Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ИХ БУРХАН
Шөнө орой болсон хойно Их бурхан дээр ирэхэд биднийг хилийн сумангийн зочид буудалд хүлээн авав. Өглөө эрт нар ургахын өмнө Д.Цэвээндорж бид хоёр босч Их бурхандаа очиж адис авлаа. Их бурхан далайн түвшинээс дээш 662 м өндөрт орших агаад байршлыг GPS-ээр тогтооход N 47° 52' 25.0", E 118° 27' 05.8" байна. Эдүгээ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны Соёлын өвийн газраас эрхлэн Халх голын Жанрайсиг их бурханыг анхны байдлаар нь сэргээн бүтээхээр болсон ба энэ ажилд намайг оролцуулах болсон мэдээг хүлээн аваад миний бие туйлын их баяртай явна.
1859-1864 онд То вангийн санал санаачлага, урлан бүтээх ухаанаар бүтсэн урлаг соёлын томоохон бүтээлийн тоонд Халхын голын баруун дэнжийг налуулан наран ургах зүгт хандуулан газар чулуугаар шигтгэн бүтээсэн найман аюулаас аврагч өрөвч нигүүсэнгүй Жигважиджав Жанайсиг их бурхан зүй ёсоор багтана.
Хорин нэгэн мянга гурван зуун дөчин ам метр талбайг эзлүүлэн Тогтохтөр ноёны барьж байгуулсан энэ их бурхан халх түмний нэгэн шүтээн, сүсэг бишрэлийн төв байсаар он цагийн урсгалд автан сүрхий гэмтэн, анхны дүр төрхөө алдаж, тэр гэх тэмдэггүй болсон юм. 1984 онд Халх гол сумын ”Ялалт” хөдөө аж ахуйн нэгдлийн үүсч байгуулагдсаны 50 жилийн ойгоор уригдан нутагтаа очихдоо энэ байдлыг нүдээр үзэж харамсахын зэрэгцээ, сэргээн босголцох санаа бодол анх төрсөн бөлгөө. Арван жилийн дараа буюу 1994 оноос их бурханыг сэргээн босгох ажил Дорнод аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадснаар энэ ажилд шамдан оролцох аз завшаан надад тохиосон юм.
Хүсэн хүлээж байсан Их бурхан сэргээх ажил олон түмний дэмжлэг авч, улмаар тухайн үед Соёлын сайдын алба хашиж байсан Намбарын Энхбаярт уламжлахад, Дорнод аймгийн засаг дарга бид хоёрт 5000000 Ґ соёлын сангаас гаргаж өгөхөөр амлаж хэрэгжүүлсэн юм.
Их бурхан гэхээс биш тэр гэхийн тэмдэггүй болсон нурангийг сэргээн босгох ажлыг аймгийн засаг дарга Дамдинжавын Батсүх, зураач барималч, соёлын тэргүүний ажилтан Намсрайн Шархүү, зураач, Цэдэнгийн Бадамрагчаа, түүхч Хоролдоржийн Энхтүвшин бидний хэдэн хүмүүс л голлон ажиллаж бүтээсэн дээ. Бурханыг анхлан сэргээх ажил амар хялбар байгаагүй. Хүнд хэцүү байх үед маань бидэнд хуруу ч нэмээгүй зарим нэгэн хүн хожим нь ажлаа бүтээсний маань  дараа бидэнтэй хамт зүтгэж явсан мэт ярьж, бичснийг нь үзээд бид үнэхээр сэтгэл эзгүйрч байсныг зориуд тэмдэглэх нь зүйд нийцнэ. Учир нь урьд хийснээс маань ч илүү хүндрэл бэрхшээл бидэнд тохиолдож болохыг үгүйсгэх аргагүй.
1940-өөд оны сүүлч үеэр ээжтэйгээ хамт Тамсагбулагаас Халхын голын баруун эрэгт орших “Сөртийн рашаан”-д очоод, ахмад хүмүүсийн ярианаас энэ их бурханы тухай анх сонссон юм. Нутгийн ахмад буурлуудын аман мэдээллээр 1915 онд харчин цэргүүдийн буруутай үйл ажиллагаагаар Их бурханы шүншиг үрэгдэж, Тамсагбулаг ихээхэн хэлмэгдсэн. 1930-аад оны үед бурхан шашинаа эзгүйрүүлэх үед Их бурханы хамрын нүхэнд чоно ороод гөлөглөдөг байсан гэсэн яриа хүүхэд ахуй цагийн минь дурсамж төсөөлөл болон ой ухаанд минь үлджээ. 
1939 оны Халхын голд болсон олон улсын чанартай байлдаанд Их бурхан төдийлөн их сүйтгэгдээгүй нь 1995-1996 онд ШУА-иас хийсэн малталтаар энэ талбайгаас сумны зэв гараагүй нь нэгийг өгүүлнэ.
Гагцхүү үзэл сурталжсан, ухвар мөчид хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас 21340 ам метр талбайг эзлүүлэн Тогтохтөр ноёны бүтээлгэсэн их бурханы бүрэн бүтэн байдал ихээхэн эвдэрсэн нь түүнийг сайн мэдэх, тэнд бага насаа өнгөрүүлсэн Б. Жаргалсайхан агсаны туурвисан ном зохиол болон аман ярианаас үзэхэд тодорхой байна.
Тэрээр “Манай гэр их бурхан, Толгойтын (эдүгээгийн Хүүхдийн) овооны орчимд нутаглаж байхад, би их бурханы гар хөлийн завсар бишгүй л нуугдаж тоглож байв. Нутгийн хүмүүс их бурханы хамрын нүхэнд хурга ишиг ороод унтаж хоцордог юм гэж ярьдагсан... 1949 оны намар цаг уурын станц эргэж яваад би Тамсагбулаг дээр Оросын нэрт археологич, академич А.П. Окладниковтой тааралдав. Тэндээсээ би түүнийг чулуун зэвсгийн дурсгалыг судлахаар Хэрээ уул ороход нь газарчилсан юм. Замдаа их бурхан, Толгойтын овоог үзүүлэв. Тэрээр энэ чинь эртний Энэтхэгийн гайхамшигт бүтээлийг санагдуулж байна. Монголд ийм агуу их дурсгалтай учирна гэж зүүдлээ ч үгүй явлаа хэмээн ихэд сэтгэл нь хөдөлсөн байдалтай ярьж байв. Төдий л удалгүй Зөвлөлтийн эрдэм шинжилгээний нэгэн сэтгүүлд “Халхын голын Их бурхан” гэсэн өгүүлэл нийтлэгдэж билээ. Окладников тэр өгүүлэлдээ “ийм агуу их монументаль дурсгалыг ихээхэн өндөр соёлтой хүмүүс (То ванг хэлэв. Б.П) бүтээсэн байж таарна” хэмээн бичсэн байв... 1972 онд манай ГХЯ-ны олон залуучууд тойрон аялалаар явахад би газарчилж түүгээр бас очсон юм. Тэр үед их бурхан маань ерөнхийдөө бүрэн бүтэн, шалихгүй засвар тордлого хэрэгтэй юм байна гэж бодогдож байж билээ. Гэтэл хоёр жилийн дараа би Алжирт сууж байхдаа Их бурханыг буулгаж, чулуугаар нь авто машины гарааш барьж гэнээ гэсэн хүн үнэмшихийн аргагүй мэдээ сонссон юм.- гэж “Олон жилийн хууч” нэртэй элчин сайдын тэмдэглэл номондоо бичжээ.
То вангийн бүтээлгэсэн Халхын голын Жанрайсиг их бурханы талаар ном зохиол, аман уламжлалын хангалттай их мэдээ материал гарчээ. Гагцхүү энэ монументаль дурсгалын гэрэл зураг манай улсад байдаггүй, гагцхүү Б. Жаргалсайхан агсаны надад ярьснаар Зөвлөлтийн нэгэн сэтгүүлд гэрэл зураг нь хэвлэгдсэн байхыг үзсэн гэсэн.
Эдүгээ Их бурханыг шинээр сэргээн бүтээхдээ юуны өмнө тэр зургийг олж үзэх нь чухал гэж үзнэ. Мөн Их бурханыг бүтээхдээ дан ганц байгалийн гаралтай материал - элс хайрга, шавар оролцуулсан гэж үздэг. Хилчин дайчин Борхүүгийн Болдбаатар “Их бурханы хөлд, баруун талд газар ухахад улайгасан мэт час улаан өнгөтэй элс гардаг, түүнийг бурхан бүтээхэд ашиглаж байсан байж болох талтай” гэсэн яриаг ч анхааран үзвэл зохино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats