Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТОГТОХТӨР НОЁНЫ ШИНЭТГЭЛИЙН БОДЛОГО
То ван судлал эрчимтэй хөгжих болсноор эрдэмтэд судлаачид түүний явуулсан шинэтгэлийн бодлогын талаар түлхүү бичиж нийтлэх боллоо. Ялангуяа эдийн засаг, менежментийн салбарт хийсэн шинэтгэлийн асуудлуудыг ихээхэн хөндөх болсон нь манай оронд өрнөн хөгжиж буй зах зээлийн үетэй холбоотой юм.
Тогтохтөр ноёны үйл ажиллагааны талаар хийсэн сүүлийн үеийн судалгааны материалуудтай нарийн танилцаж үзвээс тэрээр XIX зууны үеийн Монгол орны нийгмийн амьдралын бүхий л салбарт оюун ухаан бүтээлч хөдөлмөрөөрөө нэвтрэн орж сайтар судалсны үндсэн олон талын шинэтгэл хийсэн буюу хийж эхлэж байсан нь тодорхой.
Манай оронд эдүгээ өрнөж буй шинэчлэлт өөрчлөлт нь эдийн засгийн салбарт гэхэд л гадаад орны тэргүүн туршлага, ололт амжилтанд тулгуурлах хандлага давамгайлж байхад Тогтохтөр ноёны шинэтгэлийн бодлого нь бүхэлдээ монгол үндэсний уламжлал, ёс заншилд тулгуулагдаж байснаараа өвөрмөц онцлог байна.
Нөгөө талаар ямарч улс орон шинэтгэлийг зөвхөн нэг салбарт хийснээр хөгжил дэвшилд төгс хүрч чаддаггүй, харин нийгмийн амьдралын бүхий л салбарт нэгэн зэрэг явуулснаар амжилтанд хүрнэ гэсэн ойлголт То ван судлалаас харагдаж байна.
Шинэтгэл гэдэг нь өөрийн хөгжиж ирсэн арга замыг өөрчлөхийн нэр боловч урьдын ололт амжилтаас бүрмөсөн татгалзан, цоо шинээр А –гаас эхлэн нийгмийн амьдралыг эхлүүлэхийн нэр томъёо биш юм. 1990 ээд оноос манай оронд өрнөж буй шинэчлэлт өөрчлөлтийн алдаа оноо ч үүнтэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл улс орон хөгжлийнхөө түүхэн явцад олсон ололт амжилтаа өөрчлөлт шинэчлэлтийн явцад хадгалах юмуу улам баталгаажуулж байх учиртай юм. 
Сүүлийн үед то ван судлалаар гарсан эрдэм шинжилгээний зохиол бүтээлд Тогтохтөр ноёныг Чингисийн алтан ургийн сод элит, сурвалжит ноён, язгууртан сэхээтэн гэж тодорхойлохоос илүүтэйгээр тусгаар тогтнол, хил хязгаараа хамгаалагч, үндэсний эдийн засаг соёл боловсрол, шашин шүтлэгээ дээдлэгч, хүн ардаа соён гэгээрүүлэгч нийгэм улс төрийн гарамгай зүтгэлтний нэг гэсэн үнэлгээ өгсөн байна.   
Сэцэнхан аймгийн чуулган дарга, хэбэй ван, Илдэн вангийн хошууны ноён хүн байсных нь хувьд Бат-Очирын Тогтохтөр ванг социализмын үед ард түмнийг дарлан мөлжигч феодал ангийн төлөөлөгч хэмээн үзэж, үйл ажиллагааны нь үзэл баримтлалыг үнэн мөнөөр нь гарган тавьж болохгүй зурвасхан үе байсан билээ.
Нийгмийн хөгжилд шинэчлэлт өөрчлөлтийн шинэ хандлага ялан гарснаар Тогтохтөр ноёны дэвшилтэт үйл ажиллагаа төдийгүй, манай орны олон жарны түүхэн замнал бүхэлдээ үнэн мөнөөрөө сэргэх сайхан боломж бүрдсэн юм     
Тогтохтөрийн хийсэн олон талт шинэтгэлийн үйл ажиллагааг дараах хэдэн жишээн дээр авч үзье.
1.Тогтохтөр ван манжийн дарангуйллаас улс орноо гарган тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө идэвхитэй тэмцэж явсан.  
2.Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах зорилгоор улсын торгон хилийн шугаман дээр хошууныхаа ноёдын шарилыг онголж, уул овоо, бурхан шүтээн байгуулан тахиж ирсэн.  
3.Эдийн засгийн үндэс болсон мал сүргээ өсгөн үржүүлж, байгаль цаг уурын бэрхшээлийг даван туулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
4.Газар тариаланг бэлчээрийн мал аж ахуйтай ухаалагаар хослуулан хөгжүүлэх замыг тавьсан.
5.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах замаар гар үйлдвэр хөгжүүлэх зорилтоо хөдөө нутагт хэрэгжүүлсэн.
6.Соёл урлагийг хөгжүүлэх зорилгоор үндэсний дуу, бүжиг хөгжмийн дугуйлан (филармони) байгуулан тогтмол хичээллүүлэх болсон.
7.”Оюун билгийн соёрхол” нэртэй 123 үсэгтэй уйгуржин монгол бичгийн хэл зүйн сурах бичиг зохиож үндэсний хэл бичгээ хөгжүүлсэн. .
8.Хошууныхаа дөрвөн жасын хөрөнгөөр 300 гаруй хүүхдийн тэнхим (төрийн сургууль) байгуулан, өөрийн зохиосон “Оюун билгийн соёрхол” номыг сурах бичиг болгон хэрэглүүлж, ард олноо гэгээрүүлсэн.
9.1853 онд “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал“ нэртэй бүтээл туурвин ард түмнээ хүний гар харалгүй аж төрөх ухаанд сургах сурах бичиг байв..
10.Олон түмний сүсэг бишрэлийг дээдлэн монументаль урлагийн  томоохон бүтээл болохуйц сүм дуган, сүмбэр уул, бурхан шүтээн байгуулсан.
11.Шашны зан үйлийг дан монгол хэлээр явуулж байхаар бурханы номыг эх хэлнээ орчуулан сүм хийд айл өрхүүдэд түгээсэн.
12.Олон түмний сүсэг бишрэлийг далимдуулан олз ашиг олох замыг хааж, лам нарыг хошууныхаа төвд төвлөрүүлэн суулгасан.
13.Ажлын оргил ачааллын үед гадаад орныг зорьдог мөргөлчдийн цувааг зогсоож, өөрийн бурхан шүтээнд шүтдэг болгосон.
14.Гай зовлон тохиосон үед гадаад оронд явахдаа өргөл барьц болгон баялагаа гадагш урсгах замыг хаасан.
15.Үндэсний уран барилгыг хөгжүүлэн олон сайхан орд харш барьж байгуулах ажлыг өөрийн хүмүүсээр гүйцэтгүүлж байв.
16.Хөдөлмөрийн сургууль байгуулан араг савар, эсгий хийх, цэмбэ нэхэх, будаа цайруулах, гурил тээрэмдэх, алт мөнгө, халуун төмрийн дархан, мужаан сийлбэр, уран хатгамалчид бэлтгэж нарийн мэргэшлийн хүмүүсийг нутагтаа бэлтгэж байв.
17.Үндэсний спорт-эрийн гурван наадмыг хөгжүүлэн, хошуу наадмыг ардын урлагийн тоглолтоор баяжуулан, театрчилсан тогтлолт болгон өргөжүүлсэн
18 Өөрийн сургаал бүтээл болон харийн хэлнээс орчуулсан ном судрыг  модон барын аргаар олшруулан хэвлэж байсан.
19.Малын үүлдэр угсааг сайжруулахаар шаар малыг хүнсэнд хэрэглэн, адууг хулантай эрлийзжүүлэн хурдны удам үүсгэж байв..
20.Хойч үеэ сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой “Ажил ба сургуулийн зүйл”, “Судрын аялгуу тоть шувууны сургаалаас“ бүтээлүүд туурвисан.
21.Сургалтын гурван хувилбараас төрийн сургалтын (тэнхимийн) хувилбарыг илүүтэй үзэж сургуульдаа нэвтрүүлсэн.
22.Төвд, Хятад зэрэг гадаад орноор явж бүтээн байгуулалтын салбарт олж буй тэргүүний туршлага ололт амжилтыг нүдээр үзэж, бүтээлчээр эзэмшиж байв
23.Бүтээн байгуулалтын ажлыг гадны өндөр мэргэжлийн хүмүүсийн хүчээр биш, өөрийн малчин уран дархчуудаар гүйцэтгүүлж байв.
24.Жил бүр өөрөө өөрийгөө нөхөн сэргээж байдаг байгалийн баялаг (загас, жараахай, зээр, гөрөөс, жимс жимсгэнэ гэх мэт)-ийг хоол хүнс, амьдралын тал бүрийн хэрэгцээнд өргөн ашиглуулж ирсэн.
25.Байгаль дэлхийтэй зөв харьцах талаар олон түмэнд байнга сургаж ирсэн
26.Сангийн далай нууранд хүнсний цэвэр талст давс ургуулсан гэх домогоос үзэхэд байгалийн баялагийг аривжуулагч эрдэмтэн хүн байв
27.Түүх соёлын дурсгалт зүйлийг хайрлан хамгаалахын чухлыг хүүхэд багачууд төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч ухуулдаг байсан.
28.Тогтохтөр ноён сургаал номнолоос гадна шүлэг дуу зохиож байснаас үзэхэд яруу найрагч хүн байв.
29.Аймаг хошуундаа гар үйлдвэр үүсгэж хөгжүүлэх замаар улс орноо үйлдвэржүүлэх бодлого баримталж байсан
30.Тогтохтөр вангийн аймаг хошуугаа хөгжүүлэх шинэтгэлийн бодлого нь улс орноо бүсчилэн хөгжүүлэх бодлогын үндэс байв.
Дүгнэлт
1.Улс орон үндэстнийхээ уламжлалд тулгуурлан, байгаль орчинтойгоо зохицож амьдрах үүднээс хийсэн шинэтгэлийн бодлогод алдаа бага гардаг болохыг Тогтохтөр ноёны жишээ харуулж байна.
2.Шинэтгэлийг нийгэмийн зөвхөн нэг салбарт биш харин бүхий л салбарыг хамруулан нэгэн зэрэг хийх нь улс орныг хөгжил дэвшилд хүргэдэг болохыг Тогтохтөр ноёны шинэтгэлийн бодлогын жишээ харуулж байна.
3.Тогтохтөр ноёны шинэтгэлийн бодлого нь бүхэлдээ аймаг, хошууныхаа мал аж ахуй, газар тариалан, гар үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улс орноо бүхэлд нь бүсчилэн хөгжүүлэхэд чиглэгдэж байв.
Бэлтгэсэн Б. Палам


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats