Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАН СУДЛАЛ ДАХЬ БАЙГАЛЬ ХАМГААЛАЛЫН УЛАМЖЛАЛТ АСУУДАЛ
Эрт цагаас Монголчууд бид газар дэлхийтэй харьцаж, түүний үр шимийг малаараа дамжуулан хүртэж ирсэн билээ. Газар хөндөх, ургамал, амьтныг сүйтгэх явдалтай хийх тэмцэл нь манай ард түмний зан үйлийн бүрэлдэхүүн хэсэг болж байв. Уул овоог тахилаг тайлгатай болгох, удган модыг үл хөндөх нь олон түмний сүсэг бишрэлийн хэрэг мэт боловч угтаа байгаль дэлхийгээ онголон дээдэлсэн явдал байв.
    Сүүлийн жилүүдэд ашигт малтмал, ялангуяа алт олборлон ашиглах нэрийдлээр газар орны онгон байгалийн өнгө төрх ихээхэн алдагдаж байгаа төдийгүй, зарим газар нутаг дахин сэргэхээргүй болж байгаа нь залруулшгүй эмгэнэлтэй явдал болж байна.
Урьд манай өвөг дээдэс ан амьтдыг үргээлгүй суулгаж намнадаг, хэрэгцээнээсээ илүү агнадаггүй, бэлчээрийн ургамлыг зөв зохистой ашигладаг, ой модыг таслаж гэмтээдэггүй байсан уламжлалтай. Орчин үед хот орчноо тохижуулахаар суулгасан модыг тордож, услаж ургуулахын оронд ухамсар мөчид нэг нь устгадаг болсныг байгаль хамгаалалын эсрэг гэмт хэрэгтэн гэж үзэж, хуулийн хариуцлага тооцож байх цаг болжээ. Урьд нь хийж чаддаг байсан зүйлээ чадахаа больж, хүний гар илүү харамтгай болсонтой холбоотой гэж тайлбарлахаас өөр замгүй. Байгаль хамгаалалын асуудал бол Тогтохтөр ноёны шинэтгэл хийхдээ баримталж байсан уламжлалын нэг юм. Түүхэн баримтаас үзэхүйд Тогтохтөр ван “ Халхын голд буй булш бунханыг хөндсөн хүн гарваас шүрмэсийг нь сугалвал зохилтой” хэмээн сургаж байжээ. Тэрээр Мэнэнгийн талаас Цагаан ууланд хулан нутаглуулан монгол адуутай эрлийзжүүлэн хурдны удамтай хүлэг гаргаж байсан. Талын цагаан зээр, Буйр нуурын загас жараахайг үржүүлж байсан төдийгүй Сангийн далай нуурт хүнсний цэвэр талст давс ургадаг болгосон гэсэн домог түүхтэй хүн юм. Тогтохтөрийн уугуул нутагт манай орны үржил шимтэй билчээрийн, хадлангийн болон тариалангийн талбайн зонхилох хэсэг багтана. Өнөөгийн практикаас Дорнод аймгийн Халхгол суманд жилдээ их хэмжээний хадлан авч, өнөтэй жилд хэрэглэгдэхгүй үлддэг ба зарим үед хээрийн түймэрт шатаж ихээхэн хохирол учирдаг. Тогтохтөр ван малын тэжээлийг одоогийнх шиг хадаж, хамаж бухалдан нуруулдаж бэлтгэдэггүй өвөрмөц нэгэн аргатай байсныг УГЗ, зураач То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн  Чойжилнамсрайн Батмөнхийн нэгэн бүтээлээс харж болно. Дорнодын талд ургадаг шивээт хялганын шивээг намар оройхон багачууд эгнүүлэн жагсааж, шилбүүрдүүлэн унагаадаг ба өвөл цас их унасан үед  энэ газар малаа бэлчээдэг байжээ. Энэ нь малд тэжээл болохоос гадна салхи жавар хаах нөмөр нөөлөг болдог байна. Мөн хаваржаа нутагт их өвстэй хэсэг газрыг нөөцлөн цас цоохортох үед ядарсан малыг ялгаж бэлчээдэг байв. Энэ бүгдийн дүнд малын бэлчээр талхлагддагүй, жил бүр сэргэн ургадаг байна.
Тогтохтөр ван үзэсгэлэнт сайхан байгальтай Данжаалан арлынхаа Дархан сөөгийн бургасыг түлшинд хэрэглэхийг хориглон дархалж, Халх, Нөмрөгийн голд үрэл, мойл, буйлс зэрэг жимс, жимсгэнэ хийгээд зэрлэг сонгино, мангир, таана, сульхир, мэхээрийг түүхдээ үндэс мөчрийг нь гэмтээхгүй байхыг нутгийнхандаа чухалчлан захидаг байв. Нуур цөөрөм, булаг, шанд, гол мөрний усанд юм угаах, бохирдуулахыг цээрлэж байв. Эх нутгийнхаа байгаль хамгаалалын талаар XIX зууны үед Тогтохтөр ноёны тавьсан зорилт, явуулж байсан үйл ажиллагааны тухай цөөн жишээ авч үзэхэд ийм байна.
Байгаль хамгаалал гэдэг нь манай орны уул ус, гол мөрөн, ан амьтан төдийгүй хот суурин газрын нийтийн эзэмшлийн тохижилт үйлчилгээний газрууд ч багтах өргөн ойлголт байх учиртай юм. Манай улсын тархи зүрх болсон нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа ч гэлээ хотынхоо ногоон бүс болгон хамтын хүчээр тарьж ургуулсан мод бут сөөг, чимэглэлийн гоёмсог цэцгийн мандал, усан оргилуур, гэрлэн чимэглэлийг хайрлан хамгаалах То ванч сэтгэлгээ хүн бүрт дутмаг байгаа нь сэтгэл эмзэглүүлсээр байгаа билээ.
Шинэ XXI зууны үеийнхний өмнө тавигдаж буй томоохон асуудлын нэг нь байгаль экологийг унаган төрхөөр нь хамгаалах, нөхөн сэргээх явдал болж байна. Эрин зууны энэ зорилтыг шийдвэрлэхэд ялангуяа бидний амьдралын орчин болсон Монгол орны онгон байгаль орчныг хамгаалах бүх нийтийн үйлсэд Тогтохтөр вангийн бүтээлч жишээнээс судлаж, эзэмших үнэт зүйл их бий.

Дүгнэлт
1.Тогтохтөр ван байгаль дэлхийгээ хайрлан хамгаалагч байв.
2.То ван судлалд байгаль хамгаалалын чиглэлийг өрнүүлэн хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.
Ном зүй
1 Ш. Нацагдорж  “То ван түүний сургаал”  ШУАХ. УБ. 1968 он
2 ШУА-ын мэдээ сэтгүүл. УБ. 1996 он №2
3.Н.Н.Никулина Ландшафын  архитектор Б.Чимидын орчуулга УБ. 2002.
4.Б.Чимид Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс.   УБ. 2004. 195х
5.Б.Чимид Орчноо цэцэрлэгжүүлье УБ.  2004. 32х.
6.Нийслэл хотын тохижилт. Эрхлэн хэвлүүлсэн Б.Чимид УБ. 2003.
Бэлтгэсэн: Б.Палам


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats