Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Халхын То ван
КИНО ЗОХИОЛ
(Либеретто)
MNB телевизийн баримтат кино
То вангийн мэндэлсний 210 жилийн ойд зориулав.
Халхын гол - Улаанбаатар
2007 он. 
Зохиогч П. Ариунжаргал
Зураглаач Ж. Амартүвшин
Найруулагч Б. Бямбадорж
Дууны найруулагч О. Норжмаа
Инженер Б. Батцэцэг.
Тайлбар уншсан Б. Ганбаатар
Зөвлөх Б. Палам

То ван судлалын нийгэмлэг
Б. Арсланбаатар захиралтай “Дэлгэр нуур” ХХК
М. Нямсүрэн захиралтай –Техснаб” ХХК
Л. Батжил захиралтай “Буйр трейвль” ХХК “
хамт олонд талархал илэрхийлье.

Диктор
Эрт эдүгээг холбосон он цагийн урсгалд улс эх орон, ард түмэн, нутаг усандаа ажил хөдөлмөр, үйл хэрэг, баатарлаг гавъяа, эрдэм мэдлэгээрээ хүндлэгдэн, хайрлагдаж, түүхэнд нэр алдраа үлдээсэн олон арван эх орончид хийгээд эрдэмтэн мэргэд баатар хүмүүн төрсөн билээ. Эдгээр хүмүүсийн нэг болох монгол түмнээ  сод мэргэн, саруул ухаант, соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн То ван хэмээн алдаршсан Тогтохтөр ноёны намтар түүх, аж амьдрал, эх орон, нутаг усаа хайрлан хамгаалах арга ухаан хийгээд ард олныхоо ахуй амьдрал эрдэм ухаан эрдэм боловсролд оруулж байсан нөр их үйлсийн нэгээхэн хэсгээс та бүхэндээ хүргэж байна.
Боржигон овогт Бат-Очирын Тогтохтөр 1797 онд Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг, одоогийн Сангийн далай нуурын зүүн талын сэргэлэн дэнж дээр мэндэлжээ.
Академич О. Шагдарсүрэнгийн яриа 
Энэ хүн бол XVIII зууны хоёрдугаар хагаст төрсөн, тэр үед Монгол улсад 74 хошуу байв. тэр хошуудын нэгийг нь Илдэн вангийн хошуу гэж нэрлэж байсан байна. Түүхээс ажиглахад энэ хүн сайн ажиллаж байсан байна. То ван бол алтан ургийн хүн. өөрөөр хэлбэл Чингис хааны удмын хүн гэсэн үг. То ван бол тэр үеийн их соёлт, соён гэгээрүүлэгч хүн байсан. Их эрдэмтэн хүн. Тийм учраас судалгаа шинжилгээний ажлыг бие даан хийж, Монголын түүх шасдир, монголын хэл уран зохиол, Монголын эртний үг гэж нэрлэдэг ( өөрийн нь үгээр) аман үгийн туульсууд, ялангуяа зүйр үгийн сургаалууд их судлаж тусгай ном зохиол болгож  хэвлэж байсан. Үүгээрээ Монголын түүх соёлын судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн хүн байсан. 
Диктор
Манжийн эрхшээлд байх үеийн Монгол оронд анхны төрийн сургууль байгуулсан нь хошуу тэнхэм гэдэг нэртэй байжээ. Өдгөө энэ сургуулийн туурь Халхын голын хөвөөнөө байгаа бөгөөд нутгийн олны дунд “Хүүхдийн овоо” нэрээр нэрлэгдэн байна. Тухай үед сургуулийн үндсэн сурах бичиг нь То вангийн 1864 оноо зохиосон –Блама арслан манзушири эгшигт эхэд мөргөж монголын 123 үсгийн цагаан толгойн оюун билгийн соёрхол оршвой” хэмээх монгол бичгийн хэл зүйн сурах бичиг байжээ. Мөн То ван хошууныхаа урчуудаар модон бар сийүүлж, нэг ёсондоо хэвлэх үйлдвэрийг байгуулж байсан түүхтэй бөгөөд өөрийн зохиосон ном судраа  олшруулан, сургуульдаа гарын авлага болгон хэрэглэдэг байжээ.
То ван
Нөхөр, дайсны учралыг таних, ухаант хүмүүн болж, дээд төрлөөр  явтугай, хүүхдүүд минь.
 Жаа, (хоороор хэлнэ)
То вангийн охин.
Ноот зааж байна.
За бүгдээрээ наашаа анхаарч байгаарай. Энэ нам бүдүүн, даруу бүдүүн, төлөв, Зээ нийлэх бүдүүн, Зээлэх зээний үг ээ. Зэлэх зээний үг ээ. Нам шуранхай , даруу шуранхай,
Хүүхдүүд давтан хоороор багшийгаа даган уншина. Сайн байна. Одоо бичицгээ.
Диктор
Монгол түмний ардын уламжлалт хөгжмийн зэмсгээс дуугарах дуу, хөг аяын зохицлоос шалтгаалан найман зэмсгийг сонгон авч, урчуудаараа урлан бүтээлгэж, нутгийн хүүхэд багачууд, залуучуудаас сонгон авч, дуу хөгжим бүжгийн сургуулийг Халхын голын хөвөөнөө байгуулан, хичээллүүлж байжээ. То ван соёл урлаг, эрдэм номыг хөхиүлэн дэмжихээс гадна нутаг орноо хайрлан хамгаалдаг, эх нутгийнхаа төлөө өөрийн эрдэм ухаанаараа тэмцдэг, эх оронч хүн байсан юм. 1736 оноос Илдэн вангийн хошууны ноёдын шарилыг онголж ирсэн Хулд уулыг 1785 онд Хар мөрний мужийн захирагч Баргад нэгтгэжээ. Үүнээс 72 жилийн дараа То ван эргүүлэн авсан түүхтэй.
То ван
Эндээс ийм хэмжээний газар авна даа. Манж ноёнтоон.
Манж ноён
Тэгээ. тэг. Үхрийн шир бага газар шүү дээ, аваг, аваг.
То ван
Та энэ үзүүрийг аваад уул тойроод аяархан галигуулаарай.
Хиа
Жа,
Ван таан, Хулд уул монголынх боллоо.
Манж ноён
Энэ удаа Таны уран ухааныг бишрэн магтъя. Та энэ газраа автугай.
То ван
Хулд уул бүхлээрээ монголынх болсон тул энэнээс хойш Хулд
энэ уулыг вангийн Дархан - Хулд уул гэж нэрлэе.
Нийтээр гурвантаа хурайлна.
Академич О. Шагдарсүрэнгийн яриа
То ван бол амьдрахын ухаан гэдэг алдартай бүтээл туурвисан хүн. Энэ бүтээлийн тодорхой хэсэг нь тэр үеийн Монгол орны хөдөө аж ахуйн эдийн засгийн байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ, түүнийг цаашид хэрхэн үргэлжлүүлэн хөгжүүлж болох тухай сургаалуудыг дэвшүүлэн тавьсан нь цаг үедээ чухал зүйл байсан юм. Учир нь Манж чин улсын харъяанд байсан болохоор манай улсын нутаг дэвсгэрт То вангийн нутаг бол хамгийн их сайхан хөрс ургамалтай нутаг учраас газар тариалан түрж орж ирж болох болзошгүй байсан, тийм учраас энд мал аж ахуйгаа хөгжүүлэх зорилгын үүднээс мал аж ахуйг яаж хөгжүүлэх, яаж зуд турханд үхэхгүй тэсвэртэй болгох, энэ арга ухааны талаар сургаал хайрласан. Ер нь нутгийн малчид нь, тэдэнтэй залгаа манай Үйзэн бэйсийн хошуунд То вангийн сургаалыг аж ахуйдаа хэрэглэдэг ийм улс. Энэ бол их өргөн хүрээтэй сургаал хайрласан хүн юм.
Диктор.
“Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал “ номоо 1853 онд бичжээ. Энэ сургаалд монгол түмний үндсэн амьжиргаа бол мал аж ахуйтай холбогдолтой бүхий л зүйлийг нарийн заан сургасан байдаг. Энэхүү сургаал нь ном сударт өвлөгдөн үлдсэн байдагаас гадна малчин түмний өдөр тутмын ахуй амьдралд хадгалагдан иржээ. Үүнээс гадна хошуу ноёдын үе уламжлуулан адууны удам угшлын талаар бичсэн “Хөх судар” хэмээх номыг То ван хамгийн сүүлд хөтлөн бичсэн түүхтэй юм.
Өдгөө То вангийн мал аж ахуйг уламжлан, Хэнтий аймагт иргэн Б. Арсланбаатар, малчин М. Сэр-Од нар дархан сүрэг байгуулаад, аж төрөхийн сургаалаар үржүүлэн байна. Мал аж ахуйгаас гадна туслах аж ахуй газар тариаланг эрхлэх талаар олон арга ухаанд сургаж байжээ. .
Доктор Б. Паламын яриа
Тэгэхлээр газар тариаланг хөгжүүлж, будаа тариалан, будаагаа тээрэмдэхэд морь, үхэр малаар тээрмийнхээ чулууг эргүүлдэг байсан бол То ван урсч буй голын усны их потенциалыг ашиглаж, тариа будаа үйлдвэрлэж болох юм байна гэж үзсэн. Энэ бүгдээс үзэхэд манай То ван ноён томоохон эрдэмтэн байсан гэдэг нь түүний үйл ажиллагаа, бидэнд үлдээсэн уламжлал, ухаан,  мэргэн сургаалаар нь нотлогдож байна.
Академич О. Шагдарсүрэнгийн яриа
То ван бол өөрийнхөө эх оронд үнэнч хайртай, төрийн зүтгэлтэн хүн байсан. Тиймээс тэр халх монголын зүүн хил болох Халхын голын орчимд өөрийнхөө хил хязгаарыг сахин хамгаалуулах үүднээс их бурхан гэгч сахиусыг бүтээлгэсэн.  Энэ бол 27,8 метр өндөр чулуугаар хийсэн бурхан юм.
Диктор
Улс орон оршин тогтнохын гол үндэс хил, хэл, мал гурав гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож, энэ бүхний төлөө бүхй л амьдралаа зориулсан Халхын мэргэн То ван өөрийн хошуу нутгийн зах хязгаарыг тогтоон, чандлан сахиж, Сангийн далайн урд Вангийн цагаан уулын зүүнтээ байх Цагаан овоо болон Шанааны цагаан овоо, Баянцагааны овоо, Жамсран сүмбэр овоо, Модон овоо зэрэг хилийн дагуух овоог хошууны тахилгатай болгож, жил бүр тахидаг байжээ  Энэ уламжлал 1937-1990 он хүртэл тухайн үеийн нийгмийн байдлаас болж, 53 жил завсарлаад өдгөө сэргээгдсэн байна. Уул усаа тахих нь байгаль хамгаалах бодлогыг давхар агуулж байсан юм. То ван ард олны эрх ашиг, улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө барьж байгуулсан бурхан шүтээн, овоо тахилгын чулуу нь өвөрмөц сонин бөгөөд хийц бүтэцийн хувьд ижил төсөөтэй байгаа нь сонирхолтой байна.
То ван
Би монгол нутагтаа орших Халх нэртэй ганцхан голынхоо байцхан газарт нь монгол түмний гол шүтээн нь болсон Жигважиджав Жанрайсиг бурхан бүтээе гэж шийдлээ.
Ард
Зөв өө зөв.
То ван
Энэ газар миний санаанд багтаад байгаа юм даа. Та бүхэн болгооцгоо.
Хиа
Жа,
То ван,
Халх монгол нутагт хамгийн түрүүн нар тусах энэ газар үер усанд автахгүй, алсаас бараатай, аштайхан газар байна. 
Доктор Б. Паламын яриа
Дорнодын талд чулуу байхгүй л дээ. Тэхлээр чулууг эрдэмтэн хүний хувьд манай То ван хаан бүтээсэн байдаг. Хамар давааны цагаан тосон шаврыг Буйр нуурын усаар угаагдсан болор элсийг Халхын голын хайргатай нийлүүлж, шар сүүний уусмалаар зууран чулуу бүтээж, бурханаа буй болгосон
Диктор
Төрийн их үйл хэргийг зөв ухаанаар залан явуулна гэдэг аль ч нийгмийн үед хэцүү асуудлын нэг байсаар ирсэн. Тогтохтөр ноёны хувьд шашин номын үйлийг төрийн хэрэгтэй уялдуулан, хошуу нутгийн ард иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар өөрсдийн гараар бий болгосон том жижиг чулууг ашиглан, байгалийн зос будгаар өнгөлөн, нэгэн ёсны өнгөт чулууг хийж, наян тохой өндөр их бурхан Жанрайсигийг бүтээжээ. Найман аюулаас аврагч өрөвч нийгүүсэнгүй Жигважиду Жанрайсиг бурханыг 1859 онд анхлан Хэрээ уулын энгэр дээр, дараа нь Халхын голд шилжүүлэн байрлуулж, 1864 онд барьж дуусгажээ.
Дорнод аймаг, хуучин Халх гол сумын төвийн зүүн урд зүгт нутгийн ард түмний олон зуунаар тахиж шүтсэн Хөх өндрийн овоо байх бөгөөд энэ овооноос зүүн урагш байх Бавуу бэйсийн дэнжийн зүүн энгэрт, ургах нарны туяа хамгийн түрүүн тусах энэ дэнж дээр их бурхан өөрийн дагалдагч бурхадын хамт зуун зууныг дамжин, урлагийн дуу, цамын бүжиг зэрэг бүхий л зан үйлээ хадгалан оршин байна.
 То ван
Тогтохтөр үхсэн байхад энэ бурхан зуу зуун жилд мөнхөрнө
Диктор
Дорнод аймаг.. дугаар заставаас 5 км зайд зүүн, зүүн урд бурхантайн манхан хэмээх газарт То вангийн өвлийн өргөөний туурь бий өргөөний голч нь дунжаар 5-6 метр үүдэн хэсгээрээ тулгуур багануудтай, өргөөний гадуур чулуугаар дөрвөлжлөн барьсан довжоо бүхий хашлага байна. Өргөө гэрийн туурин дээрээс орчны байдал алган дээр тавьсан адил тодхон харагддаг аа. 
Дэд хурандаа Даваадоржийн Баярмагнайн яриа
Тогтохтөр гэдэг түүхт хүний гэрийн буурин дээр ирээд байна. Энийг яагаад гэрийнх нь буурь гэж үзэх болов оо гэхээр Халхын голд байгуулсан Жигважиджав Жанрайсиг Их бурханыг Хэрээ уулан дээр анхны удаа байгуулсан. Тай тахилгын үеэр нь бороо хур их орсны улмаас үерийн усанд урссан. Ингээд Жигважиджав их бурханыг хоёрдахь удаагаа Халхын голд залсан.
Ингэхээр То вангийн өргөөний туурь гэж үзэх үндэслэл энд байгаа юм. Эндээ 1,5 км зайтай газарт голын тохойд сүмийн туурь 70 х 100 м орчим хашаатай, голдоо сүм нь байсан, Яагаад сүм байваа гэхээр сүмийн дээд талын дээврийн ваарнууд байгаа учраас сүм гэж үзэх үндэстэй. Дээрээс нь бас дөрвөн махранз байгаа, тэдгээрийн хоёр нь хойт талын манханд, нэг нь сүмийн туурин дээр, сүмийн вааран дээвэр, хуучны хөх тоосго, бас гурван загал гээд эртний сүм байсан юм билээ. Дөрвөлжин тоосго бий, эндээ сүмтэй, өвлийн ордтой, ингэж байсан болов уу гэж үзнэ.
Диктор
Хуучин Халх гол сумын төвийн хойт хэсгээр Халх голын дагуу ургасан бургас мод орчны өнгийг гойд сайхан харагдуулдаг юм. Маш шигүү ургасан шулуун нарийханаараа алдартай бөгөөд гэрийн унь, хана, уурга сэлтийг хийхэд маш тохиромжтой байдгаас хамаа бусаар огтлон авах хэрэглэхийг хориглон, дархлан хамгаалж, Дархан сөөг хэмээн нэрлэсэн нь ч өдгөө нэрлэгдсээр байна. Тогтохтөр ноён байгаль дэлхий газар усаа тахих дархлан хамгаалахаас гадна эцэг өвгөдөөс үлдэж хоцорсон эртний хийгээд өөрийн үеийн түүх дурсгалын хөшөө болоод хиргисүүр зэргийг хөндсөн, сүйтгэсэн хүн гарваас шөрмөсийг нь тасал гэж хууль цаазандаа зааж байжээ.
Академич О. Шагдарсүрэнгийн яриа
Үүнээс гадна тэр нутгаас Утай таван богдод явж мөргөнө гэж улс амьтан асар их хөрөнгө мөнгөө зарж, алс хол явж, ядарч зүдэрч байж хүрдэгийг харгалзан үзээд Утай таван богд уулыг нутагтаа хийж, байгуулсан. Тэр хийж байгуулсан Утай таван богд уул одоо ч бий. Түний зүгээр хийгээд орхиогүй л дээ. Шүншиглүүлж, тэр Утай таван богд уулыг орлуулж, хүнд ашиг тусаа өгөх зүйл болно гэж мэдэж хийлгэсэн ийм зүйл ээ. То вангийн эзэмшлийн нутагт тэр үеийн буддагийн шашны бурхан шүтээний хөрөг баримал ч одоо их бий гэж дуулсан. Ер нь буян номын ажилд их хүндэтгэлтэй ханддаг, газар шороо, лус савдагаа хүндэтгэдэг ийм хүн байсан юм аа
Диктор
Дорнод Тамсагбулаг, Түмэн-Өлзийт овоонд То ван суурин газрынхаа төвийг байгуулж байжээ. Хад чулуу, ой модгүй дорнод нутагт Тамсагийн цагаан шороо, тосон шавар, элс хайрга, Тамсагбулагаас шуудуу татаж ус авч тоосго чулуу барилгын материал үйлдвэрлэхээс гадна ваар сав хийдэг байжээ. Энэ үед То ван өөрийн хошууны сохор доголон өвчин зовлонд баригдсан хийгээд баян ядуу хамааралгүйгээр нутгийн ард иргэдийг татан оролцуулж, Тамсагбулаг, Утай таван уул хоёрын хооронд эгнүүлэн суулгаж, гар дамжлагын арга хэрэглэн, Утай таван уулыг бүтээн, тахиж шүтдэг болсон түүхтэй юм. Тахилгат уулыг тойрон томоохон сүм хийд, сургууль соёл, дөрвөн том жасын өргөө бүхий нэгэн цогц байгууламж байж. Өдгөө үлдэж хоцорсон байшин барилга, орд өргөөний туурь зэргээс үзвэл Тогтохтөр вангийн байгуулсан орд харш, сүм дуган нь бүхэлдээ дорно дахины уран барилгын хийц зохиомжийг  монгол үндэсний уламжлалтай хослуулан хийсэн гайхамшигтай бүтээл байжээ. Нийгмийн цаг үеэс шалтгаалан, үрэгдэж үгүй болсон өв соёлын үлдэгдэл өдгөө уул овоондоо гундуухан хөсөр хаягдан хөглөрөх нь гунигтай.   
Доктор Б. Паламын яриа 
Аргын 1797 оны 9- р сарын 15-нд Сангийн далай гэдэг энэ газарт Сэцэнхан аймгийн чуулган дарга, аймгийн хэбэй ван, Илдэн вангийн хошууны засаг ноён Бат-Очирын Тогтохтөр мэндэлжээ. Энэ далайн үүссэн түүх, То ван гуай төрсөн газар хоёр холбоотой болох тухай нэгэн домог өгүүлдэг. Хүнсний давс бол хүн төрөлхтний үеийн үед чухал хэрэгцээт стратегийн бүтээгдэхүүн байсан. Урьд нь энэ хошуу нутагт хүнсний давс олборлодог газар байгаагүй, өвөрлөгч орны Цонхорын нуураас жил бүр мянган тэрэг давс мянган бяруугаар авдаг байсан гэсэн домог бий. Нэгэн удаа То ван мянган тэрэг давс захиалсан. 1850 оны орчим юм шиг байгаа юм. Тэр жил их зудтай байж. гэрээлсэн давс цагаан сарын өмнө ирэх ёстой байж. Гэтэл зам их цастай, байгалийн бэрхшээлтэй байснаас цагаан сараас хожимдож мянган тэрэг давс нь иржээ. Ирэхэд нь То ван бид цагийн хүндэд их ядарсан, зүдэрсэн. Их ч хохирол амссан. Одоо он нэгэнт гарсан учраас давсны хэрэгцээ байхгүй болсон. Төвөөс бид давс татаж хэрэгцээгээ хангасан. Хоёрт манайх танайд өгөх бяруу алга. Бяруу маань цагаан сар гараад шүдлэн болчихсон гэж хэлээд Та нар давсаа аваад буцна уу гэсэн. Тэгэхэд нь бидний ачаа хүнд, энэ давсыг энд нь асгаад буцъя гэж газар гуйсанд То ван (Талын цагаан нуур нэртэй байсан бололтой юм. Б.П.) энэ газарт  асгаад нутаг буцаж болно гэж хэлжээ. Ингээд энд мянган тэрэг давс асгуулаад нэг хоёр жил өнжсний дараагаар энд ийм сайхан талст байгалийн цэвэр тунгалаг гоё давс ургаж эхэлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд То ван маш их ухаантай, эрдэмтэй хүн байжээ.
Манж наймаачин
Жинхэнэ даба суу
То ван
Уул нь ч гайгүй л юм байна. Та бүхэн хугацаа хожимдож, тун тоогүй юм боллоо. Давс хужираа аваад буц.
Манж наймаачин
Ой, ёо. Яагаад тэгээд бай наа.
 То ван
Одоо бидэнд та нарт өгөх бяруу алга.
Манж наймаачин
Хай, ёо. Тэгж яривал Та бидэнд бичсэн юм уу надад бай наа.
То ван
Бидэнд ч гэсэн бичиж тэмдэглэсэн зүйл бий.
Манж наймаачин
Хай, ёо.
То ван.
Сар шинэ өнгөрсөн болохоор бяруунууд бүгдээрээ нас нэмээд шүдлэн болчихсон шүү дээ.
Манж наймаачин
Одоо яа наа.
То ван
Хн, одоо та бүхэн давс хужираа аваад буц. Бидэнд бяруу байхгүйгээс хойш хүний юмыг зүгээр авалтай биш.
Доктор Б. Паламын яриа 
Энэ домогтой сайхан нуураас урагш нэг өртөө газарт халхын Цагаан уул гэж сайхан уул бий. То ван бол ард түмэндээ нутаг усаа бурхан шүтээнтэйгээ хамтатган адилтгаж шүтэж яваарай гэж захидаг байж. Энэ уул бол Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны төв тахилгатай уул. Илдэн вангийн хошуу бол тухайн үедээ таван сумаас бүрдэж байсан.   
Энэ газар нутаг бол Цагаан уулын сум гэсэн нэртэй сум байсан. Энд ариун цагаан гэсэн нэртэй газар их олон бий. Энэ талын цагаан нуур- Сангийн далай нуур байна. Вангийн цагаан уул. Түүний зүүгээр харагдаж байгаа газар бол хилийн овоо – Цагаан овоо, Цагаан овоо Вангийн цагаан уул хоёрын завсраар То вангийн хошууны адуучдын нутаг – Зүрхийн цагаан хоолой, Уулын баруун талаар Цагаан даравгайн хоолой байна. Энэ мэтээр олон цагаан нэртэй газартай юм.
Академич О. Шагдарсүрэнгийн яриа
Тэр үеийн буддийн шашны бурхан шүтээний их хөрөг барималыг ч их байгуулсан. Ер нь буян номын ажилд их хүндэтгэлтэй ханддаг, газар шороо лус савдагаа хүндэтгэдэг ийм хүн байсан юм аа. Энэ хүн тэр үеийн манжийн засгийн газрын янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч тэр дундуур зориг гарган зүсч орж, ийм их бүтээл туурвилыг хийж гүйцэтгэж чадсан хүн.
Доктор Б. Паламын яриа.
Тухайн үедээ шинэлэг зүйл болсон үндэсний спортыг урлагтай холбож, урлаг – спортын театрчилсан тоглолт хийсэн хүн. Сая Халх гол суманд То вангийн хошуу наадам гэдгийг тэр үеийнхээр нь хийлээ. Бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааг урлагийн тогтолттой холбон театрчилсан тоглолтыг анх бий болгосон хүн юм. 
Диктор
Үндэсний урлаг соёлыг хөгжүүлэх талаар То ван асар их зүйлийг хийсэн, XIII зуунаас уламжлалтай үндэсний их баяр наадмыг уран сайхны театрчилсан тоглолтоор баяжуулж өгснөөрөө онцлог болжээ. Тогтохтөр ноён нутаг хошууныхаа баяр наадмыг долоодугаар сард Тамсагбулаг, Баянбүрд, Цагаан -Үзүүр зэрэг газарт хийдэг байсан байна. Наадмыг нарийн дэгийн дагуу явуулдаг байсан бөгөөд хаад ноёд, лам хувраг, охид хатадад зориулсан тусгай дууг дуулдаг байжээ. Тогтохтөр вангийн хөг хэмээх энэхүү сэдэвчилсэн уран сайхны тоглолт нь оноосон дуу хөгжим, бүжгийн тоглолт, хувцас өмсгөл зүүлт, хэрэглэл бүгд өөр хоорондоо маш нарийн зохицсон уран сайхны өнгө аястай байсан нь баяр наадмыг хөгжөөж, нийт иргэдийг хамарч чаддаг байсан юм. Өнгөрөгч наймдугаар сард Дорнод нутгийн ард олон То вангийнхаа мэндэлсний хоёр зуун арван жилийн ойн баяр наадмаа тогтсон дэгийн дагуу тэмдэглэж өнгөрүүллээ.
(Жанцангийн Баттулгын зохиол “Мэндийн цэнхэр хадаг” дууны шүлгээс)
Сүүдэргүй ургадаг алтан нартай 
Хүүшлэлгүй жаргадаг мөнгөн сартай
Ижилгүй тансаг уран байгальтай
Илдэн вангийн хошуу нутаг нь
Хилээ мануулсан Их бурхантай
Хойчдоо үлдээсэн сургаал үгтэй
Ээрэм талдаа зээрэн сүрэгтэй
Эгшиг яруу дууны домогтой
Тольдон мэлтэлзсэн Буйр нууртай
Торгон зэрэглээт Сангийн далайтай
Тал дүүрэн мал сүрэгтэй
Тэнүүн говьдоо тосон булагтай
Тэнгэрийн доорхи Монгол нутгийн
Тэмдэгрэх үүр дорнын цэнхэр хязгаар
То вангийн нутаг оршсон өлгий.

Төгсөв.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats