Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Д.Лхаашид
ДАВАА ГАРАГТ ТАНИЛЦСАН ДАВТАГДАШГҮЙ ИХ ЭРДЭМТЭН

Тэр өдөр1997 оны 2-р сарын сүүлчийн даваа гараг байсан юм. Даваа гараг бол долоо хоногийн анхны өдөр. Өглөөний есөн цаг боллоо. Дорнод аймгийн засаг дарга Дамдинжавын Батсүх бид хоёр То вангийн мэлмий гийсний 200 жилийн ойд зориулан Улаанбаатар хотноо зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хуралд уригдан оролцох манай төр засгийн удирдагчид, нийгэм соёл урлагийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэд: Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Шагдаржавын Нацагддорж, Даваагийн Лхаашид гээд олон нийтийн байгууллага, хамт олон, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн нэрсийг жагсааж суув.
Бид хоёр ийнхүү уригдах хүмүүсийн нэрс гаргахын зэрэгцээгээр тус эрдэм шинжилгээний бага хуралд тавигдах илтгэлүүдийг хүлээн авч байлаа. Дорнод аймгийн засаг даргын тамгын газрынхан Улаанбаатар хотод бөөнөөрөө ирчихсэн, Б.Тогтохтөр ван амилан Эрдмийн энэ их чуулганд морилон ирэх гэж байгаа юм шиг л хурлын бэлтгэл ажил ер бусын их хөл хөдөлгөөнтэй явагдаж байсан үе юм.
Доктор Д.Лхаашид гэдэг хүн То ван судлалаар шургуу ажиллаж, олон шавь бэлтгэж байгаа тухай олж мэдээд, тэр үед Удирдлагын хөгжлийн институтэд суралцаж байсан, гэргий Д.Дуламсүрэнгээрээ зуучлуулан, түүнтэй эчнээ танилцаад байлаа. Удалгүй эрдэм шинжилгээний бага хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирлагын хөгжлийн институтээс тавигдах илтгэл ирлээ. Илтгэл хүргэж ирсэн хүн нь Лхаашид доктор өөрөө байлаа. Урьд нь зүс үзээгүй, эчнээ танилцсан докторыг би яагаад ч юм бол өндөр нуруутай, сүрлэг том биетэй, бүдүүн дуутай хүн байх болов уу гэж төсөөлж байж.
Гэтэл Лхаашид маань Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, эрчим хүчний инженер мэргэжилтэй, Удирдлагын Академи (Удирдлагын хөгжлийн институтын) менежментийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор То ван судлалыг хөгжүүлэх үйлсэд их академич Ш.Нацагдорж  гуайг удаалж яваа, эрдэм номын эрч хүч нь жигдэрсэн, сурч судлах, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл нь оргилж буцалсан, цогтой золбоотой, нүдэнд дулаахан, сэтгэлд элч хүч хайрласан, ёстой л номын гэрэл гэгээ цацруулан, чин зүрхний хайр хүндлэл бялхуулам сайхан хүн байж билээ.
Яг То вантайгаа уулзсан юм шиг тийм сайхан сэтгэгдлийг даваа гарагт тохиосон бидний уулзалтаар Даваагийн Лхаашид надад төрүүлсэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцаа, бие биенээ хүндэтгэх, хүсэл зорилгоо үгээр төдийгүй, үйл хөдлөлөөрөө ойлголцох нарийн мэдрэмж, холбоо үүссэн гэж хэлж болно. Товчоор хэлэхэд, шинэ долоо хоногийн эхний өдөр бид ийнхүү уулзаж танилцсан түүхтэй юмаа.
Лхаашид маань номын их хүн байсан. Ном бол Лхаашидын эх орон ард түмнийхээ өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийг нэг зэрэг харах нэгэн цонх нь байв. Номуун гэгээвчээр тэр асар их зүйлийг олж харж, олж харснаа олондоо түгээж чадсан хүн гэж би ямагт боддог. “Эрхэм нөхөр Паламдаа. То ванг хамтран судалсны дурсгал болгон барив. Д.Лхаашид” гэсэн бичээс бүхий ном зохиол бүтээл миний номын санд олон бий.
Удирдахуйн ухаан, бизнесийн ёс зүй хөгжлийн эдийн засаг, дэлхийн эдийн засаг, улс төрийн орчин, Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг, То ван судлал, Монголын эдийн засгийн аюулгүй байдал, нээлттэй эдийн засгийн бодлого зэрэг сэдвээр Д.Лхаашидын туурвисан 30-аад ном, нэг сэдэвт зохиол, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нь монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэгдсэний зэрэгцээ тэрээр Англи, Герман, Орос, Унгар, Хятад, Швед, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн олон оронд зохиогдсон семенар, сургалтанд оролцон, илтгэл сонсгол тавьжээ.
Нэг үеийг бодвол одоо ном олноор хэвлэгдэн гарах болж, харин ном маань удаан борлож байна гэх зохиогчийн үг олонтаа сонсогддог хэвээрээ байна. Гэтэл Д.Лхаашидын ном зохиол хэвлэлтээс гарсан даруйдаа алга болдог. Зарим хүмүүс дозтор Д.Лхаашидын номыг хайгаад над дээр хүртэл ирдэг.
Өнгөрсөн хавар “Үнэн” сонины газрын утга зохиолын ажилтан Пүрэвийн Хэрлэнтуяа надаас түүний бичсэн “Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг” номыг сурж ирэхэд нь олж өгч чадаагүй, зохиогчоос нь авч өгөх гэтэл түүнд үлдээгүй байсан  жишээтэй. Мөн Дагвадоржийн Дуламсүрэн “Гоо засал” ном бичих явцдаа “Үйлдвэрийн гоо зүй” номыг нь сураглахад мөн л зохиогчид өөрт нь үлдээгүй, түгээгдсэн байв. (Гоо засал” номыг Д.Лхаашид хянан тохиолдуулжээ) Энэ бүгдээс харахад түүний туурвисан ном зохиол хүмүүст түргэн хүрдэг, их хэрэгтэй, байнга эрэлт хэрэгцээтэй байгаа нь тодорхой байна.
Лхаашидтай танилцаж нөхөрлөх болсноор би олон шинэ зүйлийг мэдэж, сонсож авсны зэрэгцээ гараас нь олон ном зохиолыг нь гардан авч, олон ч сайн шавь нартай нь хамтран ажиллах завшаан надад тохиосон юм. Монгол орны маань аль ч өнцөг буланд өнөөдөр доктор Д.Лхаашидын шавь нар удирдах тушаалын албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа.
Ёстой л сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл гэдэг энэ юм билээ. То ван судлалын Эрдмийн зөвлөлийн даргын албыг То ван судлалын нийгэмлэг үүсэн байгуулагдсан цаг мөчөөс үр бүтээлтэй хашиж ирснийг би тэмдэглэхгүй өнгөрвөөс нүгэл болох ажгуу. Хурлын дэг, тавигдах илтгэлүүдийн дараалал, хурлаас гарах бичиг баримтын төсөл, үнэлэлт дүгнэлт боловсруулах гээд шил шилээ дарсан олон зүйлийн ажлыг бид хоёр ёстой л гар, сэтгэл нийлэн төвөггүй бүтээчихдэг байсан санагдана.
Намайг дандаа ”Миний дарга” гэх. Хурал дээр үг хэлж байхдаа ч энэ хэвшсэн “нэр томъёо”-г санаандгүй хэрэглэж байсныг хүмүүс анзаарсан байх. Түүний зан чанарын хамгийн сайхан тал нь харилцааны өндөр соёлтой, хэнтэй ч хүнлэг сайхан харилцдаг, уулзсан ярилцсан хүндээ ямар нэг зүйлийг хэлж, мэдүүлж өгдөг. Энэ чанараараа хүнийг өөртөө соронзон мэт татаж, хүмүүсээр өөрийгөө нягт хүрээлүүлсэн хүнлэг ухаалаг нэгэн байсан юм.
Хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна. Мэдлэгтэй хүн улс эх орондоо илүү их тус болно. Алдаагаа судлаж, амжилтанд хүрнэ. Хийж чадахгүй байж, хэрэглэх сэтгэлгээг урьтал болгож болохгүй. Боловсролоо хөгжүүлэхийн тулд багшаа хөгжүүлье.
Тогтохтөр ван хошуу нутгаа хөгжүүлэхийн тулд ард олноо соён  гэгээрүүлэхээр сургууль соёлын газрууд байгуулан, хошууныхаа зардлаар сургалт явуулан, сурах бичгийг нь хүртэл өөрөө зохиож, модон барын аргаар хэвлэж байсан төдийгүй, амьдрал ахуйд хэрэгтэй сургаал ном туурвин, гадаад хэлнээс ном судар орчуулан, олшруулан нийтийн хүртээл болгож байсан. То ван өөрийгөө тэтгэх эдийн засаг, өөрийгөө сурган хүмүүжүүлэх монгол ухаан, менежментийн сургаал бүтээл олныг гаргасан эрдэмтэн.
Энэ бүхэнд хүрэхийн тулд То ван эхлээд өөрийгөө бэлтгэсэн. Их хөдөлмөрлөсөн, их суралцсан. Олон хүний хийх зүйлийг нэгэн биеэр бүтээж амжсан. То ван бүсчилсэн хөгжлийн үндсийг тавьсан. То ван уран барилгыг хөгжүүлсэн. Үндэснийхээ уламжлалд тулгуурлан То ван олон салбарт нэгэн зэрэг олон шинэтгэл хийсэн. Тиймээс одооных шиг алдаа гаргаагүй. То ван хуулиа дээдэлдэг. То ван эх оронч. Энэ бүхэн Дэлхийн мэдээлэл судлалын парламент, олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, эрхэм анд Даваагийн Лхаашидын байнга дээдлэн хэлдэг зүйлийн зөвхөн эхлэл. Лхаашид доктор Тогтохтөр ван шигээ хүний гар харалгүй, шинжлэх ухаан, эрчим хүч, аюулгүйн зөвлөл, боловсрол, менежментийн зэрэг салбаруудад нэгэн зэрэг олон талт үйл ажиллагаагаа өндөр мэдлэг, нарийн ур чадвараар явуулж байсан билээ. Миний бодлоор Лхаашид маань монгол хүний хүчин зүйл хязгааргүй их болохыг То ван судлалаар гарган тавьж чадсан авъяаслаг, ухаантан, жинхэнэ эрдэмтэн хүн байсан даа.
Доктор Д.Лхаашид Монгол орны нийгэм, эдийн засагт гарсан ардын хувьсгал, ардчилсан хувьсгалуудын зааг, шилжилт, өрнөлт, бууралтын эгзэгтэй, нэн сонирхолтой үед амьдарч байсан нь судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх хүчин зүйл болж, ажил үйлсэд шинэ уур амьсгал оруулж, шинэлэг үр дүн, шинэчилсэн үнэлгээ дүгнэлт гаргахад нь ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Ийнхүү цаг үеийн нарийн мэдрэмжээр улс орныхоо хөгжил дэвшилд шинэ уур амьсгал оруулсан эрдэмтэн, сэхээтнүүдийн нэг гэдгийг  бүтээлийнх нь жагсаалтаас харж болох байна.
Монгол оронд гарсан ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд хүмүүс материаллаг баялгийг бүрдүүлж,өөрийн гэсэн өмчтэй болох эрмэлзлэл юун түрүүн давамгайлж байсан. Энэ хандлага аажимдаа эрдэм боловсролтой болох хүсэл тэмүүлэлтэй хослох болж, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн олон тооны бага, дунд, их, дээд сургуулиуд үүд хаалгаа нээж байна. Боловсролын салбарт Лхаашид багшийн оруулсан хувь хандив ихээ.
Сүүлийн арваад жилд хөрөнгө санхүүгийн гэх хомсдолоос үүдэн манай шинжлэх ухааны салбарт ажиллагсадын тоо буурч, тэнд ажиллах хүсэлтэй залуу хүмүүс хэт цөөрч, судалгааны зарим гэн салбарт ажиллагсдын хөгшрөлт үүссэн төдийгүй эзэнүйдэх хандлага гарч байгааг нуух юун. Энэ нөхцөл байдалд үл автан, Лхаашид маань эрдэм судлалын ажлаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаатай хослуулан хашсаар ирсэн ба үр дүнг нь төрийн бодлого боловсруулах хэмжээнд хүргэж байсан жишээ олон бий.
Бие дааж хөгжих үү, эсвэл дэлхийд дангаараа ноёрхож хөгжих үү гэдэг тухай аль ч улс орон өнөөдөр төсөөлөхөө больж, харин аль нэг салбарт давамгайлж хөгжих даяарчлалын стратегийг эрхэмлэх чиг хандлагатай болсон нь хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж байна. Ялангуяа түүний хамгийн сүүлчийн томоохон бүтээл болох  “Удирдахуйн нийгэм-сэтгэл зүйд үгүйлэгдэж байгаа аргууд” номыг уншаад би монгол айл бүрийн унины ном, дарга зүтгэлтнүүдийн маань ширээний ном болоосой гэсэн сэтгэгдэл төрсөн. 
Энэ ном манай нийгэм, төр засгийн үйл ажиллагаа, хүмүүсийн сэтгэлгээний чиг хандлагыг эрдмийн шидэт толинд тусгасан мэт бичигдсэн зохиол болсон бөгөөд аав, ээж нь үр хүүхэдтэйгээ хүүрнэж байгаа мэт ард түмэнтэйгээ энгийн үг, номуун ухаанаар ярьсан их эрдэмтний сүүлчийн яриа байлаа. Уншигч авхай таныг өнөөгийн бидний багш, инженер, доктор профессоруудын дотроос хэн маань ингэж эх орон, элгэн түмнийхээ төлөө санаа тавьж явна гэж бодогдуулахад хүргэж мэднэ. Цэрвэж, эмзэглэлгүйгээр анхааралтай уншиж, судлууштай зүйл энд их бий. Энэ бүтээлийг нь бурхан болоочийн өргөн олныхоо ухаанд ухаан нэмэхээр тунгалаг мэлмийд нь өргөн барьсан дундаршгүй оюуны нь эцсийн номуун их өглөг гэлтэй.
Тэрээр Тогтохтөр вангийн нутаг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод То вангийн нэрэмжит улсын их сургууль байгуулах саналыг 2002, 2003 онуудад зохиогдсон То ван судлалын эрдэм шинжилгээний бага хурлын индрээс дэвшүүлж байхдаа “Би очиж хичээл заана”-гэж ярьж, амьдралд хэрэгжих мөчийг нь сэтгэл догдлон хүлээж байсан юм. Энэ бол түүний улс эх орон, ард түмнээ соён гэгээрүүлэх талаар тавьж байсан дорвитой санал, зорилтуудын зөвхөн нэг жишээ нь юм гээд бодоход доктор Д.Лхаашид асуудлыг хичнээн өргөн цар хүрээтэй, хичнээн их холч, ирээдүйтэй сэтгэн бодож явсны илэрхийлэл юм.
Доктор Д.Лхаашид асар их өв хөрөнгөтэй нэгэн байжээ. Түүний энэ их өв хөрөнгө бол оюуны сан хөмрөг мөн бөлгөө.энэ их өв ухааныг түүний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсөд, анд сайн нөхөд, гарын шавь нар, номын садангууд нь өвлөн үлдвээ. Ухаант хүмүүний номын ач буян гэдэг хэмжээлшгүй их юмаа.
1982 онд Д.Лхаашид тэр жил Дорнод аймагт очоод Их бурханы дэргэдээс эх орныхоо дорнод хил хязгаараас мандаж буй нарны доогуур туналзан урсах Халхын гол, хилийн дээсийг дагаад зэрэглэн униартах сүмбэр уулсыг харж зогсохдоо эндээс монголын ирээдүйн хөгжил эхлэнэгэж хэлж байсан үг нь эдүгээ чихнээ давтан сонсогдох шиг болов.
Тийм ээ. Түүний энэ үг үнэхээр давтагдах шиг болов. Энэ агшинд сэтгэлд гүн харуусал төрж, тэнгэрт хальсан ухаант эрдэмтний орхин одсон орон зайд нэгэн шүлгийн хэдэн мөр аяндаа буув:
НАРЛАГ ГОВЬДОО ИРЭЭРЭЙ
Холдож мартахын аргагүй
Хосгүй сайн анд минь
Хорвоо дэлхийгээ орхин
Хол битгий яваарай
Санаж, мартахын аргагүй
Сайн анд найз минь
Садан төрлөө орхин
Салж битгий одоорой
Найдвар итгэл хүлээсэн
Насны сайн анд минь
Нарлаг говьдоо ирж
Нарт ертөнцөд төрөөрөй
Удалгүй энэ шүлгийн хэдэн бадаг сэтгэлийн халилаар хөглөгдөн дуу болж,тал дахь танан цагаан гэрийн тооноор жигүүрлэн гарч, эх нутгийн алтан говь, сүмбэр уулс, нарлаг талын дээгүүр симфони хөгжим болон уянгалах шиг болов.Энэ аялгуу тэнгэрт хальсан давтагдашгүй их эрдэмтний амин сүнсийг бурханы орноос эх нутагт нь залж ирэх болтугай.          



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats