Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Д.Цэвээндорж
АРХЕОЛОГИЧ Д.ЦЭВЭЭНДОРЖ ХАЛХЫН ГОЛД

Ногоон одончуу дээлэн дээр шар өнгийн савхин хүрэм өмсч, саарал бүрх малгай хэлтгийдүүхэн тавьсан нь нэн зохисон нэгэн ханхар эр Халх гол сумын төв Сүмбэр тосгоны гудамжаар тайвуухан алхах нь нутгийнханд сонин содон харагдана. Энэ хүн бол ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндорж бөлгөө. Тэрбээр энэ удаа Халхын гол дахь Ор нугын хэлтгий хаднаа очиж, энд амь эрсэдсэн Чингис хааны Хуйлдар сэцний онгон мөн эсэхийг тогтоох археологийн судалгаа хийх ажлаар ирээд байна.
Халхгол нутгийнхан маань надад хандан, -Энэ манай нутгийн  хүн үү гэхэд нь -Үгүй ээ, Архангай аймгийн Өндөрсант сумын уугуул л даа, Гэхдээ энэ эрдэмтэн маань Монголын төдийгүй, дэлхийд данстай том эрдэмтэн хүн дээ хэмээн хариулахуй, -Та нутагтаа ирэх бүртээ л эрдэмтэд дагуулж ирэх юм. 1997 онд То вангийн мэндэлсний 200 жилийн ойгоор ирэхдээ Б.Чадраа, Д.Баатар, М.Төмөржав, О.Шагдарсүрэн зэрэг академичид, бас Б.Дашням. Англи улсын Терри Пийч нарын олон докторуудтай ирсэн гэж билээ.   
Зах хил хязгаар нутгийн хүмүүс төрөлхийн гэмээр сонор соргог,  ажигч анирч байдаг онцлогтой. Энэ зан чанар манай Халх голынхонд шингэсэн гэхэд болно. Тэд шинэ эрдэмтэн зочныхоо талаар илүү их зүйлийг мэдэж авахыг хүсч байгаа нь илэрхий байлаа.  
Д, Цэвээндорж 1966 онд ОХУ-ын нийслэл Москва хот дахь М.В. Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд элсэн орж, түүхийн салбарыг төгсч археологичийн мэргэжил эзэмшжээ. 1972 оноос ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орон ажиллаж эхэлснээс хойш 38 жил болжээ. Энэ хугацаанд 1983 онд түүхийн ухааны докторын зэрэг, түүнээс арван таван жилийн дараа 1998 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалжээ.  
2006 онд археологийн шинжлэх ухааны хөгжил болон Монголын ард түмний эртний ба дундад үеийн нүүдэлчдийн түүх соёлын дурсгалыг судлаж сурталчлах, залуу эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх хийгээд эрдэмтдийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Д. Цэвээндоржид Монгол улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан цол хүртээсэн байна. Тэрээр 1998 онд шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, 1999 онд академич Х. Пэрлээгийн нэрэмжит шагнал, 2000 онд Алтан гадас одон болон ардын хувьсгалын ойн медалиудаар энгэрээ мялаасан эрдэмтэн хүн юм.
Би түрүүн Д. Цэвээндорж бол монголын төдийгүй дэлхийд данстай эрдэмтэн хүн гэж хэлсний учрыг тайлъя. Тэрээр 1996 онд АНУ-ын Аризоны их сургуулийн Антропологийн шинжээч профессор, 2001 онд Бельгийн вант улс дахь Европын хятад судлалын хүрээлэнгийн хүндэт доктор, 2007 онд ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн, 2008 онд Казакстан улсын Ш.Е. Есеновын нэрэмжит Актаугийн их сургуулийн хүндэт профессор цолыг тус тус хүртжээ.
1990 оноос Д. Цэвээндорж түүхийн ухааны докторын зэрэг олгох зөвлөлийн жинхэнэ гишүүн, 1991 оноос урлаг судлалын ухааны докторын зэрэг олгох зөвлөлийн гишүүн, 1995 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Төв Азийн хадны зураг судлалын олон улсын холбооны гишүүн, 1996 оноос олон улсын өвөг түүхийн холбооны гишүүн, 1997 онд МУ-ын Хүмүүнлигийн ухааны академийн жинхэнэ гишүүн, дэд захирал, 1999 оноос ЮНЕСКО-гийн нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн, 2006 оноос ШУА-ийн бага чуулганы гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байгаа.
Халхгол сум орохынхоо өмнөхөн Улаанбаатар хотноо Монгол-Солонгосын археологич эрдэмтдийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг “Талын эзэнт гүрэн - Хүннү” сэдвээр амжилттай зохион байгуулсан. Халхын голоос буцах замдаа бид Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт орших Хэрлэн барс хотын туурь дээр ирж судалгааны ажлаа үргэлжлүүлсэн юм. Улаанбаатар хотод ирмэгцээ Солонгос улсад томилолтоор явах бэлтгэлээ базааж эхлэв. Ажилгүй хүн байнга завгүй гэдэг бол Д. Цэвээндорж гавъяат нэг хүнд ахадсан их ажилтай хэрнээ амжуулаад явдаг нэгэн ажгуу.
Эрдэмтэн хүн ямар ажил амжуулдаг байна гэж Халх голынхон лав тодруулан сонирхох байх. Нэг сумын төвд ирж, нуруугаа үүрээд нэлээд алхаж, салхилж яваад буцдаг байна уу гэвэл үгүй ээ. Бид өөр өөр мэргэжилтэйн дээр өөр өөр чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг болохоор бие биеийнхээ эрхэлж буй судалгааны ажлыг тоймлон хэлэхээс биш, бүүр нарийн ширийнийг нь яахин мэдэх билээ. Нэг үгээр хэлэхэд бидний ажиллаж эхэлсэн 1970-аад онд чинь “сраз майор” болчихдоггүй, дээд сургууль төгсөөд ирэхэд ажлыг хар бороос нь, албан тушаалыг аль багаас нь эхлэн хийлгэдэг байсан цаг. Д. Цэвээндорж энэ жаягаар бүх шатны ажлаар дадлагажин, сурсан эрдмээ баталгаажуулсан нэгэн. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас аваад хүрээлэнгийн захирал болтлоо өсч яваа томоохон эрдэмтдийн маань нэг дээ. Гавъяат боллоо гээд европ ёс заншилд шилжин, үндэснийхээ юмыг орхисонгүй. Хаана ч очсон гүндүүгүй монгол зангаараа нутгийн ардуудтай хуучлан, эцэг өвгөдийнхөө өмсч зүүж ирсэн монгол дээл хувцсаа өмсөөд явж буйг нь харахад “их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруухан” гэсэн ардын маань онч мэргэн үг орой руу орно.
1978 онд Д. Цэвээндорж Д. Доржийн хамт “Монголын палеолит” ном бичсэн. 1979 онд “Чандмань соёл”, “Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал”, тэдгээрийг удаалан “Монголын эртний урлагийн түүх”, “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” (хамтын бүтээл), А.П. Деревянко болон бусад нөхдийн хамт “Неолит юго восточного фаса гобийского Алтая”, “Палеолит и неолит северного побережья долины озер” болон “Mongolie du nord–ouest Tsagaan salaa & .aga Oigor. Repertoire des petroglyphes d’Asie Centrale” ном бичиж, “Монгол улсын түүх” таван боть хамтын бүтээл номын тэргүүн дэвтрийн үндсэн зохиогч, редактороор ажилласан ба 2002 оны шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн дэд шагналт “Монголын археологи”, “Монголын археологийн судалгаа, “Жавхлант хайрханы хадны зураг” зэрэг арван таван нэгэн сэдэвт зохиол бичиж, 20 гаруй хамтын бүтээл туурвин, 300 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл бичиж, Монгол, Орос, Унгар, Бельги, Герман, Япон, Америк, Итали, Солонгос, Франц, Хятад, Турк зэрэг олон оронд нийтлүүлсэн байна.  
Энэ бүх бүтээлийн талаар нэг бүрчлэн тайлбарлавал нэлээд хугацаа шаардагдах нь мэдээж билээ. Мэргэн уншигч таныг чилээхгүйн тулд энд хоёр гуравхаан жишээ дурьдая. 2006 онд Д. Цэвээндорж гавъяат Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богд уулын зүүн сугаас ундран урсах Олон гүүрийн гол дахь мөнх цэвдэгт морь дагуулж оршуулсан, бүрэн зэр зэвсэг агссан, дээл хувцастай хүний булшийг нээсэн нь тэр жилийн дэлхийн археологийн шинжлэх ухааны арван шилдэг нээлтийн нэг гэж АНУ-ын Дисковеры сэтгүүл зарлажээ. Мөн онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Салхит” гэдэг газраас нэн эртний хүний гавлын чулуужсан яс олдсоныг судлаж 500 000 жилээс өмнөх үеийнх болохыг тогтоосныг нээлт гэж үзсэн ба үүгээрээ дэлхийн эртний хүн судлалд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Д.Цэвээндорж гавъяатын удирдсан дотоодын 12, гадаад орны 6 аспирант докторын зэрэг хамгаалсан ба 1 докторант шинжлэх ухааны доктор болжээ.
Д. Цэвээндоржтой алсын замд хамт явахад газар түргэн хорно. Тэрээр эрдэс судлаач Дондогийн Гарамжав, эрэмгий зоригт Жамбалжавын Сумъяа, ухаалаг академич Баатарын Чадраа, удамт эрдэмтэн Ринчингийн Барсболд, унаган нутгийнхаа Майдаржавын Ганзориг зэрэг анд сайн нөхдөө магтана. Б. Ринчин, Ц. Дамдинсүрэн нарын эрдэмтдээр бахархана. Академич Х. Пэрлээ багш нь түүний мөнхийн шүтээн болохыг түүний ярианаас төвөггүй мэдэж болно
Түүний багш Пэрлээ Дамдины (Хөдөөгийн). 1911 онд одоогийн Хэнтий аймгийн нутаг “Цагаан булш” гэдэг газарт төрсөн, түүхч, зохиолч, орчуулагч,МУ-ын ШУА-ийн. гишүүн, Монголын эртний түүх соёл иргэншлийг судлаж, “Кидан нар монголчуудтай холбогдсон нь”, “Монгол түмний гарлыг тамгаар судлах нь”, “То вангийн намтар”  зэрэг нэг сэдэвт зохиол туурвиж, “Монголчууд эвд дуртай”, “Хэрлэнгийн унага”, “Хан Хэнтий минь” зэрэг шүлэг, яруу найраг, хүүрнэл зохиолын ном бичиж, “Игорийн хорооны дуулал” номыг монгол хэлнээ орчуулжээ. МУ-ын ШУА-ийн археологийн шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлд олгох Х.Пэрлээгийн нэрэмжит шагналыг 1991 онд буй болгожээ.
Д. Цэвээндоржийн олон сайн багшийнх нэг нь Оросын нэрт эрдэмтэн, академич А.П. Окладников мөн бөлгөө.
А.П. Окладников бол Оросын түүхч, археологич, академич, Монгол улсын шинжлэх ухааны академийн гишүүн, Дорнод Азийн болон Монголын түүх, археологийн судлалаар олон бүтээл туурвисан хүн. Чулуун зэвсгийн дурсгалыг судлахаар Хэрээ уул орох замдаа Их бурхан, Хүүхдийн (Толгойтын) овоог үзэж, энэ чинь эртний Энэтхэгийн бүтээлийг санагдуулж байна. Монголд ийм агуу их дурсгалтай учрана гэж зүүдлээ ч үгүй явлаа гэж ярьж байсан ба дараа нь Оросын эрдэм шинжилгээний сэтгүүлд “Халхын голын их бурхан” нэртэй өгүүлэл нийтлүүлсэн байна. Тэр өгүүлэлд ийм агуу их монументаль дурсгалыг ихээхэн өндөр соёлтой хүмүүс бүтээсэн байж таарна. гэж бичжээ. Алексей Павлович Тамсагийн мөрөгцөгөөр хайгуул хийж, өнжихдөө энэ хавийн газар нь хүн төрөлхтний өлгий нутгийн нэг юм гэсэн сэтгэгдлээ,-Нутгийн хүмүүст сайхан сонсогдож байгаа биз. Баярлах болоогүй. Ийм асуудлыг чинь ганц юм уу, хэд гурван хүн биш орон орны олон эрдэмтэд зөвшөөрч байж сая шийддэг юм гэж ярьж байсан ажээ. Энд зөвхөн хоёр багшийнх нь тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.
Д. Цэвээндорж хэмээх Монгол улсын шинжлэх ухааны нэгэн гавъяатынхаа албан тушаал хашиж, сонгуульт ажил эрхлэн, археологийн судалгаа шинжилгээний ажлаа амжуулаад, гадаад дотоодод зохиогдож буй алба ажил, хурал зөвлөлгөөнд оролцон борви бохис хийх завгүй их үйлсийг бүтээж яваа тухай товчхоон танилцуулахад ийм бөлгөө. Цэвээндорж докторын Халхын голд хийсэн судалгааны ажлаа амжилттай үргэлжлүүлэн, шинжлэх ухаанд шинэ нээлт, бүтээл гаргах нь эргэлзээгүй. 



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats