Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
М.Намсрай

АРИУН ҮЙЛСИЙН АМИН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ

Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая тангараглая тангараглая
Хүний их эмчийн тангараг.

Бөөр бол хүний амин чухал дотор эрхтний нэг агаад орчин цагт бөөрөөр өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай, хүндэрсэн тохиолдолд хэвлийн хөндийг нээж мэс заслын аргаар анагаадаг байтал Монгол улсын төрийн шагналт, хүний гавъяат их эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх их эмч  М. Намсрай орчин цагийн шинжлэх ухааны ололтыг ашиглан дурангийн аргаар анагаах бичил мэс заслын шинэ арга сэдэн эмчилгээний практикт нэвтрүүлсэн нь анагаахын салбарт манай алтан гартай эмч нарын олсон ололт амжилтын нэг, эмчлүүлэгчдийн талархал хүлээсэн эмчилгээнй нэг төрөл хэдийнээ болжээ.
Манай улсад түрүү булчирхайн хоргүй томролтын улмаас дурангийн мэс заслын эмчилгээ хийлгэсэн 300 өвчитний эд эмийн шинжилгээний дүнгээс үзэхэд түрүү булчирхайн архаг үрэвсэл 1,3%-ийг эзэлж байсан байна.  Дурангийн аргаар мэс засал хийнэ гэдэг нь эмгэгтэй дотор эрхтэнд гар хүрэлгүй, дуран авайн нарийн багажны тусламжтайгаар мэс ажилбар үйлдэхийг хэлдэг ажээ.
Бага байхад ахмад хүмүүс дүрсгүйтсэн хүүхдийг бөөрийг чинь авна шүү гэж айлгадаг байсан бол одоо Намсрай эмч дурангийн аргаар таны бөөрийг эмчилээд эдгээнэ гэхэд өвчин эмгэгт нэрвэгдэж шаналсан хүмүүүс за ашгүйдээ гэж баярлана. Бөөр хэмээх эрхтэнд олон төрлийн өвчин эмгэг тусах ба тэдгээрийн дотроос түрүү булчирхай нь эр хүйст амьтанд тохиох агаад шээсний сүвийн нарийн сувгаар дамжуулан эм хүйст амьтны үтрээнд ортол нь эр бэлгийн эсийг цацах нэн чухал үүрэгтэй. Энэ эмгэг нас ахисан монгол эрчүүдэд элбэг тохиолдоно. Түүнийг анагаах хамгийн дөт бөгөөд шууд арга нь мэс засал юм. Хүний хэвлийн хөндий дотор байрлах энэ эрхтэнд хүрэхийн тулд давсгийг нээх, түрүү булчирхайн гэрийг нээх (Myllin –ны арга), хярзанг нээж хүрэх гэсэн мэс ажилбарын гурван үндсэн арга байдаг. Товчоор тайлбарлахад хүний биеийн дотор байрлах нэг эрхтнийг мэс ажилбараар анагаахын тулд замд тохиолдох өөр нэг эрхтнийг (арьсыг зүсч) нэвтлэн хүрэх ёстой юм байна. Үүнээс үүдэн хавсрага хүндрэл гарахыг хэн байг гэхэв.
Их эмч М.Намсрай замд тохиох эд эсэд гар хүрэлгүйгээр бөөр шээсний замын эрхтэнд шууд хүрэх эмгэг багатай эрсдэл бууруулсан шинэ арга болох дурангийн мэс ажилбарыг тал бүрээс нь нарийн судлаж эмнэл зүйн практикт амжилттай нэвтрүүлж чадсанаар олны талархлыг зүй ёсоор хүлээх болжээ. Ийнхүү бөөрөнд хүрэх дөт замыг олж амжилтанд хүрснээр түүнийг “бөөрний Намсрай” гэхээсээ илүүтэйгээр “дурангийн Намсрай” гэх болсон байна.
Тэрээр бөөр шээсний замын өвчнийг оношлох долоон өөр төрлийн шинжилгээг арван мянга гаруй хүнд хийсэн, дурангийн мэс заслын аргаар найман төрлийн хагалгааг бөөр шээсний замын арван зургаан өөр төрлийн өвчин эмгэгтэй мянга гаруй хүнд хийсэн гэж 1999 онд анх танилцах үедээ надад ярьж байсан. Тэр цагаас хойш даруй арван нэгэн жил улиран өнгөрсөн болохоор энэ тоо баримт нэлээд өссөн нь тодорхой юм.
Нэгэнтээ М. Намсрай эмч надад хандан Би чамайг үндсэн мэргэжлээсээ гадна бас сэтгүүлч, телевизийн зураглаачийн давхар мэргэжилтэй гэж М. Төмөрбаатар (бид хоёрын эрдэм номын шугамаар танилцуулсан хүн) -аас сонслоо. Бололцоо гаргаад ирэх долоо хоногийн гуравдахь өдрийн өглөөний 10 цагт над дээр ирнээ. Хоёул дурангийн хагалгаа хамтарч хийнэ хөө гэдэг юм байна. Би ч анхандаа тоглож байна гэж бодсоноо нуух юун. Гэтэл тэрээр үнэнээсээ ярьжээ. Намайг очиход ахлах сувилагч Чулуунцэцэг гутал тайлуулан, гар угаалгаж, халаад өмсгөн, амны хаалт зүүлгээд хагалгааны өрөөнд дагуулан ороход тарианы сувилагч өвчтөнд мэдээ алдуулах тариа хийж, их эмч М. Намсрай хагалгаанд бэлтгэж байлаа. Энэ нь хүний дотоод эрхтнийг зураглах боломжийг надаар судлуулж байгаа хэрэг байжээ.
Хагалгааны дараа Намсрай эмч надад хандан, - За ямар байна гэхэд нь би, - зураглаж болно гэсэн. Ингэж би анх хүний дотоод эрхний зургийг дурангаар харж, Намсрай эмчийг анагаах ухааны докторын зэрэг хамгаалахад нь хоёрдох удаагаа хамт хагалгаанд орж зураглаж билээ. Ингэж зураглахад бэрхшээлтэй юм байсан л даа. Гэхдээ зорилгоо төвөг багатай биелүүлцгээсэн дээ.
1984 онд миний бие баруун гурван аймгаар судалгааны ажлаар явахдаа анх Увс аймгийн Тариалан суманд очиж хотон ястны талаар бага сага судалгаа хийж эхэлсэн юм. М.Намсрай 1950 онд Увс аймгийн Тариалан сумын нутагт “Ёлын хар үзүүр” хэмээх газарт төрсөн. Монголын хотон ястан нь шаавай, хольдог, шалбаг, бурд, отогор, хаснут, хочхэлд гэсэн долоон элкен (овог) –ээс бүрдэнэ. М. Намсрай бол хольдог хотон хүн. Тодруулбаас баядуудтай цус сэлбэсэн гэх. Эргэн дурсахад 1980 оны эхээр Бямбын Ринчин гүүш ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жаргал гэдэг залууг хараад энэ хотон хүн юм шүү дээ, Хотон хүнийг  хайрлаж байгаарай гэсэн нь санаанаас гардаггүй юм. Миний бодоход хүнд хайрлагдах замаа Намсрай эмч хэдийнээ олжээ.
2007 онд хамтран судлаач, “Оюу толгой” төслийн зөвлөх геологич Табанггууд овогт Д. Гарамжавын хагалгааг М. Намсрай эмчээр хийлгэхэд нь би дагуулж очсон. Гарамжав шиг М. Намсрай эмчид баярлаж талархсан хүмүүс олоон. Тэдний сэтгэлийн илэрхийлэл болгон М. Намсрайдаа зориулан “Эмчийн алдар” нэртэй ийм нэгэн шүлэг тэрлэсэнд МУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж маань икэл (ая дан) зохион, ДБЭТеарт найз А.Батдэлгэр фонограмм бэлтгэн CD гаргасан. Энд шүлгийг толилуулъя.          
Анагаах эрдэмд оюунаа дээдлэн
Ардынхаа төлөө сэтгэлээ дэлгэсэн
Амьдрал жаргалын оточ манал 
Ачтай эмчийн минь сэтгэл ариухан
    Эмч таныхаа ачлал буяныг
    Ээжийнхээ сүүтэй зүйрлэн дээдэлье
Өрөөлийн төлөө өөрийгөө өргөсөн
Өрлөг ачтай эмчийн минь зүтгэл
Өглөг буяны хишиг хурсан
Өндөр тэнгэрийн наран адил аа
    Эмч таныхаа ачлал буяныг
    Ээжийнхээ хайртай зүйрлэн дээдэлье
Эрүүл мэндийг сахин хамгаалж
Эрдэнэт биесийг маань эмчилж анагаасан
Эмч тань шиг ачтан хүмүүн
Энээхэн дэлхий дээр үгүй билээ
    Эмч таныхаа алдар гавъяаг
    Ээжийнхээ ачтай зүйрлэн дээдэлье
Алтанхан дэлхийд мэндэлсэн цагаас
Аюулт эмгэгээс анагаан хамгаалсан
Ачтайхан эмч таныхаа хайрыг
Ашид мөнх бишрэн явна.
    Эмч таныхаа алдар гавъяаг
    Ээжийнхээ ачтай зүйрлэн дээдэлье
Эглээс эгэл, энгүүнээс энгүүн, ажилсаг нөхөрсөг байрын энэ хүнийг ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн ажилтан М.Төмөрбаатар надад Увс аймгийн Тариалан сумын уугуул. Хотон хүн гэж танилцуулсан цагаас хойш М. Намсрай бид анд сайн найз нөхөд болсоор нэлээд олон жил болжээ. Бид ажил төрөл, гэр орноороо  орж гарна. Сайн хань, сайн аав, өрх гэрийн тэргүүн М.Намсрайн гэргий Ёндонжамцын Норжинцэрэн гэж намбалаг, өнгөлөг сайхан бүсгүй бий. Тэд цэцгийн дэлбээ шиг дөрвөн сайхан охин төрүүлж өсгөцгөөсөн. 2000 оны цагаан сараар Д.Дуламсүрэн бид хоёрыг тэднийд айлчлан очиход том охин нь анхны хүүхдээ төрүүлээд ээж аавыгаа эмээ, өвөө болгон баярлуулан эмнэлгээс гэртээ дөнгөж гарч ирээд байсан. Тэр цагаас хойш эднийх улам өнөр өтгөн ам бүлтэй болжээ.
Намсрай бас инээд наргиан цацлуулсан их хөгжилтэй хүн юм. Нэгэнтээ бид хоёр ажлын дараа алжаал тайлангаа бааранд орж суулаа. Нааяаа докторынхоо сонорыг минь ялаасан сонин яриаг сонсон суугаад бааранд бичсэн “Баян атлаа гуйлгачин” шүлгээ толилуулбал  

Барилга байшин орд харштай
Банкаар дүүрэн мөнгө төгрөгтэй
Байгаагаа өсгөх увидас ухаантай
Баян эцэгээ өөд болоход

Алтан дэлхийд амьд явах
Арга ухаан хэрэгтэй гэнэ 
Хөрөнгө мөнгө арвин байлаа ч
Хөдөлгөх гэхээр хайран гэнэ

Баян хүн өв хөрөнгөө
Байгаа хэвээр нь хадгалъя гээд
Байтлаа гуйлгачин болохыг 
Байдаг л юмны нэг гэнэ.

Гараа тосоод гуйлга гуйхад
Гарлага зарлага байхгүй гэнэ.
Ганц  ч төгрөг зарахгүйн тулд
Гар нүүрээ угаадаггүй гэнэ

Эд хөрөнгөө эдлэж хэрэглэлгүй
Эрхэмлэн хайрлахын энгүүн жишээ
Баян атлаа гуйлга гуйх нь
Байгаагаа хайрлахын нэгэн жишээ

Модоо барьсан ядуу хүнийг
Монгол оронд гуйлгачин гэдэг бол
Яахаа алдсан баян хүн
Яагаад гуйлгачин болдог байна.

Элэгээ хордуулсан архаг өвчтөн 
Эдийн шуналтай эдгэршгүй эмгэгтэн 
Эрдмийн цагаан солиотой донтон 
Энэ дэлхийгээр тэнүүчлэн явна.

Элдэв зовлон тээлгүй амьдрахад
Эрхэмлэж нэгийг дээдлэх нь чухал
Эрүүлийг хүсвэл эмчийг шүтдэг шиг
Эдийг шүтэхээр ухааныг шүтье.

Бөөр чулуужих нь бөөрний эмгэг судлалд түгээмэл тохиолддог эмгэгийн нэг. “Х” гэдэг хүний бөөрнөөс мэс заслын аргаар авсан 2 ширхэг чулууг ШУА-д атомын шингээлтийн спектроскопын аргаар задлан шинжилж,  элементийн агуулгын %  ба ррm -ээр тодорхойлсон дүнг үзүүлбэл

   Na         K              Ca       Mg         Fe   %           
   
   0.70        0.015    8.71     0.036     0.02
   0.08     0.017         8.44     0.05       0.03

Zn        Cu         Mn        Ni          Cr              Pb            Cd  ppm
3.93     4.50      3.95      25.70      54.26       40.69        6.85    
3.93     4.52      3.20      30.85      58.63       43.97        6.73

1973 онд М. Намсрай Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд элсэн орж 6 жил суралцан мэс заслын их эмчийн мэргэжил эзэмшин, 1980 оноос Улсын клиникийн төв эмнэлэгийн бөөрний тасагт эмчээр ажилласан ба 1981 онд ОХУ-ын Эрхүү хотод бөөрний мэс заслын дамжаанд суралцан, Улсын клиникийн төв эмнэлэгийн бөөрний тасгийн эрхлэгчээр дэвшин ажилласан. 1986 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 2 жилийн хугацаагаар мэргэжил дээшлүүлж ирээд 1989 оноос бөөр шээсний замын эрхтний дурангийн хагалгааг өөрийн оронд анхлан нэвтрүүлсэн. 1997 онд “Түрүү булчирхайн эмгэгийн оношлогоо, эмчилгээг иж бүрнээр шийдсэн нь” хамтын бүтээлээр Монгол улсын Төрийн шагнал хүртжээ.  1999 онд “Түрүү булчирхайн эмгэгийн дуран оношлогоо, эмчилгээний асуудалд” сэдэвт  нэг сэдэвт зохиолоор анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. М. Намсрай докторын зэрэг горилсон бүтээлийнхээ хураангуйг монгол англи хэлээр бичиж хэвлүүлсэн нь төр засгаас англи хэлийг хоёрдох хэл болгохоор тавьж буй шаардлагыг хангахад чиглэгдсэн үнэтэй зүйл болсон байна.
2000 онд “Түрүү булчирхайн эмгэгийн дурангийн оношлогоо эмчилгээ” нэртэй мэргэжлийн ном бичиж хэвлүүлсэн.  Төрийн шагналт М. Намсрай, Б. Гоош нарын  “Дэлхийн эрүүл мэндийн сэтгүүл”- д нийтлүүлсэн. ”Монголд түрүү булчирхайн өвчинг дурангийн мэс заслаар эмчилж байгаа нь” өгүүлэл болон эрдэм шинжилгээний бүтээлд хэвлүүлсэн арваад өгүүлэл, бага хуралд тавьсан хорь шахам эрдэм шинжилгээний илтгэлүүд нь төрийн шагналт, анагаах ухааны доктор, клиникийн профессор, хүний их эмч М. Намсрайн эмчилгээ оношлогоо, эрдэм судлалын нөр их ажлын агуулга, багтаамж, чиглэл, зорилгыг илтгэнэ. 
Тэрээр То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны салбар зөвлөлийн дарга хүн. Түүний хэд хэдэн илтгэл, өгүүлэл тус нийгэмлэгийн эрдэм шинжилгээний цуврал бүтээлд хэвлэгджээ. “Хүн бүр хийсэн ажилдаа эзэн болоод явах юм бол манай улс хүн ам цөөнтэй газрын баялаг ихтэй болохоор хүний гар харахгүй байж болно доо” гэж М. Намсрай доктор ярина. Нээрэн, манай улс бөөрний эмчилгээ оношлогоогоор хүний гар харахгүй яваа маань бидний нэг бахархал мөн.
Төрийн нэг тогтолцооноос өөр тогтолцоонд гэнэт шилжиж цочирдуулсан зах зээлийн цоо шинэ харилцаанд ороход бусад салбарын нэгэн адил манай анагаах ухааны салбарт бишгүй л тохиолдсон  хүндрэл бэрхшээлийг иргэн хүний өндөр ухамсар, эмчийн тангарагтаа үнэнч, буцаж няцдаггүй туйлбартай, тууштай туулж гарсан түм түмэн эмч нарын нэг нь М. Намсрай мөн гэдгээ ард түмэндээ ажил сэтгэлээрээ харуулж чадсан.
Тэрээр ард олныхоо эрүүл мэндийн торгон хилийн харуулд гар хумхилгүй, нүд цавчилгүй хөдөлмөрлөхийн зэрэгцээ эрдэм судлалын ажлаа эн чацуу үргэлжлүүлсээр явна. Ариун үйлсийн амин тангарагтаа үнэнч, анагаахын доктор, клиникийн профессор, тэргүүлэх эмч Муухайн Намсрайн ажил үйлс, амжилтын оргил улам өндөрт мөнх оршиг.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats