Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ДАШГАЛСАН ЖАСЫН ТУХАЙ НЭГЭН ТӨСӨӨЛӨЛ
То вангийн шинэтгэлийн бодлогын нэгэн гол зүйл нь хөдөлмөрийг эрхэмлэн хүндэтгэх явдал байв.Тэрээр нутаг хошуундаа 4 жас байгуулсан тухай ном зохиолд баримтжин үлджээ.То вангийн хошуу,одоогоор Дорнод аймгийн Халхгол сумын ахмад сэхээтэн Магсаржавын Дамдинсүрэн,Сангийн далай дахь давсны цехийн эзэн ноён Тавхайн Пүрэвжал нарын аман яриагаар энэ 4 жасын нэгэн болох Дашгалсан жас Сангийн далай нуурын баруун хойт талын тарган ухаа дээр байгуулагджээ.Буйр нуурын урд Гангийн нуруун дээр Дашэрэнцэн жас,Хулстайгаас урагш Ёнгор хэмээх газарт Дашгүндий жас,Их бурханы баруун урд дэнж дээр Дашравдан жас тус тус байрлаж байсан юм байна.Энэхүү дөрвөн жасын тухай илдэн жун ван Доржпаламын хошууны Галданданжинцэрэн бээлийн отгийн ядуу малчин Барамсайн Сэрээтэрийн зохиосон “Дөрвөн настай бор” хэмээх дуунд:
             Дөрвөн настай бор нь
             Дөрөө жийхийн ергөөтэй,
             Дөрвөлжлөн харагдах бараа нь 
             Халхын дөрвөн Хансар аа хө,- гэж гардаг.Энд дөрвөн Хансар гэж дөрвөн жасыг хэлсэн ажээ.
      Жас гэдэг нь сүм хийдийн хурал номын сан хөмрөгийн газар бөгөөд шашны зан үйлийг зохион явуулахад гарах зардлыг жасын хөрөнгөнөөс захиран зарцуулж байх үүрэгтэй байв.Гэтэл То вангийн байгуулсан жасууд нэлээн их хөрөнгө зоорьтой,эрхлэх ажил,үйлчилэх хүрээгээр ч өргөн байсан бололтой юм.Дорнод аймгийн түүхч,сурган хүмүүжүүлэгч Балсангийн Гаваагийн үзэж байгаараар энэ 4 жас нь сүм хийдүүдийн жасын хийх ёстой ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээгээр барилга байшингийн зураг,загвар гаргах,ард олны нуруун дээрхи өртөө улааны албыг хөнгөвчлөх,жасаас (хошуунаас) ядуу өрхүүдэд хөрөнгө мөнгө,мал сүрэг хуваарилах үйл ажиллагаа явуулж байжээ.Үүнээс үзэхэд То вангийн байгуулсан 4 жас нь хошууны ба сүм хийдийн аж ахуйн ажлыг хослуулан давхар гүйцэтгэдэг нэлээд томоохон газар байжээ.Үнэн сүжигт Доржпалам ноёны үед хүртэл ажиллаж байсан энэ жасууд тухайн үед Монгол оронд байсан 700 гаруй сүм хийдийн их бага жасуудаас эрхлэх ажлын хүрээгээр ялгаатай,төрийн аж ахуйн шинжийг илүү хадгалж байснаараа онцлог юм.Үүнийг То вангийн аж ахуйн салбарт хийсэн шинэтгэлүүдийн нэг гэж үзэж болох юм.Түүний байгуулсан жасын эрхлэх ажлын тал хувиас ихэнхи нь тус  хошууны ажил байснаас үзэхэд То ван төрийн хэргийг шашны хэргээс ямагт өндөрт тавьж ирснийх байж болох талтай юм.
     Жасыг анх То ван үүсгээгүй нь тодорхой юм. Илдэн вангийн хошууны анхны ноён Пунцагийн үеийн сүм хийдүүдэд ийм аж ахуй байсан нь эргэлзээгүй билээ. Гэхдээ гагцхүү То ван өөрийн шинэтгэлийн явцад үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байна.Учир нь То ван олон түмэнд,-нэг ажлыг хийхдээ нөгөөг давхар амжуулж байх,жишээ нь малд явахдаа аргал түлээгээ базаахыг зөвлөдөг байсан нь түүний сургаал номнолд бий.Иймээс хөрөнгө мөнгө,хүн хүч,цаг хугацаа хэмнэх үүднээс жасын албыг ийнхүү өргөжүүлсэн байх талтай юм.  
       2000 оны 6.-р сарын сүүлчээр Тавхайн Пүрэвжал,Содномын Баатар,Содномын Цэрэндулам... бидний арав шахам хүн Сангийн далай нуурын баруун хойт ухаа дээр,эндээс Матад сум,Буян-Өндрийн говийн газрын тосны үйлдвэр орох замын баруун гар талд орших Дашгалсан жасын туурийг үзсэн юм.Сүмийн барилгын туурины овгор шороонд хөх тоосго,мод,вааран эдлэлийн хэлтэрхий,зэс гуулин чимэглэлүүд булагджээ.Үүнээс үзэхэд энд нэлээд гоёмсог барилга байсан нь илэрхий.Дашгалсан жасын барилгын туурин дээрээс урагшаа харахад өртөө орчмын алсад Цагаан овоо,Цагаан уул,түүний баруун талаар Зүрхийн цагаан хоолой,зүүн талаар Цагаан даравгайн хоолой ( энд эртний хөшөө дурсгал бий ),түүнээс нааш Холбоо толгой униартан,зүүхэн урд доор  Сангийн далай нуур мэлтийнэ.Жас байгуулсан газрыг То ван өөрөө сонгож дээ гэхээр үнэхээрийн саруул сайхан,нутгийнхны ярьдгаар тарган ухаад энэ туурь замаар гарсан хэнд ч үзэгдэхээр товойн харагдана.
       Жасын барилгын материалыг То ван хошуундаа үйлдвэрлүүлж байсны нэгэн баримт нь Цагаан уулын орчимд байсан вааран эдлэлийн үйлдвэр юм.Булаг шанд олонтой,хайлаас мод,хад чулуутай, өргөн талын дунд харуул мэт дүнхийх энэ хайрхан ууланд, аль  эсвэл түүний ойролцоо ваар,хөх тоосгоны байгалийн түүхий эд материалын нөөцтэй байж.Түүнийг хайж олбол одоо ч ашиглах болох нь эргэлзээгүй юм.То ван тээврийн зардал хэмнэх үүднээс барилгын түүхий эдийн орд газрыг түшиглүүлэн вааран эдлэлийн үйлдвэрийг байгуулсан болов уу гэсэн таамаглал төрнө.То вангийн хошууны адуучид Дашгалсан жасаас нэн холгүй орших Сүүжийн цагаан хоолойгоор өвөлжин,Гурван худгийн хөндийгөөр хаварждаг байжээ.То ван ямар ааш араншинтай хүн байсан хийгээд түүний бүтээлч үйл ажиллагааны тухай нутгийн ахмад буурлуудын нэг-Түндэвийн Балсан (1886 -1970.II.27.) гуай бидэнд бишгүй л хуучилдаг  байсан.Балсан гуай То вангийн ач хүү Доржпалам ноёны хөтөч,уяач,агтны албаны дарга,уургач,дамнуургачин явжээ.Ноёныхоо хурдан морьдыг наадамд уядаг хүн байв.Аймгийн засаг 23 хошууны наадамд уясан морийг нь (халиар) Баваасан унана.Энэ хошуунд сэнсэн цавьдар,чуулганы хүрэн,төөрдөг хүрэн гээд зард гарсан олон хурдан хүлэг байжээ.Түнтүүгийн Дүйнхэр гээч хошууны сайн уяач байж.Тэрээр хурдан моринд их хайртай.хурдан морины уяан дээр дөрвөн хөллөөд би үхээд дахин төрөхдөө чуулганы хүрэн болно,- гээд өвс зулгааж байсан  гэж Балсан гуай хуучилдаг сан. Хүмүүс цуглаж морь хөлслөх,хурдан морь үсэргэхийг сонирхдог газар нь Дашгалсан жас байсан бололтой юм.
      То ван өөрийн зах хязгаарын бөглүү нутагт эдийн засаг,соёлын  шинэтгэл хийх явцад мэдээжийн их бэрхшээл,зөрчил тохиолдож байсан тухай түүхэн баримтад тусгагдсан нь бий.Хуучныг баримтлагч үзэлтэй зарим язгууртан төдийгүй ардуудаас ч шинэтгэлийн үйл явцыг удаашруулан саатуулахыг оролдон янз бүрийн хэл яриа үүсгэж байсан байна.Жишээ нь “То ван бол ясны харгис хүн,баруун сум (Хунт сум.Б.П.) -ын Эрэнцэн шинжээч түүнийг өлгийтэй нялх байхад нь шинжиж үзээд хойт үеийн хар түрүүт албат иргэд яасан их зовох бол доо” гэж хэлсэн.То вангийн үед тус хошуунд хонго бүтэн эр хүн,нуруу бүтэн морь,шилэн хүзүү бүтэн шар үхэр байгаагүй,- гэсэн домог яриа үнэнд нийцэхгүй,ор үндэсгүй болохыг түүхчид нотлож байна.То ван хүн малаа туйлын ихээр хайрлан гамнаж байв.Хүн ардаа соён гийгүүлж,ажил амьдралыг нь дээш татан ядуурлаас гэтэлгэхэд чиглэгдсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг  жишээ баримтаар нотлож болохоос гадна малыг тоо  толгойгоор  өсгөн,төхөөрч идэх биш амьд малаас гарах ашиг шимийг авч ашиглахыг эрхэмлэх  замаар үржүүлэх  сургаал номнол гаргаж байснаас үзэхэд дээрхи яриа ор үндэсгүй болох нь батлагдаж байна.То вангийн үед хошууны малын тоо 58 мянга байснаа 120 гаруй мянга болж өссөн. Харин То ван ажлаас залхууран хойш суух,албан татвараас зайлсхийх,түймэр алдах ч юмуу,хууль ёсыг алив нэгэн хэлбэрээр гажигдуулсан хүнд зохих шийтгэлийг шудрагаар ногдуулж байсан нь гарцаагүй үнэнтэй юм.    
      Дашгалсан жас бол Сангийн далай орчмын газрын төв нь байсныг гэрчлэн хуучны замын 2 зөрөг үлджээ. Нэг нь өмнө зүг Сангийн далай нуурын баруун хойт захад байсан худаг,цаашаа гараад Цагаан уул  хүрнэ.Давстай нуурын захад ухсан энэ худаг цэнгэг устай,их гүйхэн учир цангасан үхэр унаж эндсэн.Дараа нь манайхан түүнийг дарж шинэ худаг гаргасныг би санаж байна..Дашгалсан жасаас зүүн зүгт гарсан нөгөө зам нь хошууны төв Тамсагбулаг орж,тэндээсээ хойшоо Санбэйсийн хүрээ ,зүүн тийшээ Буйр нуур,Халхын гол ,Цагаан үзүүр орно.Бусад зам зөргүүд цагийн эрхээр баларсан бололтой юм.Магсаржавын Дамдинсүрэн гуайн яриагаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцохоор ирсэн Орос улсын танкын цуваа Баянтүмэнгээр дайрч цементэн гүүрээр Хэрлэн голийг гатлан Сангийн далайд ирж,тэндээсээ Дашгалсангийн замаар Халхын гол орохдоо замын нурууг танкийн гинжээр сэтлэн эвдсэн гэдэг.Эдгээр замын мөр өнөөдөр арилаагүй байна.Танкын цуваа Дашгалсангийн замаар явсныг бодоход эндээс шууд Баянтүмэн орох замтай байжээ.Дашгалсан жас өөрийн хэрэгцээнээс илүүдэлтэй хүнсний давсыг өөр газарт тээж борлуулдаг  байсан байж болох юм. Жас ийнхүү олон алба гүйцэтгэх болсноор харилцаа холбоог  өргөжүүлж байжээ..Дашравдан жас гэхэд л Их бурханыг бүтээх нөр их ажлын үед чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд То ван дөрвөн жасыг  аж ахуйн шинэтгэл хийхэд зориулан төр,шашны ажил үйл эрхэлдэг болгон өөрчилжээ.

Ашигласан ном хэвлэл.
1.Ш.Нацагдорж.То ван ба түүний сургаал.ШУАХ.УБ.1968.
2.Б.Тогтохтөр.Ажил ба сургуулийн зүйл.(Эрхлэн хэвлүүлсэн академич П.Хорлоо).УБ.1998.
3.Б.Тогтохтөр.Судрын аялгуу.Тоть шувууны сургаал.Мэргэн То ван. (Кирилл үсэгт хөрвүүлсэн зохиолч Мөнгөний Чимид).Мөн энд.
4.М.Дамдинсүрэн. Буурал түүхтэй нутаг минь.УБ.1995.
5.Түүхч Б.Гаваа, М.Дамдинсүрэн, Т.Пүрэвжалтай хийсэн ярилцлага.
Чойбалсан хот.2000 он.То вангийн нийгэмлэгийн архив
Бэлтгэсэн Б.Палам


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats