Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Ш.Лувсандорж
МӨНХИЙН ЗУЛ БОЛОН БАДАМЛАНА

(Монголын анхны химийн ухааны доктор Шожооны
Лувсандоржийн гэгээн дурсгалд)

Эрт үеэс бидний Монголчууд ахас ихсээ хүндэтгэн, нэрээр нь үл дуудан авгайлдаг сайхан уламжлалтай улс аа. То ван (Тогтохтөр), Лу жанжин гүн (Лувсандондов) гэж түүхнээ мөнхөрсөн суут хүмүүс байсны адил манай шинжлэх ухааны академид Ши мэргэн, Лу доктор гэж нэршсэн эрдэмтэд олноос олон. Орчин үеийн химийн шинжлэх ухааны суврагын суурийг анх тавилцсан хүмүүсийн нэг нь химийн шинжлэх ухааны доктор Шожооны Лувсандорж гуай яахын аргагүй мөн юм.  1971 оны 3-р сар. Зайсан толгойн баруун суганд орших хүрээлэнгүүдийн нэгдсэн байрыг зорьж очсон минь тун саяхан мэт санагдана. Дардай нуурын давсны дээжийн химийн шинжилгээний дүнг сонирхон очсноор доктор Ш.Лувсандорж гуайтай танилцсан юм. Лу доктор химийн хүрээлэнгийн ерөнхий ба аналитик химийн лабораторийн эрхлэгчээр он удаан жил ажиллах хугацаандаа Монгол орны эрдэст нууруудын хими, физик химийн шинж төрх, зүй тогтоц, нөөц, ирээдүйд ашиглах боломжийг нээн илрүүлэхэд ихээхэн зүйл хийснийг хэн хүнгүй сайн мэдэх билээ. Эрдэмтэн хүнийг бүтээлээр нь ч, шавь нараар нь ч хэмжих ёсон бий. Лу докторын шавь нар Монгол даяар олон бий. Миний бие хичээлийн танхимд суугаад ном заалгаж байгаагүй ч гэлээ энэ хүнээс асар их зүйлийг мэдэж, сонсож, сурч авсны хувьд багшаа гэж хүндэлж явдаг юмаа. Түүнийг сонсоод суухад, тэр доор нь туршаад, хийгээд үзмээр сэтгэгдэл төрдөг. Ингэж л хүнд юмыг хэлж ойлгуулдаг хүн байлаа. Нэг жишээ дурьдахад, бид танилцаад жил хэртэй хугацаа өнгөрөхөд Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Буулт нуурын байгалийн соод, Архангай аймгийн Хоргын галт уулын хүрмэн чулуу зэрэг байгалийн түүхий эдийг боловсруулан, цэвэрлэгээ өнгөлгөө ариутгалын “Хорго” нэртэй нунтаг бодис үйлдвэрлэх технологи боловсруулж, улмаар ШБОС-72 үзэссгэлэнд оролцон шагнуулж явлаа. 1979 оноос би ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд шилжин ажиллах болсноор бидний харилцаа улам ойр дотно болсон юм. Үнэт металлын баяжуулалт, задлан шинжилгээ, рашаан ус мөнгөжүүлэх арга зүй, алтыг зохиомлоор гаргаж болох уу, гайхамшигтай гальван техник гээд олон чиглэлийн судалгаа шинжилгээний сэдвээр байнга зөвлөлдөн, хамтран ажилладаг байлаа. Иймээс энэ сэдвүүдээр нэлээд зүйл хийгдэж, үйлдвэрлэл практикт нэвтэрсэн юм.
Лу доктор намайг судалгаа шинжилгээний нарийн ажилд хөл тавьж, зүг чигээ олоход тусалсан буянтай хүмүүсийн нэг юм. Нэг шинэ өгүүлэл юм уу, ном олбол надад үзүүлнэ. Энд ийм юмны тухай бичжээ. чи лав чадна даа. гэнэ. Тэрбээр зөвхөн ном эрдмийн талаар зөвлөж туслаад зогсохгүй, амьдрах, аж төрөх ухааны талаар ч ярина. Хүнд эрдэм номын зэрэгцээгээр амьдралын ухаан чухал хэрэгтэй. Иймд хүн энэ хоёр ухааныг хослуулан амьдрах ёстой гэж захина. Хөрөө, харуул, хуурай, бахь мэтийн муу сайн багажуудыг минь үзээд, -хүн ер нь багаж олж авахад үнэ хайрлах хэрэггүй юм. Багаж эзэндээ үнээ хэд дахин олж өгдөг. Харин сайн багаж цуглуулах хэрэгтэй гэнэ.
Лу доктор өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо тарьсан ногоогоо нэгбүрчлэн үзүүлж, -Чи таривал чадна даа. –гээд яаж амархан сайхан ургуулах талаар тайлбарлана. Сайхан амттай ногоо алагласан махтай хоолоор дайлна. Нэг удаа хотын байранд нь (12-р хороолол Б.П.) очиход зөндөө их час улаан лооль надад өгч, давс үүрүүлээд идэхээс гадна бас элсэн чихэр үүрүүлээд идэж үзээрэй, гэж санал болгож билээ. Одоо бодохноо Лу доктор номын ч их ухаантай, аж төрөхийн ч их ухаантай хүн байжээ.
Хими, химийн технологийн хүрээлэн байгуулагдсны 35 жилийн ойн баяраар уулзсан бидний уулзалт эцсийнх байсныг тэр мөчид яахин ухаарах билээ. Хүн гэдэг мөнх бус, хөнөөлт өвчин хэлж ирдэггүй ч гэлээ Богд уулын Зайсангийн аманд ажиллаж байх цагаас нь химийн лабораториуд ядаж л цэвэр агаар солих татах шүүгээтэй байсан ч болоосой доо гэж гүнээ харуусдаг. Хүн хүнээ хайрлана гэдэг маань эрдэмтэн мэргэдээ хайрлахын нэр юмаа.
Лу докторын надад бэлэглэсэн номууд номын санд минь нандигнан хадгалаастай. Багш дотны нөхрийн хувьд хэлж зөвлөж байсан зүйлүүд нь миний сэтгэл зүрхэнд илхэн. Монгол улсын химийн шинжлэх ухааны салбарт Лу доктор хэмээх нэгэн их эрдэмтэн төрж, бүтээл ном нь мөнхийн зул болон бадамлана.
Эрдэм номын буян хурж, сайн үйлс дэлгэртүгэй.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats