7]. Энэ зорилгоор 2001 оноос Улаанбаатарын их дээд сургуульд Дорнод аймгаас жил бүр 10-аас доошгүй оюутан элсүүлэх замаар багшлах боловсон хүчнээ бэлтгэх эхлээд байна. То ван судлалыг хөгжүүлснээр дэлхийн монгол судлалд монголчуудын оруулах хувь хандив нэмэгдэн, уламжлалт зан заншил, аж төрөх ёс, урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, тeнологийн олон талын судалгаа шинжилгээний ажлын  цар хүрээ улам өргөжих болно.

Ном зүй
1.Ш.Нацагдорж То ван түүний  сургаал ШУА УБ 1968 184 х
2.Зарлигаар тогтоосон Сэцэнан аймгийн вангүнгүүдийн шасдир V дэвтэр
3.Б.Палам То вангийн төрсөн нутгаар УБ 2001  72 х
4.Монгол улсын үндэсний архив. 8-1. 104
5.Б.Гаваа Илдэн вангийн хошуу Чойбалсан от 1995 он
6.Б.Палам Тэнгэрт төрсөн бодол УБ 2002 он 7,5 хх
7.То ван судлал Цуврал-17. Дэвтэр-1. УБ 2002 он  10,5 хх
8.ШУА-ийн мэдээ сэтгүүл 1996 он №2
9.Б.Палам То ван нийгэмслэг. УБ. 2002 он 2 хх


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats