Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
С.Дамдин
ТО ВАНТАЙ ХУУЧЛАХУЙ

 Сөгдөж амьдарснаас сөрж үхсэн нь дээр
Б.Тогтохтөр ноёны мэлмий гийсний 210 жилийн ойн өмнөхөн миний бие Улсын драмын Эрдмйн их театраар орж, 1996 онд “Хэцүү ван Тогтохтөр”, түүхэн сэдэвт уран сайхны кинонд То вангийн дүрийг чадварлагаар бүтээсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, ахмад жүжигчин Совдын Дамдинтай уулзсан юм.  
Тэрээр Монгол улсын төрийн шагналт,зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын зохиол “Ван хүний үр” жүжигт То вангийн дүрийг дахин амилуулах хүсэлтэй яваагаа ярьж, эх зохиолыг нь сураглахад түүнд номыг нь бэлэглэв. Олноо “Их замын эхэнд” киноны хөх чонын дүрээр, Ванганы “Ээдрээ” жүжгийн жанжин Д.Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн С.Дамдин бид хоёрыг арван нэгэн жилийн тэртээ То вантан маань танилцуулж, анд сайн нөхөд болгосон түүхтэй. Буйр нуурын эрэг, Баруунхан уул, Халхын голын үзэсгэлэнт дэнжээр бид хоёр хүүрнэн явна.
С.Дамдины төрж өссөн Булган аймгийн Бугат сумын нутаг Уньт, Шант, Уран тогоо, Хонгор морьт, Баавайн даваа, Өрмийн цагаан нуур, Хан жаргалант уул гээд Халхын гол шиг тансаг сайхан газар бий дээ. Би Харганын гол, уул Алтайн нуруу, Анандын Амар гуайн тоонот…гээд явсан газар нэлээд бий. Жүжигчин С. Дамдин энэрэлт ээжийнхээ хайр халамжинд хүн болж, Бугат, Сайхан сумдын бага, дунд сургууль, Булганы төвийн 10 жилээр дамжин, нийслэл хотноо МУБИС-д элсэн, 1967 онд кино жүжигчний мэргэжил эзэмшжээ. Тэр жилийнхээ VII сарын нэгнээс эдүгээг хүртэл Эрдмийн энэ их театрын “иргэн” нь болж явна. Ээж нь хүүгээ эргэж ирээд, “Манайх энэ сайхан ордныг барихад манайх таван (мөнгөн) төгрөг хандивлаж байсан юм. Миний хүү энд ажиллах хувьтай байжээ,- гэж баярлан өгүүлж байсан нь саяхан мэт.
Дамдин бид хоёр нас чацуу, хоёул усан хонь жилтэй юм. Буйр нуурын эргийг даган шингэх нарны туяанд гялбарах их далайн усан мандалд уусан уяран То вантныхаа ур ухааныг магтан алхаж явна. Тэрээр,-Хийх ажил их, цаг хугацаа бага байна,-гэж То ван киноныхоо үгийг давтсанаа, сэтгэл нь нэн их хөдөлсөн байдалтай над руу эгцлэн харж, энэ кинонд тоглох болсон тухайгаа ийнхүү дурсан ярьлаа.
-Манай театрын залуу жүжигчин Наранцэцэг надад хандаж, -Дамдин ах аа, То То ван кинонд тоглоно шүү, гэлээ. Тэгээд Монголкино үйлдвэр дээр очиж доктор Г.Гантогтохтын бичсэн кино зохиолтой танилцлаа. Надад сахал наагаад фото проб хийлээ. Зурагаа авч танай өрөөнд (ШУА-ийн хүрээлэн дэх Б.Паламын албан тасалгаанд) очиж, МУ-ын УГЗ, зураач Ч.Батмөнхийн бүтээсэн То ван гуайнхаа хөргийг харлаа. Их адилхан болжээ. Тэгээд л энэ чинь миний тоглох дүр мөн байна,-гэлээ. Ингэж л би То ванд тодорсон доо.
Дамдингаас гадна энэ их хүний тухай түүхэн сэдэвт уран сайхны кинонд тус театрын жүжигчин Наранцэцэг найруулагчаар, Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва Хурц вангийн хиад, УГЖ Банзрагчийн Тунгалаг То вангийн хатанд, залуу жүжигчин, сийлбэрчин Төрбатын Баттогтох СУИС-ийн оюутан ахуй цагтаа То вангийн хүргэн Содов тайжид, Банзрагчийн Анхтуяа Хурц вангийн манж хатанд,Ёоторын Гантөмөр Хурц ванд, Ганболд Эрдэнэ хамбад хувирч, СГЗ оператор Буяндэлгэрийн Донров зураглаж, УГЗ, хөгжмийн зохиолч, Халхголын Вандан (Лувсанвандан)-гийн Боролдой хөгжмийг бичиж, Дорнод аймгийн Засаг дарга Дамдинжавын Батсүх ахмад дипломатич Баярын Жаргалсайхан нар зөвлөхөөр ажиллаж, кино зохиолыг миний бие хянаж, зураг авах ажилдаа орсон доо.
Кино зургийг Монголкино үйлдвэрийн павилон, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр сумдын нутагт авсан, 1996 оны үед урлаг сёлын байгууллагууд хөл алдсан, хүнд хэцүүхэн цаг байсан ч их хүний ажил үйлс, буян заяа гэдэг өөр юм билээ.
Дамдин цааш нь хуучлахдаа,-Манай театр гэхэд л зах зээлийн шуурганаар зарим нь ажлаасаа гарцгааж, Алтан-Өлзий, Жаргалсайхан, Цэрэндагва, Урнаа, Даваасүрэн, Мэндбаяр бидний хэдэн хүмүүс театртаа үлдэж, сайхан сэтгэлт Доржсамбуу даргынхаа ач буянаар арай л хаалгаа бариагүй байсан цаг.
Ажил маань урагштай явсаар 1997 оны 7-р сарын 15 нд Тогтохтөр ноёны мэндэлсний 200 жилийн ойгоор төрсөн нутагт нь киноны нээлт болсон. Газар хол учир бид бүхэн нээлтэнд нь очиж чадаагүйгээс нийслэлийнхэн “Өргөө” кинотеатрт намар нь дахин нээлт хийсэн юм. Кинонд тоглоход Дорнод аймгийн хөгжимт драмын театрын жүжигчид, тухайлбал УГЖ Дарьсүрэн гуай, УГЖ Жамбалрагчаа гуай, МУСТА Цэндбазарын Пагма гуай, Бэх-Очир гуай, манай ангийн Манбадарын Юра гээд олон сайхан жүжигчид оролцсон.
Халхгол сумын ардууд надад То вандаа морины сайхныг унуулж, газрын сайхнаар явуулан, тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд туйлаас баярлаж явдаг. То ван гэж ийм л хүндтэй хүн байжээ гэдэг нь тэдний халуун сэтгэлээс мэдрэгдэж байлаа. Би анх миний тоглох дүр байна шүү дээ гэж баярлаж авсныг хэлэх үү, То вангийнхаа дүрийг гаргах гэж хичээсэн дээ ,- гэж Дамдин өгүүлнэ. Уг кино дэлгэцнээ гараад арав гаруй жил болоо. То ван судлалын нийгэмлэг энэ жил уг киног CD болгуулав. Ингэснээр үзэх хүмүүсийн хүрээ өргөжиж байна.
Тэр цааш нь ярихдаа-Би кино зурагт орохдоо “хээнхи” гэж дуугардаг байв. Энэ нь ван хүний байр суурийг авиагаар илэрхийлж байгаа хувилбар юм. Харамсалтай нь кинонд дуу оруулах үед тэр зүйл орхигдсон юм. Киноны хувьд техник талаасаа 8 бүлэгт багтаах гэж бага зэрэг шахснаас үйл явдал нь хоорондоо нийлж,залгагдсан ойлгомж муутай болсон хэд хэдэн газар бий. Дүндээ сайн кино болсон. Хүмүүс хоёрдугаар ангийг нь хийх үү гэдэг асуулт тавьдаг. Хийвэл би гэдэг амьтан дахиад л То вандаа тоглоно гэж мөрөөддөг шүү,-гэж ярилаа.
Булганы нутагт Анандын Амар гуай, чин ван Ханддорж гуай гээд тоочвол алдар хүндтэй улсууд байсан. Тэр цагт Манжийн хаанд дуудагдсан хүмүүс эсэн мэнд эргэж ирж байгаагүй юм билээ. Амьд ирснээс То ван, чин ван Ханддорж гуай хоёр л юм гэдэг.
Дамдин 130-140-өөд жүжиг, 30-40-өөд кинонд том жижиг дүр бүтээсэн. Түүний амьдралын бага балчир цаг, ээжийн нь хайраа шингээж, сургаалаа хайрласан үг То ван гэдэг их хүний дүрийг бүтээхэд бэлтгэж байсан гэж онцлон хэлэх байна.
-Би эцэггүй, ээжтэйгээ хоёулхан, тарчиг ядуу амьдралтай байсан болохоор аж төрөх ухаан, юмыг гамнаж, хэмнэж хэрэглэх арга, юмханаар юм хийх, байгалийн өгөөж хишгийг хүртэн амь зуух ухаанд хөтөлсөн хэрэг. Уул Алтай, Хан Жаргалантаар тарвагатай, Манайх ганц хул мориноос өөр мал гэх юмгүй байсан болохоор ээжийгээ би тарвага агнаж тэжээнэ. Түүгээр ч барахгүй нутгийнхаа ядууст илүүчлэн, айл бүрт 1-2 –ыг өгнө. Тэгэхдээ олноор нь хядаж агнана гэж үгүй. Энэ бүхэн То вангийн маань сургаал, ээжийн минь захиас байжээ.
Ганц морь маань гэхэд л хүний хэлээр ярихгүйгээс биш ухаант хүлэг байж. Ээж бид хоёроос өөр хүнд баригдахгүй, армаг хурдан хүлэг байв. Аргамжаа чөдөртэй байхдаа л таргалчихна. Айлын ганц морь болохоор бусдын адуу захлаж яваад өвөлжчихнө. Намайг хүн болж, хоолондоо хүрэхэд нутгийн маань Доржсүрэн гэдэг ая буянтай хүн 10 жил хамт амьдараад, намайг кино жүжигчин болсон жил яваад өгсөн юм. Тэр хүнийг дагаж би модон тэрэг хийж, хэд гурван төгрөг амьжиргаандаа нэмэрлэх болсон юм. Тэр мөнхийн ачтан хүнд би насан туршдаа өртэй үлдсэн гэж боддог. Тэр хүн миний тусыг хүлээлгүй тэнгэрт хальсныг сонсоод би ихэд гашуудаж билээ. Миний ээж Совдын Баасанжав 68 насыг зооглосон. Би ээжийгээ хүндээр өвдөхөд нь бүтэн 7 жил өргөсөн дөө.
То вантай холбогдуулан түүний хэлэх гэсэн зүйл нь То вангийн аж төрөх ухааны сургаал бол хувийн амьдралын замналтай нь адил төсөөтэй  төдийгүй, салшгүй холбоотой гэж байна. Малын тоо толгойг өсгөн үржүүлэхэд гар үйлдвэр, газар тариаланг хавсран эрхэлж, хэмнэх ухаанд сургаж байсан явдал юм. Үүний зэрэгцээ зээр, загас агнахдаа зөвхөн хэрэглэх хэмжээгээр ээ авч, тоо толгойд нь нөлөөлөхгүйгээр хандах, өвс ургамлыг ашиглан, уух цайгаа бэлтгэх, “Дархан сөөг” (газрын нэр)-ийнхөө бургасыг зөвхөн уурга, шилбүүр, араг савар, гэрийн хана, унь тооно хийхэд ашиглахыг зааж сургаж байсныг бодоход хүн байгалийн хоорондын харилцааны хэм хэмжээг тогтоож байсан мэргэн ухаантай төрийн томоохон зүтгэлтэн хүн байжээ. Одоо манай улс ой модгүй, ан амьтангүй болчих бий гэж сэтгэл зовних боллоо. То вангийн үеийнхийг бодвол хүмүүсийн амьдрал ахуй харьцуулшгүй сайжирсан байж таарна. Гэтэл амьдрал хэцүү гээд олз омог горилон онгон дагшин байгалиа түүх соёлынхоо өв хөрөнгийг хандлага газар авсаар байна. Хууль байлаа ч иргэн нь дагахгүй бол яах билээ. Энэ киноны утга учир үүнд л оршиж байна шүү дээ. Киногоо үзчихээд эх орноо хайрлахгүй байж таарахгүй.
Эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв гуайн “Дал” сониныг эргүүлж суухуйяа энэ ертөнц дээр зуун тэрбум хүн амьдарч иржээ гэсэн тоо баримт дайралдана. Энэ нь зуун тэр бум хүний зуун тэрбуман авъяас билэг агаад нэг нь нөгөөтэйгээ давтагдашгүй, давхардашгүй зүйл аж. Дамдин гэдэг хүн өөрийн гэсэн өнгө зүстэй, жин хэмжээтэй, амт шимтэй, ааш араншинтай байна. Хэдийгээр нас хэлбийж яваа чиг авъяас гээч “актлаж” үл болох үнэт зүйл хүнд заяадаг байна. Дамдин дөч гаруй жил ажилласан театраа Булган хангай нутаг шигээ хайрлана.
Би бээр С.Дамдинг сайн шүлэгч гэж бодож явдаг. Түүний зохиосон “Ээждээ би”, “Эцэг”, “Хул мориндоо”, “Багадаа би”, “Хожуу ирсэн ханийн заяа хишиг буюу жаргал” зэрэг уран бүтээл нь амьдралын нь замналыг тодотгоно.
Тус театрт 110 гаруй хүн ажиллана. Тэд жүжигчин ч бай, цэвэрлэгч ч бай, оедолчин ч бай, бүгд уран бүтээлчид гэж өөрийгөө хэлнэ. Жүжигчин хүн театраа урлахуйн ухааны ариун дуган гэж үзнэ. Авъяас чадлаа дэлгэн, авъяас чадвараа гарган ард олондоо сонирхуулдаг тайзаа алтаар бүтсэн гэж үнэлнэ. Станиславскийн “жүжигчин хүн ариун сэтгэлтэй байх ёстой” гэсэн үг нэгийг бодогдуулна. С.Дамдин бол ариун цагаан, цайлган сэтгэлтэй, эр хонгор дуутай, элэгсэг нөхөрсөг ааш зантай, нэгэн сайханжинхэнэ монгол эр хүн гэж хэлэхээс өөрөөр магтах үг надад алга.
Жүжигчин хүн бол хүн судлалын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтан хүн юм. Харьцуулан хэлбэл, улсын гавъяат жүжигчин болбол эрдэм шинжилгээний ахлах ажилтан буюу одоогийнхны яриагаар боловсролын (Ph.D доктор), ардын жүжигчин болбол шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан буюу шинжлэх ухааны (Sc.D);хүн болно. Ямартаа л төрсөн ээжийгээ амьсгал хурааж байхад жүжигчин хүн нэг нүдээрээ уйлаад, нөгөө нүдээрээ хүн яаж тэнгэрт хальдгийг харж байдаг гэж хошигноцгоох вэ дээ.
Сайн судлаж шинжилж баймааж нь сайн жүжигчин болж, сайхан дүр бтээдэг байна. –Би эхлээд “Хэцүү ван Тогтохтөр” кино зохиолыг сайтар уншсан. Дараа нь То ван судлалын нийгэмлэгээс хэвлэн гаргасан цуврал номуудыг Үндэсний төв номын сангаас авч үзсэн. Тэгж дүр бүтээх ажилдаа шуудран орсон гэж С.Дамдин надад ярьсан нь судалгааны ажлаар жүжиглэх авъяас дэлгэгддэг нь тодорно.
Бидний яриан дундуур “Magic image” студийн Фотосалоны менежер Алтангэрэлийн Оюун хатагтай ирж, Дамдинг маань фото сурталчилгаанд оролцож, зургаа татуулахыг уриад гарав. Хүний оюун ухаан цэцэг шиг ургаж дэлгэрч байдаг бол авъяас гээч зүйл булаг шиг ундарч байдаг байна.
С.Дамдин андынхаа яриаг хэдэн цагийн турш амтархан сонсож суугаад Эрдмийн их театрын хаалгааригарах агшинд:
Бөөрөнхий биеийг минь өсгөсөн
Эхийнхээ ачийг яанам билээ –гэсэн аялгуу хөгжимд хангинан, сонор мялаан, сэтгэл сэвэлзүүлэв. Авъяаслаг, ахмад жүжигчин Совдын Дамдины сэтгэл бүлээцүүлсэн ухаалаг үгс миний сэтгэлийг хөдөлгөн, намайг халуун дулаан уянга эгшиглэнгээр хөглөж, энэ хэдэн мөрийг хэлхэн бичихэд хүргэлээ.
Биднийг бага балчир байхад “Ардын элч” кино гарч, түүнд Дарьбазар (жүжигчин Занабазар) тоглохыг үзээд л С.Дамдин хүү киноны жүжигчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, их урлагт хөтлөгдөн оржээ. Түүнийг багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болоход Ичинхорлоо, Цэвээнжав, Хандсүрэн, Ванган, Гомбосүрэн, Долгорсүрэн, Жигмэддорж, Бат-Очир, Лувсанжамц, Цэрэндулам, Доржпалам, Жигжид, Э.Оюун нарын зэрэг урлаг соёлын ахмад зүтгэлтнүүдийн нөлөө их туссан байна.
Саяхан нийслэл хотноо зохиогдсон С.Дамдины тайлан тоглолтыг үзэж суухад Дорнод аймгийн ард олноос То ван судлалын нийгэмлэгт нэгэн хүсэлт ирсэн нь санагдав. Дорнодынхон То ван гуайг нь кино дэлгэцнээ авъяаслагаар амилуулсан Улсын драмын Эрдмийн их театрын жүжигчин, МУСТА Совдын Дамдинг Монгол улсын гавъяат жүжигчин гэсэн нэр хүндтэй цол хэргэм олгуулахад нь туслаач гэжээ.
УУл Алтайн унаган хүү, ухаалаг, авъяаслаг С.Дамдин удахгүй Улсын гавъяат жүжигчин гэсэн хүндтэй цолны эзэн болох нь эргэлзээгүй билээ. Гагцхүү төрийнхөө өндөрлөгүүдийн сонорт ард олны энэхүү чин хүсэлтийг хүргэх нь бидний үүрэг билээ.           


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats