Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ШАНААНЫ ЦАГААН ОВОО
Буйр нуурын зүүн хойт эрэгт байрлах улсын торгон хилийн энэ цэгээс Дорнод аймгийн төв Чойбалсан 320 км, Улаанбаатар хот 1005 км алслагдана.
Эндээс Халх гол сумын “Ялалт” баг хориод км, Ялалт багаас сумын төв Сүмбэр тосгон 60 км, Сүмбэрээс МУ-ын баатар Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит Эрс уулын хилийн суман 35 км, энэ сумангаас бидний судалгаа хийсэн Ор нугын хэлтгий хад 11 км гээд бодоход энэ удаад бид Улаанбаатар хотоос 1133 км алс газарт очсон байна.
Далайн түвшинээс дээш 588 м өндөр өргөгдсөн N 47° 55' 15.0", E 117° 51' 17.8" солбицолд орших Буйрын хилийн сумангийн дарга Ганзоригийн бие чилээрхсэн тул археологич Н. Батболд бид хоёр дэд ахлагч Үнэнчулууны Чулуунсүхээр газарчлуулан, Халхын голыг  мориор гатлан Шанааны цагаан овоонд очсон юм.
Халхын гол, Шарилжийн гол, Буйр нуур, Оршуун голын цэвэр цэнгэг усаар хашигдсан, бургасан шугуйтай, далайн түвшинээс дээш 583 метрийн өндөрт өргөгдсөн N 47° 55' 30.0",  E 117° 49' 12.5" солбицолд (бидний хэмжилт) орших энэ газрыг “Шанааны цагаан овоо” гэнэ.
Дорнод Монголын тал газарт нэгээхэн хэсэг эргэн тойрон урсгал усаар хашигдсан энэ газар Хонгирадын Дэй сэцэний суугуул нутагт багтаж байсан агаад ус ургамал тэгширсэн, байгалийн түмэн үзэсгэлэн бүрдсэн, хамгийн саруул сайхан газар ажээ. Миний бие олон хүний яриа сонсож, олон ном зохиол уншиж, нутгийнхаа олон газраар явахдаа Шанааны цагаан овоонд Чингис хааны их хатан Бөртэүжинг 1161 онд Цотон эхийн хэвлийгээс мэндэлсэн гэж үздэг бөгөөд хожим нь Чингис хааны хатан болсны дараа хүй дарсан цагаан чулууг нь “Шанааны цагаан овоо” хэмээн тахих болсон байх үндэстэй ба 1171 онд Есүхэй баатар Дэй сэцний урилгаар хүү Тэмүжинг гэрт нь дагуулан ирж, Бөртүжинтэй анх танилцуулсан байж болох гэж үздэг. Энэ таамаглалыг минь 2006 онд хэвлэгдэн гарсан “Дорнодын болор толь” номонд тусгасан байгаа.
Монголын нууц товчоо (сонгомол эх) номыг сөхөн үзвээс,
61.Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өгэлүн эхийн төрхөмд, Олхунууд иргэн нагац нараас нь охин гуйя хэмээн Тэмүжинийг авч одов. Явах зуураа Цэгцэр Чихургу хоёрын завсарт Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62.Дэй сэцэн өгүүлрүүн ”Есүхэй худ юунд зорьж явна”, - хэмээсэнд, Есүхэй баатар өгүүлрүүн “Энэ хөвүүндээ нагац нар Олхунууд иргэнээс охин гуйя гэж явна” хэмээжээ. Дэй сэцэн өгүүлрүүн
“Энэ хөвүүн чинь
Нүдэндээ галт
Нүүрэндээ гэрэлт хөвүүн байна”..
63.Есүхэй худ би энэ шөнө зүүд зүүдлэв. Цагаан шонхор нар, сар хоёрыг атган нисч ирээд, гар дээр минь суув. Энэ зүүдээ бусдад өгүүлрүүн, “нар сарыг бил харж, үздэг бүлгээ. Харин эдүгээ энэ зүүдэнд шонхор атган авчирч, гар дээр минь суув. Цагаан буув. Ямар сайн зүйл үзүүлэх бол хэмээсэн нь Есүхэй худ чамайг эл хөвүүнээ дагуулж ирэхийг энэ зүүд минь мэдсэн ажээ. Зүүд сайн зүүдлэв.
Юун зүүд байх вэ ? Танай хиад иргэний (сүлдэр) сүлд ирж заасан ажгуу.
64.Бид Хонгирад иргэн эрт өдрөөс
Зээгийн зүс
Охины өнгөтөн улс.
Үл тэмцэлдэн
Хацар гоо охидыг
Хаан болсон таны
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөлж
Хатируулан одож
Хатан сууринд
Хамт суулгамуу.
Бидний улс иргэн
Үл тэмцэлдэнэ, бид
Өнгө сайт охиноо өсгөж
Өлжигт тэргэнд суулгаж
Өл буур хөлж
Үүсгэж одож
Өндөр сууринд
Өрөөл талд нь суулгамуу.
Хонгирад иргэн бид эртнээс
Хатан халхтан
Охид өчилтөн
Зээгийн зүс
Охины өнгөөр бүлгээ, бид.
65. Нуган хөвүүн минь
Нутгаа харъюу.  
Охин хөвүүн минь
Өнгө үзэгдьюү.
 Есүхэй худ гэрт минь одъё.
Өчүүхэн охиныг минь
Худ үзтүгэй хэмээж, Дэй сэцэн Есүхэйг гэртээ дагуулан ирж, буулгав.
66.Охиныг үзвээс
Нүүрэндээ гэрэлтэй
Нүдэндээ галтай охин байсан тул ойндоо буулгав. Тэмүүжинээс нэг нас эгч аравтай ажгуу. Бөртэ нэртэй ажээ. Шөнө тэндээ хонож, маргааш нь охиныг гуйваас Дэй сэцэн өгүүлрүүн,
Олонтаа гуйлгаж өгвөөс дээжлэгдэх
Цөөнтээ гуйлгаж өгвөөс доромжлогдох. Охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөх үгүй тул охиноо өгье, хөвүүнээ ч бас хүргэдэд талбиж (хадмынд хүргэн хөвүүн хүчээ өгөх ёсыг хэлэв) од хэмээв. ”За” бололцож, Есүхэй баатар өгүүлрүүн, “ Хөвүүнээ хүргэдэд талия. Хүү минь нохойноос цочимтгой бүлгөө. Худ хөвүүнийг нохойноос бүү цочуул” хэмээгээд хөтөл мориор бэлэг өгч, Тэмүжинийг хүргэдэд талбиж оджээ. хэмээжээ.  
  Эдүгээ манай Халхгол сумын айлууд Шанааны цагаан овоонд нутагладаггүй болжээ. Харин овооны тахилга тайлгын сэргээсэн нь сайн үйлс болжээ.
    Биднийг Халхгол сум орох замд Мэнэнгийн хилийн отрядын бэлтгэл дэд хурандаа Доржийн Лхагвасүрэн бидэнд 2008 оны 6-р сарын 22-нд Халхгол нутгийн малчин ардууд “Шанааны цагаан овоо”, “Баянцагааны овоо” хоёроо тахисан, “Жамсран овоогоо өмнө нь тахисан, Цагаан уулаа 8-р сарын гурванд тахина, - гэж мэдээлсэн. Тэгээд ч тэр үү энэ жил хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун болж, хүний сэтгэл тэнүүн, малын нуруу тэнэгэр байна.
Хэмжихэд 12 х 12 алхам буюу 10 х 10 метрийн хэмжээтэй шороо өндөрсгөн засч, тэгш дөрвөн өнцөгт болгоод дээр тоосгоор намхан дөрвөлжин хана өрж, голд нь овоо босгожээ. Овооны голд нь мод хатгаж, олон тооны хадаг уясан байх ажээ. Өмнө нь ул боов, чихэр, баяслаг шар тос тэргүүтнээр идээ засчээ. Хайрцагтай хүж, чүдэнз тавьсан байх агаад шилэн хоргонд зул барьж байсныг илтгэсэн том жижиг цөгцүүд ярайна. Гол овоо нь эртний тахилга тайлгатай байсан бололтой бөгөөд баруун урд талд нь нэг метр гаруй өндөр цагаан суврага шинээр босгожээ. Зүүн талаараа шигүү ургасан өндөр зэгстэй, баруун талд хэдхэн алхамын чанагш Буйр нуур цэлийн харагдана. Далайн эрэг, Шанааны цагаан овоо хоёрын хооронд 50 м хүрэхгүй газар байгаа нь нүдэн баримжаагаар харагдана.    
Овоо ба суврагыг тойруулан чихрийн цаас, янжуурын иш, элдэв шил, лонх олныг орхисныг үзвээс энд бага хэмжээний найр болоо ч юм уу гэлтэй. Газраа цэвэрлэлгүй явсныг үзвэс То вангийхаа ёс жаягийг санаагүй юм уу, эсвэл нэлээд гүн найрласан бололтой. .
Бид овоонд хүж уугиулж, ёслол хүндэтгэл үзүүлсний дараагаар овоо сувраганы орчин тойрныг цэвэрлэж хэвийн байдалд нь орууллаа. Энд Халхгол сумынхан овоогоо тахиад буцаж, Халхын голоо гатлаж гараад дааганы уралдаан зохион байгуулсан гэж Ү. Чулуунсүх бидэнд танилцуулсан юм. .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats