Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАНГИЙН ШИНЖЛЭХ УХААНЧ СУРГААЛЫН МӨН ЧАНАР
ХIХ зууны үеийн Монгол улсын нийгэм улс төр, соёлын нэрт зүтгэлтэн Бат-очирын Тогтохтөрийн 1853 онд туурвисан “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал оршвой” бүтээлийн 150 жилийн ойг номын чуулганаар анхлан ёслон тэмдэглэж байна. Энэ нь То ван нийгэмлэгээс эрхлэн зохион байгуулж буй тэмдэглэлт үйл явдал бөгөөд дэлхийн монгол судлалын шинжлэх ухаанд То вангийн судлалаар оруулж буй хувь хандив юм.
      То вангийн сургаал нь бүхэлдээ аж төрөхийн цогц ухааны онол бөгөөд энэ онол нь үзэгдэл, баримт ба олон нийтийн ашиг тусын тулд үйлчлэх нөлөөлөлийг тайлбарлах шинжлэх ухааны ерөнхий зарчмыг боловсруулан гаргах практик, туршлагын нэгдэл юм. Сургаал нь ямар үзэгдлийн тухай шинжлэх ухааны нэгэн хэсэг учир ямар нэг төгс чадварын тухай дүрэм журмын бүрэн цогц байдаг. То вангийн аж төрөхийн сургаал нь бүхэлдээ хүнд ямар нэг мэдлэг, заншил эзэмшүүлэх,мэддэг, чаддаг болгох эрдэм номд сургахад чиглэгдэж байна.
       Хэцүү То ван хэмээн алдаршсан Ар халхын суут ноён, их эзэн Чингис хааны ХХIХ удам энэ эрхэм хүн бол хосгүй эх оронч, гүн сэтгэгч, аж ахуй, эдийн засгийн шинэчлэгч үзэлтэн, уран барилгач, сурган хүмүүжүүлэгч гэдгээрээ эх орныхоо түүх шасдирт мөнхөрчээ. Тэрээр 1797 онд төрж 25 наснаас хошуу ноён, аймгийн чуулган даргын албыг 47 жил тасралтгүй хашихдаа хийсэн шинэтгэл, туурвисан бүтээл дотор “Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал” бүтээл хамгийн томоохон нь гэж болно.
     Монголын өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуйг эрхлэх арга, тэдний аж төрөх ухааны номнол сургаалаа 1853 онд зохиосноос хойш 150 жил болжээ.
      Төв Азийн эрс тэс уур амьсгалтай хатуу ширүүн нөхцөлд байгалийн аятай таатай үеийн өгөөж баялагт дулдуйдан нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрөхийн өвөрмөгц хэлбэр, хэв хэмжээтэй зохицон шүтэлцсэн гайхамшигтай сургааал боловсруулсан нь 10 гаруй хэсгээс бүрддэг бөгөөд түүний 1/3 нь мал аж ахуйн амин чухал асуудлыг багтаажээ. Малын хариуллага маллагаа, тарга хүч авхуулах, төл бойжуулж, өлчиржүүлэх, байгаль цаг уурын талаархи мэдлэг, малчин өрхийн аж төрөхүйн арга ухааны талаар Х бүлэгтээ заасан байна.
    Хариулгын сайнаар бэлчээрийн малыг таргалуулдаг уламжлал, тарга хүчийг чамбайруулж тогтоох, жилийн аль ч улиралд мал сүргээ соргог сайхан билчээр дагуулан идээшлүүлэх зун намрын цагаар бог малыг өглөө бэлчээж, орой хотлуулах талаар То ван судлалдаа нарийн заасан байна.
    То вангийн сургаал гарч тухайн үедээ хэрэглэгдээд өнгөрөөгүйг Дорнод монголын мангирт цэнхэр талын малчин, То вангийн удмын хоньчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар Т. Лувсанбалдан (1912-1986) гуай, түүний хүү Л.Пүрэвдорж нарын хөдөлмөрийн залгамж амжилт илтгэж байна. Төгсийн Лувсанбалдан гуай нэгдэл нийгмийн 900-1200 толгой хонь ямаа маллаж, тал нутагт зун намар мангир шүүс боловсруулан, цэцэг дэлгэрсэн үед эрт бэлчээж, орой хотлуулан, өвөл  отор нүүдэл сайн хийдгээс эм хонийг 65,5-72,3 кг амьдын жинтэй онд оруулдаг. Үүний үр дүнд сүүлийн 10 жилд нэгдэлдээ 11 суурьтай тэнцэх тооны (10000 гаруй) хонин сүрэг нэмэрлэж, 1,2 мян. хурга 3,2 мян. Кг ноос төлөвлөгөөнөөс давуулан, хуучны ханшаар 110,8 мян. Төгрөгний цэвэр ашиг олж байв. Товчоор хэлэхэд Т.Лувсанбалдан баатар шиг уйгагүй хөдөлмөрлөвөл 3 малчин арваад жилд одоогийн Халхгол сумын бүх малтай тэнцэх тоогоор малаа өсгөнө гэсэн үг юм.  
      Тогтохтөр ван малын тоо толгойг хорогдуулалгүйгээр зөвхөн ашиг шимийг нь авах гар үйлдвэр, газар тариалангаар дэмжүүлэн мал аж  ахуйг хөгжүүлэх бодлого явуулан хэрэгжүүлж байсан нь эдийн засгийн хувьд томоохон шинжтгэл байлаа. Хошуундаа давс, тариа будаа, гурил, цай, савхи сарьс, цэмбэ, ноос ноолуур, гар урлал,халуун төмөр, алт, мөнгө, модон эдлэлийн үйлдвэрлэл зохион байгуулж, өөрийн хэрэгцээг ханган, гаднын хошуу болон гадаад орноос авдгаа больсны зэрэгцээ илүүдлийг нь зэргэлдээ хошуудад өөрийн хэрэцээт өөрийн төрлийн бүтээгдэхүүнээр солих болсон зэрэг нь То вангийн сургаалын бизнес агулсан  юм. Бизнес аглга гэдэг нь  барааны үнийг хөөрөгдөн, дамлан зарахын нэр биш юм.
    Малын ашиг шимийг авч ашиглах ухааныг сургаалдаа номносон шиг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул овоогоо тахиж, ус булагаа ариун тунгалаг байлгах  үндэсний уламжлалт сайхан заншлаа дээдлэх замаар баялагийг нь авч ашиглахыг заасан нь  үртэй бүхэн жаргаж үндэстэй бүхэн цэцэглэн орших зохицолдолгоотой хүн- байгалийн хүйн холбоог дээдлэж ирсэн То вангийн гүн ухаанч сэтгэлгээ байлаа.
     Халх нөмрөгийн голд жимс, цай түүлгэж, Цагаан уулын талд хар будаа тариулж, Буйр нуурт загас агнуулан, Сангийн далайд давс ургуулаж, Тамсагт сүм дугана, орд харш бариулан,хошуун өрхүүдээр эсгийн хийлгэж, Цэмбэ нэхүүлж, урсгал усны хүчээр будаа тээрэмдэн гурил үйлдвэрлэж, төмөр хайлуулан, алт мөнгө боловсруулж байхдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсангүй. Харин То вангийн “Халхын голын бургасыг огтолж, хиргис үүр хөндсөн хүн гарваас шөрмөсийг нь сугалбал зохилтой” хэмээн номнож байснаас үзэхэд үзэсгэлэнт сайхан байгаль дэлхийгээ туйлаас хайрлан хамгаалдаг байсны нэгэн жишээ бөлгөө.Дашрамд хэлэхэд хэцүү хэрсүү гэгдэх То вангаас хүмүүс айж сүрддэг байснаас биш Тогтохтөр вангийн хүнийг аашилж загнаж байсан тухай сонсоогүй гэдгийг тэмдэглэх нь То вангийн хошууны хүний,То ван судлаач хүн бүрийн үүрэг гэж зохиогчид үзнэ.
      То ван билчээрийн малын үүлдэр угсааг сайжруулахд ихээхэн анхаарч малыг өлчиржүүлэн чийрэгжүүлэх, удам угсааг нь сайжруулах талаар олон нарийн технологи нэвтрүүлсэн хүнгэж үнэлэх нь зүйлд нийцнэ. Цагаан уулын тал, Цагаан даравгайн хоолой, Зүрхийн цагаан хоолой, Модон овоо, Мухар овоо, Сүүжийн хоолой, Гурван худгийн хөндий, Холбоо толгой зэрэг адууны бэлчээр нутагт хулан нутагшуулан, монгол адуутай эрлийзжүүлж байсан тухай үнэн сүжигт хошой чин ван М.Доржпалам ноёны адуучин Лхүндэвийн Балсан гуай, улсын арслан Лхүндэвийн Жаргал нарын хууч яриаг эргэн санахад илүүдэхгүй. Харамсалтай нь Тогтохтөрийг өөд болсноос 11 жилийн дараа буюу 182 онд Санбэйсийнхэн сүүлчийн хуланг хороосон гутамшигт мэдээ үлджээ.
     То ван өвөл нь өнгө цагаан дээл өмсүүлж, зун нь дан тэрлэг хэрэглэхийг зөвлөдөг байсан нь бүс бараа ховор үед аривч амьдрахыг сургасан хэрэг. Уран дархан хүмүүс олонтой, гутал хувцас, дээл малгай оёх талаараа халхын 86 хошуундаа тэргүүнд орж  байв. Түмэн-Өлзийт овооны дэргэд ноёны суух өргөө, хошууны гол сүм, Халхын голын хөвөөнд  өвлийн орд зэргийг монгол үндэсний уран барилгын түмэн ухааныг шингээсэн хийц загвараар бариулан, өмнөх үе дамжсан зургаан ноёдын эсгий гэрийг барилгаар сольсон нь нүүдэлчин монголчуудын аж амьдралыг суурин соёл иргэншилтэй хослуулахаар тавьсан анхны шав байлаа.
    Түүгээр ч барахгүй олон түмний сүсэг бишрэлийг зөв гольдролд нь  оруулан шашин шүтлэгээ дээдлэх талаар То вангийн хийсэн шинэтгэлийн бодлогын жишээ нь  Халхын голын үзэсгэлэнт дэнжид түүний бүтээлгэсэн 2140 м2 талбай бүхий найман аюулаас аврагч өрөвч нигүүсэнгүй Жигважжигжиджав Жанрайсиг их бурхан, Тамсаг булагт босгосон (хиймэл) Утай таван уул, орд харш, сүм дугана зэрэг нь зөвхөн Сэцэнхан аймаг төдийгүй монгол түмнийг гайхуулсан соёлын үнэт бүтээл байлаа.
     То вангийн шинэтгэлийн бодлого, сургаал номнолын нь тухай ярихад соёл боловсролын салбарт хийсэн бүтээснийг нь илтгэх олон бодит баримт бий. Хошуундаа сургууль соёлын газар байгуулан, сурах бичиг зохиож байсан тухай дээр цухас дурьдсан билээ. Тус сургууль нь бичээч түшмэл бэлтгэж байжээ.
     Хошуунаас бичиг үсгийн чадвартай хүмүүсийг шилэн авч хошуу тамгийн газар, сэцэнхан аймгийн жасаа, нийлэл хүрээнд хурдан бичээч түшмэлээр тохоон ажиллуулдаг байв, Энд жанжин Дамдины Сүхбаатарын багш Бавуугийн Гүррагчаа (То вангийн 5 дахь удам) тайж, Монгол улсын анхны элчин сайд Жамсрангийн Даваа мээрэн, Долгор гүний Цогийн аав, хувьсгалч Жигмэддорж, Бизъяа гүн, Гандан бэйлийн удам Жамъянчойжилсүрэн, төрийн нэрт зүтгэлтэн (азрага хочит) нэрэнгийн юмзав, Сэцэнхан аймгийн гоо бичигтэн Дэмчигхорол, нэрт хурдан бичээч Мөнхөөгийн Авирмэд, гавъяат багш Тасрангийн Жүрмэд, 1925 оны хошуу танхимын сурагч, ахмад дипломатч Баярын Жаргалсайхан, ахмад сэхээтэн Магсаржавын Дамдинсүрэн нарын зэрэг  олон хүмүүсийн нэрсийг дурьдаж болно.  Тогтохтөр ван үндэсний баяр наадмыг урлаг уран сайхны театрчилсан тоглолтоор баяжуулан өргөжүүлсний зэрэгцээ хөгжмийн хүрээлэн (филармони) болох дуу, хуур, бүжгийн дугуйлан байгуулан баяр наадам, хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд үйлчлүүлдэг байв.
       Б. Тогтохтөр нь ордондоо байнгын залраад сургаал ном  айлдаад байдаггүй, харин туурвисан зохиол бүтээлээрээ бүтээлээрээ ард олны аж  амьдрал,  хошуу нутгийнхаа өнгө жавхааг өөд татахаар өвөл зунгүй малчидтайгаа хамт отор нүүдэл хийдэг байсан тухай олон судлаачид тэмдэглэжээ. Аж ахуйн бүхий л салбарт То вангийн хийсэн инэтгэлийн бодлогыг түүний сургаалын зорилго, хэрэгжилт байсан гэж үзэж болно.
      Ван Б.Тогтохтөрийн сургаал амьдрал ахуйд шууд хэрэгжих боломжтой төдийгүй бүтэн хагас зууны туршид ач холбогдлоо хэвээр хадгалсаар байгаа нь юуны өмнө уламжлалд тулгуурласан шинэтгэлийн бодлого боловсруулсанд оршино. То ван өөрийнгөө дараа нь ард олныхоо мэдлэг боловсролыг дээшлүүлдэг байсан нь түүний хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна гэсэн үзэл баримтлалын шинжлэх ухаанч үндэслэлээс үүдэн гарсан байх  үндэстэй.
       Дашрамд хэлэхэд зөвхөн То ван судлаачид төдийгүй, нийт түүхчид, монгол судлаачдын засаж залруулууштай асуудал нь улс төрийн нэгэн намын удирдлагатай социалист төрийн үед 1921 оны ардын хувьсгалаас өмнө монголчууд бичиг соёлшгүй байсан мэтээр ярьж, бичиж, сурвалжит язгууртан, сэхээтэн, төрийн зүтгэлтнүүдийнхээ гавъяа зүтгэлийг үгүйсгэн хэлмэгдүүлж байсан алдаа, гажуудалыг түүхэн баримт бичигт үнэнээр нь тусгах хэрэгтэй юм. Гэхдээ 1921 онд ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хэрхэвч үгүйсгэж болохгүй. То вангийн сургаалын гол онцлог нь алдаа дутагдлаар хүнийг муучлаад орхих биш, хрин түүнээс суралцаж, ололт амжилтаа бататгахад чиглэгддэг. Сургаалын арга санаа нь дан ганц өнгөрснөө, уламжлалаа санагалзан номлоод байгаад биш, харин уламжлал шинэчлэлийг зөв зохистой, өндөр мэдрэмжтэй хослуулсанд түний шинжлэх ухаанч мөн чанар оршино.
      Өнөөдөр То ван  судлал монгол судлалын  шинжлэх ухааны нэгэн жигүүр болон бие даан хөгжих болсон нь гадаадын судлаачдын сонирхлыг татаж байна. “Зах зээлд шилжиж буй Монгол улсын хөлөө олоход гадаадын зээл тусламжийн ач холбогдол асар их боловч То вангийнхаа сургаалаар хүний гар харалгүй бие даан аж төрөх хөгжлийн замд орох нь зээл тусламжаас ч илүү өгөөжтэй юм” гэж Ангийн Манчестерийн их сургулийн багш, эдийн засгийн ухааны доктор Терри Пийч зөвлөснийг бид бүхэн санаж явахад илүҮдэхгүй буй зээ.
Б.Палам

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats