Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
Гэгээн бодлоготны үйлс гэрэлтэй байдаг ажгуу.
Н. Өлзийбат. ХААН – н “Маргааш” сонины эхлэгч. 
2008 оны 6 – р сарын 20. №06 (39).  
Эх орноо Манжийн дарлалаас чөлөөлөх, эдийн засгийн ухаанаар хошуу нутагаа хөгжүүлэх, ард олноо соён гэгээрүүлэх, аж амьдрал, соёл боловсрол, монгол ёс заншлаа дээдлэх ариун үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээрзүтгэж ирсэн XIX зууны монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн То ванг судлах, түүний байгуулсан түүхэн гавъяаг хойч үеийнхэнд бодитоор танин мэдүүлэхэд “То ван судлалын нийгэмлэг” (гүйцэтгэх захирал нь доктор Б.Палам) онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тус нийгэмлэгээс зохиосон эрдэм шинжилгээний ажил, эрхлэн гаргасан цуврал бүтээлүүд бүгд эрдэмтэн Б.Паламын идэвхи санаачлага, уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг энд онцгойлон дурдах нь зүйн хэрэг билээ. Түүхэн хүн – То вангийн тухай доктор Б.Паламын бичсэн өгүүллийг товчлон нийтэллээ.
Б.Палам
Эдүгээс 210 жилийн тэртээ Монгол улсын дорнод хил хязгаар Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг - “Сангийн далай” хэмээх газарт хошууны засаг ноён, жун ван Бат-Очирын гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь халх даяар хэцүү То ван буюу мэргэн То ван гэж нэр алдар нь мөнхөрсөн Б. Тогтохтөр бөлгөө. Тэрбээр 1797 оны есдүгээр сарын 15-нд төрж, 71 насыг зооглохдоо эзэн Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтэн, Монгол улсын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, аугаа их соён гэгээрүүлэгч байлаа.
Монгол оронд 1690-1911 он хүртэл манж гүрний олон жарны туршид ноёрхож байсан засаглал хийгээд олон зүйлийн татвар төлөөсөнд тамирдсан ганцхан нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй нь улс орны эдийн засгийн үндэс болж байжээ. Тэр цагийн ноёд түшмэд, язгууртан баячууд зөвхөн өөрсдийн эрх ямбыг нэмэгдүүлэхийг манж төрөөс горилон, улам баян чинээлэг болох мөрөөдөлд хөтлөгдөж байснаас биш То ван шиг эх орноо манжийн дарлалаас улс төр, эдийн засгийн талаар чөлөөт болгон, Монгол улсын бүрэн эрхийг сэргээж, тусгаар тогтнолд хүргэх гэгээн сэтгэл өвөртөлж байсангүй. Иймээс манжийн засаглалын үед То ванг төрийн зүгээс сайшааж байгаагүй юм.
Үүний гол шалтгаан нь То вангийн улс төр, эдийн засаг, боловсрол соёлын талаарх үзэл баримтлал өөр байсанд оршино. То ван гэрээр өндөр боловсрол эзэмшсэн, монгол, төвд, хятад хэл бичигт нэвтэрхий, олон газар явж, юм үзэж, нүд тайлсан угийн сэргэлэн ажигч, гярхай, аж ахуйч, аривлан хэмнэх бодлоготой нэгэн байв. Тэрбээр V Богд Жавзундамбад үнэлэгдэж, улс төрийн чухал асуудлыг шийдвэрлэхэд Богдын хүрээнд уригдан очдог байсан төдийгүй Богдын бараа болж, аяны ахлагчаар томилогдон Жагар Төвдийн орноор явж байжээ. То ван сэцэнхан аймгийн чуулган дарга, аймгийн хэбэй ван, Илдэн вангийн хошууны Засаг ноён байсан ба хошуу ноёны албыг 1822-1868 он хүртэл 46 жил тасралтгүй хаших хугацаандаа эдийн засаг, соёл боловсролын салбарт олон шинэтгэлийг нэгэн зэрэг хийж байсан байна.
1853 онд “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал оршвой” хэмээх сургаал номоо туурвиж, түгээсэн нь монгол хүний бичсэн эдийн засгийн хамгийн анхны томоохон бүтээл болжээ. 1864 онд хошууны төв Тамсагбулагт жасын (төрийн) хөрөнгөөр 300 гаруй хүүхдийн сургуулийн “Хошуу тэнхим” нэртэйгээр байгуулж, өөрийн дунд хүү Т.Бавуудоржоор эрхлүүлж байсны зэрэгцээ 1864 онд бичиж, модон барын аргаар хэвлэсэн “Блама арслан манзушири эгшигт эхэд мөргөж. Монголын 123 үсэгтэй цагаан толгой үсгийн Оюун билгийн соёрхол оршвой” номоо сурагчдын сурах бичиг болгон хэрэглүүлж байжээ. 1859-1864 онд То ван Халхын голын нарлаг дэнжид найман аюулаас аврагч өрөвч нигүүсэнгүй Жигважиджав Жанрайсиг их бурханыг чулуугаар урлан, газарт дэлгэмэл байдлаар бүтээсэн байна.
То ван тууштай эх оронч байсныг илтгэх олон баримт бичгийн нэг нь “Хулд уулын домог” юм. Манжийн төрд алдагдсан газар нутгаа 70 гаруй жилийн дараа То ван мэргэн ухаан зарж, үхрийн ширээр авсан гэх домог өнөө ч яригдсаар байдаг. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ан гөрөөг зөв зохистой хийх, хулан, зээр нутагшуулах, Буйр нуурын загас жараахайг үржүүлэх, таван хошуу малынхаа үүлдэр угсааг сайжруулан, сүргийн бүтцийг чамбайруулах, хурдны удамт шандаст хурдан хүлгийн угшил буй болгох, цагийн хүнд ган зудыг гарз багатай давах, мал сүрэгтээ таван төрлийн тарга авахуулах, малыг шилж биш, ширвэж хүнсэнд хэрэглэх, байгаа хөрөнгийн хэрээр өмсч зүүх хувцасаа тохируулж сонгох, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, ахс ихсийг ч хүндэтгэх тухай түүний бичсэн сургаал номонд дэлгэрэнгүй тусгагдсан байдаг.
То ван хошуу нутагтаа хар будаа тарьж, чангаамал хийх, тээрэмдэж гурил болгох, хивс цэмбэ нэхэх цех, мужаан, төмөр, алт мөнгөний дархан, араг савар хийх газар байгуулж байсан нь нүүдэлчин малчдын амьдралд хот тосгон байгуулж, гар үйлдвэрлэл эрхлэн, аж ахуйгаа өөд татахаар XIX зуунд хийсэн томоохон шинэлэг алхам мөн. Ингэхэд То вангийн жанч халснаас нь хойш 100 жилийн дараа 1968 онд Монгол улсын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс “То ван, түүнйи сургаал” хэмээх бүтээл хэвлэж гаргаснаар То ван судлалыг шинжлэх ухаанчаар, үнэн бодитоор хөгжүүлж эхэлснийг онцлон дурдая.
1996 онд То вангийн  мэндэлсний 200 жилийн ойг угтан Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран нийслэл хотноо эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, То вангийн төрсөн нутагт гэрэлт хөшөө босгож, түүний бүтээсэн 21340 ам метр талбай бүхий Их бурханыг сэргээн аравнайлсан юм.  Энэ ажилд То ван судлалын нийгэмлэг нь эцгийнхээ нэр алдарыг сэргээж буй төрсөн хүүгийн адилаар оролцож ажилласан билээ. Энэ цаг үеэс То ван судлалыг нэг цэгт төвлөрүүлэн хөгжүүлэх ажлыг То ван судлалын нийгэмлэг гардан хийх болсон юм. Эдүгээ тус нийгэмлэг нь эрдмийн 18 салбар зөвлөлтэй, 21 гишүүнтэй эрдмийн зөвлөлтэй, есөн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлтэй, байнгын үйл ажиллагаатай төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага юм. Манай нийгэмлэгт Итали, Япон, Герман, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн арав гаруй орны эрдэмтэд,  судлаачид ажиллаж байна.     


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats