Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ТО ВАН СУДЛАЛ ДАХЬ МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН АСУУДАЛД
Г. Ядамдорж
Түлхүүр үг: То ван, Мэдээлэл зүй, Хөгжлийн үе шат.
Товч утга: Шинжлэх ухаан, технологийн мэдээлийн зуун” хэмээн алдаршсан XXI зуунд хөл тавин, То ван судлалыг Монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэх ажил үйлсэд Монголын төдийгүй дэлхийн улс орны эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн сэхээтнүүд зохиол бүтээлээ турвин, их хувь нэмэр оруулж байна. Даяаршилийн нөхцөлд судалгаа, шинжилгээний ажлыг өргөн цар хүрээтэй явуулахад орчин үеийн мэдээлэл зүйн ач холбогдол хэлбэрэлтгүй өсч байна.
XVIII зууны сүүлч үед төрж өссөн То ван хэмээх Тогтохтөр ноён ХIХ зууны туршид Манжийн эрхшээлд байсан Монголын орны зах хязгаарын нэгэн засаг хошууны ноёны албыг үе залган хашиж ирэхэд юуны өмнө мэдээлэл нэн хомс төдийгүй мэдээлэл дамжуулах хэрэгсэл ч мөн нэн хомс байсан нь түүнд тохиолдож байсан бодит бэрхшээлийн нэг байлаа.
Эх орон ард олныхоо гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөөх ариун үйлсэд эсэргэн цагийн урсгалыг сөрж, өөрийн ухаан, эрдэм чадал, зориг тэсвэрээ шавхан байж гүйцэтгэсэн ажил үйлс нь өнөөдрийн бидний үеийг хүртэл мөнхжиж ирсэн нь монголчуудын нэгэн бахархал болж байна. То ван дундад зууны үеийн нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай хоцрогдсон Монгол орныг тал бүрээр өөд татан сэнхрүүлэх, соёл боловсролгүй, харанхуй бүдүүлэг ард түмнийг соён гэгээрүүлэхэд өөрийн үйл ажиллагаа, ухамсарт амьдралыг бүрэн зориулсан хүн юм.   
Тэр цагт Манжийн засгийн төрийн бодлогыг сөрж, хошуу ноены байр сууринаас улс орны аж ахуй, соёл боловсрол, шашин шүтлэгийн олон салбарт шинэчлэл өөрчлөлтийн бодлогыг нэгэн зэрэг хэрэгжүүлэн явуулахад юуны өмнө мэдээлэл дамжуулах харилцаа холбооны асуудал туйлын амаргүй байв. Монгол түмний уламжлалт мэдээлэл дамжуулалт нь нийгмийн тийм ч өргөн хүрээг хамарч чадахгүй байлаа. Мэдээлэл зүйн хөгжлийг 
Өнө эртнээс 1206 он хүртэлх үе,
1206 оноос 1911 он хүртэлх үе
1911 оноос 1921 он хүртэлх үе
1921 оноос 1990 он хүртэлх үе
1990 оноос эдүгээг хүртэлх үе гэж үндсэнд нь тав хуваан үзвээс То ван судлалд хамрагдах үе нь 1206-1911 он хүртэлх хоёр дахь үед хамрагдана. Энэ үед Монгол оронд, үүний дотор зах хязгаарын нэгэн хошууны хувьд мэдээлэл дамжуулалтын хурдац туйлын муу байсан байна. То вангийн сургаал номнол зөвхөн нэг хошууны хэмжээнд төдийгүй орон даяар тархаж байснаас үзэхэд мэдээллийн нийгмийн хэрэгцээ өндөр байсантай холбоотой ба судалгаанаас үзэхэд дэвшилтэт үзэл баримтлалтай язгууртан сэхээтнүүд чухал үүрэгтэй байлаа.
Монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болсон “То ван судлалын нийгэмлэг” байгуулагдан, нийгмийн тусын тулд үйлчлэх, ашгийн бус төрийн бус эрдэм шинжилгээний байгуулага буй болсон. Энэ нь То ван судлалыг мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус нийгэмлэг байгуулагдсанаасаа хойших хугацаанд жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион, нийт 60 шахам ном товхимол хэвлүүлэн нийтийн хүртээл болгожээ.  
Мэдээллийн хөгжилд нөлөөлсөн гол хүчин зүйл нь То ван өөрөө зохиол бүтээл, зарлиг тушаалаа сургаал номнолын хэлбэрээр гаргаж байсан бөгөөд уламжлалт аман уламжлал ба бичгийн хэлбэрийг хослуулан түгээж байлаа. То ван 123 үсэгтэй уйгуржин цагаан толгойн хэл бичгийн сурах бичиг зохиож, хошуундаа байгуулсан төрийн сургуульд сурах бичиг болгон хэрэглэж байсан, дуу хөгжмийн урлагийг үндэсний спорттой хослуулан, театрчилсан тоглолт болгон хөгжүүлж байсан, хожим нь Монголчууд бид Давст уул ба Буйр нуурынхаа хагасыг ОХУ ба БНХАУ-д алдаж байсан бол урьд Манжид алдагдсан Хулд уулыг 72 жилийн дараагаар То ван мэргэн ухаанаар буцаан авч байсан, эх орны байгалийн баялагийг аривжуулан хүнсний давс ургадаг нуур байгуулж, сүргийн бүтэцийг төгөлдөржүүлэн, цагийн эрсдэлийг даадаг, ашиг шим ихтэй, махны чиглэлийн үхэр, хонь, хурдан удмын адуун сүрэг гаргаж байсан, Монголын дорнод тал нутгийг  бүтээн байгуулалтын талбар болгон, орд харш, сүм хийд, бурхан шүтээн, сүмбэр уул, суваг шуудуу байгуулж, ард түмнээ соён гэгээрүүлж, хөдөлмөрийн болон хошууны тэнхимийн сургууль байгуулж байсан зэрэг голлох үйл ажиллагаа нь ардын аман ярианд мөнхжин,  биднийг үеийг хүрч иржээ.          
“Шинжлэх ухааны үндэстэй, шинэлэг, үнэн зөв, үр ашигтай, багтаамж сайтай, ховор чухал, олон хувилбартай, сайн сантай мэдээлэл нь ихээхэн нөөцтэй байна. Мэдээлэл зүй, мэдээлэл шинжлэл, мэдээлэлжүүлэх технологи сайтай улс орон л хамгийн хүчирхэг баян улс орон гэгдэх цаг айсуй. Амдан тосцгоогтун. Хойноос нь хөөгөөд гүйцэхгүй шүү” гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв хэлсэн байдаг.
Одоо цагт манай ард түмэн мэдээллийн өргөн сүлжээнд хэдийнээ хамрагджээ. Айл өрх бүр радио телевизтэй, хүн бүр гар утастай, албан газар, пүүс компани, хувь хүмүүс хүртэл интернетийг өргөн ашиглах болжээ. Мэдээллийн өргөн боломжийг дагаад манай орны хөгжил цэцэглэлтийн хурдац мэдэгдэхүйц нэмэгдэж, эцэг эх, сургууль соёлын газрууд ч үр хүүхэд, өсвөр үеэ мэдээлэл өргөн ашиглан сурч, соёлжиход нь ихээхэн анхаарал тавьж байна. Үүний ачаар То ван судлал ч түргэн хурдацтай хөгжиж байна.  
Монгол орон мэдээллийн өв уламжлалтай эртний түүхт орны нэг. Монгол улсын соёлын түүхийн үнэт дурсгал болсон “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал”,”Блама өгүүлэхүйн арслан Манзушири эгшигт эхэд мөргөж, монголын зуун хорин гурван үсгийг туурвисан оюун билгийн соёрхол”, “Судрын аялгуу, тоть шувууны сургаалаас”, “Ажил ба сургуулийн зүйл” зохиол бүтээлээ сургаалын хэлбэрээр туурвиж, эхлээд өөрийн байгуулсан төрийн сургууль төгсөгчдөөр хуулуулан олшруулдаг байсан ба хожим нь хошууныхаа урчуудаар модон бар сийлүүлэн, хэвлэж түгээдэг болсон нь тухайн цагтаа мэдээлэл дамжуулах томоохон алхам болсон юм. Эдүгээ түүний туурвисан ном зохиол Өмнөговь аймгийн Ханбогд сум зэрэг газраас олдож байгаагаас үзэхэд монгол орон даяар тархаж байсныг илтгэнэ. Түүгээр ч барахгүй Цэвэлваанчигдорж бандида То вангийн зохиол бүтээлийг судлан, ишлэж байсан ба То вангийн жишээгээр ном хэвлэх газар байгуулж “Бартын хүрээ” хэмээн нэрлэж байлаа. Энэ нь тухайн үед мэдээлэл удаан боловч хэрэгцээт эзэндээ бүтээлчээр хүрч чадаж байсныг илтгэнэ. Энэ бүхнийг үгүйсгэн, тухайн цагт мэдээлэл огт тарж байгаагүй гэж үзэх үндэсгүй болохыг То ван судлаачид нотлож байна.  
То ван өөрийн зохиол бүтээлийг бусад аймаг хошуудаар түгээгээд зогсохгүй, дэвшилттэй, сайн зүйлүүдийг хошуундаа авч ашиглаж байжээ. Жишээ нь, үндэсний спортын гурван төрлийг агуулсан хошуу наадмыг урлаг соёлын тоглолттой хослуулан театрчилсан тоглолтын анх түрүүн хийдэг болсон. Ингэхдээ говийн догшин хутагт Данзанравжаагийн зохиол “Үлэмж чанар” дууг хошуу наадмынхаа хөтөлбөрт олуулан дуудуулдаг байв.
Зохиол бүтээлээс нь уншиж байхад, “эзэн богд Чингис хаан”, “хуучны үг” гэх мэтчилэн ёс заншлаасаа уламжлан авч хэрэглэсэн мэдээллийн зүйл То ванд их бий. Уйгуржин монгол бичгийн цагаан толгой зохиож байсныг нь бодоход То ван хэл шинжлэлийн томоохон төлөөлөгч байжээ. То ван өөрийн зохиосон “Оюун билгийн соёрхол” номоо хошуундаа байгуулсан төрийн сургуулийн сурагчдад сурах бичиг болгон хэрэглүүлж байсан байна. Үүнийг мэдээлэл зүйд хийсэн томоохон алхам гэж үзнэ.
Төвдөөр бичсэн шашны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн, хэвлэн олшруулж, хошууныхаа сүм хийдүүдэд түгээж байв. Сайтар судлаваас То вангийн орчуулсан судар ном байсан нь тодорч гарах болно. То ван төвд хэл бичигт нэвтэрхий нэгэн байсан төвийгүй, сайн дуун хөрвүүлэгч байсныг илтгэнэ. Эртний хүмүүс хад чулуун дээр зурж, бичиж, бүтээлээ мөнхөлдөг байсан уламжлалыг То ван тухайн цагийнхаа мэдээллийг ийнхүү “нөөшилдөг” өөрийн өвөрмөц арга ухаантай хүмүүн байв.  
Дүгнэлт:
Монголоос төрсөн XIX зууны дэлхийн томоохон эдийн засагч, соён гэгээрүүлэгч, ван Тогтохтөр, мөн түүний сургаал, хөдөлмөрөөр ухаарах, аривлаж амьдрах, эх эцгээсээ элбэрэлийг уламжлах. Эх орныхоо эрдэсийг зөв үржүүлэх ашиглах, алтанд шунаж, амьд байгаль, ард түмнээ хоосруулахгүй, хувиа бодож хуулиа гажуудлахгүй шудрага ноёны сүнс ч амьд ариун сургаал ч мөнх дэлгэрч байна.
Ном зүй
•    П.Хорлоо, Б.Тогтохтөр, То вангийн ажил ба сургуулийн зүйл УБ 1998 он
•    Л.Түдэв Бүтээлийн чуулган XXV боть УБ. 2009 он
•    ШУА –ийн мэдээ сэтгүүл УБ 1996 он №2
•    Б.Гаваа Чингисийн эх хатны нутаг УБ 2008 он
•    Б.Палам То ван судлалын лавлах бичиг I. II. III. IV дэвтэр Улаанбаатар 2007. 2005. 2006. 2010 он
•    Жолданчойдон Д.Цэцэгмаа, Н.Уранчимэг эгшигт дуун тахил УБ 2010 он
•    Б.Палам То вангийн даншиг наадам УБ 2007 он
•    Б.Палам То вангийн төрсөн нутгаар УБ 1997 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats