Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТОГТОХТӨР НОЁНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГААЛ ДАХЬ ХЭМНЭЛТИЙН АСУУДАЛ
Одоогоос 151 жилийн өмнө, 1853 онд Тогтохтөр ноёны туурвисан "Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сураал" бүтээл нь одоогоор бидэнд мэдэгдээд байгаа Монгол хүний зохиосон эдийн засгийн анхны сурах бичиг бөлгөө. Өөр хоорондоо уялдаа холбоо бүхий аж төрөхийн 11 ухааныг зүйлчилэн заасан энэ номыг 1968 онд их академич Ш.Нацагдорж судлан  "То ван, түүний сургаал" ном бичиж хэвлүүлжээ.
    Тогтохтөр ноён 1797 онд төрсөн, 25 наснаас хошуу ноёны албыг 46 жил тасралтгүй хашиж байсны зэрэгцээ Сэцэнхан аймгийн чуулган дарга, хэбэй вангаар томилогдон ажиллахдаа, Манжийн дарлалаас эх орон ард түмнээ эдийн засгийн ухаанааар ангижруулах бодлого баримталж байсан нь түүний түүх намтар, зохиол бүтээлээс тодорхой харагддаг.
    То ван судлал шинжлэх ухааны бие даасан чиглэл болон хөгжих болсноор Тогтохтөрийн эх оронч, эрдэмтэн судлаач, эдийн засагч, менежер, нийгэм төрийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч гүн ухаантан, сурвалжит язгууртан, сэхээтэн байсан гэж тодорхойлж байгаа нь XVIII-XIX зууны үеийн Монгол хүний оюуны чадавхийг тодорхойлсон хэрэг буй за.
Тогтохтөрийн эдийн засгийн онол бүтээл нь нүүдлийн мал аж ахуй, түүний хавсрага болгон хөгжүүлж байсан газар тариалан, гар үйлдвэр, уран барилга хийгээд боловсрол соёл урлаг үндэсний спорт, шашин шүтлэгт хийсэн шинэчлэлт өөрчлөлтийг хамарч байна.
Тогтохтөр ван сэргэлэн цовоо, авхаалж самбаатай туйлын ажилсаг, аж  ахуйч, үрэлгэн зангүй хүн байсан нь түүний зохиол номын үзэл баримтлалаас бидэнд ойлгогддог.
Тэрээр хэмнэлтийн асуудлыг эдийн засгийн шинэтгэлийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болгон тавьсан. Юуны өмнө нийгмийн баялаг болсон цаг хугацааны асуудлыг онцгойлон авч үзжээ. " Эрт болсвол нэгийг үзэх, орой унтвал нэгийг сонсох гэгч хуучин үг " гэх буюу " Хүн юу чаддаг үйлээ залхуурах, зогсохгүй үргэлж хийвээс хамаг ажил төрөл түүний дотроос гарна", "аж төрөхийн завсар амар суух чөлөө олддог", "маргадын үйлийг энэ өдөр үйлд", "зуны хэрэглэгдэхүүнийг хавар бэлтгэ, намрын хэрэглэгдэхүүнийг зун бэлтгэ" , "Арга нь олдвол нэг юманд явахад хэдэн хэрэг бүтээхийг бодон яв, адаг нь хонь хариулах зэрэгт одоход арагтай явж аргал түүгтүн" гэж сургажээ.
Эндээс Тогтохтөр ван цагийг нийгмийн алт шиг үнэтэй баялаг учир цаг хожиж  хэмнэж сурахыг чухалчлан үзсэн байна.
Тогтохтөр хэмнэлтийн хоёр дахь хүчин зүйл нь байгалийн баялаг ба хүний гар, оюуны хүчээр бүтсэн бүтээгдэхүүнийг аривжуулах явдал гэж үзжээ. Жишээ нь: Аж төрөх үйлийг заасан номондоо "арав тавын зэрэг бод малтайд илэг хонь ямааны арьс хөмийн зэргээс илүү эд хэрэглүүлэхгүй болгоё" гэх буюу "уухад өөрийн газраас гарах элдэв цай уух, өргөдөг хөгшин буй аваас уух идэх хэрийг үзэж цай, шөл олж хэмнэн өг, өөрсдийн идэхэд малын шим будааны зэрэг үнэ багатайг хэмнэн ид. Ер савны амсарыг гарган бүү уудал. Малаас идэх болбоос шаарыг нь ид. Мөөг мэхээр буйлс, цулхир зэрэг жимс аль их ав гэж сургажээ.
Үүний зэрэгцээ цагаан зээр, Буйр нуур, Халхын голын загасыг хүнсэнд хэрэглүүлж, хүнсний цэвэр давс ургуулдаг нуур байгуулан, гадаадаас авахыг зогсоож, архи дарс уух, тамхи татах, гаанс хэрэглэхийг цаазлан хориглож, торго дурдан эдлэж гангархахын хор уршгийг сайтар номнож байв.
Тогтохтөр ноёны эдийн засгийн шинэтгэлийн бодлогын үзэл баримтлал нь тухайн үед Монгол орныг ноёрхож  байсан Манжийн засгийн үйл ажиллагааны эсрэг чиглэсэн, хүний гар харалгүй бие даан аж төрж, тусгаар тогтнолоо сэргээх үйлсэд Монгол хүний эх оронч үзлийг бадруулах зорилго агуулж байв.
Дүгнэлт
Тогтохтөр ноён бол XIX зууны үеийн суут эдийн засагч байсан агаад сургаалын хэлбэрээр туурвисан зохиол бүтээл нь Монгол орны түүхэн хөгжил цэцэглэлтэд ач холбогдолоо өгсөөр байна. Түүний дэвшүүлсэн хэмнэлтийн бодлогыг зах зээлийн өнөө үед аж ахуйн бүхий л хэвшилд өргөн нэвтүүлүүштэй зүйл юм.           
Ном зүй
1. Б.Тогтохтөр . Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал оршвой. 1853 он УТНС-ийн фонд Данс № 12 257
2. Ш.Нацагдорж. То ван түүний сургаал ШУАХ. УБ. 1968 (184х)
3. Д.Лхаашид. Монгол хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг буюу дэлхийн менежментийн ухаанд Монголчуудын оруулсан хувь хандив.УБ. 1999.  19.5 х.х
4. Б.Палам. То ван судлалын лавлах бичиг.  УБ. 2004.  22.5 х.х
5. Б.Палам. То ван ардын аман зохиолд  УБ. 2004.  4. х.х.
Бэлтгэсэн Б.Палам


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats