Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Мал маллах ухаан
НЭГЭН ЗҮЙЛ. Мал адуулахад хавар зун эртхэн малын мах /15а/ хөөлгөж авбаас зузаан махтай болж хойш их таргална. Их таргалбаас намар шарлалгүй өвөл эцэх нь удаан, хавар тарчиг шуурга шамрага болбаас оныг даан төл хурга нь бэчил тарган, жилбэ нь сайн бөгөөд сүү нь арвин. Ирэх зун эрт таргалж мөн дөрвөн цагт их л сайн болно. Зун эрт мах эс хөөвөөс хойш хэдий таргалавч өөхөөр таргална. Хатангир болон намар шааран олон эцэх нь хурдан, хавар тарчигдваас оныг гүйцэхгүй шуурга шамарганд  тэсэхгүй үхэх ба зулчдах, хурга нь /ханхир/ их төлөв тэжээл авахгүй болж гарз болон ирэх зуны тарга оройтно. Энэ мэт дөрвөн цагт их гэм болно. Адуу хонийг агь бутуултай зэрэг газар тавьж усанд зогсоолгүй услан сувай хонийг эрт гарган /15б/ өчүүхэн тууваршуулалгүй билчээ. Таруун явуул. Хурдханаа явбаас өмнө орж зогсоосоор хол хүрч хариул. Халуунд хорж зогсвол салхи өөд хөдөлгөн идүүл. Мангирлахуйд бороогүй бол хоёр гурван өдөр бороотой бол дөрөв таван хоног усгүй ангаваас сая сайхан таргална. Хавар яргуй, хонгор зулын цэцэг энэ гурваар дотрын гэм арилан ер навч нахиа өвсний үзүүр идүүлж худгийн хүйтэн ус уулгавал хурдан сайн таргална. Ногоо эрт гарсан газарт нүүж нутагла, хургатай хонийг өдөр сааж саахалтад нийлүүлэн өвс идүүл. Цэцгийн цагт эрт билчээсэн хонийг нар бүлээдэх өвсний чийгийн хор болох цагт зогсоон чадвал халуун элсэн дээр хэвтүүлж чийг арилахыг үзэж /16а/ бага үдийн хирд босгон хөдөө сайн өвсний үзүүрийг идүүл. Намар хөрс улайх хирд хоолойд сэлж хариул. Таслан байж сайн усал. Худгийн онгоцны  дэрийг бага өндөр болгон тавьж ховооны усыг алгуур цутгаваас асгарахгүй тул сэрүүн цагт мөс хальтраагүй болно. Бага мал онгоцонд үл халж усгүй зутрах нь үлэмж болох тул услахыг хичээн битгий хөлөргө /малын дураар таслан сайн усал/ сойлго алдуузай. Тууваршуулж бүү холдуул. Мал төллүүлэхээс бусад цагт олон нүүж нутагла, мал сонирхон таргална. Өвлийн цагт өвсний сөл шим үлдсэн аги бутуулын зэрэг хүнхэргүй өвстэй цас бага хуурай газар нутаглан хужир авч идүүлсээр бай. Эцэх нь удаан хонь бол гонзгой хорголгүй. Бүдүүн адуу сэвсээр баавал сайн нутаг /16б/ мөн буй хэмээн бэргэн билчих нь орой. Баас нь жижиг хонь шилгээвээс зутрахын шинж, сөлгүй нутаг буй, түүнд нутаг үз. Явж өвс сөлтэй боловч хүнхэрийг ажигла. Тэр газрын хүний малын баас билчих зэргийг ажиглаж мэд. Сайн бол тэр газар нүүж нутагла, өвлийн цагт үхрийн хүйдсийг эс зайлуулбал биеийг тойрон дулаан ивүүр болж зайлуулбал зутарна хэмээдэг. Дээр аргал хурааваас хоргодож нүүлгүй байж мал зутрана. Цас ихэт хоолойн өндөр өлөн өвсийг үзэж сууваас малын баас жижиг болон гэдэс нь  цүрийсээр байгаад үхнэ. Ер зуд болох шинж: халуун намар цагаас хүйтэн бороо цас элбэг салхи нь зүүнээс болно. Өвөл цас дараа дараа их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт /17а/ гарна. Анх цас бага орсон тэр газарт өн болох нь элбэг тул түүнийг ажиглан аль цас бага газар эртхэн нүүж нутагла, гэнэт цас ихэдвэл замын их цасыг муу мал туулан гүйцэхгүй хэмээн хойргошин суувал сүүлд муу сайнгүй цөм үхнэ. Явбал муу нь үхээд сайн нь үлдэнэ. Явахад баахан түлш тээн түлэлгүй явж галын сам хөөргө өвсний хадуур их хэрэгтэй. Хүчит хүйтний цагт өглөө эрт хонь малыг хариулахаар явуулж хаана хүрсэн тэр газарт хонож явбал жил гүйцэд нүүвч үл эцнэ. Гагцхүү зудаас даруй гарсугай хэмээн нүүж малыг эцээнэ. Мал дагаж явсан хүн түлшний сав авч өдөр өдрийн аргал буюу өвс авч явагтун. Муу малыг өглөө эрт билчээхэд баахан шар тостой /17б/ сайн архи өгөөд гаргавал оныг даана. Намар өвлийн хирд улаан дагууригтай /тоостой/ урин салхи баруун зүгээс байх бөгөөд цас орох нь нь хойрго байвал өн болохын шинж. Хавар цаг хоолой хөндий завсарлан элбэг өвс устай газар суу. Гал түймэр сэргийлэн нуур тойром хавьд шуурга шамрага сэргийлэ шавар ус гуу жалгаас зайл, өвөл, хавар цаг хүйтэн салхи шуурганд малыг салхины дээд талд хариул. Шуурга ихэдвэл ирэх нь амархан. Нойтон шамарганд дахны үсийг дотогш нь өмс. Зах, ханцуй хормойгоор цас орохгүй болгон боож бэхэлбэл хэд хэдэн өдөр шөнийг даана. Хот гэрийн доод талд тэрэг хашаа сайн татаад завдвал үхрийг уяж адууг тулгаруулж хонийг ээрвээс тогтох нь сайн бөгөөд дарагдахгүй. Шуурга арилмагц /18а/ малын нүдний мөсийг арилгаж билчээ. Эс арилгавал дэмий гүйж алдана. Уясан морийг даруй тавьж өвс эс идүүлбэл осгодог. Эцсэн малд хонгилын шар ус бүү уулга. Халуун болох хирд хужиртай газарт хонийг салхи уруу хөлөртөл хөө. Хамрын хорхой унаж хурдан таргална. Өвөл хавар хонь билчээхүйд нэгэн зүгээр гарган  оруулбал мөн морины аргамжинд сайн. Зун хонийг таван сарын арван тавдаар хайчил. Хэрэв хүйтэн бороо орвол төмөр хүрз олныг бэлд. Мөн хонь осговол нойтон шороогоор булбал даруй сэргэнэ. Зуслан газар ирсээр аргал авч шавбаас ус борооны цагт сүү гашлахгүй тустай. /Хонины/  ахрыг намар авч хадгал. Зуны уртын унгастай холибол эсгий сайн болон намар чөлөө гарч үйлдвэрт тустай. Тэмээг /18б/ дөрвөн цагт хоолой сэл зун зүлэг усны өндөр өвс идүүл. Үнээг багаас нь сайн сааж сургавал элбэг сүүтэй болдог. Хурга тугал нялх малыг гарсаар хуурай газар дулаалан халуун хүчний цагт сүүдэрлэ. Өглөө үдшийн сэрүүн цагт өвс идүүлбэл сайн. Намар хуц нийлэхэд хавар өдөр шөнө тэнцэхэд хургалах хирийг бодож сайн өдөр сонгон үзүүлж бэлэгтэй үг үгүүлэн нийлүүл. Буур ингэ лугаа холбон явбаас дулаан цагт ботголохыг бодож нийлүүл. Мөн ч ботголсон тэмээнд нийлүүлбэл өнжилгүй ингэ ботголно. Азрагыг  унаж эцээгээд дулаан цагт унагалахыг бодож нийлүүл. Бухыг намар өвлийн  хирд унага. Хоригтой цагт  адуу хөлөргөх ба /19а/ намар гүү унахыг цээрлэ, унагалах цагт өдөр шөнө хэзээд сахин манаж унагыг торниулж ав. Ботгыг төрсөн газарт дүрсийг зураад шороог авч зүүлгэвэл дом болой. Ботгыг нялхад явган, тэрэг тэмээтэй хүнийг цээрлэ. Халуун цагт зүлэг намаг өвс бүхий газар ямагт аргамжиж хир хир усалж орой тавибал сайн. Хургыг уургийн үед цатгалгүй сайн сааж бага торнихын үед тавьж хөхүүлэн зуны эхэн сараас сааж дунд сарын хуучдаар саахыг зогсоож эх хургыг таргалуулахыг хичээ. Төлөгний уураг сүү хурганы нялхад хортой тул уургий нь гартал өөр бүдүүн хонинд зэгс, өвлийн хүчин хүйтнээс бусад цагт малыг эрт эс билчээвэл тарга хүчинд ер /19б/ муу. Өвлийн богино өдөрт идэш багадаж түргэн эцнэ. Зуны халуун хорж, тарга нь хойргошно. Намар цагт усанд зэрэгдэн өвсөнд хүрэхгүй болно. Хавар цагт ургасан агь шавагт хүргэхгүй болно. Өвлийн хүчин хүйтэн боловч өвсний сөл сайн бол эрт билчээвэл гэмгүй сайн. Ер малыг адуулах  зэрэгт явахад өөрийн тусад малыг эдлэх зарахад элбэг болгон жаргая хэмээн бүү сана. Аж төрөхийг сайн үйлдээд малаа эдлэн арвин их баян болж алба дээж их өргөсүгэй. Бурхан шажинд тахил болгоё. Боол шивэгчнийг тэжээн тэнхрүүлье. Буурай гуйлгачинд өглөг өгч буяны бодид зорин ерөөнө хэмээн амандаа үргэлж хэлэн санаандаа марталгүй явбаас эрхэм. Эс /20а/ чадваас нэг өгүүлээд сайн санаад явбаас тэр өдөр мал адуулах зэрэгт нүгэлгүй. Үйл ер юу үйлдсэн бүгд ном болон одоо мал буцаах гэж нэг алхавч буян болно.
Үлгэрлэвээс сүү хөөрүүлэхэд нохойн идэх хусам ташрамд гардаг мэт ном буяныг үйлдэхэд өөрийн аж төрөл ташрамд бүтнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats