Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Л.Батжил
БУЙР НУУРЫН “ЖУУЛЧИН” БААЗАД

Бадралт нутгийн минь дорнод хил хязгаарт
Баялаг Буйрын цэнхэр долгио
Салхины аясаар мяралзан давалгаална
Сарны доогуур мэлдтийж байдаг даа.
        Дууны шүлгээс
Монгол загасны үйлдвэрийн баруун урдхан талд Буйр нуурын эрэгт орших Л. Батжил эзэнтэй “Жуулчин” баазаар дамжин бид буцсан юм. Энд нэг жижиг тоосгон барилга, эгнүүлэн барьсан хэдэн цагаан гэр бий. Барилга дотор нь баар ресторан байх ба жуулчид хооллож, хөгжим сонсож, дуу дуулж, бүжиглэх бүрэн боломжтой ба гэрт амьдарна.  Ноднин жилийн намар То ван гуайн мэндэлсний 210 жилийн ойгоор бид энд дайлуулж цайлуулж гарсан. Тохь тухтай сайхан үйлчилгээтэй газар байгуулсан ноён Л. Батжилд бид талархал дэвшүүлээд буцсан. Энэ жил зочид гийчид олонтой, хөл хөгжөөн ихтэй байлаа. Биднийг “Жуулчин” баазын эзэн ноён Л. Батжил, гэргий Сайханаагийнхаа хамт элэгсэг дотно хүлээн авч уулзсан юм.
Буйр нуурын амьтдын тоонд хясаа багтана. Хясааг бусад оронд “далайн хишиг” хэмээн нэрлэж, хүнсэнд өргөн хэрэглэдэг байхад манай сумынхан хясаа бүү хэл, Буйр нуурын булуу цагаан загасыг ч тэр болгон иддэггүй байна. Харин То ван гуайн үед хүнсэнд хэрэглэж байсан тухай баримт байдаг. Хясааг би Солонгос улсад 1984 онд очихдоо анх идэж үзсэн. 1996 оны зун Монгол кино нэгтгэлийнхэн энд “Хэцүү ван Тогтохтөр” түүхэн сэдэвт уран сайхны киноны зураг авалт хийж байхад нь эргэж очингоо миний бие хясаагаар нэг удаа дайлж билээ.
Буйрын загасны үйлдвэрээс холгүй орших “Жуулчин” бааз далайн хишиг хүртэн ажиллах зохистой газар байрлажээ. Урьд нутгийнхан Буйр нуур гэж хэлдэггүй, “Далай ээж” гэдэг байсан ба 1910 аад оны үеэр Хайлараас Галбаров, Александров гэдэг хоёр орос ирж Буйр нуурт загас агнуурын газар байгуулсан байна. Тэд Буйрын захад барьсан загасаа давслах, утах хоёр үйлдвэртэй байсан ба загас амьдаар нь хадгалах усан сантай байв.
Ардын засгийн газрын 1921 оны 7-р сарын 18-ны хуралдаанаар түрээсээ төлөөгүй Галбаровын хөрөнгийг нь хураах хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. Данх хэмээх Тамжав тэргүүтэй нутгийн зэвсэглэсэн хүмүүс довтлон хэд хэдэн хүмүүсийг буудаж, эд хөрөнгийг нь хураан авч, барилга байшинг нь эвдлэн шатаасан тухай ахмад дипломатич Б. Жаргалсайхан гуай дурсамждаа өгүүлжээ. Буйрт хэдэн жилийн дараа Каспийн тэнгэсийн халимагууд ирж Монгол загасны газрыг байгуулсан байдаг.
Эдүгээ Монгол загасны үйлдвэр ажиллахгүй болж, хүмүүс хувиараа загас агнуурын ажил эрхлэх болжээ. Буйр нуур замагтан, загас жараахай нь нэн их цөөрчээ. Энэ нь Буйр нуурын хойт захаас 1962 онд БНХАУ- д өгсөнөөс хойш болсон явдал гэх.
Намайг бага байхад эмэг ээж Нямын Рэгзэн (1880 -1968) Буйр нуур хясаатайгаа адилхан хэлбэртэй, зүүн хойт талаараа гүнзгий, баруун талаараа гүйхэн байна. Дээр үед бид Халхын сүмд өвөлжөөд, Хөлөн нуур (Далай нуур) - ын хавтгай усанд очиж зусдаг байсан ба Халхын халуун рашаан ч манай хошууны нутаг байсан гэж дурсаж байж билээ. Эдүгээ эдгээр нутаг БНХАУ-ын нутагт багтах болжээ. Бусад улс орон хилийн бүс газраа эзэмшиж, эдлэж хамгаалдаг байхад одоо ч манайд эзгүйрүүлдэг тогтолцоо бий болоод байна.   
Халхгол нутгийнхан байгалийн өгөөж баялгаа ашиглахад арвин их нөөцтэй юм. Мангир гэж хүнд ч, малд ч нэн их шим тэжээлтэй ургамал ургана. Энэ жил хур бороо элбэгтэй, дэлгэр сайхан зун болж байгаа болохоор Халхын голд хаа сайгүй мангир их ургажээ. Эрс уулын хилийн сумангийн дайчдын яриагаар зуны цагт мангираар хоол амталахад халуудаад, нүүр амаар юм гардаг гэнэ.
Мангирыг түүж, хайчилж, Сангийн далайн давстай хольж нүдээд дарахад өвөлжин хэрэглэх амин дэмээр баялаг амтлагч болно. Мөн таана хөмөлийг ч ингэж давсалж нүдээд ааруул шиг дэлгэцэн дээр тавьж хатаахад хуурай амтлагч болно. Зэрлэг сонгино Цагаан уулын талд их ургана. Зэрлэг сонгиныг өвөл л хоолонд хэрэглэнэ.
Хоол амтлагчийн талаар баахан юм бичлээ. Сангийн далайн давс, Буйрын булуу цагаан загас, Цагаан уулын тарвага, талын цагаан зээр, үрэл мойл, Дархан сөөгт ургаж буй чацаргана, үхрийн нүд, төрөл бүрийн сортын алим, давжаа алим, шар буурцаг гээд тоочвол байгаль дэлхийн хишгээр энэ нутаг баялаг даа. Давжаа алим, төрөл бүрийн сортын алим, чацаргана, үхрийн нүд зэрэг таримал жимс жимсгэгнээс гадна байгалийн зэрлэг үрэм мойлыг түүж, хатааж, дарж хэрэглэх түмэн арга технологи бий.
Буйр нуур цэнгэг устай. Буйлсээр манайхан дээр үеэс л компот хийдэг байсан. Гүүгээ сааж айраг төдийлэн хийдэггүй ч тогоо нэрдэг л байсан. Ямартаа То ван архи уугаад агсам тавьдаг хүмүүсээ мэргэн ухаан, уран аргаар номхотгож байсан байхав дээ. Шимийн архи нэрээд жуулчдад үйлчлээд үз гэж шууд хэлж буй бус “То ван ардын аман зохиол” номондоо энэ нутгийнхны уламжлалт аж амьдралын холбогдолтой зүйлээс нэлээд оруулж бичсэн байгаа. Энэ нь судлаачдад төдийгүй авч хэрэглэх хүмүүст хэрэг болох зүйл бий гэсэн үг юм.
Үүнийг яагаад энд бичээд байна гэвэл ноён Л. Батжил, хатагтай Сайханаа нар байгалийн өгөөж баялгийг “Жуулчин” баазынхаа хоол хүндсэнд өргөн ашиглах юм бол нэгд, хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй энэ үед экологийн цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэснээрээ давуутай байх ба аялал  жуулчлал эрч хүчээ авдаг зун, намрын улиралд махан хоол бага хрэглэх нь хүний эрүүл мэндэд нэн ашигтай зүйл болох нь дамжиггүй.
Нутгийн маань бизнес сэтгэлгээтэй, ажилсаг авхаалжтай залуус энэ санааг аваад ашиглахад хүндрэл бэрхшээл гарахгүй буй зээ. Загасыг давсалж, утаж, шарж, чанаж болгох олон арга байгаагийн зэрэгцээ хатааж, борцлох, шүүсэнд нь болон чинжүүтэй сүмсэнд нэвчээн хадгалах, амьдаар нь усанд хадгалах олон боломж бий. То ван судлалын нийгэмлэг энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө өгч болно.
Хэрвээ энэ ажил үр дүнтэй болбол Буйр нуурын “Жуулчин” баазад ирсэн гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд махан хоол гэхээсээ илүүтэйгээр Буйр далайн хишгээр зоог барих болно.
Манай нөхцөлд аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарах гол зүйлийн нэг нь ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамж, ариун цэврийн боловсон газар байдаг. Буйрын “Жуулчин” баазын бас нэг давуутай тал нь шавхагдашгүй их нөөцтэй, цэвэр цэнгэг устай далайн захад байрладагт оршино.
1939 онд Г.К. Жуков Халхын голд японы милитаристуудыг ялаад очиход И.В. Сталин баяр хүргээд чамд ямар бэрхшээл тохиолдож байв хэмээн лавлахад зам тээвэр, харилцаа холбоо гэж товчхон хариулсан гэдэг. Одоо Халхын голд энэ бэрхшээл байхгүй болжээ гэх бүрэн үндэстэй.
Ийм дэг маягаар ажиллаж амьдрахад То ван гуайн “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал оршвой”  бүтээл хэн хүний гарын авлага болох нь дамжиггүй



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats