Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАН БА ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ЧИГ ХАНДЛАГА
Түвдэнгийн Молотов
Эдүгээ дэлхий дахиныг хамран эрчимтэй өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц нь Монгол улсын тухайд То вангийн үеэс эхэлсэн гэх үндэслэлтэй. Хүн байгаль хоёр хүйн холбоотой агаад байгаль дэлхий байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэх явцдаа өөрийгөө ариутгаж байдгийн адил хүний нийгэм ч бас хөгжлийн дараачийн шатанд шилжихдээ өөрчлөлт шинэчлэлийн замыг туулдаг жамтай ажгуу. Шинэчлэлийг хөгжлийн ямар ч шатанд улс орны нийгмийн хэмжээндявуулах нь тийм ч амархан санааны зоргоор хэрэгжих зүйл биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
    Ялангуяа манжийн төрийн эрхшээлд байсан хоцрогдсон нүүдлийн дан ганц мал аж ахуйгаар голоо зогоохын зэрэгцээ олон төрлийн татвар төлөөсөнд хүлэгдсэн, буурай Монгол орны хувьд шинэчлэл үнэхээрийн чухал хэрэгтэй байсан ч гэлээ хэрэгжүүлэх хэлбэр, арга зүй нь тодорхойгүй, туйлын хэцүү хүнд байсан нь ойлгомжтой. Халхын хэцүү мэргэн То ван энэ байлаас гарах гарцыг соргогоор зөв олж харж чадсан суут хүн байсан бөлгөө. Тухай үедээ То ван аж ахуй соел урлаг, спортын олон салбарт өөрчлөлт шинэчлэлтийг нэгэн зэрэг элдэв хямралгүй явуулж чадсны гайхамшиг нь монгол үндэстнийхээ ёс төр, зан заншил, шашин шүтлэг, уламжлалд тулгуурлаж байсан оршино. То вангийн үйл ажиллагаа бол монгол орныгэдийн засгийнталаар өөд татахад бүрэн чиглэгдэж байсан билээ. То вангийн үйл ажиллагааг төрийнхөө эдийн засгийн удирдлагад шинжлэх ухааны үндэстэй авч хэрэглэсэн сэн бол 1990–ээд оны манай эдийн засгийн шинэтгэл илүү үр дүн өгөх нь тодорхой билээ. Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн аргаар уян хатан биш, үндэснийхээ уламжлалыг хэт хол хаяж байсантай холбоотой гэж үзнэ. Үүнд бидний гол алдаа оноо оршиж байгаа юм. Шинэчлэлт өөрчлөлт хийхэд хуучин бүхэн муу, шинэ бүхэн сайн байдаггүй нь То вангийн үйл ажиллагаатай холбож хийсэн судалгаанаас аяндаа ажиглагдана.
Эдүгээ улс орнуудаас хязгаарлагдмал нөөц боломжоо хамгийн үр дүнтэй ашиглах замаар өрсөлдөх чадвараа улам төгөлдөржүүлэн  дээшлүүлэхийг эн түрүүнд шаардах болоод байна. Үүнтэй холбоотойгоор аль ч улс оронд шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай, өгөөж бүхий хэрэглээ болгон  хувиргаж, улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлоход үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн чиг хандлагыг дэлхий дахины нийтлэг чиг хандлагатай уялдуулан түүний үйл ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэх явдал чухал байна.
    Даяаршлалын үйл явц эрчимтэй өрнөж байгаа өнөө үед газар, капитал, хөдөлмөрийн нэгэн адил мэдлэг оюуны үнэ цэн үлэмж нэмэгдэхийн хамт улмаар эдгээрт тулгуурласан инновацын эдийн засгийн бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж буй билээ. Үндэсний инновацийн тогтолцоо нь өндөр хөгжилтэй гэгдэх АНУ, Европын холбооны тэргүүлэгч орнуудын эдийн засгийн практикт бодитойгоор хэрэгжиж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж чадсан байна.
Үүнийгээ шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын нягт уялдаа холбоо хамтын ажиллагааг хангах үр өгөөжтэй механизм хэмээн үзэх болсон байна. Ийнхүү шинжлэх ухаан технологи, инновацийн хамтын ажиллагаа улам бүр эрчимжиж буйн хэрээр уг тогтолцоо нь үр өгөөж бүхий интеграцчлагдсан сүлжээ болон хөгжиж энэ нь яваандаа дэлхий дахинд инновацийн глобаль тогтолцоо бүрэлдэн тогтох үйл явцыг улам бүр хурдасгаж байна.
           Мөн түүнчлэн шинжлэх ухаан технологи инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч улмаар үүний үр дүнд өгөөж нь үлэмж дээшлэх болсон байна. Тухайлбал шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн хамтын ажиллагаа сайжирч, төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа интеграцчлагдах хандлагатай болоод  байгаатай холбон үзэж болох бөгөөд ийнхүү инновацийн хөгжлийн үндэс нь дээрхи байгууллагуудын үр өгөөжтэй нягт хамтын ажиллагаа хэмээн дүгнэж болох авч харин бид сэтгэлгээндээ байнгын өөрчлөлт шинэчлэлт гаргаж байж гэмээж энэ нь хэрэгжих болно.
    Үндэсний инновацийн тогтолцооны онол, практикийн хөгжлийн үйл явцыг авч үзэхэд түүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн загвар бий болоод байгаа бөгөөд эдгээрээс мэдлэгийн идэвхижилийн загвар гэхэд л инновацийн хүний нөөцийг бүрдүүлж хөгжүүлэх замаар инновацийн хүлээн авах чадварыг  дээшлүүлэхэд чиглэгддэг . Энэ нь чухамдаа шинийг байнга эрэлхийлэгч , бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс инновацийг хөгжүүлэх гол нөхцөл болдог байна. Мөн шинэ мэдлэг бий болгох түүнийг аль болохоор үр өгөөжтэй нэвтрүүлэх замаар хэрэглээ болгох тийм мэдлэг чадвар бүхий оюунлаг хүмүүсийг олноор бэлтгэх, хүн төвтэй менежментийг бий болгох, бүтээмжийн орчин нөхцлийг улам сайжруулах явдал үндэстний хэмжээнд инновацийн тогтолцоонд чухал түлхэц болдог байна.
 Ийм нөхцөлд төр засгаас боловсрол, хүний хөгжлийн оновчтой бодлогыг авч хэрэгжүүлэх явдал ихээхэн чухал үүрэгтэй болдог аж.
    Манай орны хувьд үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх явцдаа инновацийн оновчтой тогтолцоо бий болгож инновацийг хувийн секторт  нэгэн адил өрнүүлэх, инновацын төв, технологи бизнесийн инкубатор,  аж үйлдвэрийн парк зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үүний хамт бизнес, төрийн бус иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг буй болгохын тухайд ч, үндэсний хэмжээнд инновацийг хөгжүүлэх талаар ч төр, засгийн зүгээс далайцтай шинэлэг үр дүнтэй ажлыг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн сүүлийн үед мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг төлөвшүүлэх, үндэсний инновацийн тогтолцооны тухай асуудал улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө бүхий хүчин зүйлсийн нэг болсоор байна. Жишээлэхэд, Эдийн засгийн хамтын ажиллагааны орнууд мэдлэгт түшиглэсэн эдийн засаг хэмээх энэ ухагдахууныг мэдлэг, мэдээллийг үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаанд суурилсан эдийн засаг гэж үзсэн байдаг. Энэхүү шалгуураар авч үзэх аваас чухамдаа мэдлэг, бүтээмжинд суурилсан эдийн засаг гэдэг маань инновацид суурилсан эдийн засаг хэмээсэн үг юм.
    Үндэсний инновацийн тогтолцооны мөн чанар, агуулгын тодорхойлолтыг эрдэмтэн, судлаачид ийнхүү авч үзэхийн хамт нөгөө талаас түүнийгээ судалгааны эргэлтэнд оруулах замаар инновацийн үйл ажиллагааг судалгааны болон арилжааны хоёр үндсэн мөчлөгөөр нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий , нягт хамтран ажилладаг институудын цогц нэгдэл хэмээн үзэж байна. Тэгвэл судалгааны мөчлөг нь дунджаар 20 шахам жил үргэлжлэдэг бол харин арилжааны мөчлөг явагдахад 5-7 жил шаардагдах агаад энэ нь мэдлэг дамжуулан, хэрэглээнд оруулах механизмыг оновчтой бүрдүүлж улмаар инновацыг харьцангуй богино хугацаанд бий болгож, бодитой үр дүнд хүргэхэд бага хугацаа шаардагдах тул хувийн хэвшлийн зүгээс хөрөнгө оруулах сонирхол илүү байдаг  сайн талтай. Түүнчлэн зах зээлд оролцогч бүх субъектууд шинэлэг сэтгэлгээтэй байж, хүнийг төвд нь тавьж, мэдлэг бүтээмжинд суурилсан эдийн засгийг аль болох түргэн цогцлоосон цагт инноваци нь зах зээлийн өрсөлдөөнийг тэтгэж, зайлшгүй хэрэгжиж байх ёстой бодит үйл явц  түлхүүр нөхцөл нь болдог.
    Манай орон шинэ мянганы босгон дээр алхан орсон түүхэн энэ үедээ улс орныхоо цаашдын чиг хандлагыг тодорхойлохдоо нөөц боломждоо тулгуурласан, алс хэтийг харсан, зөв оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх явдал цаг үеийн чухал зорилт болон тавигдаж байна. Энэ талаар манай төр, засгаас тодорхой  алхмууд хийгдэж байгаагийн нэг илрэл бол  “ Үндэсний хөгжлийн цогц бодлого” ,мөн ШУТ-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан “Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” –ийг батлан гаргасан явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улсад шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэхэд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын жигд оролцоог хангах, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон монгол улсын инновацийн түвшний үнэлгээ хийх, инновацийн эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг цаг үетэйгээ нийцүүлэн боловсруулаад байна.
    Ийнхүү үндэсний инновацийн тогтолцоо  хөгжихийн хэрээр нийгмийн амьдралын бүх хүрээнд чанар, бүтээмж, арвилан хэмнэлт, үр дүнгийн тухай асуудалд цогц байдлаар хандах, улмаар эдийн засгийн шинэ сэтгэлгээг төгөлдөршүүлэх явдал төрийн бодлогын зангилаа асуудал хэвээр байх ёстой. Ингэснээр өөрийн улс орны онцлог нөхцөл байдалд тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг стратегийн хүрээнд бодитойгоор бүрэн хэрэгжүүлэхэд үндэсний инновацийн тогтолцооны чиг хандлага нь гол чухал механизм болон эрчимтэй хөгжих учиртай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats