Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
То Вангийн ном тохимол
 
ОР НУГЫН ХЭЛТГИЙ ХАДНАА
Халхын голын Ор нугын хэлтгий хаднаа ирж ажилласан ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Нацагийн Батболдын хээрийн шинжилгээний тайлангийн хэсгээс эрхэм уншигч танаа товч толилуулъя.
Дорнод аймгийн Халх гол сумын нутагт  Ор нугын хэлтгий хад хэмээх жижгэвтэр хадтай толгой буй. Энэ толгойг урд энгэрт 350 х 220 см хэмжээтэй нэгэн булш байв. Уг булшийг То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал доктор Б. Палам Чингис хааны мянганы ерэн таван ноёдын нэг Хуйлдар сэцэний булш хэмээн үзэж, хэдэн жилийн өмнөөс ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Д. Цэвээндоржид хандан, малтан судалж өгөхийг хүссний дагуу археологийн хээрийн шинжилгээний бэсрэг анги газар дээр нь очиж шалгасан юм.
Бид газар дээр нь очиж үзэхэд үнэхээр “Монголын нууц товчоо”-нд гардаг мэдээтэй нэр ус, газар орны байрлалын хувьд тохирч байсан бөгөөд уг булшийг Чингис хааны мянганы ноёдын нэг Хуйлдар сэцэний булш байж магадгүй юм хэмээн үзэж малтан судаллаа. Чингис хаан Хуйлдар сэцэнийг тэнгэрт халихад шарилыг нь хаана онголсон тухай “Монголын нууц товчоо” номын 175-р зүйлд:
“Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Үүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнө этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорно этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шарх үгдэрч наснаас нөгчив. Түүний ясыг Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав”  хэмээжээ.
 Ор нугын хэлтгий хад нь хилийн цэргийн 0198-р ангийн Эрс уулын сумангийн хяналтанд багтдаг,  Монгол улсын торгон хилийн шугамаас дотогш 3 км, хилийн сумангаас зүүн тийш 11 км, Халхгол сумын төв Сүмбэр тосгоноос 46 км зайд орших бөгөөд нутгийнхан болон хилийн цэргийнхэн “Гэр чулуу”, “Гэр хад” гэж нэрлэдэг байна.
Уг булшийг Ор нугын хэлтгий хадны урд энгэр талд чанх хойт зүг 04°-т хандуулан 350 х 220 см хэмжээтэй байгуулжээ. Булшны байрлал:
GPS       N 47° 32' 51.2"
                E 119° 05' 04.5"  солбицолд далайн төвшинөөс дээш 792 - 794 м-т оршино.
Ор нугын хэлтгий хадны оргил дээр хийсэн хэмжилтээр далайн төвшинөөс дээш 990 метр, газрын гадаргуу дээрхи өндөр нь 794 м байгаагаас үзэхэд тал газарт орших энэ хадны харьцангуй өндөр нь 196 метр болно. .
Булшны газрын хөрсөн дээр ил мэдэгдэх чулуун дараасны гадна талаар 4,5 х 3,0 метрийн тигийг утсаар татаж малтлагын ажиллагааг эхлэв.
Өнгөн хөрсийг хуулж цэвэрлэн гар зураглал үйлдэж, гэрэл зураг авлаа. Өнгөн хөрсийг цэвэрлэсний дараа 16 ширхэг том чулууг тойруулан тавьж зай завсраар нь жижиг чулуунуудаар чигжсэн, голдоо чулуугүй гонзгой дөрвөлжин хэлбэрийн булш байлаа. Зүүн урд буланд нь жижиг чулуунууд харьцангуй их байсан нь магадгүй тонуулчдын гаргаж хаясан чулуунууд байж болох юм (1 – р зураг ).
      
Ор нугын хэлтгий хад, булш    1 – р зураг
Тойруулан тавьсан хашлага чулуунуудын дотор талын хэсгийг доош 30 см гүн малтахад булшны хойд талын хэсэгт дараас жижиг чулуунууд байгаа нь илэрлээ. Доод хэсгээс чулуу илрээгүй ба харин булшны төв хэсэгт 33 см-ийн гүнд бог малын шилбэний ясны хугархай олдов (2 – р зураг).
Богийн шилбэний яс илэрсэн төвшинөөс доош 30 см малтахад булшны хойд талын төв хэсэгт 9 ширхэг жижиг чулуу илэрсэн бөгөөд доод хэсгээс чулуу илэрсэнгүй, харин бод малын сүүжний яс 58 см-ийн гүнээс илэрсэн (3 – р зураг).
      
2 – р зураг    З – р зураг
Түүнээс доош үргэлжлүүлэн малтахад төв хэсгийн 72 см-ийн гүнээс давхарласан 2 чулуу, түүний доод хэсгээс бодын далны яс, хажуу талаас нь үйсний хугархайн хэсэг олдлоо (4 – р зураг). Илэрсэн яс, үйсний хэсгийн фото зургийг авч баримтжуулаад,  доош малтахад 95-101 см-ийн гүнээс тонон сүйтгэж бусниулсан оршуулга илэрсэн. Уг булш нь тоногдсон байх бөгөөд тонуулчид цээжин хэсгийн ясыг бүгдийг нь гаргаж хаясан бололтой. Харин булшны доод хэсгээс хүний дунд чөмөг, шилбэний яснуудын үлдэгдэл, нэг хөлийн хурууны ясны хамт илэрч олдлоо. Булшны төв хэсгээс үйсэн эдлэлийн үлдэгдэл бололтой 10 x 14 см хэмжээтэй үйсний хэсэг, 1 х 0,5 см хэмжээтэй төмрийн жижиг хэсэг илэрч олдлоо (5 – р зураг).
      
4 – р зураг    5 – р зураг
Үүнээс доош малтан шалгаж үзэхэд ямар нэгэн ул мөр мэдэгдсэнгүй эх газрын элсэн хөрс гарснаар малтлагыг зогсоож булшийг буцаан булж сэргээсэн болно.
Малталтын явцад гарсан эд өлгийн зүйлийг нарийн хэмжилт хийж авсан ба Улаанбаатар хотод авчирч судалгааг үргэлжлүүлэн  хийж байгаа бөгөөд малтлага судалгааны дүнг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гаргаж, уламжлал ёсоор эрдэм шинжилгээний тайлан бичиж, нэг хувийг нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын тамгын газарт илгээнэ.  Тус булшнаас он цагийг харьцуулан тогтоох боломжтой эд өлгийн зүйлс олдоогүй бөгөөд илэрсэн хүний ясны дээжинд он цаг тогтоолгохоор радиокарбоны шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзнэ. 
“Монголын нууц товчоо”-ны 185-р зүйлд ....Хуйлдар сэцэний түрүүлж ам нээсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун, ”Хуйлдарын ургийн урагт хүртэл Хуйлдарын тусын тул өнчдийн авилга аван явтугай” хэмээн зарлиг болов. гэж бичжээ.   
Хуйлдар сэцэн гэж хэн байв аа гэвэл - “Монголын нууц товчоо”-ны 202-р зүйлд: “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж, (нэгтгэж) барс жил 2006 он) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байрлуулаад,  Чингис хаанд хан цол тэнд өгөв. Мухилад гүй ван (улсын ван) цол бас өгөв. Зэбийг найманы Хүлүгү ханыг нэхүүлж, тэнд мордуулав. Монгол улсыг түвшитгэн барж, Чингис хаан зарлиг болруун, “Улс байгуулалцан явагсдад мянган мянгалж, мянгадын ноёд түшиж, соёрхол үг өгүүлье” хэмээн зарлиг болов. Мянгадын ноёдыг түшин нэрлэхэд “Мөнлиг эцэг, Мухали гүй ван, Хорчи, Илүгэй, Жүрчидэй, Гунан, Хубилай, Зэлмэ, Түгэ, Дэгэй, Толун, Өнгүр, Чүлгэдэй, Борохул, Шихихутаг, Хүчү, Хөхчү, Хоргосун, Үсүн, Хуйлдар, Шилүгэй, Жэтэй, Тагай, Цагаан –Ува, Алаг, Сорхон шар, Булуган, Харачар, Хөхөчөс, Сүйхэтү, Наяа, Жүншэй, Хүчүгүр, Бала, Оронардай, Дайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, Жибгэ, Юрухан, Хөхө, Жэбэ, Удудай, Бала чэрбэ, Хэтэ, Сүбэгээдэй, Мөнх, Халжа, Хурчахус, Гэүги, Бадай, Хишилиг, Хэтэй, Чагурхай, Онгиран, Тогоонтөмөр, Мэгэтү, Хадаан, Мороха, Дори-Буха, Идүгадай, Ширахуй, Даун, Тамачи, Хагуран, Алчи, Тобсаха, Тунхуйдай, Тобуха, Ажинай, Түйдэгэр, Сэчүүр, Жэдэр, Олар хүргэн, Хингияадай, Буха хүргэн, Хорил, Ашиг хүргэн, Хадай хүргэн, Чигү хүргэн, Алчи хүргэн, гурван мянган Хонгирад Буту хүргэн, хоёр мянгад Ихэрэс, Онгудын Алауш дигид хурихүргэн, таван мянгад Онгун ойн иргэнээс ангид Монгол улсын мянгадын ноёдыг Чингис хаан нэрийдсэн ерэн таван мянгадын ноён болов, - хэмээжээ. . 
Ор нугын хэлтгий хаднаас хойш Халзан уул, зүүн хойт зүгт Хулд- дархан уул, зүүн талд Эрс уул, урд талд нь Чингис хааны цэргээ аравт, зуут, мянгат, түмт болгон зохион байгуулсан газар байх ба алсад То ван жанрайсиг их бурханыг анхлан бүтээж эхэлсэн Хэрээ уул харагдана. 
Ор нугын хэлтгийн хаднаас баруун урагш Бурхант манхан байрлана.
Эрс уулын хилийн харуулын араар уулын тунгалаг булаг ундран гарах ба эндээс холгүй барилгын сайн чанарын шаврын орд байдаг байна. Энэ тухай бидэнд хилчин Б. Болдбаатар мэдээлсэн ба Эрс уулын заставын гурван байлдагч Хэнтий аймгийн уугуул Алтайбаатарын Нямхүү, Улаанбаатараас алба хааж буй Өлзийбатын Цэрэнсодном, Хэнтийн аймгийн төв Өндөрхаан хотоос дайчлагдсан Ганпүрэвийн Мөнхдорж нар мориор шавар зөөн сумандаа зөөж авчрахад, хилчин дайчид тоосгон хашаа барьж байлаа.
1859 онд Б. Тогтохтөр ноён Хэрээ ууланд Их бурхан бүтээж эхлэхдээ Эрс уулын энэ шавраас авч ашигласан байх магадлалтай юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Холбоо барих

Холбоотой сайтууд
Үндсэн сайт MS Word MS Powerpiont MS Publisher MS Access MS Outlook MS Project MS One note MS Windows  
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats