Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТО ВАНЧ АРГА ЗҮЙ
Сургаал бол Монгол яруу найргийн уламжлалт нэгэн төрөл зүйл байсаар иржээ. Үүнд XIII зууны үеийн Чингисийн билэг, XVII зууны Мэргэн гэгээний сургаал, XIX зууны үеийн То ван (Тогтохтөр)-ийн аж төрөх үйлийг заасан сургаал зэрэг багтдаг. Монгол улсын нийгэм улс төрийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Бат-Очирын Тогтохтөр ноёны туурвисан зохиол бүтээлийг судлаж үзвээс сурган хүмүүжүүлэх монгол арга ухааныг сургаалын хэлбэрт шингээсэн байдгаараа онцлог байна [1-4]. Хүнийг бага балчир наснаас нь ахмад хүмүүсийг хүндлэх, ажил хөдөлмөрт сургах, авъяас билгийг нь нээж өгөхөд манай ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан, алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтнүүдээс түүнд оруулсан хувь нэмэр асар их үүрэг гүйцэтгэж иржээ. Тогтохтөр ноёны сурган хүмүүжүүлэх ухааны зохиолууд нь зөвхөн бага насны хүүхдүүдийг хамраад зогсохгүй бүх насны хүмүүст ч хамаатай бөгөөд ажил мэргэжил олгох, аривлан хэмнэлтэнд сургах, аж ахуйгаа хөтлөн явуулах, амьдрах ухаанд хөл тавихад их хөтөч нь болж байжээ. То ван судлалаар хэвлэгдэн гарч буй эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ном зохиол, илтгэл өгүүлэлд тусгагдсан нэг онцлог зүйл нь Тогтохтөр ноёны сургаал нь түүний туурвисан бичиг зохиолоор төдийгүй, ардын аман яриагаар уламжлагдан ирсэн болохыг нотлож байна. Ухаантай хүний үг эзнээсээ урт настай гэсэн мэргэн үгийн утга учрыг хадгалсан нэгэн зохиол дахь сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйгээс авч үзье.
Тогтохтөрийн зохиол “Судрын аялгуу, тоть шувууны сургаалаас” нэртэй зохиол нь бүхэлдээ бүх насны хүмүүст хамрагдах сурган хүмүүжүүлэх ухааны ном юм. Дашрамд тэмдэглэхэд 1943 онд манай ахмад зохиолч Мөнгөний Чимэд гуай энэ зохиолын нэгэн эхийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгэн ардаас олж авсан ба 1996 онд радиогоор нэвтрүүлж орчин цагийн хүмүүсийн хүртээл болгожээ.
ХIX зуунд манай улсын зүүн хязгаарын нэгэн сэхээтний туурвисан ном 100 гаруй жилийн дараа эндээс олдсон нь Тогтохтөр вангийн сургаал  монгол даяар өргөн дэлгэрсний нотолгоо юм.[5]
1998 онд төрийн шагналт зохиолч, эрдэмтэн Пүрэвийн Хорлоо гуай энэ зохиолыг Б.Тогтохтөрийн “Ажил ба сургууль” номын хамт хэвлүүлэн гаргасан. “Судрын аялгуу, тоть шувууны сургаалаас” ном нь
-Ухаангүй ноёд, ухваргүй албат хоёр
-Эр хүний тухай өгүүлбэл
-Эрдэнэт хүн болон төрсөн атлаа эрдэм номонд тун ч дургүй ичиж
айхаа бүр мартсан эвгүй муу явдалтай гэвэл,
-Энэ насандаа үл дарагдан эцэс хойчдоо сайхныг дурсган энэрлийн      үйлээ бүтээгч эхнэрийн сайн явдлыг өгүүлье.
-Эрхэм сайн хөвүүний тухай энд товчхон өгүүлье.
-Муу хөвүүн бол мөн л иймэрхүү болов уу.
-Сайн охины ёс.
-Асар муу охин гэвэл,
-Иймийн тулд хичээгтүн гэсэн арван хэсэг 59 бадаг шүлгээс бүрдэж байна. Номын гарчигаас харахад юуны өмнө ноён албат хоёр ямар байх ёсгүйг өгүүлээд, эр хүний тухай сургаалаа айлдсан байна. Эрдэм номонд дургүй, ичиж зовохыг алдаж ёс суртахуунаа алдсан хүнийг муу явдалтай гэж нэрлээд эмэгтэй хүн, эхнэр хүнийг энэрлийн дээд үйлийг бүтээгч гэж үнэлсэн байна. Хөвүүд охидын тухай сургахдаа эрхэм сайн хүний ёс ба асар муу хүн гэж хэнийг хэлэхийг харьцуулж өгүүлжээ. Эцэст нь сайн хүмүүн болж хүмүүжихийн тулд юуг эрхэмлэн хичээвэл зохихыг  “иймийн тулд өнөд хичээгтүн” – гэж сургажээ. Амьдрал үргэлж шинэчлэгдэж, баяжиж, өрнөн цэцэглэж явах жамтайг соргогоор мэдэрч аж ахуй, соёл боловсролын бүхий л салбарт нэгэн зэрэг явуулсан Тогтохтөр ноёны хийсэн шинэчлэлт өөрчлөлт нь олон зуун жилээр уламжлагдан ирсэн ард түмний ёс заншил, зан үйл, шашин шүтлэг, соёл урлагт тулгуурлаж байснаараа онцгой ялгарч илүү үр дүнд хүрсэн гэж үзвэл зохино.
    Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг зөвхөн сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлалгүй ажил хөдөлмөрт сургах явцад ч шингээн явуулж байснаараа түгээмэл шинжийг агуулж байна. Сайн юмыг харьцуулан жишиж гаргах, муу зүйлийг харшуулж гээх арга зүйг агуулж байгаад Тогтохтөр ноёны сурган хүмүүжүүлэх ухааны өвөрмөц онцлог оршиж байна. Иймээс төрийн сургалтаас гадна орчин үед эргэн хөгжиж буй гэрийн (ордны) болон шавь сургалтанд Тогтохтөр вангийн харьцуулан сурган хүмүүжүүлэх Монгол арга зүйг нарийн судлаж, амьдрал практикт өргөн нэвтрүүлбэл зохилтой.
Дүгнэлт
1.Тогтохтөр ван бол XIX зууны үеийн Монгол улсын нэрт сурган хүмүүжүүлэгч мөн.
2.Харьцуулан сурган хүмүүжүүлэх То ванч арга бол Монгол ардын хүмүүжүүлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болно.   
Ном зүй
1. Б.Тогтохтөр. Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал оршвой. Гар бичмэл. 1853 он. Улсын төв номын сангийн фонд
2. Б.Тогтохтөр. Оюун билгийн соёрхол. Улсын төв номын сан. Модон барын хэвлэл. 1864 он
3. Б.Тогтохтөр. Ажил ба сургуулийн зүйл Эрхлэн хэвлүүлсэн академич П.Хорлоо Admon. Улаанбаатар 1998 он
4. Б.Тогтохтөр. Судрын аялгуу тоть шувууны сургаалаас. Эмхэтгэн хэвлүүлсэн М.Чимид Admon (1996-9-19) Улаанбаатар 
5. Б. Палам. То ван судлалын лавлах бичиг . Бемби-сан. УБ. 2004. 199т 
6. Ш.Нацагдорж То ван түүний сургаал ШУАХ Улаанбаатар 1968 он
7. ШУА-ийн мэдээ сэтгүүл Эмхэтгэсэн Б.Палам №2 1996 он
Эмхтгэсэн Б. Палам


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats