Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Б.Амаржаргал
ХАН ХӨХИЙ УУЛЫН ЭРДЭМТЭН БҮСГҮЙ

Эх сайхан Монгол орны маань сүр сүлд болсон сүрлэг сайхан хайрхан уулын нэг – Засагтханы нутгийн төрийн тахилгат шүтээн Хан хөхий уулын сугаас төрсөн эрдэмтэн бүсгүй Бамбадоржийн Амаржаргал бид нэгэн албан байгууллагад он удаан жил алба хашиж яваа төдийгүй, нэгэн айлын хүүхдүүдээс ч дотно сайхан үерхэж нөхөрлөж, бие биеийнхээ хийж бүтээж, бодож санаж байгаа зүйлд дэм өгөхийг хичээж явдаг хүмүүс ээ.
    1990 ээд оноос өмнө манай улсад эмэгтэй эрдэмтэдийн тоо харьцангуй цөөн байсан шиг эрдэмтэн гэр бүл ч бас хуруу дарам цөөхөн байсан билээ. Б.Амаржаргалын бүтээл “Оохио” нэртэй номноос амьдралын нь түшиг тулгуур, амин үрсийн нь ачит эцэг болсон амраг сайн ханийн нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Шаравын Чулуунбаатарыг мэдэхгүй, танихгүй, нөхөрлөхгүй найзлахгүй хүнийг манай ШУА- иас эрээд олохгүй. Элэгсэг, нөхөрсөг, эелдэг зөөлөн, эвсэг найртай тэр хүнийг дурсахгүй хүн гэж өнөөдөр үгүй ээ. Айл гэрийнхээ голомтыг бадраан, аз жаргалаа хуваалцан амьдрахдаа тэд “академийн” гэж авгайлуулан, эрдэм мэдлэгийнхээ эр зоригоор эрдэмтэн гэсэн хүндтэй цолыг хүртсэн хоёр оо. Хүнийг муулдаггүй, хүнд муу юм хийдэггүй, ядарсанд туслаж, явгарсанд унаа залгуулах хүсэлтэй энэ хоёр хосыг хараад хүмүүс атаархах биш бахархаж явсанд тэдний гэр бүлийн амин сүнс оршиж байлаа.
Бишгүй л олон цагийг хүүрнэн чилээхдээ бид гэр бүлээрээ мөнгөжүүлсэн Монхангай архи үйлдвэрлэх технологи гаргавал хүн ардын маань аминд тустай зүйл болох болов уу, Дорнодын их талд үрийн буудай тарьж ургуулаад, халиуран найгахыг нь харж, үндэслэж ургасан үр шимийг нь үр хүүхэд, үе удамынхандаа хүртээнэ, гэхчилэн ярилцдаг байсан сан.
Өнөөдөр энэ гэр бүлийн нэгэн гишүүн, бидний дотны сайн анд найз доктор Б.Амаржаргал маань биднээс гараагүй санааг ургуулан, олон жилийн туршид мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө шингээн бичсэн эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол, ном товхимол, өгүүлэл, илтгэл, тэмдэглэл, сэтгэгдлээ эмхэтгэн “Халх аялгууны үгийн сан-утгын судалгаа” хэмээх хоёр боть болгон хэвлүүлмээр томоохон бүтээл гарган хэвлүүлэхээр зэхэж байхад нь тэднийхээр орлоо.
Номын эхийг үзэж суухад хэл шинжлэлийн асуудлаас гадна эзэн богд Чингис хааны алтан ургийн үе залгамжилсан төрийн түшээдийн амьдрал, үйл ажиллагааг Засагтхан аймгийн Ханхөхий уулын хошууны ноён, олноо Лу жанжин гүн хэмээн хүндлэгдэн авгайлагдсан Сэдбазарын Лувсандондов, Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны ноён “Халхын хэцүү То ван” гэж түүхэнд мөнхөрсөн Бат-Очирын Тогтохтөр ноёдын судалгаагаар гарган тавьсан зүйл багтжээ. Энэ ажил нь Монгол төрийн удирдлагын уламжлал судлалд цоо шинэ зүйл оруулж ирсэн гэхэд нэг их дэгэс юм болохгүй биз.
    1923 онд Ардын засгийн газраас гаргасан “Нутгийн захиргааны дүрэм”- ийн дагуу аймаг хошуудыг үе залгамжлан захирч ирсэн тогтолцоог болиулан, засаг захиргааны хуваарийг өөрчлөн, хошуу ноёдын алба хаших, хэргэм зэргийг хураан авсан. Монголын аймаг хошуудыг үе залгамжлан захирч ирсэн хан, ван, (чин ван, жун ван), гүн, бэйл, бэйс нь зөвхөн ард түмнийг дарлан ноёрхож, албан татвар, төлөөс төлбөрөөр дарамталж байсан гэсэн үзэл баримтлал өнгөрсөн зууныг дуустал ноёлож байлаа. Гэтэл судлаад ирэхээр Монгол төрийн бат бэх оршин тогтнож ирсэн сүр хүч үүнд байсангүй. Энэ судалгааны дүн нь биднийг эзэн богд Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай” гэсэн айлдварт хүргэж байна.
Хэл бичгийн ухааны доктор Бамбадоржийн Амаржаргалын бүтээлийн эмхэтгэлд орчин үед үүрэг, ач холбогдол нь хэлбэрэлтгүй өсч буй залуучуудын оюуны хүмүүжлийн асуудлыг хөндсөн өнгө аяс, утга агуулгатай өгүүлэл, нийтлэл нэлээдийг багтаасан нь зүйд нийцнэ.  
Номын гол агуулга, сэдэв нь болсон монгол хэл шинжлэлийн талаар миний бие мэргэжлийн хүн биш боловч сэтгэгдлээ хэлэх завшаан олдсныг ашиглан тэмдэглэхүй, XII зууны үед монгол хэлийг дэлхий даяар онцгойлон үзэж судлаж байсан гэдэг. Монгол орон шарын шашинтай болсноор төвд хэлийг шашны зан үйлд өргөн хэрэглэх болсон. 1921 оноос хойш орос хэл бичгийг төрөлх хэлийнхээ дараах өндөр түвшинд тавьж, сурч судлах болсон. 1990 онд гарсан ардчилсан өөрчлөлийн дараагаар Монгол орны нэр хүнд дэлхий дахинд өсч, орос хэлний оронд дэлхийн улс орнуудын харилцааны гол хэрэглүүр болох англи хэлийг эрхэмлэх болж байна. Гадаад хэлийг Монгол оронд аль нэг хэмжээгээр хэрэглэх болсон нь монгол хэлийг халаагүй, өөрчлөөгүй, харин орчин үеийн олон улсын үг хэллэг, хэлц, нэр томъёогоор  улам баяжуулж өгсөн юм.
Үүний зэрэгцээгээр дэлхийн монгол судлалын шинжлэх ухааны хөгжил эрч хүчээ авч, монгол хэлийг дэлхийн түвшинд шинжлэн судлах цар хүрээ өргөжиж байна. Монгол судлалын бүрэлдэхүүн хэсэг болсон монгол хэл шинжлэлийг хөгжүүлэх үйлсэд манай эрдэмтэн судлаачид их хувь нэмэр оруулж байгаа нь нэн сайшаалтай хэрэг. Тэдний нэг нь хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо юм.
Академичийн гарын шавиудын нэг хэл бичгийн ухааны доктор, Улаанбаатарын их сургуулийн дэд профессор, багш Бамбадоржийн Амаржаргал өөрийн олон жилийн судалгаа, туурвилаа эмхэтгэн, “Халх аялгууны үгийн сан- утгын судалгаа” нэртэйгээрбичиж, хоёрдугаар хэсэгтээ өөрийн бичсэн эрдэм шинжилгээний болон бусад бүтээлээсээ орууланхэвлүүлжээ. 
Үүнийг мутарлагч миний бие цахилгаан-хими, сэтгүүлчийн мэргэжилтэй хэдий ч Б.Амаржаргал доктортой монгол хэлний шинжлэлээр харилцан ярилцах, зөвлөлдөх, туслалцах үе гардаг төдийгүй түүх уламжлалын сэдэвтэй шинжилгээ судалгааны ном товхимол, илтгэл өгүүлэл хамтран бичиж ирсэн. Доктор Б.Амаржаргалын зохиол бүтээлийг нэгбүрчлэн, нарийн уншиж үзэхэд Монгол хэл шинжлэлийн өргөн цар хүрээтэй салбарт бага, жижиг зүйл гэж байдаггүй болох нь мэдрэгдэнэ. Нутгийн ярианы аялгуу, Лу жанжин гүн, То ван нарын зохиолд хийсэн харьцуулсан судалгаа зэргээс үзэхэд монгол хэлний үүсэл хөгжлийн урт удаан хугацаанд нарийн судалгаа хийж ирсэн нь харагдана.
Эрдэмтэн судлаач хүн бүр өөрийн бүтээл, туурвилыг жил, тав, арван жилээр нэгтгэн эмхэтгэж, доктор Б.Амаржаргалын жишээгээр хэвлүүлэн олон түмний хүртээл болгож байх нь одоо цагт нэн чухал болж байна. Шинжлэх ухаан технологийн мэдээллийн салбарт гарч нэгэн дэвшил нь мэдээллийг урьд зөвхөн ном хэвлэлээр голлон авдаг байсан бол одоо радио, телевиз, интернет зэрэг олон сувагаар авах боломжтой болж байна. Мэдээлэл дамжуулах практикт байгаа сөрөг тал гэж хэлж болохоор нэг зүйл нь манайд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хөрөнгө мөнгөний гачигдалтай гэх нэрээр удааж байж, хэвлэмэл байдлаар зөвхөн нэг удаа хагас дутуу хэвлэн гаргаж байгаа явдал юм. Үүнийг дагаад хүмүүс ч эрдэм шинжилгээний бүтээлийг шохоорон авч ашиглах нь нэн ховор байдаг.
Залуучууд ном уншихгүй боллоо, оюутнууд хичээлээ уншихаас илүүтэйгээр ном, сурах бичгээ хувилуулахад (ксирокдохыг хэлэв. Б.П.) их цаг, мөнгөө үрэх болов гэлцэх нь үнэнтэй. Номыг бага уншсанаас буруу бичих, буруу ярих нь ихсэв. Өдөр тутмын сонины өгүүлэл, радио телевизийн өргөн нэвтрүүлгийн яриаг уншиж, сонсохуйяа, “баярлалаа гэж хэлмээр байна. гэх буюу “надад цаг алга” (завгүй гэсэн үг.Б.П.), “чи бид хоёр уулзагдсангүй (уулзалдсангүй.Б.П.) их удлаа” гэх нь хэвийн үзэгдэл болжээ. Ийм цаг үед Б.Амаржаргал докторын дэвшүүлж буй санаа, хэвлүүлж буй бүтээлийн нь эмхэтгэл цаг үеэ олсон, эх хэлээ хамгаалах, цаашлаад хөгжүүлэх үйлсэд нэмэр хандив болох нь дамжиггүй юм.            
Төрөлх хэлээ сайн эзэмшилгүйгээр шинжлэх ухааны аль чиг салбарт амжилт бүтээл гаргаж эс чадмой. Тэр тусмаа гадаад гүрний хэл соёлыг нарийн нягт судлахад төрөлх хэлний мэдлэг онц чухал. Иргэдийнхээ төрөлх хэлний мэдлэг боловсролд тавих төр засгийн бодлого зорилт тодорхойгүй байсаар байна. Энэ үйл явц гүнзгийрвээс үндэстний эмгэнэл болно.  Эрдэмтдийн гаргаж буй бүтээл зүтгэлийг нэн түрүүн дэмжүүштэй байна. 
Хан хөхий уулын эрдэмтэн бүсгүйн бүтээл олны хүртээл болж, халх монгол хэлний судалгааны сан хөмрөгийг улам аривжуулах болтугай



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats